Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00645

 

М.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/03015 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00034 дүгээр магадлалтай,

М.Ө-ы нэхэмжлэлтэй,

Ш.Б, Б.А  нарт холбогдох,

орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Бгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Ш.Б, Б.А , өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан ба  Ш.Б нь хууль бусаар хуурамч гарын үсэг зурах замаар намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байдаг. Энэ үйлдлийг шалгуулсны эцэст Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 565 дугаар шийдвэр гарч, орон сууцны өмчлөлөөс  хассан 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Бгийн гаргасан гэрлэлт цуцлах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газар М.Ө- намайг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон. Шүхээс бидний гэрлэлтийг цуцалсан ба тусдаа амьдарч байгаа учраас уг орон сууцнаас надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б, Б.А  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ байрнаас ногдох хэсгийг өгөх боломжгүй. Би хүүдээ мэдэгдэхгүй түүний гарын үсгийн хуурамчаар зураад, М.Ө-ы нэрийг оруулсан нь үнэн. Бид хамтдаа амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. Нас ахиад хань ижилтэй болъё гэсэн үүднээс амьдарсан. Уг орон сууц миний эцгээс надад өвлөгдөж ирсэн. Шүүхэд хандаж, хүүгийнхээ гарын үсгийг хуурамчаар зурснаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх баталж шийдвэрлэснийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн газарт хандаж гэрчилгээ авсан. Анх гарсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаарын шийдвэрт гомдол гаргаагүй. Тэр үед би хүндээр өвдсөн байсан тул учрыг нь сайн ойлгоогүй. Эдгээр баримтуудын дагуу нэхэмжлэгчид ногдох хувь өгөх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/03015 дугаар шийдвэрээр: Мянгад овогт Мягмаржавын Өлзийсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Байгалмаагийн Ариунболд, Боржигон овогт Шаравын Байгалмаа нарт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 29.866.667 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн дутуу 237083 төгрөгийг төлж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 307283 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Ө-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00034 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/03015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б, Б.А  нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00034 дугаартай магадлалд дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч М.Ө-, хариуцагч Б.А , Ш.Б нарт холбогдуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс нийслэлийн шүүхийн 565 тоот магадлалд хэрэгт авагдаагүй байх тул хүчингүй болгосон боловч уг магадлал тус иргэний хэрэгт хамааралгүй, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 29- ний өдрийн А/159 тоот тушаал, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 05330 дугаартай шүүгчийн захирамж, одоо хүчин төгөлдөр байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, зэрэг баримтуудаар хариуцагчийн өмчлөлийн байр болох нь тодорхой байдаг. Мөн Давж заалдах шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй байх тул шүүхээс дахин шинжээч томилох ёстой байсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш эрхийн, дипозитив зарчмыг удирдлага болгох зарчимд халдсан шийдвэр боллоо. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00034 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ                  

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.Ө-ы “...орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Ш.Б, Б.А  нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 29.866.667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...шинжээчийн дүгнэлт дутуу гарсан тохиолдолд дахин шинжээч томилоогүй, ...магадлал хэрэгт авагдаагүй...” гэсэн үндэслэл  дурджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шинжээч томилсон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 89.600.000 төгрөгөөр тогтоожээ /хэргийн 25, 28-35 дугаар тал/

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...3 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах...”аар  шаардсан, харин тухайн байрны өргөтгөлтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “...уг орон сууцны өргөтгөлийг үнэлээгүй тул орон сууцны үнэ бодитой тогтоогдоогүй” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэрээр М.Ө-ыг маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзжээ.

Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан талаар хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 15040 дугаар захирамжид дурдсан  боловч уг магадлал хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч орон сууцнаас өөрт ногдох хэсгээ шаардсан, энэ тохиолдолд тэрээр тухайн үл хөрөнгийн өмчлөгч байх шаардлагатай тул давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.   

Дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 308.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ