Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00120

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00120

 

 

Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Пүрэвдоржид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Пүрэвдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 28-нд Б.Пүрэвдоржтой зээлийн гэрээ байгуулан, 3 сарын хугацаатай 31 500 000 төгрөгийг ээлдүүлсэн ба гэрээний 5-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар хэмээн тохирсон. Хэдийгээр гэрээнд барьцаагүй хэмээн бичсэн ч Б.Пүрэвдорж нь зээлийн барьцаа болгож, өөрийн захиалан бариулсан орон сууцны 11 тоотод амьдрахыг санал болгосны дагуу гэр бүлийн хамт 2015 оны эхээр нүүж очсон.

Гэтэл уг орон сууцанд нь хэвийн амьдрах боломжгүй байсан тул удалгүй тэндээс нүүж, өөр газар амьдрах болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б.Пүрэвдоржоос шаардахад тэрээр удахгүй өгнө хэмээн удаа дараа хэлсэн ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 31 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөгийг нийт 47 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй тул 14 500 000 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй, өнгө үзэмжийг хэрхэн алдагдуулсан нь нотлогдохгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Дорждэрэмээс мөнгө зээлж аваагүй. Харин миний зарах гэж байсан 11 тоот 38 м.кв орон сууцыг 63 080 000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод, 63 080 000 төгрөгийн 50 хувь буюу 31 500 000 төгрөгийг Хаан банкнаас бэлнээр авч өгөх, үлдэгдэл 31 500 000 төгрөгийг 3 сарын дараа төлөхөөр тохиролцсон юм.

Мөн дараа төлөх 31 500 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ байгуулах саналыг Б.Дорждэрэм надад тавьсныг би зөвшөөрсөн бөгөөд бид нотариат дээр очиж гэрээг батлуулсан. 2015 оны 1 сарын эхээр түүний эцэг эхийг орон сууцад оруулсан. Үүнээс хойш мөнгөө өгөөгүй өдий хүрсэн. Иймд энэ гэрээгээр хэн нь ч хэндээ мөнгө зээлдүүлж, мөнгө өгөлцөж авалцаагүй учир хуурамч хэлцэл юм. Гэтэл Б.Дорждэрэм энэ гэрээг ашиглаж надад өгнө гэчихээд өгөөгүй мөнгөө зээлдүүлсэн болгож мушгиж, надаас хууль бусаар мөнгө нэхэмжилсэн байна Б.Дорждэрэм мөнгөө өгөхгүй байсан тул би 2017 оны 5 дугаар сард манай байранд байсан түүний аав, ээж, дүү нарыг гар гэж шаардаж байж байраа чөлөөлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв би орон сууцаа зарсан бол 63 000 000 төгрөгийг бизнестээ оруулах, бусдад түрээслэсэн бол 29 сар түрээсийн мөнгө багаар бодоход 14 500 000 төгрөгийн орлого олох байлаа. Иймд түүнээс миний байрыг 29 сарын турш хуучруулж, өнгө үзэмжийг алдагдуулж, үнэ төлбөргүй ашиглаж надад хохирол учруулсан тул 14 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Пүрэвдоржоос 47 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Дорждэрэмийн үндсэн нэхэмжлэл, Б.Дорждэрэмээс 14 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Пүрэвдоржийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг нь хүлээн авсан учраас өөрийн худалдан борлуулж буй орон сууцанд Б.Дорждэрэмийн эцэг, эхийг дүүгийнх нь хамт оруулсан.

Мөнгө зээлдүүлсэн хэмээн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаад зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан хэмээн хариуцагч Б.Пүрэвдорж тайлбарладаг ч мөнгө хүлээн авсан гэдэг дээр гарын үсэг яагаад зурсан болохоо тайлбарлаж чаддаггүй ба мөнгө аваагүй юм бол түүнээс 10 хоногийн дараа байрандаа яагаад бусдыг оруулав.

Хариуцагчийн эхнэр гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Б.Дорждэрэмийн дүү болон ээжийнх нь эд зүйлийг хадгалж байгаа ба өгөх боломжтой" гэсэн. Хэрэв бусдаас төлбөр огт аваагүй юм бол бусдын хууль бус эзэмшлээс эд зүйлээ чөлөөлүүлэхээр шүүхэд хандах боломж Б.Пүрэвдоржид байсан ба ийнхүү огт хандаж байгаагүй.

Тэгэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ Б.Дорждэрэм биелүүлсэн тул Б.Пүрэвдорж нь мөнгө хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба өөр бусад байдлаар ямар нэг шаардлага гаргахгүйгээр орон сууцандаа 29 cap амьдруулсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох байсан орлогод 14 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ баримтаар хэрэгт авагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч талд Б.Дорждэрэм, зээлдэгч талд Б.Пүрэвдорж нь гарын үсэг зурсан байх боловч уг гэрээний арын хуудсанд хариуцагч Б.Пүрэвдорж нь 31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэж бичиж гарын үсэг зурсан байна. /хх 4 дэх тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 31 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин уг мөнгөн хөрөнгийн хүлээж авсан зориулалтын хувьд маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 31 500 000 төгрөг авсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. Хариуцагч нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг нотлуулахаар эхнэр Л.Батмөнхийг хуульд заасан журмын дагуу гэрчээр асуулгасан боловч гэрч нь хариуцагчийн гэр бүлийн гишүүн байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх гэрч Б.Оюун, Б.Алтансүх нарын мэдүүлгийг харьцуулан үнэлэхдээ буруу үнэлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. Гэрч Б.Алтансүх нь нэхэмжлэгч Б.Дорждэрэмийн төрсөн дүү байхаас гадна түүний мөнгө авч яваад зээлдүүлсэн гэх агуулгатай мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний тохиролцоо хийгдсэнийг шууд нотлох баримт биш байна. Талуудын бичгийн гэрээг гэрчилсэн нотариатч Б.Оюуны мэдүүлгээс үзвэл түүний дэргэд талууд мөнгөн хөрөнгө хүлээлцээгүй байна. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгүүд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүүгүй ашиглуулсан, нөгөө талаас хариуцагч Б.Пүрэвдорж нь нэхэмжлэгчид өөрийн эзэмшлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа болон мөн хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2 дахь хэсэгт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан хуулийн зохицуулалтууд хамаарна. Талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж төлөөгүй, харин нэхэмжлэгч нь орон сууцад өөрөө болон өөр бусад этгээдийг үргэлжлүүлэн амьдруулсаар байсныг хариуцагч татгалзаагүй нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

 

Уг тохиолдолд хариуцагч Б.Пүрэвдорж нь нэхэмжлэгч Б.Дорждэрэмийг орон сууцнаас гартал зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж өгөлгүй саатуулсныг зээл төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн, алданги тооцох үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний алдангид 15 750 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03465 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Пүрэвдоржоос 31 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Дорждэрэмийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Дорждэрэмээс 14 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Пүрэвдоржийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.Пүрэвдоржоос 315 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА