Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00317

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00317

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02849 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээнээс учирсан хохиролд 23 335 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Мөнхцэцэг, Д.Наранцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр А ХХК-аас УБГ 01-04 улсын дугаартай, Тоёото Лексус ЭлЭкс570 маркийн автомашиныг 82 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, автомашины урьдчилгаанд 32 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгийг худалдан авч байгаа автомашинаа барьцаалуулан зээл авч, зээлтэй байх хугацаандаа машинаа унаж байгаад, 1 сарын дотор төлье, гэхдээ зээлийн гэрээгээ 12 сарын хугацаатай байгуулахаар тохиролцсон. Ингээд Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай А-тай зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, 53 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Ц- нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 3 171 991 төгрөг төлөх ёстойгоос 2 250 000 төгрөг төлсөн буюу 921 991 төгрөг дутуу төлсөн. Өөрөөр хэлбэл Ц- нь 2017 оны 9 дүгээр сар хүртэлх зээлийн төлбөр тооцооноос 5 000 000 төгрөг төлж, 2017 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн графикт хугацааг зөрчиж эхэлсэн.

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 441 хоногийн зээлийн хүү 25 696 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 139 280 төгрөг, үндсэн зээл 50 000 000 төгрөг, бүгд 80 835 680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 83 335 680 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс бусад хөрөнгөөс гаргуулж өгнө үү. Машиныг бид нэхэмжлэл гаргасны дараа буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашиныг 60 000 000 төгрөгөөр тохиролцон үнэлснээр хасч, үлдэх шаардлагаас 15 696 400 төгрөгийг хүүнд, 5 139 280 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцож, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөгийн хамт 23 335 680 төгрөг гаргуулна. Бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ц-, Х.Баяндалай нар автомашиныг худалдан авах, урьдчилгаа төлж, машиныг унаж явах, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хүүтэй, хэсэгчлэн төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг Ц.Басбаяр хүлээн авснаар талуудын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн, өөрийн худалдан авч байгаа автомашины хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэгтэй байсан гэж үзвэл, энэхүү үүргээ нэгмөсөн биелүүлэхэд мөнгө нь хүрэлцэхгүй байснаас худалдагчид автомашины үнийн үлдэгдлийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх, үлдэгдлийг зээлийн хувьд, хүүтэй буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг худалдагч зөвшөөрч, хүлээн авснаар хууль зүйн агуулгаараа худалдан авагч хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг дуусгавар болж, оронд нь үлдэгдэл мөнгийг хэсэгчлэн төлөх, сар бүр 3,5 хувийн хүү төлөх зээлийн гэрээний үүргээр солигдсон. Гэрээнд талууд гарын үсгээ зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болсон дээрх гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирал Ц.Басбаяр нь өөрийн өмчлөлийн машинаа анх 82 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингээд заль мэх хэрэглэн өөрийн машинаа миний өмчлөлд шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн хөрөнгө болгон хууль далимдуулж, төөрөгдүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци болон 50 000 000 төгрөг мэтээр дүр исгэн зээлийн гэрээ хийхдээ хүү авахгүйгээр амаар тохирсон атлаа хүү авахаар хуурамч гэрээ хийсэн. Тухайн үед надад зээлийн гэрээг уншиж танилцуулаагүй. ББСБ-аас 50 000 000 төгрөг аваагүй, надад өгөөгүй атлаа үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү гэж тооцож, 5 000 000 төгрөг авсан.

Харин Ц.Басбаяр нь манай нөхөр Х.Баяндалайд итгэл үнэмшил үзүүлэн өөрийн эзэмшлийн машинаа худалдах нэрийдлээр бэлнээр 32 000 000 төгрөг авсан боловч тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ хийж, нэр дээр нь шилжүүлээгүй, биднийг 37 000 000 төгрөгөөр хохироосон. Басбаяр нь бидэнд 82 000 000 сая төгрөгөөр худалдах гэж байсан машинаа бидэнд мэдэгдэлгүй гэрийн гаднаас авч явсан. Иймд би зээл аваагүй учраас нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зээлийн гэрээ, фидуцийн гэрээ анхнаасаа хууль зөрчсөн хэлцэл. Зээлийн гэрээнд гүйцэтгэх захирлаар Ц.Басбаяр өөрөө гарын үсэг зураад өөрийнхөө хувийн машиныг худалдаж байгаа  хэр нь гэрээний зориулт дээр бизнест зарцуулна гэсэн. Автомашин худалдах, худалдан авах гэрээ гэж заах ёстой байсан.

Автомашин худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд зээл олгох зөвшөөрөлтэй, түүнээс биш гүйцэтгэх захирал хувийн машинаа бусдад худалдчихаад өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл өгөөд өөрийн дансанд авсан нь хууль, үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн хэлцэл. Иймд А ХХК-тай байгуулсан 2017 оны 6 сарын 05-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9, 57.1.2, 58.2.2, 58.3.3-д заасныг зөрчиж хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бусаар авсан 37 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-17/06/05 тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, А ХХК-иас 37 000 000 төгрөг гаргуулан Ц-д олгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц-гээс зээлийн гэрээнээс учирсан хохиролд 23 335 680 төгрөг гаргуулахыг хүссэн А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 52 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар А ХХК-иас тэмдэгтийн хураамжид 552 300 төгрөгийг, Ц-гээс  тэмдэгтийн хураамжид 342 950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж,

  Ц.Баяндалайгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хураамжид төлсөн 342 950 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Зээлийн гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байх нөхцөл болсон гэж үзэж байна. Тухайлбал, зээлдэгчид мөнгөн дүнг шилжүүлээгүй гэх үйл баримт нь үүргийн гүйцэтгэлд хамаарах эс үйлдэхүй бөгөөд хэрэв зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй гэж үзвэл, энэ нь үүргийн зөрчилд тооцогдох юм. Энэхүү үүрэг нь хэлцлийн агуулга болохынхоо хувьд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т тусгагдсан бөгөөд энэ утгаараа агуулгын хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм. Харин Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч Ц-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчид олгох мөнгөн дүн болох 50 000 000 төгрөгийг Ц-д автомашин худалдсанаар түүний үүрэг гүйцэтгүүлэгч болсон Ц.Басбаярт зээлдэгчийн зөвшөөрлөөр шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, зээлийн мөнгөн дүн нь зээлдэгч Ц-гийн үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн бөгөөд эрх зүйн агуулга, шинж чанар. төлбөрийн зориулалтын хувьд энэхүү төлбөрийн гүйлгээг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлсэнтэй ижил гэж үзнэ. Ийнхүү зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө Ц-гийн үүргийн гүйцэтгэлд төлөгдсөнийг уг мөнгөн хөрөнгийг зээлдэгч ашигласан гэж үзнэ. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч өөрийн үзэмжээр ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн худалдан авалтын төлбөрт шилжүүлэх зөвшөөрөл олгосноор энэхүү гүйлгээ хийгдсэн болно.

Анхан шатны шүүх фидуцийн гэрээний 1.1-д заасан автомашины өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөх эрхийг бүртгэснээр өмчлөх эрх үүснэ" гэж үзсэн нь буруу юм. Учир нь хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар ямар нэг шаардлага тавиагүй, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээний тэмдэглэл нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн техникийн бүртгэл юм. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь ямар нэг хууль зөрчөөгүй, иргэн Ц.Басбаярын худалдсан автомашины үнийн төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгч "А" ХХК болон хариуцагч Ц- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр олгогдох мөнгөн хөрөнгөөр төлөх тохиролцоо хийж, хэрэгжүүлсэн нь ямар нэг хууль зөрчөөгүй. Түүнчлэн уг зээлийн гэрээ нь эрх зүйн хувьд өөр агуулгатай хэлцлийг халхавчлаагүй бөгөөд шүүх энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зааж өгсөн болно. Дээрх байдлаар төлбөр тооцоо хийсэн нь нэхэмжлэгч талын гэрээний үүрэг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй юм.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, мөн үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, өөр агуулга бүхий хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдээгүй тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ба 56.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцсон нь анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 23 335 680 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг халхавчилж зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлийг зааж уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэгчид зээлдүүлэхээр тохиролцсон, мөн өдөр уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан.

 

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр УБГ 01-04 улсын дугаартай, Тоёото Лексус Эл Экс 570 маркийн автомашиныг зээлдэгч Ц- зээлдүүлэгч А ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэлх хугацаагаар шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор маргаан бүхий автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэг эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй тул уг баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Басбаяр болох талаар талууд маргаангүй байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээг иргэн Ц.Басбаяр болон иргэн Ц- нар байгуулж, уг гэрээгээр худалдан авагч Ц- нь автомашины үнийн урьдчилгаанд 32 000 000 төгрөгийг төлжээ. Харин үлдэгдэл 50 000 000 төгрөгийг тэрээр А ХХК-иас зээл авч төлсөн байх боломжтой. Иргэн Ц.Басбаярыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа этгээдээр оролцуулаагүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй этгээд болох А ХХК нь хариуцагч Ц-д ямар үндэслэлээр автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөх үндэслэлтэй болсон талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 -д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 703 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА