Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01442

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01442

 

 

С.Цэндсүрэн ,Л.Мөнхтулга нэхэмжлэлтэй
С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Ганхөлөгт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 233 149 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Цэндсүрэнгийн өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагч: Х.Ганхөлөг

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Галсанпунцаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч С.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга бид 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 01 дугаартай бараа худалдах, худалдан авах гэрээг иргэн Х.Ганхөлөгтэй байгуулсан юм. Уг гэрээгээр АНУ-ын Калифорни ийрт минериал компанийн бүтээгдэхүүн болох Террамин нэрийн хүний бие организмд нэн шаардлагатай эрдэс бодисуудыг бүрэн агуулсан, гэдэс дотор цэвэрлэх, хорт нэгдлүүдийг өөртөө шингээн гадагшлуулах, улмаар дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр эрүүл ахуйн шаардлагыг хангасан болох нь тогтоогдсон бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахтай холбогдох харилцааг зохицуулсан. Манай бараа бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учраас Эрүүл мэндий яамны зөвшөөрөл, импорт экспортын тусгай лиценз, тусгай зөвшөөрөл шаарддаггүй, зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораториор бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэн зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн. Бүтээгдэхүүн нь дотроосоо ууж арьсыг цэвэрлэдэг, гаднаасаа түрхдэг пудр гэсэн хоёр төрөлтэй байгаа ба энэ барааны уудаг төрөл нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохоос эм биш юм. Бид анхнаасаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар сайн тайлбарлан хэлж, тусгай зөвшөөрөл шаардахгүй, зөвхөн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг талаар тайлбарлан өгч байсан. Гааль дээрээс Х.Ганхөлөг өөрөө гаалийн татвараа төлж авсан байдаг. Бараа бүтээгдэхүүний хувьд Америк стандартаар 1лб гэдэг нь Монголоор 700 грамм орчим байдаг, нэг хайрцагтаа 12 ширхэг байдаг, үүнээс 225 ширхэг хайрцгийг өгсөн. 1 ширхэг бүрийн үнэ нь 42 000 төгрөгийн үнэтэй. Бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан 2лб-тэй 45 хайрцаг, 25 хайрцаг, 20 хайрцгийг тус тус өгч нийт 194 000 000 төгрөгийн барааг Х.Ганхөлөгт нийлүүлснээс 24 000 000 төгрөгийг нөгөө талдаа реклам зар сурталчилгаандаа зарцуул гэж тохиролцоод 170 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. Худалдан авагч нь гэрээний төлбөр болох 170 000 000 төгрөгийг гэрээний 1.4.1-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор графикт хугацаанд өгөх үүрэгтэй байсан бөгөөд нийт 14 567 000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл төлөх ёстой төлбөрөөс 155 433 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар дахин төлбөр төлөгдөөгүй байна. Түүнчлэн худалдан авагч нь гэрээний 1.4.1-д заасан үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 1.4.2-т заасны дагуу нийт 77 716 500 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Худалдан авагч талын дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул даруй үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 1.4.2-д худалдан авагч гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги худалдагч талд төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Х.Ганхөлөгөөс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 155 433 000 төгрөг, алданги 77 716 500 төгрөг, нийт 233 149 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ганхөлөг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчээс 170 000 000 төгрөгийн бараа авсан. Үүнээс төлсөн 14 567 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 155 433 000 төгрөгийн бараа үлдсэн. Уг бараагаа буцаан өгөх хүсэлтэй байна. Учир нь би нэхэмжлэгч талаас гуйгаагүй, өөрсдөө манай барааг зараад өгөөч гэж ирсэн. Миний буруу үйлдэл гэвэл гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл юм. Үнэхээр бараа нь зарагдаад байсан бол би мөнгийг нь цаг тухайд нь өгөх байсан. Гэтэл уг барааг зарж байхад иргэдээс өтгөн хатлаа, гэдэс эвгүйрхлээ гэх мэт гомдол ирдэг байсан учир би барааг зарахаа больсон. Тухайн үед иргэдээс ирж байгаа гомдлыг баримтжуулж аваагүй. Гэхдээ тухайн үед янз бүрийн асуудал үүсэх бий гэсэн үүднээс барааг нь заралгүй өдийг хүргэсэн. Одоо ч бараа бүтээгдэхүүн нь тоо ёсоороо бэлэн байгаа тул бараа бүтээгдэхүүнээ эргүүлээд авч болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ганхөлөгөөс 233 149 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганхөлөгөөс улсын тэмдэгтийн хураамжид 1 323 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Ганхөлөг давж заалдах гомдолдоо:

... Тухайн үед уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс гэдэс өвдсөн, дотор муухайрсан гэсэн гомдлуудыг удаа дараа гаргаж, манай салон бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаа зогсоосон. Хүмүүсийн гомдлын дагуу манай зүгээс худалдагч талд ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй бөгөөд энэ байдалдаа харамсаж байна. Хэрэв миний бие эрх зүйн анхны мэдэгдэхүүнтэй байсан бол хэрэглэгч нараас тухайн үед гомдлыг нь бичүүлэн, авсан бараа бүтээгдэхүүнээ эгүүлэн өгөх байсан. Миний энэ байдлыг далимдуулж зүгээр хэвлэсэн гэрээний төсөл дээр гараар бичсэн гэрээнд гарын үсэг зуруулж, надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид ТВ-5 телевизээр анх сурталчилгаа хийгээд 10 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж уг мөнгийг өгсөн. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан баримтуудаар тухайн бүтээгдэхүүн нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогддог. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ирүүлсэн албан бичигт ... Террамин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд импортын лиценз олгодоггүй гэж, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичигт ...уг бүтээгдэхүүн нь Монгол улсын эмийн болон биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй гэж тус тус дурдсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, лиценз олгогдоогүй, учир Монгол улсын хуулиар хориотой бүтээгдэхүүн юм. Ийм бүтээгдэхүүнийг манай салонд шахаж ашиг олох зорилгоор намайг хуурч мэхлэн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар нь хариуцагч Х.Ганхөлөгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 233 149 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 01 тоот бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр эмчилгээ, гоо сайхны 170 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар Х.Ганхөлөгт худалдахаар харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 4-6 тал/ Талууд 170 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, барааны үнэд 14 567 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар нь хариуцагч Х.Ганхөлөгөөс уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний зүйл АНУ-ын Калифорни ийрт минерал компанийн бүтээгдэхүүн болох террамин повдер, террамин террасилк маск зэрэг террамин нэрийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 218 тоот албан бичгээр хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах бүтээгдэхүүн болохыг тодорхойлсон байна. /1хх-ийн 11 тал/

 

Мөн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 09/126/315 тоот дүгнэлтээр ...лабораторийн сорилт шинжилгээний дүн болон дагалдаж ирүүлсэн баримтаас үзэхэд АНУ-ын Калифорни ийрт минерал компаниас импортлох, хүснэгтэд дурдсан бүтээгдэхүүн нь шинжлэгдсэн үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна гэж дүгнэжээ. /1хх-ийн 12-13 тал/

 

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09/127/1077 тоот дүгнэлтээр ...АНУ-ын Калифорни ийрт минерал компаниас импортлох хоёр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний дээж нь шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшин, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж байна, цаашид импортлох тохиолдолд экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээг дагалдуулах шаардлагатай, дээрх бүтээгдэхүүний хаяг шошгололтын мэдээлэл нь Монгол улсын хууль, стандартын шаардлагад нийцсэн байна гэж тодорхойлсон байна. /1хх-ийн 73-74 тал/

 

Хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0021324 тоот дээж, сорьц авсан тухай баримт, мөн өдрийн 0021324 тоот магадлан хийлгэх тухай шийдвэр тус тус авагджээ. /1хх-ийн 75-76 тал/

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эрүүл ахуйн нян судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр №1479-1482 дээжид колиформ илрээгүй, E.coli илрээгүй, Salmonella илрээгүй гэжээ. /1хх-ийн 203- тал/ Мөн дээрх лабораторийн эрүүл ахуйн нян судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр №500-501 дээжид E.coli илрээгүй, S.aureus илрээгүй, P.aeruginosa илрээгүй гэсэн дүгнэлт ирсэн байна. /1хх-ийн 204 тал /

 

Хэрэгт тухайн террамин нэрийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэх зааврыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1хх-ийн 213-214, 218-219, 222, 2хх-ийн 28, 30 тал/ Мөн шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Си ди-нд хураагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд тус тус хэрэгт авагджээ. /2хх-ийн 42-46 тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарыг уг үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Х.Ганхөлөг нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр болох 155 433 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Талууд гэрээндээ гэрээний зүйлийг нэг бүрчлэн заагаагүй, эмчилгээ гоо сайхны бүтээгдэхүүн гэж заасан байх боловч эмчилгээний бүтээгдэхүүн гэх баримт хэрэгт авагдаагүй, харин гоо сайхны зориулалтаар хэрэглэх бүтээгдэхүүн болох талаар баримт хэрэгт авагджээ. Гэрээний зүйл болох террамин нэрийн бүтээгдэхүүнийг зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний зориулалтаар хэрэглэх тохиолдолд бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийг худалдагч талаас худалдан авагч талд хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Дээрх нөхцөл байдал нь худалдан авагч буюу хариуцагч Х.Ганхөлөг уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, төлбөрөө хугацаанд нь төлөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Гэрээний 1.4.2-т худалдан авагч тал гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги худалдан авагчид төлнө гэж алдангийн талаар талууд тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж алдангийн хэмжээг хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн дээд хэмжээнээс 10 хувиар тооцож хариуцагч Х.Ганхөлөгөөс алдангид 7 771 650 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Х.Ганхөлөгөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 155 433 000 төгрөг, алданги 7 771 650 төгрөг, нийт 163 204 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ганхөлөгөөс 163 204 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 944 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч Х.Ганхөлөгөөс улсын тэмдэгтийн хураамжид 1 323 700 төгрөг гэснийг ...хариуцагч Х.Ганхөлөгөөс улсын тэмдэгтийн хураамжид 973 973 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ганхөлөгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Н.БАТЗОРИГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО