Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 3743

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  мянгат, -р байрны  тоотод оршин суух, Цолмод овогт Б-ийн Б /РД: ЕП/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  байрны  тоотод оршин суух, Боржигин бээл Л-н З /РД: ЙГ/-д холбогдох,

 

163 883 400 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батбаяр нь Л.Зулжаргалд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.долларыг хамт хүүгийн хамтаар нийтдээ 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн. Удаа дараа итгэл хүлээлгэн зээлдүүлсэн мөнгөө өгөөгүй тул миний зүгээс шаардлага тавьсаны дагуу 2016 оны 5 дугаар 05-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г Л.Зулжаргалтай байгуулсан. Гэрээгээр Л.Зулжаргал нь 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа баталж, тухайн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Л.Зулжаргал нь удаа дараа шалтаг заан хойшлуулсаар өдийг болтол төлбөрийг төлөөгүй. Иймд Л.Зулжаргалаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 90 000 000 төгрөг, 30.000 ам.доллар /2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны ханш 1 ам.доллар 2462,78 төгрөг буюу 30 000 ам.доллар/ буюу 78 883 400 төгрөг, нийт 163 883 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Зулжаргал шүүхэд гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батбаяртай нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд нөхрийнхөө ажлыг дэмжих зорилгоор Б.Батбаяртай аман тохиролцоо хийж, 2013 онд 28 277 000 төгрөг, 2014 онд 27 620 000 төгрөг, 2015 онд 9 340 000 төгрөг, нийт 65 237 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Б.Батбаяр өөрийн зээлдүүлж байгаа мөнгөнд cap бүр 8 хувийн хүү төлөх ёстой гэсний дагуу миний бие Б.Батбаярын дансруу хүүний төлбөрийг шилжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг хүүний төлбөрт шилжүүлсэн болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн Б.Батбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр намайг зээлсэн мөнгөө төлөхгүй удаад байгаа учир зээлсэн мөнгө болон хүүний хамт нийлүүлээд нэгтгээд нэг гэрээ байгуулая гэсний дагуу “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Гэрээнд “2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 35 500 000 төгрөг, 15 000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 32 500 000 төгрөг, 15 000 ам.долларыг хүүгийн хамт нийт 90 000 000 төгрөг, 30 000 ам.долларыг төлбөр авагчид 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэсэн тооцоолол бүхий гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл бидний хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ” нь талуудын хооронд зээлсэн мөнгийг нэгтгэн дүгнэж, үндсэн төлбөр, хүүний хамтаар багцалсан, тооцоолол алдаж байгуулагдсан зээлийн гэрээний үргэлжлэл, дагалдах гэрээ юм. Уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэрээ. Өөрөөр хэлбэл, тооцоог хариуцагч сайн мэдэхгүй төөрөгдсөн. Хариуцагч нь дээрх хугацаанд нэхэмжлэгчээс аман хэлцлээр нийт 75 737 000 төгрөгийг бодитоор хүлээн авч, 82 833 000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Л.Зулжаргалд холбогдуулан 163 883 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл үүргийг төлбөр барагдуулах гэрээгээр баталгаажуулсаныг үндэслэжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүргийг биелүүлж дууссан, төлбөр барагдуулах гэрээг хариуцагч ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан, төлбөр барагдуулах гэрээнд заасан үнийн дүн үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Маргааны зүйл нь нэхэмжлэгч хариуцагчид хэдэн төгрөг шилжүүлсэн, хариуцагч уг төлбөрийг төлсөн эсэх, талууд гэрээгээр хүү тохирсон эсэх, төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр эсэх болж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд маргааны үндэслэл болж буй зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр авагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлүүлж байсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин хариуцагч нь зээлийн төлбөрийг төлсөн талаар маргасан. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд нэхэмжлэгчээс нийт 65 237 000 төгрөгийг зээлж авсан, уг зээлийн хүүг төлж байсан талаар мэдүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт 75 737 000 төгрөгийг зээлэн авч, 82 833 000 төгрөгийг буцаан төлсөн гэжээ. Дээрхээс үзвэл төлөөлүүлэгч болон төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзал харилцан адилгүй байх боловч зээлийн гэрээний харилцаа буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь банк дахь нэхэмжлэгч болон хариуцагч нарын дансны гүйлгээг үндэслэн хариуцагч нь нийт 82 833 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх боловч Хаан банк дахь хариуцагчийн 5024631852 дугаар дансны депозит дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх дансанд төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл, мөн  банк дахь нэхэмжлэгчийн 5023153670 дугаар дансны, Худалдаа хөгжлийн банк дахь 495041098 дугаар дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үүргийг дүгнэж 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байх бөгөөд уг хугацаанаас хойш хариуцагч нь үүргээ биелүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан гэх татгалзалаа баримтаар нотлоогүй тул төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд үүнд талууд хэлцэлийн талаар хэлэлцэн тохирсон байх, уг хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх, мөн мөнгийг шилжүүлсэн байхыг шаардана. Эдгээр нөхцөл бүрдсэнээр талуудад үүрэг үүснэ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар байгуулсан талаар шүүхэд нэгэн адил тайлбарлаж байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, уг гэрээний үнийн дүнд зээлийн хүүг оролцуулан тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээний үндсэн зээл болон хүү төлөх төлөх үүргийг төлбөр барагдуулах гэрээгээр харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар уг гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчийн өмнө үүснэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь төлбөр барагдуулэх гэрээг хүчин төгөлдөр бус гэх, мөн гэрээнд заасан төлбөрийг төлсөн гэх татгалзалаа тус тус баримтаар нотлоогүй байна. 

 

Нэхэмжлэгч нь 30 000 ам.доллар гаргуулах шаардлагаа 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкнаас зарласан ам.доллар төгрөгтэй тэнцэх ханшийн лавлагааг үндэслэсэн ба 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 2 462.84 төгрөгийн ханштай байснаас үзвэл 30 000 ам.доллар 73 885 200 төгрөгтэй тэнцэж байна. Харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 2 463.61 төгрөг буюу 30 000 ам.доллар 73 908 300 төгрөгтэй тэнцэж байгаа нь нийтэд илэрхий болсон Монголбанкны цахим хаягт зарласан ханшаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, ам.доллар төгрөгтэй тэнцэх ханш 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өмнөх 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс өссөн боловч нэхэмжлэгч нь  2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ханшаар шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгтэй харшлаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 163 883 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Зулжаргалаас 163 883 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 977 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 977 367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч   этгээд,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

                                                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН