Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00243

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00243

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02803 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөгийг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Цэцэгмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Идэр цогцолбор ХХК нь Мөнх тэнгэрийн ивээл ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга, бусад эд хогшлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсаны дараа И ХХК хүлээн авсан. МХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор ирүүлж, И ХХК уг хугацааг зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд гэрээнд заасны дагуу МХХК-иас гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Мөн Идэр цогцолбор ХХК болон Мөнх тэнгэрийн ивээл ХХК нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, энэ гэрээгээр И ХХК-ийн байрны 1 ба 2 дугаар давхрын 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, эхний 2 жил сарын 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Түрээсийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг хүртэлх төлбөрүүдийг төлсөн боловч 2017 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5, 3.3.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги 2 064 000 төгрөг, түрээсийн төлбөр 72 000 000 төгрөг, нийт 74 064 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. И ХХК нь Либерти бридж ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан юм. Зуучлалаар дамжуулан Мөнх тэнгэрийн ивээл ХХК-ийн захирал У.Баасанпүрэв, менежер н.Батбаатар нар баар түрээслэх хүсэлт гаргаж тус байрыг хамт ирж үзэн тухайн үед уг байрыг урьд нь түрээсэлж байсан Ориент стар ХХК-ийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлыг худалдан авах хүсэлт тавьсан юм. Дээрх хөгжим гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлын өмчлөгч Ориент стар ХХК нь И ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, уг зүйлсээ худалдан борлуулсны дараа тооцоо хийх санал тавьж, 200 000 000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсан.

МХХК-ийн захирал У.Баасанпүрэв дээрх зүйлсийг худалдан авахаар санал тавьж, И ХХК-ийн байранд уг зүйлсийг газар дээр нь шалгаж үзүүлэн үйл ажиллагаа эхлүүлэх 40 ширхэг си ди хуурцагнууд, түлхүүрийг манай компанийн ажилтан С.Энхбатаас хүлээн авсан юм. МХХК-тай Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ, мөн Түрээсийн гэрээ гэсэн 2 тусдаа гэрээ байгуулахаар тохиролцсон. Хөгжим гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төлбөрт 200 000 000 төгрөг төлөхөөр, тохиролцсон. Төлбөрийн үлдэгдэл байгааг нотолсон 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актанд Мөнх тэнгэрийн ивээл ХХК-ийн захирал У.Баасанпүрэв гарын үсэг зурж баталгаажуулсан.

МХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 2.6 дахь заалтанд Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуулыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг МХХК-тай худалдан авсныг нотолж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Талууд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг хассан дүнгээр сардаа 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Тус гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус объектод байрлах бүх зүйлийг /сандал, ширээ, шалны хувин, лааны суурь, халбага, сэрээ гэх мэт/ жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Тэрнээс биш бид хавсралтад заасан түрээсийн объектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Бидний хувьд баарны зориулалтаар объект түрээсэлсэн болохоос хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг худалдаж авах сонирхол, хүсэл эрмэлзэл огтоос байхгүй, барьцаа болгож 50 000 000 төгрөг авах зорилгоор түрээсийн гэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

Түрээсийн гэрээний 2.6 дахь заалтад Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож, тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална хэмээн тусгасан байна. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд баар үйлчилгээний тусгай зөвшөөрөл Хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тогтоолоор албан ёсны зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баарны үйл ажиллагаа эхлүүлсэн.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 76 800 000 төгрөгийг түрээслэгчид төлсөн. Бид үйл ажиллагаагаа явуулахын тулд засварын зардалд 40 080 000 төгрөг зарцуулсан бөгөөд түрээслэгч нарт үзүүлсэн. Мөн маркетинг, менежмент хийж тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард иргэн н.Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй болсон. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч объектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус объект хаалттай байгаа.

Тухайн үед уг баар, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж л түрээсийн гэрээ байгуулсан болохоос уг эд хөрөнгүүдийг худалдан авах ямар ч хүсэл зориг байгаагүй. Иймд хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 05ы өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг Идэр цогцолбор ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МХХК /РД:5435412/-иас 215 508 188 төгрөг гаргуулан И ХХК /РД:2615258/-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 055 812 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай хариуцагч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас 1 235 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Худалдах худалдан авах гэрээний хавсралт гэх эд хөрөнгийн жагсаалт бүхий баримтаас харахад түрээсийн байрны өрөө тус бүрт байгаа гэрэл чийдэн, 00-ын өрөөний шээлтүүр, угаалтуур, суултуур, гар хатаагч, зааланд агааржуулагч цахилгааны шитний хайрцаг, галын хор, санхүүгийн баримтууд, тусгай зөвшөөрөл зэрэг нь худалдан авах гэрээний зүйл огтоос биш байхад анхан шатны шүүх хавралтанд заасан бүх эд хөрөнгийг худалдагч тал зарж борлуулсан, худалдан авагч тал хүлээгээд авчихсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь худалдагчийн худалдсан гээд байгаа үл хөдлөх хөрөнгөнөөс салгаж болох болон салгаж болохгүй бүх хөдлөх эд хөрөнгө одоо ч нэхэмжлэгч буюу Идэр цогцолбор" ХХК-ийн мэдэлд байгаа. Нэг ч эд зүйл хариуцагчийн эзэмшил өмчлөлд шилжээгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг түрээсэлж байсан баарны хана туурганд бэхлэгдсэн 00-ийн суултуур угаалтуурыг салгаж авах хүсэл зориг байсан, нураагаад авах боломжтой мэтээр дүгнэлт хийж байгаа ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс гаргасан үйлдлийг зөвтгөхгүй ч тэр байшингийн хананд шавардсан шавардаагүй 100 төрлийн эд зүйлсийг өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй байж мөнгөө өгөөд хэмхэлээд ч болсон аваад хаа нэг газар хадгалах сав олоод авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг шударга байна гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн яриад байгаа худалдах худалдан авах гэрээний 200 000 000 төгрөгийн үлдэгдэл 150 000 000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс огт төлөгдөхгүй байхад худалдсан эд зүйлсээ буцааж авахаас өгсүүлээд цаашид түрээслэхгүй байх гэх мэт шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй нь худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж өөрийн эрх ашгаа бүрэн хамгаалах барьцаа хөрөнгөө баталгаажуулж авах санаа л харагдаж байдаг.

Хөгжим, Гэрэл тоног төхөөрөмж, Тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээний 1.3 дахь хэсэгт гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байна хэмээн тохиролцсон байхад анхан шатны шүүх хэрэгт байгаа хавсралтын чухам аль хэсгийг нь энэхүү гэрээний 1.3.1, 1.3.2, 1.3.3, 1.3.4 дэх заалтуудад хамааруулж байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй мөртлөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталж хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Идэр цогцолбор ХХК нь хариуцагч Мөнх тэнгэрийн ивээл ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг Идэр цогцолбор ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ болон Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Зохигчид худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйл болох эд хөрөнгө, хогшилыг салгаж болох эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бол уг гэрээний зүйлийг худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл талуудын хооронд маргаж буй эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл эсэхэд хамаарахаас шалтгаалж салгаж болохгүй эд хөрөнгө тодорхойлогдох тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эсэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл болохгүй тохиолдолд гэрээний үнээс хасч тооцох эсэхэд дүгнэлт өгөх байжээ.

 

Учир нь худалдах, худалдан авах гэрээний зүйл гэж тодорхойлсон зарим эд хөрөнгө болох шийтний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур гэх зэрэг эд зүйлс түрээсийн гэрээний зүйл болох баарны зориулалттай байрны бүрдэл хэсэгт хамаарах боломжтой.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/02803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА