Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 81

 

                                                    

Б.Б-, Б.Х-, Б.Г-,

П.П-, Б.О-нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч П.П-гийн өмгөөлөгч Ю.Батболд, хохирогч: Д.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1028 дугаар магадлалтай, Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П-, Б.О-нарт холбогдох 201625013102 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, нарийн боов, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Б Б,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 331 дугаар шийтгэх тогтоолоор 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Боржигон овогт Б Х,

3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б-д зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, Боржигон овогт Б Г,

4. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт П П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулан, машин механизм ашиглан үйлдсэн” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Боржигон овогт Б О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Оюунцэцэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон өөрчилж,

Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглан бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,

Б.Оюунцэцэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар Б.Б-ад 6 жил хорих ял, П.П-д 6 жил хорих ял, Б.Х-д 2 жил хорих ял, Б.Г-т 3 жил хорих ял тус тус оногдуулж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 600 хоног, П.П-гийн цагдан хоригдсон 729 хоног, Б.Г-ийн цагдан хоригдсон 476 хоног, Б.Х-гий цагдан хоригдсон 496 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П- нараас тус бүр 2.375.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 62.254.051 төгрөгийг гаргуулж Х.Лхамаад, 46.885.210 төгрөгийг гаргуулж И.Идэрт, 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.Ууганбаярт, 1.186.660 төгрөгийг гаргуулж П.Болормаад, П.П-гээс 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.Ууганбаярт, 1.186.660 төгрөгийг П.Болормаад, 1.501.600 төгрөгийг Б.Мөнхтуяад, 1.264.800 төгрөгийг С.Эрдэнэцэцэгт, 1.500.000 төгрөгийг Д.Даваабаярт, 770.568 төгрөгийг гаргуулж З.Баярсайханд, Б.Г-өөс 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.Ууганбаярт, Б.Х-гээс 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.Ууганбаярт тус тус олгож,

шүүгдэгч Б.Б-аас хураан авсан 482.000 төгрөг, шүүгдэгч П.П-гээс хураан авсан 1.200.000 төгрөгийг тус тус төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П-, Б.О-нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдолдоо “Б.Оюунцэцэгт холбогдох хэсгийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлснийг шүүхээс өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацгаа өнгөрсөнд тооцож хүчингүй болгосон нь анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэснийг харуулж байна. Прокуророос Б.Оюунцэцэгт оногдуулсан зүйл ангийг өөрчлөн хэрэгсэхгүй болгосон талаар эсэргүүцэлд бичээгүй нь энэ хүний хувьд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэдгийг харуулж байна. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч нарт ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангиар журамлах ёстой хэмээн хуучин шинэ хуулийг хольж хутган ял оногдуулна гэсэн агуулгатай магадлал гаргасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Ц.Баярмаа хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүнийг эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлээр зүйл ангийг өөрчилж, Б.Оюунцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ Б.Оюунцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурдаагүй нь анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг зөв шийдсэн гэх үндэслэл харагддаг. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед зарим шүүгдэгчийн ялтай байсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байдлыг прокурор анхаарах ёстой байсан. Г.Батбаяр өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг хэлсэн саналдаа “би мөрдөн байцаалтын шатнаас Б.Б-ын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний хувьд магадлалыг үндэслэлтэй буюу мөрдөн байцаалтад буцаах нь зөв. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг нэгтгэх тухай захирамж гарсан буюу Б.Б-ад энэ хэргээс тусдаа үйлдэл байгаа. Тус хэрэг нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт энэ хэргийн шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж нэгтгэх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.П-гийн өмгөөлөгч Ю.Батболд хэлсэн саналдаа “тусгайлан хэлэх санал байхгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Ууганбаяр хэлсэн саналдаа “хэрэг гараад 3 жил болж байна. Б.Б-ын өмгөөлөгч хэргийг нэгтгүүлэх саналтай байна. Хохирлыг өгнө гэдэг боловч ямар байдлаар гаргаж өгөх нь тодорхойгүй. Би анхан шатны шүүх хурал дээр Б.Б-ын өмгөөлөгчид “хулгайч нарыг хуулийн цоорхой ашиглуулж, иргэдэд их хэмжээний хохирол учруулж болохгүй” гэж хэлсэн. Гадаадад Монгол хүмүүс хулгайч нэртэй, тэднээс болж бидний үр хүүхдэд хүртэл сөргөөр нөлөөлнө. Энэ гэмт хэрэг нь сүлжээ болсон буюу хулгайлсан эд зүйлийг авч зардаг хүмүүс байна. Би хувь хүний хохирол гэхээс илүү Монгол үндэстний нэр хүндийг бодож байна. Өмгөөлөгч гэх нэртэй хүмүүс хулгайчийг дэмжсэн бодлого явуулахаа болих хэрэгтэй” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-, Б.Х-, П.П- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт, шүүгдэгч Б.О-нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан боловч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 дэх удаа яллах дүгнэлт үйлдэгдсэн. Шүүгдэгч Б.Б- тэнсэж хянан харгалзах ялтай байх хугацаандаа тус гэмт хэргийг үйлдсэн байхад ялыг бага оногдуулсан үндэслэлээр буцаасан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэрэг үндэслэх хэсэгт тусгавал зохих асуудлууд ойлгомжтой дүгнэгдээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П-, Б.О-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.П- нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48/б байрны 87 тоотод оршин суух иргэн Д.Даваабаярын орон байранд хууль бусаар нэвтрэн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын тархит манан хөөрөг зэргийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк 2” хотхоны 302 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэцэцэгийн орон байранд хууль бусаар нэвтэрч булган малгай, “Плэйстэшин” тоглоом, алтан ээмэг, хүрэм зэргийг хулгайлж, 1.339.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 39в байрны 8 тоотод оршин суух иргэн З.Баярсайханы орон байранд хууль бусаар нэвтэрч 14 крат монетон бөгж, 2 грамм монетон гинж, 24 крат 13.6 грамм 2 хажуу талдаа хилэнцийн дүрстэй алтан бөгж, “Самсунг таблет” 1 ширхэг, сурагчийн цүнх, 2 долларын дэвсгэрт 2ш, хүүхдийн бэлэг 6 ширхэг, бэлэн 145.000 төгрөг зэргийг хулгайлсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хорооллын 520 дугаар байрны 1-6 тоотод оршин суух иргэн Б.Мөнхтуяагийн орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 5 ширхэг, монетон ээмэг, гинж, 3 ширхэг архи, бэлэн 50.000 төгрөг зэргийг хулгайлан 1.501.600 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.П- нь бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Болормаагийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “айпад”, мөнгөн аяга, “тиссот” брэндийн эмэгтэй бугуйн цаг, “стейнхаусер” брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэргийг хулгайлан 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х- нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн орон сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, “макбүүк”, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлан 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.О-нь Б.Б-аас 2016 оны 08 дугаар сард гэмт хэрэг үйлдэж олсон хөөрөг гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан, өөртөө ашиг олсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х-, Б.Г-, П.П-, Б.О-нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн П.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Б.Х-, Б.Г-, П.П- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х- нарын тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг энэ хэрэгт зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Оюунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын биечлэн эдлэх ялыг тогтоохдоо Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр дээрх гэмт хэрэгт оногдуулсан ялд нэмж нэгтгэх асуудлыг орхигдуулсан алдаа гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х-, Б.О-нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х-, Б.О-нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х-, Б.О-нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1028 дугаар магадлалын тогтоох хэсгийн “шүүгдэгч П.П-, Б.Г-, Б.Х-, Б.О-нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож”,  “шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж”, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН                                                   

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН