Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0283

 

2018 оны 5 сарын 16 өдөр             

Дугаар 221/МА2018/0283

Улаанбаатар хот

Ш.Е нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ш.Е, нэхэмжлэгч Н.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н, А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд М.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд Х.С, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Е, Н.М, Д.А нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Е нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч Д.А нь тус хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгох, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Е-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд түр томилох тухай 30 дугаар тушаалыг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаартай тушаалын Ш.Е-ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Е-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Ш.Е-ыг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг мөн газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд түр томилох тухай 29 дугаартай тушаалыг,2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаартай тушаалын Н.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.М-г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Н.М-г томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг мөн газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаартай тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, нотлох баримтууд дутуу, буруу үнэлсэн.

Шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хуульд заасан эрхүүдийг зөрчиж, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг дур мэдэн хийж хүмүүсийг томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй тул хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.С давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр бид нарыг түр томилсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгон уг орон тоонд Ш.Е, Н.М, Д.А нарыг Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн хуульд нийцэхгүй шийдвэр гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой байсан боловч хуулийн дагуу шударга шийдвэр гаргаагүй, миний эрх ашиг сонирхлыг илт зөрчсөн буруу шийдвэр гаргасанд маш их гомдолтой бөгөөд Захиргааны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Би ч гэсэн Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу төрийн албанд орох, ажиллах, цалин хөлс авах, хөдөлмөрөөр хангуулах эрхтэй. Мөн Төрийн албанд мэргэжлийн дагуу төрийн албанд анх түр туршилтын хугацаатай томилох талаар заасан гэж ойлгож байна. Энэ талаар хуульд хориглоогүй байна.

Би Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа. Би залуу боловсон хүчин, сурах юм их байгаа боловч мэргэжлийн дагуу надад таарсан тохирсон албан тушаал. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Би хэн нэгийн ажлыг хууль бус замаар булааж аваагүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэрэгжүүлэгч агентлаг, газрын бүтцийг шинэчлэн тогтоосон №9 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй болж шинээр байгуулан тогтоосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалаар аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц нь захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн гэх шинээр батлагдсан орон тоотой шинэ бүтэцтэй болсон юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь миний ажил албан тушаалд булаалцах ямар ч үндэслэл байхгүй. Н.М Улаанхус сумын хариуцсан мэргэжилтэн байжээ. Н.М нь нягтлан бодогч мэргэжилтэй юм байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжлийн дагуу хүн биш юмаа. Ш.Е, Н.М, Д.А нарын ажлын орон тоог би аваагүй. Шинээр батлагдсан шинэ орон тоонд орсон. 2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Г-ийн тушаалаар Н.Мг үүрэгт ажлаас нь татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн байна. Шинээр батлагдсан шинэ ажлын орон тоонд мэргэжлийн дагуу орсон болно. Түүнээс биш хэн нэгэн иргэний ажиллаж байсан хууль ёсны ажлын байрыг хууль бус замаар аваагүй.

Аль аль нь чөлөөлөгдсөн мөртлөө тухайн үед хуулийн дагуу ажлаас гаргасан субъектэд болон шүүхэд гомдол гаргаагүй байна. Шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа нь өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь ч хууль зөрчих юм. Ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд энэ нөхцөл байдлыг Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 4-т болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-т заасан байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1-т заасны дагуу нэхэмжлэгч нар нь зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна. Нөхцөл байдал ийм байхад Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр намайг Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр түр томилсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй ба хуулийн дагуу гарсан тушаал юм. Уг тушаалыг хүчингүй болгон уг орон тоонд Ш.Е, Н.М, Д.А нарыг Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-ыг буруу тушаал гаргасан гэх үндэслэлээр хамгийн түрүүнд Монголын Төрийн албаны зөвлөлд хандсан ба төрийн албаны зөвлөл нь харьяаллын дагуу Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн байсан. Уг маргаан хянан шийдвэрлэх байгууллагад ирүүлсэн иргэдийн гомдлыг маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэг 2017.02.03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан. Үүнд: Гомдол гаргасан иргэдийн гомдлыг судлаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйл, Улсын Их хурлын 2008 оны 14 дүгээр тогтоолоор баталсан, төрийн байгууллага болон төрийн албан хаагч уг албанд нэр дэвшигчийн хоорондох төрийн албатай холбогдон гарсан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тайлбар үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлт хавтаст хэрэгт байгаа боловч шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга бус шийдвэр юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүх нөхцөл байдал хуулийн дагуу байхад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хууль бус, Ш.Е, Н.М, Д.А нарын төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн нь миний хуульд заасан эдлэх ёстой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Мөн шүүхийн шийдвэр нь нотлох баримтын үндэслэлтэй бөгөөд хуулийн дагуу байх ёстой. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгон миний ажиллаж байгаа орон тоо болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр батлагдсан ажлын орон тоонд Н.М-ийн Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь учир дутагдалтай хууль бус, хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан байсан. Би анх ажилд орохоос одоо хүртэл сэтгэл санааны дарамтад байна. Мөн энэ маргаанаас болж би сэтгэл санааны асар их дарамтад орж хүүхдээ хугацаанаас нь 2 сарын өмнө дутуу төрүүлсэн. Миний ч хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Би уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримтгүй шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №326 тогтоол гарсан байна. Нэхэмжлэгч гомдол гаргагч нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Миний гаргасан тайлбар, гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Учир нь шүүх хуулийн дагуу хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зөв шийдвэр гаргажээ. Нэгэнт хуулийн хүрээнд манай дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шинээр батлагдсан орон тоонд намайг ажилд авсан нь хуулийн дагуу гаргасан тушаал бөгөөд үүнд хэн нэгэн миний ажлын байр мэтээр гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй талаар тодорхой дурдсан байна. Иймд хуулийн дагуу шударга шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний хөндөгдөж буй хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд М.Б давж заалдах гомдолдоо: Тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэт нэг талыг барьсан, мөн Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтын хувьд:

Миний бие Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа дараах ажил үүргийг гүйцэтгэж байсан. Үүнд:

Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, сум, хорооны хөдөлмөрийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн зорилтыг хэрэгжүүлдэг.

Үндсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд судалгаа мэдээлэл гаргах, ажлын байр бий болгох арга хэмжээ зохион байгуулах, ажлын байрны судалгаа хийх, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, ажилгүй иргэдийн судалгаа гаргах, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан нь одоогийн сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мөн дурдагдсан байгаа. Өөрөөр хэлбэл миний хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг одоогийн ажлын байрны тодорхойлолтод мөн байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “... албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж үзэж байна. Үүгээр би энэ тушаалд ажиллах нь хууль зөрчөөгүй гэдгийг харуулж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд: миний ажлын байрны тодорхойлолтын дагуу миний хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг нь шинэ ажлын байрны тодорхойлолтод мөн заагдсан, өөрөөр хэлбэл хийж гүйцэтгэх ажил үүргийн 70 орчим хувь нь хэвээр байхад намайг өөр ажил эрхэлж байсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зохих ёсны дагуу үнэлээгүй. Түүнчлэн Халамж үйлчилгээний хэлтэс болон хөдөлмөрийн хэлтэс нэгдсэн буюу хоёр хуулийн этгээд нэгдсэн байтал шүүх үндэслэх хэсэгтээ нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтний ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний ажил үүрэгтэй нэгтгэсэн мэтээр ойлгож дүгнэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг буруу дүгнэж үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн хэд хэдэн хэсэгт гуравдагч этгээд М.Б нь өөр ажил эрхэлж байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж ажилд томилсон гэж дүгнэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч нарын ажиллаж байсан сумдад мөн нийгмийн халамжийн мэргэжилтэн байснаас бус хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн огт байгаагүй гэдгийг шүүх хурал дээр болон шийдвэрийн 22 дугаар тал дээр мөн дурдагдсан байна. Хэрэв намайг мэргэжлийн биш өөрөөр хэлбэл өөр ажил эрхэлж байсан гэвэл бусад нэхэмжлэгчид мөн адил өөр ажил эрхэлж байсан. Хэрэв шүүхийн шийдвэрээр маргаж буй нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ дагуу албан тушаалд томилогдвол хөдөлмөр эрхлэлтийн асуудлын талаар мэдэхгүй, өмнө нь хийж гүйцэтгэж байгаагүй ажилд томилогдох болж байна гэж үзэхээр байна. Түүнчлэн миний бие төрийн албанд төрийн албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөснөөс хойш тасралтгүй 8 жил ажиллаж байна. Гэтэл ажилласан жил хүрэхгүй байсан мэтээр шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байсан нь шүүх өөрийн үзэмжээр хэт нэг талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Гуравдагч этгээд М.Б намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд Б.А-ыг томилсон асуудлаар маргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь тухайн үед намайг тус газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийг үндэслэн шилжүүлэн томилох намайг ажлын байраар хангасан учир хууль ёсны эрх ашиг маань хөндөгдөөгүй тул маргах боломжгүй юм.

Тухайн үед М.Б миний бие бага насны 2 хүүхэдтэй, нөхөр маань нас барсан, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан тухайн үед миний бага хүүхэд 3 нас хүрээгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “... Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ...” гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийг санхүүгийн болон бусад ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хатуу хориглосон байдаг. Үүний дагуу миний бие хөдөлмөрийн хуульд заасан баталгааг эдлэх ёстой. Шүүх хуулийн энэхүү заалтыг харгалзаж үзээгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр, Н.М нь Улаанхус сум хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтнээр, Д.А нь Баяннуур сум нийгмийн халамжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нар байна.

Өмнө нь тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний 21, Хөдөлмөрийн хэлтэст сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний 7 орон тоо байсан байна. Шинэ бүтцээр сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 19 байхаар баталжээ. Нэхэмжлэгч Ш.Е-ын хувьд өмнө нь Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 3 орон тооны нэгэнд ажиллаж байсан бөгөөд шинэ бүтцээр тус сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 6 болж нэмэгдсэн нэхэмжлэгч Ш.Еыг томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нэгтгэх) ... боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар заасантай нийцээгүй хууль бус байна.

Нэхэмжлэгч Д.А, Н.М нарын тухайд: Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан нэг орон тоонд өмнө нь тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 2 орон тоонд ажиллаж байсан Н.Н, Д.А нараас Н.Нурдыханыг, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр байсан Б.К, М.Е, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн Н.М нараас Б.К-ийг томилсон. Шинэ бүтцээр Баяннуур сумын орон тоо өмнөхөөсөө нэгээр, Улаанхус сумын орон тоо хоёроор цөөрсөн боловч Өлгий суманд 3 орон тоо шинээр нэмэгдсэн бөгөөд тус нэмэгдсэн орон тоонд нэхэмжлэгч Д.А, Н.М нарыг томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

Учир нь хариуцагчаас сум дахь ижил чиг үүрэг бүхий орон тоо хасагдсан тохиолдолд Өлгий суманд нэмэгдсэн ижил чиг үүрэг бүхий орон тоонд шилжүүлэн томилох замаар үргэлжлүүлэн ажиллуулах нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцэх ажээ.

Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын орон тоо цөөрсөн байгаа тул уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар байсан талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Гуравдагч этгээд М.Б нь тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хариуцсан мэргэжилтний” хоёр орон тооны нэгд нь ажиллаж байсан бөгөөд шинэ бүтцээр тус хоёр орон тоог нэг болгож цөөрсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хариуцсан мэргэжилтний” ажлыг эрхэлж байсан хүмүүсийн хүрээнд сонгон шалгаруулалт хийх, түүнд нь оролцох эрхтэй байжээ. Харин гуравдагч этгээд М.Б-ийн эрхэлж байсан уг албан тушаал нь нэхэмжлэгч Д.А, Н.М нарын чиг үүрэгтэй ижил биш байна.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, гуравдагч этгээд Х.С, М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ