Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01665

 

С.Ц, М.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалтай

С.Ц, М.М нарын нэхэмжлэлтэй

Х.Гт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 233 149 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга бид 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай Бараа худалдах-худалдан авах гэрээг иргэн Х.Гтэй байгуулсан юм. Уг гэрээгээр АНУ-ын Калифорни ийрт минериал компанийн бүтээгдэхүүн болох Террамин нэрийн хүний бие организмд нэн шаардлагатай эрдэс бодисуудыг бүрэн агуулсан, гэдэс дотор цэвэрлэх, хорт нэгдлүүдийг өөртөө шингээн гадагшлуулах, улмаар дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр эрүүл ахуйн шаардлагыг хангасан болох нь тогтоогдсон бүтээгдэхүүнийг худалдах-худалдан авахтай холбогдох харилцааг зохицуулсан. Манай бараа бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учраас Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, импорт экспортын тусгай лиценз, тусгай зөвшөөрөл шаарддаггүй, зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораториор бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэн зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн. Бүтээгдэхүүн нь дотроосоо ууж арьсыг цэвэрлэдэг, гаднаасаа түрхдэг пудр гэсэн хоёр төрөлтэй байгаа ба энэ барааны уудаг төрөл нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохоос эм биш юм. Бид анхнаасаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар сайн тайлбарлан хэлж, тусгай зөвшөөрөл шаардахгүй, зөвхөн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг талаар тайлбарлан өгч байсан. Гааль дээрээс Х.Г өөрөө гаалийн татвараа төлж авсан байдаг. Бараа бүтээгдэхүүний хувьд Америк стандартаар 1лб гэдэг нь Монголоор 700 грамм орчим байдаг, нэг хайрцагтаа 12 ширхэг байдаг, үүнээс 225 ширхэг хайрцгийг өгсөн. 1 ширхэг бүрийн үнэ нь 42 000 төгрөгийн үнэтэй. Бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан 2л-тэй 45 хайрцаг, 25 хайрцаг, 20 хайрцгийг тус тус өгч нийт 194 000 000 төгрөгийн барааг Х.Гт нийлүүлснээс 24 000 000 төгрөгийг реклам зар сурталчилгаандаа зарцуул гэж тохиролцоод 170 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. Худалдан авагч нь гэрээний төлбөр болох 170 000 000 төгрөгийг гэрээний 1.4.1-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор графикт хугацаанд өгөх үүрэгтэй байсан бөгөөд нийт 14 567 000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл төлөх ёстой төлбөрөөс 155 433 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар дахин төлбөр төлөгдөөгүй байна. Түүнчлэн худалдан авагч нь гэрээний 1.4.1-д заасан үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 1.4.2-т заасны дагуу нийт 77 716 500 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Худалдан авагч талын дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул даруй үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 1.4.2-д худалдан авагч гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги худалдагч талд төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Х.Гөөс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 155 433 000 төгрөг, алданги 77 716 500 төгрөг, нийт 233 149 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс 170 000 000 төгрөгийн бараа авсан. Үүнээс төлсөн 14 567 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 155 433 000 төгрөгийн бараа үлдсэн. Уг бараагаа буцаан өгөх хүсэлтэй байна. Учир нь би нэхэмжлэгч талаас гуйгаагүй, өөрсдөө манай барааг зараад өгөөч гэж ирсэн. Миний буруу үйлдэл гэвэл гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл юм. Үнэхээр бараа нь зарагдаад байсан бол би мөнгийг нь цаг тухайд нь өгөх байсан. Гэтэл уг барааг зарж байхад иргэдээс өтгөн хатлаа, гэдэс эвгүйрхлээ гэх мэт гомдол ирдэг байсан учир би барааг зарахаа больсон. Тухайн үед иргэдээс ирж байгаа гомдлыг баримтжуулж аваагүй. Гэхдээ тухайн үед янз бүрийн асуудал үүсэхээс сэргийлэн барааг нь заралгүй өдийг хүргэсэн. Одоо ч бараа бүтээгдэхүүн нь тоо ёсоороо бэлэн байгаа тул бараа бүтээгдэхүүнээ эргүүлээд авч болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гөөс 233 149 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 1 323 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гөөс 163 204 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц, Л.Мөнхтулга нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 944 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...хариуцагч Х.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 1 323 700 төгрөг” гэснийг “...хариуцагч Х.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 973 973 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Гөнхөлөг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

С.Ц, Батбаяр нар нь (иргэн Мөнхтулга нь иргэн Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч) анхнаасаа намайг хуурч мэхлэн мөнгөн дүн тавигдаагүй, харилцан тохиролцоогүй гэрээн дээр гарын үсэг зуруулж, залилан гэрээ байгуулсан тул би гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байна. Анх тохирохдоо зараад зарагдсан барааны мөнгө өгч байхаар амаар тохиролцоонд хүрч байсан болохоос биш ийм хугацаатай гэрээ хийж бүх барааныхаа мөнгийг авахаар харилцан тохиролцоогүй болно. Миний хууль мэдэхгүй, гэрээний анхан шатны мэдлэггүйг ашиглан хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж залилан, их хэмжээний хохирол учруулж байгааг зөвшөөрөхгүй байгаа ба шүүх хүчин төгөлдөр бус гэрээний талаар анхаарч хууль хэрэглээгүй.

Иргэн С.Ц, Ганзориг (эрэн сурвалжлагдаж байгаа) нар нь анх Тиррамин бүтээгдэхүүнийг надад танилцуулж Монголд анх удаа оруулж ирж байгаа, гааль дээр бараа маань их хэмжээгээр ирсэн байгаа гээд надад тухайн бүтээгдэхүүнийг өгч реклам сурталчилгаа хийлгэж борлуулалтад гаргуулж эхэлсэн. Ингээд зөвшөөрөл, гарын авлага ном их хэмжээгээр байгаа гээд мөн гааль дээрээс бараагаа авах гэсэн юм гээд эхлээд 2 500 000 төгрөг дараа нь дутаад байна гээд 2  500 000 төгрөг авч яваад бараа авах хооронд иргэн Ганзориг алга болсон гэтэл /барилгын компаны захирал иргэн С.Ц, иргэн Ганзориг нарт хөрөнгө оруулалт хийсэн гэх/ иргэн Батбаяр гарч ирж бүх бараагаа ачаад явсан. Зах зээлд дөнгөж гаргаж эхэлж байсныг тэд мэдэж байсан тул надруу уулзах санал тавихад би уулзаж тодруулахад Иргэн С.Ц, Ганзориг нарт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэтэл эд нарт залилуулчихлаа хэдэн бараа л байна та нар нэгэнт борлуулж эхэлсэн юм чинь борлуулаад мөнгийг нь надруу хийгээрэй би эд нарт залилуулчлаа гээд энэ асуудал эхэлсэн. Иргэн Батбаяр нь амжилтгүй хөрөнгө оруулалтаа нөхөх зорилгоор намайг төөрөгдүүлсэн гэрээ хийж хохироож байгааг шүүх харгалзан үзэхийг иргэн миний бие хүсэж байна.

Одоо надаар заруулахаар өгсөн шавар их хэмжээгээр хадгалагдаж худалдан борлуулах ямарч үндэслэлгүй байгаа нь энэ маргаан 2015 оноос эхэлсэнтэй холбоотой. Хэрэв ийм маргаан үүсээгүй байсан бол би борлуулаад тухай бүрт нь мөнгө өгөх боломжтой байсан. Энэ нь нэхэмжлэгч талаас өөрсдөөс нь хамаарсан.

Гэрээ хийсний дараа гарын авлага, ном их хэмжээгээр байгаа гээд мөн зөвшөөрөл, реклам, сурталчилгаа, бэлэн материал өгнө гээд өгөөгүй бид өөрсдөө youtube сайт дээрээс орчуулга хийн өөрсдөө сурталчилгааны материал бэлтгэсэн. Би удаа дараа бараагаа ав, би бага багаар нь авч заръя гэхэд өөр энэний оронд өгчих юм байхгүй юу үл хөдлөх хөрөнгө машин гээд, би байхгүй ээ банкны барьцаанд байгаа гэж хэлж байсан нь анхнаасаа амжилтгүй болсон хөрөнгө оруулалтаа хөрөнгө оруулсан улсуудаасаа нөхөх боломжгүй хууль мэдэхгүй намайг олзолж төөрөгдүүлэн хууль бус гэрээ хийсэнд нь миний бие их гомдолтой байна.

Иймд бидний хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож Террамин нэртэй бүтээгдэхүүнийг иргэн С.Ц Мөнхтулга нарт буцаан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх гэрээг анхаарч дүгнээгүй зөвхөн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал талаас нь үнэлж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалыг хүчингүй болгож, гаргасан нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Л.Мөнхтулга, С.Ц нар нь Х.Гт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 233 149 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 163 204 650 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 69 944 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Талууд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01 тоот “Бараа худалдах-худалдан авах” гэрээ байгуулж, худалдагч Л.Мөнхтулга, С.Ц нар нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж, чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 170 000 000 төгрөгийн үнэ бүхий эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Х.Г нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу худалдагч эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, худалдан авагч барааг хүлээн авч, үнийн дүнгээс 14 567 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тус тус үүрэгтэй.

Худалдагч худалдан авагчид барааг хүлээлгэн өгсөн, худалдсан эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой холбоотой гомдол худалдан авагч гаргаагүй тул худалдагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг бүрэн төлөөгүй тул худалдагч үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4.2.-т “худалдан авагч тал гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги худалдагч талд төлнө” гэж заасан, худалдагч алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй тул худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.4. дэх заалтыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа хэргийн нөхцөл байдлыг харгалзан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг үндэслэн алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч: “...нэхэмжлэгч нь хууран мэхэлж гэрээ байгуулсан, хууль мэдэхгүй байдлыг ашиглан хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах...”-аар хяналтын журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагч дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаар гомдолд дурдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн худалдагч гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүрэг болох барааны танилцуулга, гарын авлага, холбогдох материалыг өгөөгүй талаар худалдагчид гомдол гаргаж байсан талаар баримтгүй тул доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 973 973 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД