Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00756

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02882 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр магадлалтай

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“В” ХХК, “Э” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 558 722 108 төгрөг гаргуулах, гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх баримтуудыг хүчингүйд тооцох, гэрээний үүрэгт илүү төлөгдсөн 304 650 547 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч “В” ХХК-ийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“О” ХХК нь хариуцагч “В” ХХК /РД5207886/-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ мөн дээрх гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ зэргийг байгуулсан. Талууд дээрх гэрээ, хавсралтын дагуу ажлаа дүгнэж, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар захиалагч “В” ХХК нь бэлтгэн нийлүүлэгч “О” ХХК-д 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 235 төгрөгөөр харилцан тохирч 638 297 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 85 000 000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 236 төгрөгөөр харилцан тохирч 360 169 юань, нийт 998 466 юанийн төлбөр хийж бүгд 1 654 348 юанийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой болохыг харилцан тохиролцсон. Дээрх 1 654 348 юаниас зарим барааны үнийн залруулга болох 200 400 юанийг хасаж нийт 1 453 948 юанийг “О” ХХК-д төлөхөөр харилцан тохирсон. Мөн 1 453 948 юанийн ханшийг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцох, хугацаа хэтэрсэн хугацаанд алданги тооцох, шууд, шууд бус хохирлыг шаардах эрхтэйгээр харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “В” ХХК нь манайд 70 000 000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Өнөөдрийг хүртэл нэмж төлбөр хийгээгүй. Иймд ”В” ХХК-тай байгуулсан гэрээ, энэ гэрээний нэмэлт, тооцооны залруулга, гэрээ дүгнэсэн баримтын дагуу үлдэгдэл 1 453 948 юаниас 70 000 000 төгрөг буюу /1 юань 304 59 төгрөг/ 229 817 юанийг хасч, 1 224 131 юань буюу 382 908 176 төгрөг, алданги 562 065 юань буюу 175 813 932 төгрөг, нийт 1 786 196 юань буюу 558 722 108 төгрөгийг /1 юань 312 80 төгрөг/ “В” ХХК, “Э” ХХК-иудаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч ийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 05/2012 тоот Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 3 дугаар зүйл, 3.1 дэх хэсэгт гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс хойш ажлын 30-40 хоногийн дотор буюу 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэгч буюу нийлүүлэгч тал нь барааг хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр болох 127 611 юанийг хүлээн авахаар тохирсон. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 552 226 юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан даруйд захиалагч “В” ХХК-иас 10 000 000 төгрөг буюу 44 444 юанийн төлбөрийг нийлүүлэгч “О” ХХК-д төлж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 995 008 юанийн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. “В” ХХК нь 05/2012 тоот гэрээний дагуу “О” ХХК-д урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг буюу 47 391 12 юаниас гадна 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 900 000 юань, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 800 991 юань, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 154 000 000 төгрөг буюу 729 823 23 юань, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөг буюу 710 866 78 юань, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөг буюу 402 824 51 юанийг төлж нийтдээ 4 591 896 64 юань төлж гэрээгээр хүлээсэн төлбөрийн 4 547 234 юаниас 44 662 64 юанийг илүү төлсөн тул “О” ХХК нь гэрээг эцэслэн дүгнэн илүү төлсөн төлбөрийг буцаах ёстой байхад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70 000 000 төгрөг буюу 331 737 83 юанийг нэмж төлүүлэн гэрээний үнийн дүнгээс 376 400 47 юанийг илүү төлүүлсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун сөрөг нэхэмжлэлдээ: “О” ХХК нь “В” ХХК-тай хийсэн гэрээ, энэ гэрээний нэмэлт, болон мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримт, Тооцооны залруулга гэсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй баримт нь “О” ХХК болон “Э” ХХК-ний хооронд хийгдсэн баримт биш юм. “О” ХХК болон “В” ХХК-ний хооронд 05/2012 тоот гэрээ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаагүй бөгөөд тухайн үед “В” нэртэй байсан компани нь 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “О” ХХК-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 тоот гэрээг байгуулсан. “В” ХХК болон “Э” ХХК-иудыг Б.Баттогтох төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарсан, нэгээ талаас “О” ХХК-ийг төлөөлж И.Очирбат гарын үсэг зурж тамга дарсан боловч маргаж буй гэрээг Н.Энхтуяа байгуулсан. Тооцооны залруулга, Гэрээ дүгнэсэн баримт гэх баримтуудад иргэн Б.Баттогтох нь “В” ХХК-ийн ерөнхий захирал гэж төлөөлөн гарын үсэг зурсан. “В” ХХК болон “Э” ХХК-иудын оноосон нэр өөрчлөгдөн, регистр нь өөрчлөгдөөгүй болно. Уг баримтыг Б.Баттогтох, И.Очирбат нар үйлдэхдээ захирал Т.Халиуныг үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байгаа байдлыг нь ашиглан Хятадын компанид авлагатай байгаа гэдгийг л үзүүлэх гэж гарын үсэг зуруулж тамга даруулсан. “Э” ХХК болон “В” ХХК-иудын төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Халиун болох нь тогтоогдож байгаа. “О” ХХК “В” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргийг дүгнэх, тооцоо нийлэх, гэрээний үүргийг гүйцэтгэх, төлөөлөл хэрэгжүүлэх, зэрэг аливаа эрхийг “В” ХХК иргэн Б.Баттогтоход шилжүүлээгүй. Гэрээ дүгнэсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжид хамаарч байна. Иймд гэрээ дүгнэсэн баримтыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож өгнө үү.

Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээний дүн 4 547 234 юанийн үүрэгт хариуцагч “Э” ХХК нь 8 удаагийн төлбөрөөр 4 692 035 юань шилжүүлсэн. Дээрх гэрээг дүгнэхэд “В” ХХК нь 320 786 юань илүү төлөлттэй гарсан. Иймд 320 786 юань буюу 119 730 166 төгрөг.

Талууд анх гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг жагсаасан жагсаалт, нэмэлт гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний үнийн дүн бодит байдалд 4 453 234 юань байхыг 4 547 234 болгон дүгнэж тооцоог 94 000 юаниар ахиулан дүгнэсэн тул 94 000 юань буюу 19 834 940 төгрөг, гэрээний дагуу нийлүүлэх ёстой тоног төхөөрөмжүүдээс нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ болох 344 900 юань буюу 72 777 349 төгрөг, гэрээгээр нийлүүлэх сел релейны заримыг нийлүүлээгүй, заримыг сүүлд нийлүүлсэн, ингэж нийлүүлэхдээ 1 релейг 10 дахин илүү үнээр тооцож нийлүүлсэн. Энэ зөрүүд 64 203 ам доллар буюу 86 308 092 төгрөг, Гэрээний 2.4-т гэрээгээр нийлүүлэх сел төрлийн хамгаалалтын угсралт тохируулгын ажлын хөлс орсон байна. Гэтэл нэхэмжлэгч “О” ХХК нь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ ажлыг бусадтай гэрээ хийж гүйцэтгүүлсэн. Иймд дутуу хийгдсэн sел релейны угсралт тохируулгын ажлыг бусдаар хийлгэсний хөлс 6 000 000 төгрөг, нийт 304 650 547 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч П.Баярмангай нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай компани нь “В” ХХК-ийн захиалсан тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын компаниас худалдан авч, Эрээн хотод “В” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсны дараа Гэрээний хавсралт №2-ын 6 дугаарт заагдсан гадна суурилуулах хүчдэлийн трансматорыг 2 захиалсан байсныгаа нэмээд 6 ширхэг болгон захиалж дахин 2012 оны 08 дугаар сарын 01 -ний гэрээнд хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг мөрдөх болсон юм. “В” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын банк дахь данс руу шилжүүлсэн 1 000 000 юань нь өмнөх 4 гэрээний (01/2012, 02/2012, 03/2012, 04/2012) дагуу төлөгдөх төлбөрийн дутууд 806 571 юань, 05 тоот гэрээний төлбөрт 193 429 юань нь тооцогдсоныг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Хариуцагч бэлэн мөнгөний зарлагын баримт дээрээ 01-05/2012 гэрээний төлбөрийн дутууд гэж бичиж шилжүүлсэн. “В” ХХК нь 05/2012 гэрээний дагуу нийт 6 удаагийн төлөлтөөр 2 973 718 юань төлсөн. Урьдчилгаанд 10 000 000 төгрөг буюу 44 444 юань, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 900 000 юань, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 800 991 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөг буюу 638 297 юань, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөг буюу 360 169 юань, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70 000 000 төгрөг буюу 229 817 юанийг тус тус төлсөн. Харин 154 000 000 төгрөг төлөөгүй. Гэрээний 2.4-д заасан sел төрлийн хамгаалалтын угсралт, тохируулгын ажил гэдэгт бараагаа хүлээлгэж өгөхдөө ажиллах горимыг нь компьютерт суулгаад программд оруулж өгдөг. Энэ ажлаа манайх бүрэн хийж өгсөн. Тооцооны залруулгаар үнийг нь зөрүүтэй бичсэн бараа материалыг жагсааж 200 400 юанийг хассан. Мөн гэрээнд илүү орсон буюу нийлүүлээгүй тоног төхөөрөмжийг жагсааж 101 600 юанийг хассан. 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “В” ХХК нь нэрээ өөрчилж “Э” ХХК болсон юм бол 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Э” ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр Б.Баттогтохыг томилсон байгаа. Тэгэхээр Б.Баттогтох нь гэрээний дагуу авсан, өгснийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нийлж баталгаажуулах эрхтэй байсан. Хэдийгээр хоёр компанийн хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаа ч яг энэ гэрээг гардан байгуулж, бараа материалыг хүлээн авч, хүлээлгэн өгч байсан хоёр хүн нь И.Очирбат, Б.Баттогтох нар юм. “Э” ХХК, “В” ХХК нар нь нэг үүсгэн байгуулагчтай, хоорондоо нэрээ сольсон байгаа. Мөн захирал Т.Халиуны нөхөр нь Б.Баттогтох гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүнийг компанийн нэгдмэл сонирхолтой этгээдэд тооцдог учраас Б.Баттогтохын гарын үсэг зурсан Тооцооны залруулга, Гэрээ дүгнэсэн баримт хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02882 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК /РД5207886/-иас 377 769 575 /гурван зуун далан долоон сая долоон зуун жаран есөн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан “О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180 952 533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, 5272793 регистрийн дугаартай “В” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн талуудын хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримтыг хүчингүйд тооцуулах, 05/2012 тоот гэрээний үүрэгт 304 650 547 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.,56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 952 000 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 540 626 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 2 046 797 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “377 769 575 /гурван зуун далан долоо сая долоон зуун жаран есөн мянга таван зуун далан тав/” гэснийг “259 578 603 /хоёр зуун тавин есөн сая таван зуун далан найман мянга зургаан зуун гурав/” гэж, “180 952 533” гэснийг “299 143 505” гэж, 3 дахь заалтын “2 046 797” гэснийг “1 455 843” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 728 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч Б.Дамба нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн № 264 дугаартай магадлалыг, 2018 оны 1 сарын 9-ний өдөр хүлээн аваад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзээд нэхэмжлэгчийн зүгээс магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” 05/2012 дугаартай гэрээ болон дээрх гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ зэргийг байгуулсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оны 6 сарын 19-ний өдөр “Ерөө дэд станцын өргөтгөл болон агаарын шугамд сүүлд нэмж авсан материал, тоног төхөөрөмжийн жагсаалт” нэртэй тооцоо нийлсэн баримтаар үлдэгдэл төлбөр 2,625,814 юань болохыг баталгаажуулсан.

2013 оны 6 сарын 19-ний өдөр 638,297 юань, 6 сарын 20-ны өдөр 360,169 юань төлсөн нийт 998,466 юанийг болон гэрээний хавсралтад зарим барааны үнийг тусгахдаа алдаа гаргасан үндэслэлээр 200,400 юанийг хасаж тооцоод, төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 2014 оны 11 сарын 19-ны байдлаар 1,426,948 юань байгаа болохыг баталгаажуулсан.

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг үлдэгдэл төлбөр 1,426,948 юаниас хариуцагч “Э” ХХК-ийн 2014 оны 12 сарын 31-ний өдөр төлсөн 229,817 юань буюу 70,000,000 төгрөгийг хасаж нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх дээрх төлсөн үнийн дүнгийн талаар зөв дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх ... 1,426,940 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй гэж үзэхээр байна. Уг үлдэгдэл тооцооны талаар талууд маргаагүй гээд 2014 оны 12 сарын 31-ний өдөр төлсөн 70,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх давхардуулан нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж нэхэмжлэгчийг хохироосон шийдвэрийг гаргасан юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар талууд 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” 05/2012 дугаартай гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Талууд алданги төлөх тухай гэрээг дээрх хуульд нийцүүлэн бичгээр байгуулсны гадна нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан хувь хэмжээнээс хэтрээгүй байхад давж заалдах шатны шүүх хуульд нийцээгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1., 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримттай холбогдуулан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас хариуцагчийн эрх, ашиг сонирхол илтэд зөрчигдсөн.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй:

1. Шүүх “Э” ХХК-иас сүүлд гаргаж өгсөн дэлгэрэнгүй тайлбар /ххЗ-56-60/, сөрөг нэхэмжлэлийн /ххЗ-47-51/ шаардлагыг хавтаст хэрэгт цугларсан баримттай харьцуулан бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй, уг тайлбартай огт танилцахгүйгээр, хэргийг уншиж судлахгүйгээр шийдвэр гаргасан.

Уг хэргийг өмнө нь шийдвэрлээд Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болсон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.16-ны өдрийн 04336 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн дүгнэлтийг бараг тэр чигт нь хуулбарлаж, наана цаана нь оруулан эвлүүлэн бичсэн. Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон үндэслэлд заасан процессын зөрчлийг засах төдий ажиллагаа хийсэн боловч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх талаар санаачилга гаргаагүй.

Хариуцагчийн зүгээс сүүлд гаргасан хариу тайлбар, няцаалт, шүүх хуралдааны явцад гаргасан мэтгэлцээн зэргээс шийдвэр, магадлалын ТОДОРХОЙЛОХ хэсэгт туссан зүйл байхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан, мөн үндэслэх хэсгийн дүгнэлт нь логикийн болон тооцооллын илт алдаатай гарсан.

2. Шүүх 2012.08.01-ний өдрийн 05\2012 тоот гэрээний үлдэгдлийн талаар гэрээний талуудын албан ёсоор тооцоо нийлсэн бодит баримтыг үнэлээгүй. Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан 05 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийн тооцоо нийлсэн баримтыг 2012.08.19-ний өдөр үйлдсэн болох нь хөдлөшгүй нотлогдсоор байхад шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй, мөн уг баримтыг үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр илт хууль бус гарах үндсэн нөхцөл бүрдсэн. Давж заалдах шатны шүүх уг баримтыг “2013.06.19-ний өдөр үйлдсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь 2012.08.01-ний өдрийн 05 тоот гэрээнд захиалагч талаас /52-07-886/ регистрийн дугаартай “В” ХХК оролцсон. “В” ХХК нь 2012.10.15-ны өдөр оноосон нэрээ “Э” ХХК болгож зөвхөн нэрээ өөрчилсөн, харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар болон регистрийн /52-07-886/ дугаарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Ингээд 05 тоот гэрээнд дарагдсан /752-07-886/ регистрийн дугаартай ““В”" ХХК-ийн тамгыг оноосон нэрээ өөрчилсөн шалтгаанаар 2012.10.15-ны өдөр хураалгасан нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. /хх-3-72/

Маргаж буй гэрээний төлбөрийн үлдэгдэл нь 2012.08.19-ний өдрийн байдлаар нийтдээ 2 625 814 юань байсан нь хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог, уг тооцоо нийлсэн актад анх гэрээ байгуулсан буюу гэрээ байгуулснаас 2 сарын дараа буюу нэрээ өөрчлөхдөө хураалгасан “В” ХХК-ийн /52-07-886/ тамга дарагдсан байдаг. Хэрэв уг баримтыг нэхэмжлэгчийн хэлж байгаагаар 2013.06.19-ний өдөр үйлдсэн нь хэрэв үнэн байсан бол “В” ХХК-ийн /52-07-886/ тамга дарагдах ёсгүй байсан. Яагаад гэвэл 2012.10.15-ны өдрөөс “Э” ХХК /52-07-886/ болсон учраас.

Уг тооцоо нийлсэн 23 дугаар хуудсын баримт, 05/2012 тоот гэрээнд дарагдсан тамгыг харьцуулан үзэхэд нэг тамга дарагдсан болох нь энгийн нүдээр тодорхой харагддаг. Энэхүү үйл баримтаар 2012 оны 10 дугаар сард нэрээ сольж тэмдгээ хураалгахаас өмнө “В” ХХК /52-07-886/ нь 23 дугаар хуудасны баримтын тооцоог нийлсэн болох нь хөдлөшгүй нотлогдсон, нэхэмжлэгч үүнийг няцааж чадаагүй байхад шүүх “2013.06.19-нд үйлдсэн” гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй.

Мөн 23 дугаар хуудасны баримт дээр 2013.06.19-нд үйлдсэн болохыг нотлох огноо байхгүй байхад шүүх “2013.06.19-нд үйлдсэн” гэсэн хийсвэр дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал шүүхийн мэтгэлцээнд энэ баримтын /23х/ талаар огт тайлбар хэлдэггүй, зөвхөн хууль бусаар үйлдэж авсан 2 баримтаа л үндэслэл болгож байгаа нь нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус болохыг давхар нотолдог.

2012.08.19-ний өдөр талууд тооцоо нийлсэн болох нь “В” ХХК-ийн оноосон нэрээ өөрчилж бүртгүүлсэн бүртгэлийн лавлагаа /хх-2-94/, компанийн тэмдгээ хураалгасан огноо /хх- 3-72/, мөнгө шилжүүлсэн огноо болон мөнгөн дүн, нэхэмжлэгчийн гэрээний ар талд бичсэн хувийн гар тэмдэглэгээ/хх-17 талын ар тал/ зэргээр бүрэн тогтоогддог тул эдгээр баримтыг “Э” ХХК-ийн сүүлд гаргасан дэлгэрэнгүй тайлбар, хяналтын гомдолтой харьцуулан анхаарч судалж өгнө үү.

Иймд “В” ХХК /52-07-886/ нь 2012.08.19-ний өдрийн байдлаар “О” ХХК-д 2625814 юанийн өр төлбөр төлөх ёстой байсан бөгөөд үүнээс хойш шилжүүлсэн мөнгөн дүнг нь хасаад тооцвол энэхүү маргааныг шийдвэрлэхэд маш хялбар болох байсан боловч 2 шатны шүүх маргааныг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх талаар анхаарал хандуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, зохиомол баримтуудыг нь үнэлж шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр болсон.

3. 05 тоот гэрээг дүгнэж захиалагч нийлүүлэгч нар 2012.08.19-ний өдөр эцсийн тооцоог нийлж 23 дугаар хуудасны баримтыг үйлдсэн болох нь дараах байдлаар давхар тогтоогддог. 2012.08.01-ний өдрийн 05 тоот гэрээ, түүний нэмэлт гэрээгээр нийт 4.547.234 юань; барааг нийлүүлэхээр харилцан тохирч талууд гэрээ байгуулсан 900 000 юанийг 2012.08.01-ний өдөр шилжүүлсэн, /хх-211/ 800 991 юанийг 2012.08.19-ний өдөр шилжүүлсэн, /хх-209/ нийт 4 547 234 юаниас үүнийг хасвал 2 846 243 юанийн төлбөр тооцоо үлдсэн.

Ингээд талууд тооцоо нийлж үлдэгдэл төлбөр: 2 670 258 юань болсныг харилцан тохиролцсон байдаг. Энэ нь хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан баримт. 2 670 258   юанийн урьдчилгаа буюу 44 444 юанийг хасахад “В” ХХК нь 2018.08.19-ний өдрийн байдлаар “О” ХХК-д 2 625 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан.

Гэтэл нийт төлбөрийн үлдэгдлийн талаар бичилт хийхдээ 2 625 814 юанийг нэг орныг нь сольж 2 652 814 юань гэж буруу бичсэн байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн атлаа уг баримтыг үйлдсэн огноог нотлох баримттай харьцуулан үзэж дүгнэж чадаагүйгээс магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

4. Мөн 05 тоот гэрээний төлбөрт 2012.08.19-ний өдрийн байдлаар 2 625 814 юанийн үлдэгдэл төлбөр байсныг нэхэмжлэгч тал өөрийн гаргаж өгсөн баримтаараа давхар нотолсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар “хэргийн нотлох баримтад бичмэл баримт” хамаардаг ба хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан маргаан бүхий гэрээний хавсралтын арын хуудсанд нэхэмжлэгч тал мөнгөний үлдэгдэл тооцооны талаарх гар тэмдэглэгээ нь хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт боловч, энэ талаар шүүх огт дурдаагүй, үнэлээгүй.

Уг баримтад Зохигчийн хооронд байгуулагдсан 1-4 тоот гэрээний үнийн дүн дээр 05 тоот гэрээний үнийн дүнг нэмж нийт 8 600 749 юань гэж тэмдэглэсэн, уг дүнгээс шилжүүлсэн мөнгийг хасаад тооцоод явсан байдаг ба тэмдэглэлийн эцэст нь үлдэгдэл 12 695 008 юань 2012он/ гэж тэмдэглэсэн нь 23 дугаар талд авагдсан Гэрээний төлбөрийн үлдэгдэл: 2 695 308 юань гэсэнтэй нийцдэг.

Иймд 05 тоот гэрээнээс өмнө байгуулагдсан 01-04 тоот гэрээний 4 053 515 юанийн харилцаа нэгэнт дуусгавар болсон, “В” ХХК төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Анх нэхэмжлэл гаргахдаа “О” ХХК 1-4 тоот гэрээний үлдэгдлийг огт нэхэмжлээгүй, зөвхөн 05 тоот гэрээний үүргийг нэхэмжилсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл байсан мэтээр баримтгүй, үндэслэлгүй тайлбарыг гаргасан нь зөвхөн өөрийн хууль бусаар олж авсан баримтдаа тохируулж хийсэн тайлбар байсан, уг тайлбар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтгүй тайлбарыг үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж 05 тоот гэрээний төлбөрт шилжүүлсэн 1 000 000 юанийн төлбөрийн баримтаас 806 571 юаньд холбогдох хэсгийг үгүйсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

01-04 тоот гэрээний харилцаа нь 05 тоот гэрээг байгуулахад хэдийнээ дуусгавар болсон, хариуцагч нь уг гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн гүйцэтгэсэн тул шаардах эрх үүсэхгүй байсан. Мөн шүүх хуралдааны явцад зөвхөн 05 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тодорхой хэлсэн, 01-04-тоот гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөртэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “2012.08.21-ний өдөр шилжүүлсэн 1 сая юанийг зөвхөн 05/2012 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой.

Хэрэв өмнөх 01-04 тоот гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 806 571 юань үнэхээр байсан бол 05 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шилжүүлсэн төлбөрөөс буюу 2012.07.28-ны өдрийн 44 444 юань, 2012.08.01-ний өдөр 900 000 юань, 2012.08.19-ний өдөр 800 991 юаниас нэхэмжлэгч тэргүүн ээлжид дуусгах нь тодорхой байсан. Гэтэл 2012.08.21-ний өдрийн 1 сая юаниас гэнэт хасаж тооцсон гэж байгаа нь хэт үнэмшилгүй байхад шүүх үнэлсэн нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч 05 тоот гэрээний дагуу шаардаж байгаа тохиолдолд энэхүү гэрээтэй холбоотой шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргах ёстой байсан.

5. Шүүх, 05 тоот гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт мөнгөн төлбөрийг нотлох баримтад үндэслэн бодитоор дүгнэж чадаагүй. Шүүх 05 тоот гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг дүгнэхдээ “Хариуцагч “В” ХХК нь нийт 3.172.194 юанийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэж өмнө хүчингүй болсон шийдвэрийн дүгнэх хэсгийг тэр чигт нь хуулж бичсэн.

Гэтэл бодит байдал дээр 05 тоот гэрээний нийт үнэ 4 547 234 юанийн үүрэг хариуцагчийн зүгээс нийт 8 удаагийн төлбөрөөр 4 692 035 юань шилжүүлсэн. 2012.08.19-ний өдөр 2 625 814 юанийн үлдэгдэл төлбөртэй /хх-23/ гэж тооцоо нийлснээс хойш хариуцагчийн зүгээс 2 946 600 юанийг “О” ХХК-д шилжүүлсэн байдаг. /хариу тайлбарт дэлгэрэнгүй тооцоог хавсаргасан ххЗ-56-60/

Харин ч 320 786 юанийг “О” ХХК-д илүү шилжүүлсэн байхад 05 тоот гэрээний үүрэгт 2012.08.21-ний өдөр шилжүүлсэн 1 000 000 юаниас 806 571 юанийг ямар ч нотолгоо баримтгүйгээр хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. 1 000 000 юанийг шилжүүлсэн Төлбөрийн даалгаварт “05/2012 тоот гэрээний төлбөрт” гэж тодорхой заасан /хх-212-213/, 1 сая юанийн баримтын орчуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан /3-68/ шүүхэд өгсөн байхад шүүх эдгээр баримтыг үнэлэхгүй байгаа нь хачирхалтай байгаа.

Нөгөө талаас Хавтаст хэргийн 213 дугаар талд авагдсан “1-05/2012 тоот гэрээний төлбөрийн дутууд” гэж бичсэн баримт нь “В” ХХК-ийн санхүүгийн баримт бөгөөд уг нь энэхүү баримтаар 05 тоот гэрээний төлбөрт 2012.08.21-ний өдөр 1.000.000 юанийг “О” ХХК-д төлсөн болохоо нотлох зорилгоор Худалдаа хөгжлийн банкны эх баримттай нь хамт хариуцагчийн зүгээс 2016.02.18-ны өдөр шүүхэд гаргасан байдаг.

Гэтэл уг баримтыг шүүх эсрэгээр нь нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж өөрсдөдөө үйлдсэн дотоод баримтыг шилжүүлгийн эх баримтаас илүүд үзэж үнэлснийг үнэхээр ойлгохгүй байна. Шилжүүлсэн мөнгөө нотлох зорилгоор баримт гаргасныг эсрэг талд нь илт ашигтайгаар үнэлж байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл болно.

Энэ баримтыг хариуцагчаас гаргасны дараа нэхэмжлэгч тал нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зөрүүтэй зүйлийг шүүх хуралдаанд ярьж “өмнөх 01-04 тоот гэрээний үлдэгдэлд 806.571 юань байсан” гэж сүүлд үйлдсэн “тооцооны залруулга”, “гэрээ дүгнэсэн баримт”-даа тохируулан илт худал зүйл ярьсныг шүүх ялгаж салгаж чадаагүй. Хавтаст хэргийн материалтай танилцвал энэ бүгд тодорхой харагддаг.

Мөн 154 000 000 төгрөгийн /718 317юан/ баримтыг “...нийт 154 сая төгрөгийн НӨАТ падаан олгосон “О” ХХК-ийн зарлагын баримт, падааныг “В” ХХК-иас мөнгө төлсөн баримт гэж үзэхгүй” гэж дүгнэн үнэлээгүй орхисонд гомдолтой. “Э” ХХК-ийн зүгээс баримтаар нотолсоор байхад үнэлээгүй атлаа хариуцагчийн зөвхөн тайлбарыг үнэлж шийдвэр гаргасан нь шударга бус хэт нэг талыг барьсан.

6. “тооцооны залруулга”, “гэрээ дүгнэсэн баримт” гэх баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй болох талаар тодорхой үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд, мөн гэрчийн мэдүүлгээр няцааж мэтгэлцсэн байхад эдгээр баримтын талаар огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй, яагаад худалдах худалдан авах гэрээний дагуу “Э” ХХК төлбөр төлөх ёстой болсон талаарх үндэслэлийг шийдвэрт дүгнээгүй, өмнөх хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дийлэнх хэсгийг хуулбарлаж гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн “тооцооны залруулга”, “гэрээ дүгнэсэн баримт” зэргийг анхаарч дүгнэснээс хариуцагчийн татгалзалтай холбоотой гомдолд дурдсан нотлох баримтад хангалттай үнэлэлт дүгнэлт хийж чадаагүйгээс магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн анхнаасаа маргаж буй гэрээний харилцаанд оролцоогүй хуулийн этгээдүүд болох “О” ХХК болон “В” ХХК-ийн /5272793/ хооронд тооцоо нийлсэн гэх актыг үндэслэн Иргэний хуулийн 243.1-т заасныг баримтлан “Э” ХХК-иас /752-07-886/ төлбөр гаргуулж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. ““О”" ХХК болон "“В”" ХХК-ийн хооронд хийгдсэн гэх "Гэрээ дүгнэсэн баримт"-ыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийн 22 дугаар талд авагдсан "Гэрээ дүгнэсэн баримт" гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй, "“В”" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж гарын үсэг зуран тамга дарсан байдаг.

Уг баримтыг И.Очирбат нь үйлдэхдээ захирал Т.Халиуныг үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байгаа байдлыг нь ашиглан Хятадын компанид авлагатай байгаа гэдгийг л үзүүлэх гэж байгаа юм. Гарын үсэг зураад “В” ХХК-ийн тамга дарж өгөөч" гэж гарын үсэг зуруулж авсан байдаг. “В” ХХК-ийн /52-07-886/ "“О”” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг тус гэрээний харилцаанд оролцоогүй хуулийн этгээд ““В”" ХХК /5272793/ дүгнэж байгаа нь, мөн тус компаниудыг төлөөлөх эрхгүй Б.Баттогтох гарын үсэг зурж тамга дарсан зэрэг нь Очирбатын гуйлтаар хэлбэрийн төдий баримт үйлдсэн болох нь нотлогдсон. Хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.

Иймд “Гэрээ дүгнэсэн баримт” нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжид хамаарч байгаа тул маргааныг шийдвэрлэхэд уг баримт нь ямар нэгэн ач холбогдолгүй, зөвхөн энэ баримт байгаа гэдэг үндэслэлээр “О” ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй байсан. Иргэний хуулийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй.

2. “В” ХХК, “О” ХХК-ийн хооронд хийгдсэн 05 тоот гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 320 786 юань төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. 2012.08.19-ний өдөр 2 625 814 юанийн /хх-23/ үлдэгдлийн талаар тооцоо нийлснээс хойш хариуцагчийн зүгээс “О” ХХК-д 2 946 600 юанийг шилжүүлсэн байдаг. /2 946 600- 2 625 814=320 786/ 320 786 юанийг илүү шилжүүлснээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг. 320 786 юанийг “О” ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

3. 05 тоот гэрээний үнийн дүнгийн тооцооны жагсаалтыг алдаж дүгнэсэн зөрүү 94 000 юань /211 01/ буюу 19 834 940 төгрөг гаргуулах тухайд “О” ХХК нь анх гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүн бодит байдалд /2 дугаар хавсралтын барааны нийлбэр нь 1 058 600 юань байхад 1 152 600 юань гэж үнийг 94 000 юаниар илүү тооцсон. /хх-202-203 тал/ Гэтэл шүүх “94 000 юаниар нэмэгдүүлэн буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болохгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Гэрээний 2 дугаар хавсралтыг нэмээд үзэхэд энэ нь хангалттай нотлогддог.

4. 05/2012 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой тоног төхөөрөмжөөс нийт 344 900 юанийн бараа дутуу нийлүүлснийг сөрөг шаардлага гаргаж нэхэмжилсэн, үүнийг “О” ХХК хүлээн зөвшөөрсөн байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа үндсэн нэхэмжлэлээс 344 900 юанийн үнийн дүнг хасч тооцсон нь ойлгомжгүй болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

5. 05/2012 тоот гэрээний сел релений зах зээлийн ханшаас илүү тооцон авсан зөрүү болох 64 203 ам.доллар буюу 86 308 092 төгрөг гаргуулах тухайд “О” ХХК нь Гэрээгээр нийлүүлэх үүрэг хүлээсэн сел релений заримыг нийлүүлээгүй ба сүүлд заримыг нөхөж нийлүүлсэн байдаг. Ингэхдээ өөр компаниас худалдан авч 1 сел релейг илүү үнээр тооцож нийлүүлсэн. Зөрүү үнийг авахаар тохиролцсон боловч одоог хүртэл энэ зөрүүг тооцож өгөөгүй. Зөвхөн энэ зөрүү болох 64.203 ам.долларыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцоогүй. /хх-2-76-78/

Релейний үнийн зөрүүнд 86 308 092 төгрөгийг илүү авч хохироосон, энэхүү нэхэмжлэлийг баримтаар няцаагаагүй байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

6. 05/2012 тоот "“О”" ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт дутуу хийгдсэн сел релейний угсралт тохируулгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 6 000 000 төгрөг гаргуулах тухайд “О” ХХК нь гэрээний 2.4, 5.4-т заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн. Тухайн ажлыг гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг Иргэний хуулийн 219.1, 219.2, 227.5-д заасны дагуу хохирол тооцон гаргуулах үндэслэлтэй. /хх-2-91-92/ байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож “Э” ХХК, “В” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хууль бус шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 259.578.603 төгрөгт холбогдох 1 455 843 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн 304 650 547 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан 1 681 202 төгрөг, нийт 3 137 045 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөв гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон тооцооны алдааг засч, зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул  магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчдын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь” “Э”” ХХК, “В” ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 558 722 108 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримтыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчээс 254 348 862 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр захиалагч “В” ХХК-ийн өгсөн зураг төслийн дагуу Дархан төмөрлөгийн үйлдвэрт гэрээний хавсралтад заасан барааг нийлүүлэгч “О” ХХК нийлүүлэх, захиалагч нь нийлүүлсэн барааг хүлээн авч гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг тус тус хүлээсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх талуудын хооронд  бараа бэлтгэн нийлүүлэх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчид 2013  оны 06 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэрээ дүгнэсэн баримт үйлдэж, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тооцооны залруулга хийж, захиалагч “В” ХХК нь 1 453 948 юанийг бэлтгэн нийлүүлэгч “О” ХХК-д үл маргах журмаар төлөхөөр тохирч, гэрээг эцэслэн дүгнэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нотлох баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8., 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний алдангийг зохицуулсан заалт хуульд нийцээгүй гэж үзэн алдангийг хасч, талууд тооцоо нийлсэн акт үйлдэхдээ /625-ыг 652 гэж тоог зөрүүлж бичсэн/ тооцооны алдаа гаргасныг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч нь хэргийн 1 дүгээр хавтасны 23 дугаар талд авагдсан Тооцоо нийлсэн баримтыг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэж маргах боловч тус баримтыг 2013 оны 06 дугаар сарын 19-нд үйлдсэн талаар хэргийн 22 дугаар талд авагдсан Гэрээ дүгнэсэн баримтад тодорхой бичсэн байна.

Мөн хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн баримт, Гэрээ дүгнэсэн баримт, Тооцооны залруулга зэргийг талууд 2014 онд үйлдсэнээс хойш хариуцагч нь 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тус баримтуудад хийгдсэн тооцоо, баримтад гарын үсэг зурсан этгээдийн эрх зүйн байдал, баримт үйлдэгдсэн хугацааны талаар маргаж байгаагүй зэргээс үзэхэд тухайн баримтуудыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй.

Хариуцагч “В” ХХК, “Э” ХХК-иуд нь компанийн нэрийг сольж, тамга тэмдгээ өөрчилсөн нь талуудын харилцан тохиролцсон баримтын агуулгад өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлага нь үндсэн нэхэмжлэлд харилцан тооцогдох, хариу тайлбартай холбоотой үндэслэлээр шүүх үндсэн нэхэмжлэлд хамаарах шаардлагыг нэгтгэн дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаарх хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827 946 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 137 045 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД