Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 03015

 

2017 оны 11 сарын 09 өдөр              Дугаар 102/ШШ2017/03015          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, Өнөр хотхон, байрны тоотод оршин суух, овогт МӨ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо,  хороолол, байрны тоотод оршин суух, овогт ШБ

Хариуцагч Баянгол дүүрэг,  хороо хороолол, байрны тоотод оршин суух, овогт БА нарт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хариуцагч БАын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ш.Байгалмаа, хариуцагч БА-ын өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч МӨ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч ШБ гэгч хууль бусаар хуурамч гарын үсэг зурах замаар намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байдаг.

Би цагдаагийн байгууллагаар дээрх хууль бус үйлдлийг шалгуулсны эцэст Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 565 дугаартай Шийдвэр гарч, 14-А байрны 40 тоот орон сууцны өмчлөлөөс намайг хассан 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Байгалмаагийн гаргасан гэрлэлт цуцлах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

 

Шүүхийн энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газар Мягмаржав овогтой Өлзийсайхан намайг Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаартай, 000464642 дугаарын Гэрчилгээ олгон, хамтран өмчлөгчөөр МӨ, ШБ, БА нарын нэр бичигдсэн.

Иймээс шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, тусдаа амьдарч байгаа учраас уг орон сууцнаас надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудтай танилцлаа. Хүлээн авах боломжгүй. Яагаад бэ? гэвэл 2017 оны 8 дугаар сард Архивын тамга даруулж аваад, өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр тогтоосон 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаартай шийдвэр хүчин төглөдөр хэвээр байгаа. Энэ шийдвэрт талуудын хэн нэг нь өнөөдрийг хүртэл гомдол гаргаж, маргаан үүсгээгүй. Хариуцагчийн өгсөн баримтууд дотор Эвлэрлийг баталсан захирамж байна. Энэ захирамжинд гуравдагч этгээдээр эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэгчийг татаагүй, одоо л ийм захирамж гарсныг мэдэж байна.

Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 565 дугаартай Шийдвэрийн дагуу хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн нэхэмжлэгч МӨ-д тус орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч БА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ШБ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрнаас ногдох хэсгийг өгөх боломжгүй. Би хүүдээ мэдэгдэхгүй түүний гарын үсгийн хуурамчаар зураад, МӨы нэрийг оруулсан нь үнэн. Бид хамтдаа амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. Нас ахиад хань ижилтэй болъё гэсэн үүднээс амьдарсан. Уг орон сууц миний эцгээс надад өвлөгдөж ирсэн. Гэтэл би ийм асуудал үүсгэсэн учраас шүүх цагдаагаар явж байна. Шүүхэд хандаж, хүүгийнхээ гарын үсгийг хуурамчаар зурснаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх баталж шийдвэрлэснийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн газарт хандаж гэрчилгээ авсан. Анх гарсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаарын Шийдвэрт гомдол гаргаагүй. Тэр үед би хүндээр өвдсөн байсан тул учрыг нь сайн ойлгоогүй. Эдгээр баримтуудын дагуу нэхэмжлэгчид ногдох хувь өгөх боломжгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч МӨ, хариуцагч БА, ШБнарт холбогдуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00152 дугаартай Шийдвэр болон Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/159 тоот Тушаалаар нэхэмжлэгч дээрх байрны хууль ёсны өмчлөгчөөс хасагдсан тул ногдох хувь авахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч МӨ Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаартай Гэрчилгээ, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаартай Шийдвэрээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талууд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаартай Шийдвэрт гомдол гаргаагүй талаар маргаагүй бөгөөд хавтас хэрэгт тухайн шийдвэртэй холбоотой маргаан үүсгэж шийдвэрлүүлсэн баримт авагдаагүй, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийг тус байрны хамтран өмчлөгчөөс хасуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх тул гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч гэж үзээд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зааснаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Д.Нямлхагвын дээрх байрны зах зээлийн өнөөгийн ханш 89.600.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг үндэслэн, 89.600.000 төгрөг : 3 /гэр бүлийн гишүүд/=29.866.667 төгрөгийг /нэг хүнд ногдох хувь/ хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж зааснаар уг хөрөнгө хариуцагч нарын өмчлөлд үлдэж байгааг дурдах нь зүйтэй.

Тэрээр хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00152 дугаартай Шийдвэр, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/159 тоот Тушаал, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 05330 дугаартай Шүүгчийн захирамж, хоёр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлахад, ...00152 дугаартай, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийн Үндэслэх хэсэгт......бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж дүгнэсэнээс үзэхэд уг хэрэгт нэхэмжлэгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, нэхэмжлэгч дээрх шийдвэрийн талаар мэдээгүй байх боломжтой байна гэж үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 89.600.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307283 төгрөг төлөх ёстойгоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 237083 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлөх, хариуцагч нараас 29.866.667 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307283 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.МӨ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч БА, ШБ нарт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 29.866.667 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн дутуу 237083 төгрөгийг төлж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 307283 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч МӨ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.АРИУНАА