Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 77

 

В.Б-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Г.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 830 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 997 дугаар магадлалтай, В.Б-холбогдох 1908020350385 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт В Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/ хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ас 2.055.144 /хоёр сая, тавин таван мянга, нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Отгонбаатарт олгож, хохирогч Н.Отгонбаатарын такси үйлчилгээтэй холбоотой 900.000 төгрөгийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн гаргасан гомдолдоо “хавтаст хэргийн 68-69 дэх талд авагдсан шууд хохирол 1.728.184 төгрөгийг хуснэгтээр жагсааж бичсэн байх ба ямар зориулалтаар. юу худалдан авсан болох нь энгийн нүдээр огт харагдахгүй эргэлзээтэй баримтыг шүүх хууль зүйн үндэслэлгүй үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй /огт харагдахгүй/ байх тул хохирлын хэмжээг хуульд заасан шаардлагын дагуу зөвтгөж тооцуулах хүсэлтэй байна. Мөн түүнчлэн хохирогчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...Эмчлуулмээр байна...” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Аюурвэйд” эмнэлэгт хэвтсэн талаар баримт нь харилцан зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 зааснаар үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийи 1.6 дахь хэсгүүдийг тус тус ноцтой зөрчсөн тул хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх В.Б-холбодох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдол гаргасан. Зарим нэг баримтуудын он нь харагдахгүй асуудал байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч В.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 10-13 тоот хашааны гадна нагац ах Н.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Баттулгын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нь хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тухай гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэргийн хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн эмчилгээ, сувилгааны зардлын баримтууд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход бус хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээг нотлоход чиглэсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжоор тодорхойлогдсон бичмэл нотлох баримтууд юм. Энэ шинж чанараар нь шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагын хамаарал, нотолгооны ач холбогдол, хуульд заасан журмаар авагдсан зэрэг нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан эсэхийг хянаж судлахаас бус илт хуурмаг, эргэлзээтэй биш бол тэдгээрээр нотлогдож буй үйл баримтуудыг давхар эх сурвалжаар магадлан тогтоох, хуурамч нотлох баримтуудыг илрүүлэн илчлэх ажиллагаа явуулах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн  38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг зааж  38.4 дэх хэсэгт хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглон улмаар шүүхэд хуурамч нотлох баримт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх байдлаар хэргийн оролцогч нараас үнэн зөв бодитой нотлох баримт гаргаж өгөх баталгааг бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой байдлыг хамгаалсан. Иймээс шүүх мөн зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын хэргийн хамаарал, нотолгооны ач холбогдол, хуулиар зөвшөөрөгдсөн эсэхэд зөвхөн хяналт тавина.

Хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг учир иргэний нэхэмжлэгчээс эмчилгээ, сувилгааны зардлаа нотлохоор гаргаж өгсөн баримтад худал, хуурмаг байж болзошгүй талаарх үндэслэл бүхий сэжиг, хардлага төрөхөөр байвал эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй тал гомдлоо прокурорт гаргах байдлаар шалган тогтоолгож болно.

Хохирогч Н.Отгонбаатар нь шүүгдэгчийн учруулсан дээрх гэмтлийн улмаас цус бохирдож эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсны дагуу нөхөн төлбөрийг шүүгдэгч В.Б-ас нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлож өгсөн баримтууд нь нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэн 2.055.144 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 830 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 997 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН