Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00452

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00452

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Түмэн Элч ХХК, Б.Найдандож, М.Цэемаа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392 371 288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амараа, Ц.Туул, хариуцагч Түмэн илч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир, хариуцагч М.Цэемаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Түмэн Элч ХХК, Б.Найдандорж, М.Цэемаа нар нь Хас банк ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж 290 000 000 төгрөгийг 365 хоногийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.Найдандоржтой 5001364439-01 тоот барьцааны гэрээ, Б.Найдандорж, М.Цэемаа нартай 5001364439 тоот батлан даалтын гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, Ү-2201019845 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м/кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5000 м/кв талбай газар, улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн шугамын гэрээ гэдэг бол анх зээл батлагдсан хэмжээгээрээ зээлдэгчийн дансанд байдаг, энэ дагуу 290 000 000 төгрөг зээлдэгчийн дансанд бүтэн орсон. Хариуцагч нар хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт зээлийнхээ 253 797 000 төгрөгийг данснаас авсан байсан. Үндсэн зээлээс авсан нь баримтаар харагдаж байна. Үлдэгдэл мөнгөө аваагүй байсан, сар бүр хүүгээ төлөх ёстой гэтэл хүүгээ төлөөгүй учир хариуцагчийн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс хүүг нь тооцож суутгаж авдаг гэв.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 290 000 000 төгрөг, хүүнд 97 401 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 969 644 төгрөг, нийт 392 371 288 төгрөгийг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Цэемаа, Түмэн Элч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хас банк ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 290 000 000 төгрөгийн зээлийг авсан. Ноос ноолуурын улирал 3, 4 дүгээр сард эхэлдэг, банкинд зээлээ сунгуулах хүсэлт гаргахад хүнд суртал гаргаж удаж удаж эцэст нь сарын 2,04 хувийн хүүтэйгээр зээлийг сунгасан. Гэрээн дээр гарын үсэг зурахаар очиход зээлийн хүү 2,04 хувь биш 2.4 хувь байсан. Бизнесийн улирлын үед мөнгө хэрэгтэй байдлыг тааруулж өндөр хүүтэй зээлийг авахаас өөр аргагүй нөхцөлд оруулсан. Хас банк ХХК нь долларын зээл авахыг шаардаж, татгалзсан тул өндөр хүүтэй зээл өгсөн гэж үзэж байгаа. Хас банк ХХК-тай манай компани 13 жилийн турш хамтран ажилласан, өөр банкнаас зээл авах талаар хүсэлт гаргаагүй, гаргасан түүх байхгүй тул зээл олгогдоход хүндрэлтэй байдлыг ашиглаж доллароор зээл авах шаардлагыг тулгасан. Монгол улсын эдийн засаг бидний таамаглаж байснаар болоогүй, 1 кг нь 90 000 төгрөг байсан ноолуурын ханш 40 000-50 000 төгрөгт, 30 000 төгрөг байсан арьс ширний ханш 500 төгрөгт хүрч буурсан. Асар их бэлэн бүтээгдэхүүний үнэ маань нүдэн дээр 50-300 хувь унаж, санхүүгийн хүнд байдалд орсон байхад банк хүүгээ буулгаагүй. Улсын бүртгэлийн Ү-2205011572, Ү-2205012961, Ү-2201019545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нь 2009 оноос хойш сайжруулах тал дээр ажиллаагүй. Ингэснээр манай компанийн эргэлтийн хөрөнгийг дордуулж, үл хөдлөх эд хөрөнгөө эргэлтэд оруулах боломжийг олгохгүй байсаар зээлийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлсэн. Манай компани банктай эвлэрэх талаар удаа дараа явуулсан албан бичигт огт хариу өгөөгүй, тохиролцох боломжит нөхцөлийг удаа дараа буцааж байсан.

2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Түмэн Элч ХХК, М.Цэемаа, Б.Найдандорж нар нь Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байгаа, анх зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарын 5 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гандангийн объектийн газрыг тухайн үед 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан учраас манайх газрын албанд гэрчилгээг өгч сунгуулах хүсэлтийг гаргасан. Гэрчилгээг 2 сарын хугацаанд сунгаж өгөх байсан боловч 9 сард сунгаж өгсөн. Бидэнд 240 000 000 төгрөгийн зээлийг өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан учраас үлдэгдэл 50 000 000 төгрөгийг өгөөгүй. Хүү тооцож үзвэл 28 800 000 төгрөг болж байгаа бөгөөд олгоогүй 50 000 000 төгрөгтэй нийлбэл нийт 78 800 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Түмэн Элч ХХК, М.Цэемаа нараас 392 371 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 190 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 190 006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн баталгаат ипотекийн /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр өөрчлөлт оруулсан/ гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5000 м/кв талбай газар,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м.кв газар,

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дах хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд удаа дараа гаргаж байсан боловч шүүхийн зүгээс ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Тус хүсэлтүүдэд нэхэмжлэгч талаас зээл төлсөн баримтууд, дансны тодорхой бүрэн хуулгууд, зээл олгох үеийн зээлийн хорооны шийдвэр, түүнийг дагалдах бүрдүүлбэр болон бусад нотлох баримтууд, 2003 оноос хойших хариуцагч талын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний баримтууд, үнэлгээг дүгнэсэн дүгнэлт, 2 талын харилцаж байсан албан бичгүүд, уулзалтуудын тэмдэглэл, зээл олголтын журам /тэр дундаа зээлийн шугамын гэрээг зохицуулсан журам/, зээлийн хүү бодолтын дэлгэрэнгүй бодолт гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдол бүхий баримтууд гаргуулах хүсэлт гаргаж байсан.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус баримтуудыг Хас банк ХХ-иас авахаар нэхэмжлэгч талын зүгээс олон удаа хүсэлт тавихад байгууллагын дотоод нууц гээд гаргаж өгдөггүй байсан учраас эрхийнхээ дагуу шүүхэд хүсэлт гаргахад анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг бодитой үнэлгээг гаргах үүднээс шинжээч томилуулж үнэлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хариуцагч талын эрхийг зөрчиж хангаагүй. Нотлох баримтыг буруу үнэлсэн болон хууль болон гэрээг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Гэрээнд тусгагдсан 290 000 000 төгрөгийн зээлийг бүрэн олгоогүй. Зээлийн гэрээний 1.1-д зааснаар 290 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн шугамын дансанд нээсэн боловч 290 000 000 төгрөгийг бүрэн олгоогүй. Хас банк ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн 5001364439 тоот дансны хуулгаас үзэхэд нийт 246 114 690 төгрөгийг манай талд өгсөн байдаг. Шүүхийн шийдвэрт тусгагдсан /2-р хуудас/ нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Туулын тайлбарт: Зээлийн шугамын гэрээ гэдэг бол анх зээл батлагдсан хэмжээгээрээ зээлдэгчийн дансанд байрладаг, энэ дагуу 290 000 000 төгрөг зээлдэгчийн дансанд бүтэн орсон гэсэн тайлбарыг шүүх хурал дээр өгсөн. Дансны хуулгаас харахад 290 000 000 төгрөг ороогүй байгаа нь илэрхий байхад шүүхээс 290 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нэг баримт нь зээлийн гэрээний 1.13-т зааснаар зээл олгосон шимтгэлийн гэрээний нийт үнийн дүнгээс 1 хувиар тооцож авах ёстой байсан. Манай талд олгосон нийт зээл буюу 246 114 690 төгрөгөөс 1 хувиар тооцож 2 461 114 төгрөг авах ёстой байтал 2 540 000 төгрөг илүү авсан. Мөн гэрээний дагуу 290 000 0000 төгрөг бүтэн олгосон бол зээл олгосон шимтгэлд 2 900 000 төгрөг авах ёстой байснаас үзэхэд зээлийг бүтэн олгоогүй нь нотлогдож байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэж заасан байдаг боловч Хас банк ХХК өгөөгүй мөнгөнөөсөө хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. 290 000 000 төгрөгийг бүрэн өгөөгүй байж 290 000 000 төгрөгөөс хүүгээ cap болгон бодож, тооцож байсан нь Хас банк ХХК-иас гаргасан дансны хуулган дээр тодорхой байгаа боловч анхан шатны шүүхээс хэргийг буруу шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт шүүх хурлын үеээр мэтгэлцсэн үндэслэлүүдийг буруу оруулсан. Хэлбэр болон хэллэг талаасаа маш их алдаатай гарсан. Хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Мөн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангасан гэж оруулсан байтал тогтоох хэсэг дээрээ нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай байна.

Дараах хэсгийг нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

-       Үндсэн зээл: 44 000 000 /Дөчин дөрвөн сая/ төгрөг

-       Хуү: 36 000 000 /Гучин зургаан сая/ төгрөг

-       Нэмэгдүүлсэн хүү: 4 969 644 /Дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг

Нийт: 84 696 644 /Наян дөрвөн сая зургаан зуун ерөн зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Түмэн Элч ХХК, Б.Найдандож, М.Цэемаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392 371 288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хас банк ХХК нь Түмэн Элч ХХК, Б.Найдандорж, М.Цэемаа нартай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж, 290 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 28.8 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2.4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай нээж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.Найдандоржтой 5001364439-01 тоот барьцааны гэрээ, Б.Найдандорж, М.Цэемаа нартай 5001364439 тоот батлан даалтын гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг тус тус байгуулан холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн шугаман гэрээ, барьцааны, батлан даалтын болон ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /Х.х-ийн 10-13,14-34 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Харин зээлийн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн эсэх, хүү төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан байна.

Нэхэмжлэгч банк 290 000 000 төгрөгийн зээлийн эрхийг нээж, зээлдэгч нар зээлийг ашигласан нь хэрэгт авагдсан зээлийн шугамын гэрээ, түүний хумих, тэлэх нөхцөл, Түмэн-элч ХХК-ийн Хас банк дах 5001364439 дугаар дансны хуулга зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. /Х.х-ийн 7, 10-14, 35 дугаар тал/

Хэргийн 7, 35, 92 дугаар талд авагдсан зээлийн шугамын хүү, нэмэгдүүлсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэл тооцох баримт, Түмэн элч ХХК-ийн дансны хуулга, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн зээлийн эрхийг 290 000 000 төгрөгийн хэмжээгээр нээсэн, ашиглагдаагүй үлдэгдлээс зээлдэгчийн хүсэлтээр төлөх үүрэг бүхий хүүгийн төлбөрийг хасаж тооцсон гэх тайлбар үндэслэлтэй хариуцагчийн банк 290 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлж өгөөгүй гэх тайлбар няцаагдсан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу Зээлийн гэрээний 4.1-т Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болох үед ашигласан зээлийн үлдэгдэлтэй ... тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тохиролцсон байх тул төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт бодогдсон хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болно.

Хариуцагч нарын тайлбар, татгалзлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд алдаатай болсныг анхаарвал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ