Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2020/02011

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02011

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2020/01819 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б-т холбогдох

 

Худалдах-худалдан авах болон зээлгийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205 205 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 140 570 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагчтай 2016 оны 2 сараас 2017 оны 5 сарын 6-ны өдөр хүртэл зээл болон тамхи худалдах, худалдан авах харилцаатай байсан. Энэ хугацаанд 390 030 000 төгрөгийг хариуцагчаас зээлсэн байдаг ба 319 295 000 төгрөгийн тамхийг зээлээр болон бэлэн мөнгөөр худалдаж авч, нийт 709 325 000 төгрөгийн дүн бүхий харилцаа үүссэн. Уг 709 325 000 төгрөгийг буцаагаад Л.Б-ын Хаан банкны 5025265941 дугаартай дансанд төлсөн атал Б.О-тай хамааралтай шилжүүлэгдсэн мөнгийг нууж, тооцоо нийлэхгүй өрөнд оруулсан.

 

Б.О- өөрөө тамхиа зардаггүй, Г.А-, Г.Э- нараар зөөлгөж, Н.М-, Н.Н- нарт хүргүүлэн заруулдаг байсан ба зээлийн төлбөр болон худалдаж авсан тамхины тооцоог Л.Б-т хийхдээ өөрөөс гадна дээрх хүмүүс, мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсээр өөрийн нэрийн өмнөөс шилжүүлүүлдэг байсан. Энэ хугацаанд Л.Б-ын болон У.Б-гийн дансанд нийт 914 530 000 төгрөг орсон. Л.Б- дээрх мөнгийг тооцоонд оруулж тооцоогүй.. Дансны гүйлгээнүүд,гэрчийн мэдүүлэг, хариуцагчаас 2017 оны 10 сарын 25-ны өдөр гаргасан тамхины тооцооны хүснэгт, хэрэгт авагдсан бусад баримтуудад тулгуурлан зээлсэн мөнгө болон худалдаж авсан тамхины тооцооны дүнг нийт 709 325 000 төгрөг болохыг, зээлийн төлбөр болон тамхины үнэд нийт 914 530 000 төгрөг шилжсэн. Зээлсэн мөнгө болон худалдаж авсан тамхины дүн болох 709 325 000 төгрөгт үндэслэлгүйгээр 205 205 000 төгрөгийг илүү шилжүүлсэн. Л.Б-аас зээлийн болон худалдах, худалдан авах харилцааны явцад үндэслэлгүй илүү авсан 345 775 000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тамхи, мөнгө 2016-2017 оны хугацаанд тамхи болон бэлэн мөнгө зээлээр авдаг, авсан зээлдээ тодорхой хэмжээний хүү төлдөг байсан. Тамхи, бэлэн мөнгө хүүтэй зээлээр авахдаа гэрээ хэлцэл хийдэггүй, баримт үйлддэггүй байсныг овжноор ашиглаж, итгэлийг хөсөрдүүлж, ийм байдалд хүрсэн. Дараа мөнгийг нь төлнө гээд тамхи, бэлэн мөнгөний зээл авдаг, надруу хүн явуулдаг, ирсэн хүнд нь тамхиа өгөөд явуулдаг байсан. Хар дэвтэртээ бичиж тэмдэглэж авсан, бас санаж байгаагаар бол нэхэмжлэгчид нийт 387 062 800 төгрөгний тамхи болон 396 030 000 төгрөгийн зээл өгсөн. Энэ нь зөвхөн баримттай тооцоогоор л ингэж гарч байгаа. Мөн 2017 оны 5 сарын 6-ны өдөр 90 570 000 төгрөгийн тамхи, 50 000 000 төгрөг авсан байж аваагүй мэт ярьж, уг мөнгийг 2017 оны 5 сарын 16-нд хэлэлцэн тохиролцсон хугацаанд өгөөгүй. Иймд 140 570 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 187 425 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 158 350 000 төгрөгт холбогдох, нэхэмжлэгч Б.О-аас зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 140 570 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 202 800 төгрөгийг, Л.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860 800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 095 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардпагын үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардпагаа нотлож чадаагүй, шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой.

 

Б.О- нь зөвхөн өөрийн зүгээс Л.Б-т шилжүүлсэн мөнгөний л тухай ярьж, түүнтэй холбогдох баримтуудыг л зөвхөн шүүхэд гаргаж өгсөн.

 

Харин Б.О- нь Л Б-аас хэзээ, хаана, ямар нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий тамхийг зээлээр худалдан авсан, мөн хэзээ, хэдий хэмжээний, ямар хүүтэй мөнгө зээлсэн талаараа тайлбар,баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн Л.Б-ын зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээлийн тамхи, мөнгөний талаарх тайлбар баримтыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэх байр сууринаас л хандаж ирсэн. Шүүх Б.О-ын Л.Б-аас зээлээр худалдан авсан тамхины тоо хэмжээ, үнэ, төлбөрийн нөхцөл зэргийг нарийн тогтоосны дараа Б.О- илүү мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох ёстой байсан. Тогтоолгүйгээр Б.О-ыг 187 425 000 төгрөгийг Л.Б-т илүү шилжүүлсэн гэж үзсэн.

 

Хэрэгт Л.Б-, Б.О- нарын уулзалтын ярианы бичлэг бүхий СД нотлох баримтаар авагдаж, шүүхээс уг СД-нд үзлэг хийж баримтжуулсан. СД-д дээрх ярианы бичлэгээс Б.О- нь зээлийн хүү Л.Б-т төлдөг байсан талаар ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх нь тус нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаараа шийдвэртээ огт дурдаагүй. Зөвхөн талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй гэдэг үндэслэлээр Б.О-аас Л.Б-т төлсөн зээлийн хүүгийн асуудлыг нарийвчлан тодорхойлж, дүгнэлгүйгээр орхигдуулсан. Б.О- нь 2017 оны 5 сарын 06-ны өдөр 58 000 000 төгрөгийг Л.Б- бэлнээр өгсөн гэж, Л.Б- нь 2017 оны 5 сарын 6-ны өдөр 52 000 000 төгрөгийг Б О-аас бэлнээр авсан гэж маргадаг. Талуудын хооронд уг өдөр тус мөнгийг хүлээлцсэн бичгэн баримт байдаггүй. Харин Л.Б-ын зүгээс 2017.05.06-ны өдөр Б.О-аас бэлнээр хүлээн авсан 52 000 000 төгрөг бүхий фото зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, улмаар шүүхээс 2018.01.19-ний өдөр үзлэг хийсэн. Тус үзлэгээр 52 000 000 төгрөг байгаа болох нь тогтоогдож байгаа. Гэтэл шүүх талуудын хооронд маргаж буй 2017.05.06-ны өдрийн бэлэн мөнгөний хэмжээг 58 000 000 төгрөгөөр тооцсон. Харин ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр буюу 58 сая төгрөгөөр тооцсон болохоо шийдвэрт огт дурдаагүй. Гэрч Н.М-, Н.Н-, М.Ариунтуяа нарын ...зарим гүйлгээ шилжүүлгийг сайн санахгүй байна, тэгж бичсэн бол мөн байх, манай нөхөр л мэднэ, би сайн мэдэхгүй... зэрэг мэдүүлгийг шууд нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтаар үнэлсэн байгаа хэрнээ Л.Б-аас авсан Б.О-д 6 000 000 төгрөг шилжүүлсэн гэх гэрч Г.Э-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн 319 295 000 төгрөгийг нь төлбөрт тооцсон байна. Чухам ямар нотлох баримтыг үндэслэж ингэж шийдсэн талаараа шийдвэрт дурдаагүй байна.

 

Шийдвэрт ...хариуцагч Л.Б-аас тооцооны тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн гэж тайлбарласан боловч эх хувиараа хэрэгт авагдаагүй байх... энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй... гэж дурджээ. Л Б- нь тамхины худалдаа эрхлэх явцдаа бусдад зээлээр худалдсан тамхины тооцоогоо өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж бүртгэдэг байсан. Тус дэвтэрт Л.Б-ын зүгээс Б.О-д зээлээр олгож байсан ихэнх тамхины тооцоо бүртгэгдсэн байсан. Л.Б- нь уг тэмдэглэлийн дэвтрийг 2017.10.26-ны өдөр эх хувиар нь шүүхэд нотлох баримтаар хүлээлгөн өгсөн. Гэтэл уг тэмдэглэлийн дэвтэр нь шүүх дээрээс, хавтаст хэргээс алга болсон. Алга болгосон нотлох баримт, тэмдэглэлийн дэвтэрийнхээ учрыг шүүх өөрөө хэн нэгний санал, хүсэлтгүйгээр учрыг нь олох ёстой. Болсон явдал бодит байдал ийм байхад анхан шатны шүүхээс ...хариуцагч Л.Б-аас тооцооны тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн гэж тайлбарласан боловч эх хувиараа хэрэгт авагдаагүй байх... энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй... гэж байгаа явдалд гомдолтой байна.

 

Тэмдэглэлийн хар дэвтэр шүүхээс алга болсоны дараа шүүхийн ажилтны зүгээс Л.Б-ын тэмдэглэлийн дэвтрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн авсан зургуудаас хэвлээд хэрэгт нөхөөд хийчихсэн гэж хэлсэн. Анхан шатны шүүх Л.Б-ын өгсөн тэмдэглэлийн дэвтрийг өөрсдөө алга болгочихоод, тэгээд шийдвэртээ уг дэвтрийг эх хувиараа байхгүй гэж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх ингэх байсан юм бол Л.Б-ын зүгээс тус тэмдэглэлийн дэвтрийн асуудлаар гомдол гаргах байсан.

 

Мөн 2016-2017 оны хооронд Л.Б-, Б.О- нарын дунд цэвэр итгэлцлийн үндсэн дээр, бичгээр үйлдсэн тодорхой баримтгүйгээр явчихсан тамхи зээлээр худалдах, худалдан авах, улмаар бэлэн мөнгөний хүүтэй зээлийн зэрэг асуудлыг зүгээр нэг хоёр хүний дансны хуулга тулгах байдлаар, эсвэл аль нэг талын зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн аман тайлбарыг үндэслэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдэх боломжгүй. Б.О- 2017.05.06-ны өдөр Л.Б-аас авсан нийт 140 570 000 төгрөгийн тамхи болон бэлэн мөнгөний зээлийг Л.Б-т буцаан төлөөгүй. Эцэст нь 140 570 000 төгрөгийн авлага авах ёстой Л.Б- эсрэгээрээ Б.О-д 187 425 000 төгрөгийн төлбөр төлөх өрөнд орж байгаад маш их гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан худалдах-худалдан авах болон зээлгийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205 205 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 140 570 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан./1-р хх 71 /

 

Зохигч 2016-2017 оны хооронд тамхи худалдах-худалдан авах, зээлийн гэрээний харилцаатай байсан үйл баримт тогтоогдсон. Мөн зохигчдын хооронд 390 030 000 төгрөгийн хэмжээний зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаасан тайлбараа баримтаар нотлоогүй. / 3-р хх 235 /

 

Талууд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тамхины болон зээлийн хэмжээ, буцаан төлсөн үнийн дүнгийн хэмжээний талаар маргаантай байна.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэж Б.О- нь хариуцагч Л.Б-аас 390 030 000 төгрөгийн зээл авсан, худалдах худалдан авах гэрээгээр 319 295 000 төгрөгийн тамхи өмчлөлдөө шилжүүлэн авч, нийт 914 530 000 төгрөгийг буцаан төлсөн гэж дүгнэсэн нь талуудын дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэгтэй нийцэж байна./3-р хх 247-248/

 

Хариуцагч Л.Б- нь нийт 387 062 800 төгрөгийн тамхи болон 396 030 000 төгрөгийн зээл өгсөн гэж тайлбарлаад тайлбараа нотлохоор өөрийн хувийн гар бичвэр хар дэвтрийг иш татсан. /3-р хх 235/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Хариуцагч Л.Б-ын хар дэвтэр гэх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийг хариуцагчаас нийт 387 062 800 төгрөгний тамхи болон 396 030 000 төгрөгийн зээл авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын дансны харилцан гүйлгээ, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхдээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... гэсэн журмыг зөрчөөгүй байна.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй юм. Шүүх бүх баримтыг зөвхөн харьцуулсаны үндсэн дээр дүгнэлт гаргана.

Б.О- нь 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 58 000 000 төгрөгийг Л.Б-т бэлнээр өгсөн гэж, Л.Б- нь мөн өдөр 52 000 000 төгрөгийг Б.О-аас авсан гэж маргадаг. Талуудын хооронд мөнгө хүлээлцсэн бичгийн баримт авагдаагүй бөгөөд. хариуцагч Л.Б- 52 000 000 төгрөг хүлээн авсныг фото зураг нотлоно гэж тайлбарлажээ. Хавсаргасан фото зураг гэх баримтад урдаа мөнгө тавьсан эрэгтэй хүн дүрслэгдсэн байх бөгөөд цаг хугацааны хамаарал, нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагын хувьд хариуцагчийн татгазлзлыг нотлох эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй./2-р хх 136 /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх, мөн диспозитив зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах юм. Дээрх 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 58 000 000 төгрөгийг Л.Б-т шилжүүлсэн гэх Б.О-ын тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй тул 58 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн 396 030 000 төгрөгийн зээлийг Б.О-д олгосон гэх хариуцагчийн тайлбар ч эргэлзээгүй баримтаар 6 000 000 төгрөгийн хэмжээнд нотлогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /3-р хх-244/

Гэрч Г.Э- 6 000 000 төгрөгийг Баярбаатраас авч экспресс банкны үйлчилгээгээр О-ын дансанд шилжүүлсэн гэх боловч уг мэдүүлэг дансны хуулгаар няцаагдсан. Гэрчийн мэдүүлгийн эх сурвалж эргэлзээтэй, нотлогдоогүй байгаа нөхцөлд гэрчийн мэдүүлгийг үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй юм.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 390 030 000 төгрөгийг зээлээр авч хугацаандаа эгүүлэн төлөөгүй, уг зээл 10 хувийн хүүтэй байсан гэх нөхцөл бүрдсэн талаар талуудын хэн альны тайлбарт дурдсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах гэрээг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээр алдахаар заажээ. Талуудын хооронд зээлсэн мөнгөнд хүү тооцох тохиролцоо байсан боловч бичгээр хэлцэл хийгээгүй байна. Гэвч зээлдэгчийн зүгээс зээлдүүлэгчид өөрөө зөвшөөрч, үндсэн зээлээс гадна, хүүд мөнгө төлж байсан нь зохигчдын хэн альны тайлбар, дансны хуулгаар нотлогдсон.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтосон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх зүйтэй юм.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн төлбөрийн зарим хэсэг хүү-гийн төлбөрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Үндсэн зээлийн төлбөрөөс илүү гарсан шилжүүлэг тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өөрөө зөвшөөрч зээлд илүү шилжүүлсэн гэх 58 970 000 төгрөгөөс 390 030 000 төгрөгт ногдох хүү буюу талуудын тайлбарт заагдсан 10 хувиар тооцож 39 000 000 төгрөгийг хариуцагчид хэвээр үлдээх нь иргэний эрх зүйн мэтгэлцэх, диспозитив зарчимд нийцэх юм./3-р хх 237/

Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан тамхи худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан талаар дүгнэхдээ хууль буруу хэрэглэсэн.

Хэдийгээр гэрээ хэрэгжээд дууссан буюу талуудын тохиролцсон харилцаа дуусгавар болсон гэх боломжтой ч шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдалд зөв дүгнэлт хийх нь зүйтэй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4-т зааснаар тамхи худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан

Талуудын хэн аль нь тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй тухай баримтыг шүүхэд гаргаагүй тул тамхи худалдах худалдан авах хэлцлийг хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэлцэл хэрэгжээд дууссан, талууд үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Иймд хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр гэрээний үүрэгт хамаарах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан байгааг хасах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 205 205 000 төгрөг болгосон байхад анхан шатны шүүх 345 775 000 төгрөгөөр тооцоолж байгаа нь буруу юм. Зээл, тамхины үнэд илүү шилжүүлсэн гэх 205 205 000 төгрөгөөс анхан шатны шүүх 187 425 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн хүрээнд 39 000 000 төгрөгийн хүүг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байсан гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлээс 187 425 000 39 000 000 төгрөг буюу 148 425 000 төгрөгийн шаардлагыг хангаж / 205 205 000-148 425 000 / 56 780 000 төгрөгийн шаардлага болон 140 570 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ний өдрийн 102/ШШ2020/01819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг хасч, 187 425 000 гэснийг 148 425 000 төгрөг гэж, 158 350 000 гэснийг 56 780 000 гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтын Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 095 075 төгрөг гэснийг 742 125 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 798 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 798 000 төгрөгөөс 352 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД