Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01448

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01448

 

 

Б.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Баяраа нэхэмжлэлтэй

Хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-д холбогдох

-       Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн

-       Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 840 936 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Базар, Б.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Таван богд ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр "Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота ланд крузер прадо  150 дизель автомашиныг 104 000 000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу уг худалдах, худалдан авах хэлцэл нь төгрөгөөр хийгдсэн бөгөөд миний бие гэрээний дагуу урьдчилгаанд автомашины 40 хувь болох 41 600 000 төгрөгийг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөгийг Таван богд финанс ББСБ ХХК-аас санал болгосны дагуу зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжүүлэх зээлийн зориулалт нь автомашин худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөг болохыг гэрээний талууд аль аль нь мэдэж байсан бөгөөд Таван богд финанс ББСБ ХХК-аас Таван богд ХХК руу 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 62 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан. Тухайн үед автомашин худалдан авч байсан иргэн миний хувьд гадаад валютын тэр дундаа америк долларын зээл авах хэрэгцээ байгаагүй бөгөөд зөвхөн автомашины үлдэгдэл болох 62 400 000 төгрөгийг зээлэх хэрэгцээ байсны дагуу Таван богд финанс ББСБ ХХК нь энэхүү үлдэгдэл 62 400 000 төгрөгийг зээлдэж Таван богд ХХК-руу шилжүүлсэн. Гэтэл Таван богд финанс ББСБ ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллараар зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн хэлцэл болсон байна.

Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө Таван богд финанс ББСБ ХХК-аас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, Таван богд финанс ББСБ дээр арилжаа хийгдээгүй, тэр ч бүү хэл Таван богд финанс ББСБ-аас нэг ч ам.доллар, нэг ч центийн валютын эх үүсвэр гараагүй болно. Таван богд финанс ББСБ ХХК-аас Таван богд ХХК руу 62 400 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Автомашин худалдан авах үндсэн хэлцэл нь төгрөгөөр, хэлцлийн дагуу хийгдсэн урьдчилгаа төлбөр болон Таван богд финанс ББСБ ХХК-аас зээлсэн автомашины үлдэгдэл төлбөр нь мөн төгрөгөөр хийгдсээр байтал гэрээ байгуулагч талууд бодит байдлаас зөрүүтэйгээр ам.долларын зээлийн гэрээ байгуулсанаар Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас миний бие ам.долларын үндсэн зээл, түүний хүүг төлж байгаа бөгөөд ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн зөрүүг төлж, эсрэгээр "Таван богд финанс ББСБ ХХК ханшийн өсөлтөөр хүүгийн бус ашиг олсон байна. Хууль бус хэлцлийн үр дагаварт миний бие ханш байнга өссөөр байсан ам.долларын үндсэн зээл, түүний хүүг 2016 оны 9 сар хүртэлх 10 сарын хугацаанд төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 27 683.26 ам.доллар, хүү 3 321 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 81.04 ам.доллар нийт 31 085.3 ам.долларын зээлийг төлөхийн тулд арилжааны банкнаас нийт 76 190 070.3 төгрөгөөр ам.доллар худалдан авах шаардлага үүсч байна. Таван богд финанс ББСБ ХХК-аас 62 400 000 төгрөг зээлдүүлж нэг ч ам.долларын эх үүсвэр гаргаагүй байтал миний бие 10 сарын хугацаанд өндөр ханштайгаар 5 870.1 ам.долларын зээл, хүү төлчихөөд ахиад анх зээлсэн төгрөгөөс их хэмжээний зээл төлөхөөр байгаа нь шударга бус төдийгүй хууль зөрчсөн, бодит бус хэлцэл байгуулсны шууд үр дагавар юм. Таван богд финанс ББСБ ХХК-д гэрээ байгуулагдах үеийн ханш буюу 2015.11.06-ны өдрийн Монголбанкны ханш болох 1 ам.доллар=1993.15 гэсэн ханшаар зээлээ төлөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч Таван богд финанс ББСБ ХХК нь энэ нөхцлийг зөвшөөрөхгүй байна. Таван богд финанс ББСБ ХХК бидний бодит байдлыг зөрчин хийсэн ам.долларын зээлийн гэрээнээс бусад бүх төлбөр тооцооны харилцаа төгрөгөөр явагдсан. Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд зааснаар хууль зөрчсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэн нөхцлийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлтийг валютаар тохиролцсон гэх үндэслэлээр Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй юм. Энэхүү зээлийн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцвол гэрээ анхнаасаа хүчингүй болох буюу зээлдэгч зээлийн хүү төлөхгүй байх нөхцөл байдал үүснэ. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний энэхүү ерөнхий зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж тайлбарлаж болно. Шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө гэдэг нь бидний маргаж байгаа асуудлын хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэлж байна. Иргэний хуулийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт зааснаар Таван богд финанс ББСБ ХХК руу надад ам.долларын зээл олгосон уу гэдэг асуулт үүсч, хэрэв ам.доллар олгоогүй бол яагаад ам.долларыг төлүүлэхээр нэхэмжилж байгаа вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Энэ нь бодит байдалд төгрөг олгосон буюу зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэнтэй холбоотой үүсч байгаа зөрчилтэй нөхцөл юм. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа хэмээх 7 дугаар зүйлийн 7.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно гээд 7.1.1 -д зээл гэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Зээлийн хүү хэмээх 24 дүгээр зүйлийн 24.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д зааснаар Таван богд финанс ББСБ ХХК төгрөгөөр олгосон зээлээ валютаар эргэн төлүүлэхдээ хүүгийн орлогоос гадна валютын ханшийн үнийн өсөлтөөс давхар ашиг орлого олсон байна. Хэрэглэгч зээлдэгч нартаа олгосон төгрөгийн зээлийг ам.доллараар төлүүлснээс болж зээлдэгч нар нь зөвхөн зээл, хүүгийн төлбөрөөс гадна валютын ханшийн өсөлтийн дарамтанд орж байна. Банк бус санхүүгийн байгууллага илүү нарийн хуулийн зохицуулалттай байдаг ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар үндэсний зөвхөн мөнгөн хөрөнгийг зээлдэг. Мөнгөн хөрөнгө дотроо үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг, бусад улсын мөнгөн тэмдэгт болох гадаад валют гэсэн ялгаатай хөрөнгөөс бүрддэг. Би үндэсний мөнгөн тэмдэгтийг зээлсэн. Зээлийн бүтээгдэхүүн анхнаасаа төгрөг өгчихөөд доллараар төлөхийг санал болгосон нь анхнаасаа алдаатай буруу гэж үзэж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан нь миний алдаа. Гэхдээ энэ хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж болдог. Би мөнгийг эргэн төлөхдөө долларын энэ ханшаар нь тооцон төлнө гэж ойлголт авсан байсан учир ноцтой төөрөгдсөн гэж хоёрдахь үндэслэлээ гаргаж байгаа. Одоо  Таван богд финанс ББСБ ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөрийг болон хүү буюу гэрээний дагуу заасан ашигаа авсан байж хамгийн гол нь ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах, А.Базар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр иргэн Б.Баяраа нь Таван Богд ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөх зориулалтаар Таван богд финанс ББСБ ХХК-иас 31 307.23 ам.долларыг сарын 0.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх тухай гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч Таван Богд ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 31 307.23 ам.долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Зээл олгох ажиллагаа нь зээлийн гэрээ байгуулагдсаны дараа талууд үүргээ биелүүлэхтэй холбогдсон харилцаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.3-т заасны дагуу бэлэн бусаар тохиролцсон бөгөөд Таван богд финанс ББСБ ХХК, зээлдэгч Б.Баяраа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар зээл олгох хэлбэр нь автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийн бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцохоор байна. Ийнхүү Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гуйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 31 307.23 долларыг төгрөгөөр илэрхийлж 62 400 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон дансанд шилжүүлсэн. Иймд зээлдэгч тал нь үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт тусгайлсан зохицуулалтыг зааж өгчээ. Мөн гэрээ байгуулагдсанд тооцох болон зээл олгох ажиллагаа хоёрыг ялгаж ойлгох зүйтэй. Гэрээ байгуулагдсанд тооцохын тулд иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл заасан санал саналын хариу байх ёстой юм. Иргэний хуулийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ. Мөн хуулийн 451.2-т заасны дагуу талууд бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд иргэний хуулийн 451.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Зээл буцаан төлөх тухай зохицуулсан бөгөөд 2.3.2-т ...валютын зээлийг төгрөгөөр төлөх тохиолдол Хаан банкнаас тухай өдөр зарласан тухайн валютын бэлэн бусын зарах ханшаар тус тус тооцно гэж заасан байдаг. Иймд гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар төлнө гэж ойлгосон гэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт дотроо хоёр агуулгатай. Нэхэмжлэгч ноцтой төөрөгдөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдоно гэж үзэж байна. Энэ нь хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдөхүйц хэмжээнд гэрээний нөхцөлүүд байгаагүй. Нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлага нь автомашин борлуулдаг Таван богд ХХК-иас автомашин худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг төлөх хэрэгцээтэй байсан. Энэ хэрэгцээний үндсэн дээрээс хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр бид түүний Таван богд ХХК-д төлөх автомашины үлдэгдэл төлбөрийг бол зээл хэлбэрээр олгоно гэж тохиролцоо хийсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олгодог хамгийн бага хүүтэй төгрөгийн зээлийн хүү ам.долларын зээлийн хүү шиг бага байдаггүй. Банк санхүүгийн байгууллага мөнгө шилжүүлэх, зээлдэгч түүнийг нь төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн заалт нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зандан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Баяраа нь Таван богд финанс ББСБ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 104 000 000 төгрөгийн үнэтэй JTEBH3FJ40K175287 арлын дугаартай, 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Баяраа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж,  Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Хариуцагч Б.Баяраа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 7 113,49 ам.доллар, зээлийн хүү 3 335,76 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 81,78 ам.доллар, нийт 10 531,03 ам.долларыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 25 840 936,10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн тооцоололд нэхэмжлэгч маргадаггүй. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас надад энэ зээлийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна гэж тайлбарладаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Баяраа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-д холбогдох, зээлийн гэрэг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Баяраагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Олхонуд овогт Баттүвшингийн Баяраа /РД:ДЭ83013139/-аас зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөгийг гаргуулж хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК /РД:5654033/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөг, Таван богд финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 154 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Баяраагаас улсын тэмдэгтийн хураамжид 287 154 төгрөгийг гаргуулж хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Баяраа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Миний бие "Таван богд финанс ББСБ ХХК-аас 62 400 000 төгрөг зээлдэж авсан богоод энэ нь автомашин худалдах, худалдан авах гэрээ, түүний дагуу төлбөр шилжүүлсэн баримт, дансны хуулга зэргээр хангалттай нотлогддог төдийгүй зээлдүүлэгч энэ талаар маргадаггүй юм. Иргэн Б.Баяраа болон "Таван богд финанс ББСБ ХХК-ийн хооронд хийгдсэн зээл, төлбөр тооцооны бүх харилцаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр хийгдсэн байдаг. Зээлийн гэрээний дагуу өмчлөлдөө бодитойгоор авсан төгрөгийг миний бис буцааж төлөх замаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь Иргэний хууль, бусад хууль тогтоомжид нийцэх тул миний бие зээлдэж аваагүй ам.доллараа төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр аваагүй ам.доллароо буцаан төлөх нөхцөл байдал үүссэн бөгөөд хэрэв доллар төлөх байсан бол зээлдүүлэгч "Таван богд финанс ББСБ ХХК миний өмчлөлд бодитойгоор ам.доллар шилжүүлэх үүрэгтэй байсан. Бидний хооронд үүссэн зээлтэй холбоотой санхүүгийн бүх харилцаа төгрөгөөр хийгдэж энэ нь санхүүгийн анхан шатны баримт болох төлбөрийн даалгавар, банкны дансны хуулга, гэрээ, бусад бичмэл баримтуудаар тогтоогддог. Зээлдүүлэгчээс нэг ч ам.долларын эх үүсвэр гараагүй, миний бие мөн ам.доллар хүлээж аваагүй, гагцхүү өөрийн худадцан авсан автомашины урьдчилгаа төлбөрийг төгрөгөөр төлж, автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор 62 400 000 төгрөг зээлж авсан. "Таван богд финанс ББСБ ХХК нь төгрөг зээлчихээд буцаан төлүүлэхдээ огт аваагүй ам.доллараар төлүүлэх нөхцөл санал болгож түүнийг миний бие хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчсөн хэлцэл байгуулагдах алдаанд хүргэсэн байх бөгөөд би хууль зөрчсөн хэлцэлд гарын үсэг зурсан нь хэлцлийг зөвтгөх хуулийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Баяраа нь хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгуулага эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 840 936 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч байгууллага Таван богд ХХК руу 62 400 000 төгрөгийг шилжүүлсэн атлаа нэхэмжлэгчтэй ам.долларын гэрээ байгуулж, зээлийг ам.доллараар төлүүлж байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарласан байна.

 

2015 оны 11 дүгээ сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Б.Баяраа нь Таван богд ХХК-тай 05/649 тоот автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Баяраа нь Таван богд ХХК-аас Тоёота Ландкрузер Прадо маркийн автомашиныг 104 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 7-8 тал/

 

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч Б.Баяраа, хариуцагч Таван богд финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Баяраа нь Таван богд финанс ББСБ ХХК-иас 31 307,23 ам.долларыг 60 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй зээлсэн үйл баримт тогтоогдсон байна. Хх-ийн 13-14 тал/

 

Талууд зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурж Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсан байна. Хариуцагч байгууллагаас зээлийн гэрээний дагуу авсан 31 307,23 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцоход 62 400 000 /31 307,23*1993,15=62 400 000/ төгрөг болсон, түүнчлэн уг мөнгийг нэхэмжлэгч Б.Баяраагийн автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Таван богд ХХК руу шилжүүлсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч Б.Баярааг ноцтой төөрөгдлийн улмаас уг гэрээг хийсэн буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-58.4 дэх хэсэгт заасан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 41 600 000 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 9-10 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгчид тухайн үед ам.долларын хэрэгцээ шаардлага байгаагүй гэх нь үндэслэлтэй боловч гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд зээлийн мөнгөн хөрөнгийн төрлийг ам.доллараар тохиролцож, ам.доллароор буцаан төлөх үүрэг хүлээснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээс ам.доллар биш төгрөг борлуулагчид шилжсэн байх боловч энэ нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно, 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул Таван богд финанс ББСБ ХХК нь Б.Баяраагаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Гэрээний зүйл болох 31 307,23 ам.доллар буюу 62 400 000 төгрөгийг зээлдэгч Б.Баяраад шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул уг гэрээ бодитоор биелэгдсэн гэрээ байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баяраагаас зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО