| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1239/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 84
Л.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярням, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1037 дугаар магадлалтай, Л.У-д холбогдох 1806058850478 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.У-ын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Л У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.У-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.У-аас 17.678.210 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520-66 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Батбаярт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батууд овогт Эрдэмбилэгтийн Дөлгөөнд 5.678.210 /таван сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.У-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.У- гаргасан гомдолдоо “Хийсэн хэрэг болон алдаандаа гүнээ харамсан гэмшиж, дахин алдаж ийм муу муухай нэр хүндээ алдан, гутаасан шившигт хэрэгт орооцолдолгүй, нийгэмд эзлэх байр суурьтай ёс суртахуунтай иргэн болоход минь тусалж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж тусална уу” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Батбаярын өмгөөлөгч Б.Баярням хэлсэн саналдаа “шүүгдэгч Л.У- үргэлж худлаа ярьдаг. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, гурван удаа мөрдөн байцаалтын шатнаас оргосон. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Л.У-ын хоёр үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх хохирол төлөгдөөгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хохирол төлөгдөөгүй бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заагаагүй, харин Эрүүгийн хуулийн 1.8 дахь хэсэгт гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заасан байхад шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн байна. Гэтэл дээрх заалтыг зөрчөөгүй байхад шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ,магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.У-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Л.У- нь өөрийгөө барилгын компанитай бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барих тендер авч газар шорооныхоо ажлыг эхлүүлсэн, урьдчилгаа мөнгө төлвөл нэг жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж хуурч мэхлэн иргэн Б.Батбаяраас 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, 2017 онд мөнгөө буцааж авах талаар хэлэхэд “Сувдан сондор” хотхоны борлуулалтын албанаас садан төрлийн холбоогоор бэлэн байр авч өгнө гэж уг хотхоны 71а байрны 79 тоот түрээслэсэн байранд оруулан хүлээлгэж 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг авсан талаарх үйл баримтыг бодитой тогтоож залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар эрх зүйн зөв дүгнэлт хийсэн байна.
Харин “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдөр “Сувдан сондор хотхонд байршилтай 71а байрны 35.91 м.кв үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан боловч төлбөр дутуу, засвар үйлчилгээ хийлгэсэн боловч үнийг төлөөгүй, түүнчлэн байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд Б.Батбаярыг оруулж, төлбөрийг дутуу төлөн “Рич Альфа” ХХК-д 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Үүнээс гадна анхан шатны шүүхээс энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан шүүхийн дүгнэлт ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох хэмжээнд ноцтой зөрүүтэй гэж үзэхээр, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж тус тус дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.У- нь “Рич Альфа майнинг” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2018/13 тоот түрээсийн гэрээ байгуулан түрээслэх явцдаа 1 сарын түрээсийн төлбөрийг 1 сарын барьцаатай төлсөн боловч санхүүгийн чадавхи буурсантай холбоотойгоор уг гэрээний үүргийг зохих ёсоор үргэлжлүүлэн биелүүлж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх харилцаа нь гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд эрүүгийн эрх зүйн ойлголтод хамаарахгүй ба залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Харин шүүгдэгч Л.У- нь хохирогч Б.Батбаярыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 12.000.000 төгрөг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул түүнд ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тухайн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэдийгээр шүүгдэгч Л.У-д холбогдох хэргийн “Рич Альфа майнинг” ХХК-ийг залилсан гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон боловч түүнд оногдуулсан ял шийтгэлд өөрчлөлт орохгүй бөгөөд анхан шатны шүүх оногдуулсан ял үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Л.У-д холбогдуулан шилжүүлсэн хэргээс “Рич альфа майнинг” ХХК-ийг хуурч 5.678.210 төгрөг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, “Рич альфа майнинг” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг дурдаж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолд:
“Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Л.У-д холбогдуулан шилжүүлсэн хэргээс “Рич альфа майнинг” ХХК-ийг хуурч 5.678.210 төгрөг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж,
Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “хохирогч “Рич альфа майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батууд овогт Эрдэмбилэгтийн Дөлгөөн /РД:УК88092422/-д 5.678.210 /таван сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг олгосугай” гэснийг “Рич альфа майнинг” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай” гэж өөрчилсүгэй.
2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1037 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН