Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02254

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02254

 

 

М.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/02770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ариунболд, Ш.Байгалмаа нарт холбогдох,

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 10-А байрны 40 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батмэнд

Хариуцагч: Ш.Байгалмаа

Хариуцагч Ш.Байгалмаагийн өмгөөлөгч: Г.Байгальмаа

Хариуцагч Б.Ариунболдын өмгөөлөгч: Э.Хашчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 14-А-40 тоотод байрлах 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч хамтран өмчлөгч Ш.Байгальмаа гэгч нь хууль бусаар хуурамч гарын үсэг зурах замаар намайг уг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байсан. Би хууль бус үйлдлийг шалгуулсаны эцэст Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 тоот шийдвэр гарч уг орон сууцны өмчлөлөөс намайг хамтран өмчлөгчөөс хассан тухай 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Байгалмаагаас гаргасан гэрлэлт цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь намайг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр нэмж бүртгэж 000464642 дугаарын гэрчилгээ олгосон.

Нэгэнт шүүхээс бидний гэрлэлтийг цуцалсан мөн 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Одоо уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Ариунболд, М.Өлзийсайхан, Ш.Байгалмаа бид бүртгэлтэй байгаа юм. Иймд дээрх орон сууц болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс М.Өлзийсайханд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү, тухайн орон сууцны өргөтгөлөөс оногдох хэсгийг шаардаагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ш.Байгальмаа нь миний зөвшөөрөлгүйгээр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцэл дээр М.Өлзийсайханыг өмчлөгчөөр оруулахдаа миний гарын үсгийг дуурайлган зурж, тухайн байрны хамтран өмчлөгч Б.Ариунболд надаас огт зөвшөөрөл аваагүй байдаг. Нэгэнт М.Өлзийсайхан нь манай байрны өмчлөгчөөр нэмэгдэхдээ нэг ч төгрөгөөр худалдаж аваагүй, ээжтэй минь хамтран амьдарч байхдаа хамтран өмчлөгчөөр үндэслэлгүйгээр бүртгүүлсэн тул би 2008 оны 04 дугээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00152 дугаар "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр үндэслэлгүйгээр уг хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн М.Өлзийсайханыг хассан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг 3 өрөө орон сууцыг миний аав Р.Шарав насаараа улсад хөдөлмөрлөж байж хотын захиргаанаас авсан юм. Би Өлзийсайханы дарамтанд орж хүүгийнхээ зөвшөөрөлгүй түүний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмүүлсэн. Би өөрийн буруу үйлдлийг ухаарч байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай М.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар М.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамаараалтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий орон сууц нь Р.Шарав гэдэг хүнээс Ш.Байгальмаа Б.Ариунболд нарт өвлөгдөн ирсэн үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт маргаагүй. Харин хариуцагч нар нь өөрсдийн хуваарьт хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүний өөрийн хуваарьт эд хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд өмчид хамаарна. 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр нэмж тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болсон.

Нэхэмжлэгчийг 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэнийг хүү Б.Ариунболд нь мэдэж байсан. Гэтэл Ш.Байгальмаа нь 2010 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн орон сууцнаас хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр миний гарын үсгийг хуурамчаар зурж хасуулсан байсан. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3471 тоот дүгнэлтээр тогтоосон боловч Ш.Байгалмаад холбогдох хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 565 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 495 дугаар магадлалаар 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Ш.Байгальмаагаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэний дагуу тус орон сууцны өмчлөгчөөр М.Өлзийсайхан болон Ш.Байгальмаа түүний хүү Б.Ариунболд бид 3 бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Энэхүү шийдвэр магадлал нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагчаас хяналтын гомдол болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай гомдол гаргаагүй болно.

Үүний дараа Ш.Байгальмаа болон түүний хүү Б.Ариунболд нар нь нэхэмжлэгчид холбогдуулж 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцлийг хүчин өгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд 2015 оны 09 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлт гаргасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102\Ш32015\23665 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шиидвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул Ш.Байгальмаа болон Б.Ариунболд нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан.

Улмаар би 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр уг орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай шаардлага гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102\ШШ2016\00152 дугаар шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргаж өгснөөр намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан болохыг мэдсэн.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт, гомдол гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч М.Өлзийсайхан хариуцагч Ш.Байгальмаа хоёр нь гэрлэлтээ цуцлуулсан цаашид хэн аль нь хамтран амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүнээс гарсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Өлзийсайхан нь хариуцагч Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарт холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 10-А байрны 40 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар магадлалаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14-А байрны 40 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч М.Өлзийсайхан болох талаарх үйл баримт тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Улмаар М.Өлзийсайханыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14-А байрны 40 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Үүний дараа улсын бүртгэл нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00152 дугаар захирамжийг үндэслэн М.Өлзийсайханы нэрийг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс хассан байна. Энэ захирамжаар Ш.Байгалмаад холбогдох 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр М.Өлзийсайханыг нэмж оруулсан хэлцлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай М.Ариунболдын нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрснийг баталснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Өлзийсайхан оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг захирамжаар шийдвэрлэгдсэн асуудлын хүрээнд М.Өлзийсайханы хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарын хуваарьт хөрөнгө гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Ш.Байгалмаагийн эцэг Р.Шарав Нийслэлийн өмч хувьчлах товчооны 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор хувьчлан авсан, улмаар Р.Шарав, Ө.Алтансүх нар 1999 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр Ө.Алтансүх өөрийн хүсэлтээр орон сууцны өмчлөгчөөс хасагдаж, Р.Шарав 2005 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг орон сууцыг дангаар өмчлөх болсон, 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарыг нэмж бүртгүүлжээ. Өв залгамжлах эрхийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 013 дугаартай гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцыг Р.Шаравын охин Ш.Байгалмаа, зээ хүү Б.Ариунболд нарт өвлүүлэн улмаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгожээ.

 

Ш.Байгалмаа нь М.Өлзийсайхантай гэрлэхээс өмнө уг орон сууцыг хүү М.Ариунболдын хамт өмчилж байсан, 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах тухай хэлцлээр М.Өлзийсайханыг өмчлөгчөөр бүртгүүлсэн/хх 173, 175 дахь тал/, М.Өлзийсайхан, Ш.Байгалмаа нар нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Харин Ш.Байгалмаа, М.Өлзийсайхан нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцнаас нэхэмжлэгч М.Өлзийсайхан өөрт ногдох хэсгийг шаардсанд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан шүүх тодорхойлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/02770 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг 129.1.1-т гэснийг 129.4 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА