Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  оршин суух С овогт С-гийн Ц /РД: /,

Нэхэмжлэгч:  оршин суух О овогт Л-ийн Ма /РД: / нарын төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Х-ын Г /РД: /-т холбогдох,

            худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 233.149.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга бид 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №01 дугаартай бараа худалдах, худалдан авах гэрээг иргэн Х.Гтэй байгуулсан юм. Уг гэрээгээр АНУ-ын “Калифорни ийрт минериал” компанийн бүтээгдэхүүн болох “Террамин” нэрийн хүний бие организмд нэн шаардлагатай эрдэс бодисуудыг бүрэн агуулсан, гэдэс дотор цэвэрлэх, хорт нэгдлүүдийг өөртөө шингээн гадагшлуулах, улмаар дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр эрүүл ахуйн шаардлагыг хангасан болох нь тогтоогдсон бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахтай холбогдох харилцааг зохицуулсан. Манай бараа бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учраас Эрүүл мэндий яамны зөвшөөрөл, импорт экспортын тусгай лиценз, тусгай зөвшөөрөл шаарддаггүй, зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораториор бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэн зөвшөөрөл авсаны үндсэн дээр хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн. Бүтээгдэхүүн нь дотроосоо ууж арьсыг цэвэрлэдэг, гаднаасаа түрхдэг пудр гэсэн хоёр төрөлтэй байгаа ба энэ барааны уудаг төрөл нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохоос эм биш юм. Бид анхнаасаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар сайн тайлбарлан хэлж, тусгай зөвшөөрөл шаардахгүй, зөвхөн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг талаар тайлбарлан  өгч байсан. Гааль дээрээс Х.Г өөрөө гаалийн татвараа төлж авсан байдаг. Үүнээс үзэхэд Х.Г нь өөрөө манай барааг зарж борлуулах хүсэлтэй байсан нь харагдаж байна. Бараа бүтээгдэхүүний хувьд Америк стандартаар 1лб гэдэг нь Монголоор 700 грамм орчим байдаг, нэг хайрцгандаа 12 ширхэг байдаг, үүнээс 225 ширхэг хайрцагийг өгсөн. 1 ширхэг бүрийн үнэ нь 42000 төгрөгийн үнэтэй юм. Бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан 2лб-тэй 45 хайрцаг, 25 хайрцаг, 20 хайрцагийг тус тус өгч нийт 194.000.000 төгрөгийн барааг Х.Гт нийлүүлснээс 24.000.000 төгрөгийг нөгөө талдаа  реклам зар сурталчилгаандаа зарцуул гэж тохиролцоод 170.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. Худалдан авагч нь гэрээний төлбөр болох 170.000.000 төгрөгийг гэрээний 1.4.1-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор графикт хугацаанд өгөх үүрэгтэй байсан. Гэтэл дээрх гэрээний үүргээ доорх байдлаар гүйцэтгэсэн байна. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 8.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 1.500.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ныөдөр 3.492.000 төгрөгийн үнэ бүхий бараа, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.575.000 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус төлбөрт тооцож, нийт 14.567.000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл төлөх ёстой төлбөрөөс 155.433.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар дахин төлбөр төлөгдөөгүй байна. Түүнчлэн худалдан авагч нь гэрээний 1.4.1-д заасан үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 1.4.2-т заасны дагуу нийт 77.716.500 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Худалдан авагч талын дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул даруй үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл худалдагч талаас гэрээний үүргээ биелүүлэхтэй холбогдуулан ямар нэгэн арга хэмжээг авахгүй байгаа тул шүүхэд хандсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 07-ныөдрийн бараа худалдах, худалдан авах тухай №01 дугаар гэрээний 1.4.2-д худалдан авагч гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги худалдагч талд төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Х.Гөөс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 155.433.000 төгрөг, алданги 77.716.500 төгрөг, нийт 233.149.500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Х.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Х.Г миний бие нэхэмжлэгчээс 170.000.000 төгрөгийн бараа авсан. Үүнээс төлсөн 14.567.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 155.433.000 төгрөгийн бараа үлдсэн. Уг бараагаа буцаан өгөх хүсэлтэй байна. Учир нь би нэхэмжлэгч талаас гуйгаагүй, өөрсдөө манай барааг зараад өгөөч гэж ирсэн. Миний буруу үйлдэл гэвэл  гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл л байгаа. Үнэхээр бараа нь зарагдаад байсан бол би мөнгийг нь цаг тухайд нь өгөх байсан. Гэтэл уг барааг зарж байхад иргэдээс өтгөн хатлаа, гэдэс эвгүйрхлээ гэх мэт гомдол ирдэг байсан учир би барааг зарахаа больсон. Тухайн үед иргэдээс ирж байгаа гомдлыг баримтжуулж аваагүй. Гэхдээ тухайн үед янз бүрийн асуудал үүсэх бий гэсэн үүднээс барааг нь заралгүй өдийг хүргэсэн. Одоо ч бараа бүтээгдэхүү нь тоо ёсоороо бэлэн байгаа тул бараа бүтээгдэхүүнээ эргүүлээд авч болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.                                                                  

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нар нь хариуцагч Х.Гт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 233.149.500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй үзлээ.

            Учир нь зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нар нь хариуцагч Х.Гт 170.000.000 төгрөгийн үнэ бүхий эмчилгээ, гоо сайхан, ...брэндийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байх ба уг бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс 14.567.000 төгрөгийн төлбөр төлөгдөж, 155.433.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, бараа худалдах, худалдан авах гэрээгээр  нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.   /1 хав, хуу-4-7/

            Нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нараас хариуцагч Х.Г нь бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 155.433.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцож, 77.716.500 төгрөгийн алдангийн хамт нийт 233.149.500 төгрөг төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба харин хариуцагч Х.Г нь дээрх худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 155.433.000 төгрөг болохыг болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нараас худалдан аваагүй, зараад өгөөч гэсний дагуу авсан бөгөөд уг барааг зарж байхад иргэдээс өтгөн хатлаа, гэдэс эвгүйрхлээ гэх мэт гомдол ирдэг байсан учир би барааг зарахаа больсон тул  үлдэгдэл бараа, бүтээгдэхүүнийг буцаан өгнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь  худалдагчид хэлэлцэн  тохирсон үнийг төлж,  худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

            Үүний дагуу нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нараас 194.000.000 төгрөгийн үнэ бүхий АНУ-ын “Калифорни ийрт минериал” компанийн бүтээгдэхүүн болох Террамин повдер 1лб 225 хайрцаг, 2лб 45 хайрцаг, 4 лб 25 хайрцагийг,  Террамин террасилк маск 20 хайрцагийг тус тус хариуцагч Х.Гт хүлээлгэн өгсөн, хариуцагч нь хүлээн авч талууд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээс үзэхэд хариуцагч Х.Гт бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.12-т зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр,  талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсанаар гэрээ байгуулсанд тооцдог тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь  талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд худалдаж буй барааны  тоо, ширхэг, хэмжээ, нэг бүрийн үнийг тусгаагүй, гэрээний хавсралт хуульд заасан шаардлага хангаагүй боловч хариуцагчаас гэрээний хавсралт гэх баримтад дурдсан тоо ширхэг, хэмжээтэй АНУ-ын “Калифорни ийрт минериал” компанийн Террамин повдер, Террамин террасилк маск гэсэн бүтээгдэхүүнүүдийг тус тус хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

            Хариуцагч Х.Г нь худалдан авсан барааны үнэ болох 170.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3.492.000 төгрөгийн үнэ бүхий бараа, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.575.000 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус төлбөрт тооцон өгч нийт 14.567.000 төгрөгийн төлбөр төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь байна.

          Хариуцагч Х.Г нь тухайн бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулж байхад иргэдээс санал, гомдол ирсэн гэх боловч энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, чухам ямар санал, гомдол гаргасан болох нь нотлогдохгүй байх тул худалдсан бараа бүтээгдэхүүнийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.  

АНУ-ын “Калифорни ийрт минериал корп”-ийн Террамин нэрийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад “Калифорни ийрт минериал” ХХК оруулж ирсэн байх ба хариуцагч Х.Гт худалдсан Террамин повдер гэх бүтээгдэхүүн нь эрдэс нөхөгч хүнсний бүтээгдэхүүн бөгөөд эрдэс нөхөх болон хоргүйжүүлэх, цэвэрлэх үйлчилгээтэй, Террамин террасилк гэх нүүрний маск нь гоо сайхны бүтээгдэхүүн бөгөөд арьсыг гүн цэвэрлэж, нүхжилтийг багасгах, арьсыг чангалж, өнгийг сэргээх үйлчилгээтэй болох нь бүтээгдэхүүн хэрэглэх заавар, танилцуулга, Санрай бьюти студио фэйсбүүк пэйжний видео хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-20-21, 99, 172-178/

Гэрээний зүйл болох Террамин повдер, Террамин террасилк гэсэн бүтээгдэхүүнүүд нь Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09/127/1077 дугаар дүгнэлт, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/126/315 дугаар дүгнэлтүүдээр тус тус шинжлэн судлагдсан  байх ба импортлохын өмнө бүтээгдэхүүнүүдээс дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа болохыг тодорхойлж, улсын байцаагчийн дүгнэлтүүд гарчээ. / 1 хав, хуу-12-13, 73-74/

Террамин нэрийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 218 тоот тодорхойлолтоор хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах бүтээгдэхүүн гэж тодорхойлсноос гадна Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2017 оын 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн албан бичигт Террамин нэрийн бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг дурджээ. /1 хав, хуу -11, 210, 2 хав, хуу-11-13/

Үүнээс дүгнэн үзэхэд Террамин повдер гэх бүтээгдэхүүн нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хүнсний бүтээгдэхүүн, Террамин террасилк гэх бүтээгдэхүүн нь гоо сайхны бүтээгдэхүүн байх тул импортлож, худалдаалахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь хавтаст хэргийн 206 дугаар талд авагдсан эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторийн  шинжилгээгээр судлагдсан Нитрамин гэх амьтны эрдэс нөхөгч бүтээгдэхүүн биш байх тул хариуцагчийн өмгөөөлөгч Д.Галсанпунцагаас гаргасан мал амьтны хэрэглэх бүтээгдэхүүн худалдсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагч Х.Г нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нараас үлдэгдэл төлбөр 155.433.000 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар тооцсон алданги 77.716.500 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад  нийцсэн байна.

        Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.323.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гөөс 233.149.500 /хоёр зуун гучин гурван сая нэг зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нарт олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.323.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гөөс улсын тэмдэгтийн хураамжинд 1.323.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нарт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР