Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 616

 

Б.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор А.Нямсүрэн,

ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргал,

хохирогч Л.Энхбатын өмгөөлөгч З.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мөнхбаярт  холбогдох эрүүгийн 2014250006217 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батын Мөнхбаяр, 1968 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг 30 дугаар гудамжны 9В тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 36 дугаар байрны 2-ын 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: УШ68112013/,

            Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Л.Энхбатаас “Уул уурхай чиглэлээр хамтарч ажиллана” гэж хуурч мэхлэх аргаар нийт 23.662.514 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Б.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяраас 23.662.514 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Энхбатад олгож, Б.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

            Ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэрэг урьд нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Анхан шатны шүүх 75 дугаар шийтгэх тогтоолыг гаргахдаа хэт нэг талыг барьсан, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохыг шаардсан байдаг. Хохирогч Л.Энхбат нь Б.Мөнхбаярт 38.000.000 төгрөг, 83.361.500 төгрөг өгсөн гэж нэхэмжилдэг. Харин прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн 23.662.514 төгрөгийг олон удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт тогтворгүйгээр мэдүүлдэг. Хавтаст хэрэгт түүнийг нотолсон баримт огт авагдаагүй. Хэрэгт гэрчээр байцаагдсан Ч.Отгонцэцэг, Ц.Гурвындаваат-Отгонбаатар, Ц.Алтанзул, Ж.Баттөгс, Б.Энхбаатар, Г.Батболд нар хохирогч Л.Энхбатад мөнгө зээлдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг болохоос Б.Мөнхбаярт тухайн зээлдүүлсэн мөнгөнөөс өгч байсан талаар огт ярьдаггүй. Зөвхөн бусдаас авсан мөнгөө бүгдийг нь Б.Мөнхбаярт өгсөн гэж 85.361.800 төгрөг нэхэмжилж байснаа сүүлдээ яллах дүгнэлтэд бичигдсэн мөнгөн дүнг л өгсөн гэж гүтгэх болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “...хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй...” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолын “...Шүүх мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23.662.514 төгрөгийн их хэмжээний хохирлыг үлэмж буюу 9.638.982 төгрөг болгон багасгаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирлын зөрүү болох 14.023.532 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтын алийг нь ямар үндэслэлээр тогтоолынхоо үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ...” гэснийг удирдлага болгон амарчилж, хэрэгт авагдсан нотлох баримтын зөрүүн дээр дүгнэлт хийлгүй яллах дүгнэлтэд бичигдсэн мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Улсын Дээд шүүх хохирлын зөрүүг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой заах, харилцан зөрүүтэй нотлох баримтын талаар дурдах, хуульд нийцүүлсэн нотлох баримт бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл дахин гаргах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх талаар анхан шатны шүүх тодорхой заагаагүй учир хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан гэж ойлгож байгаа. Харин бусдаас зээлсэн мөнгөний зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй, зээлдэгч нартай нүүр тулан уулзаж тэднээс мөнгө аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байтал зөвхөн хохирогч гэх хүний амаар тооцоолол хийж ял халдаах нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Мөн хохирогч Л.Энхбат нь Адъяа гэх ломбардны эгчээс 2.500.000 төгрөг зээлж авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад Адъяагаас мэдүүлэг аваагүй, зөвхөн мөрдөн байцаагч утсаар ярьсан тэмдэглэл /1хх-179/ хэрэгт хийснээс өөр баримт байхгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирлын тооцоонд оруулах боломжгүй. Гэрч Х.Дөлгөөн, Л.Энхбатад 5.000.000 төгрөг зээлүүлсэн гэж мэдүүлдэг боловч энэ нь мөн л Л.Энхбатаас Б.Мөнхбаярт мөнгө өгсөн нотлох баримт болж чадахгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тов тодорхой хуульчилсан байхад эсрэгээр нь шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэв.

Хохирогч Л.Энхбатын өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хохирлын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үздэг. Б.Мөнхбаяр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Уул уурхай эрхлэнэ гэж Л.Энхбатыг залилж явахдаа дээрх хүмүүсээс Л.Энхбатын нэрийг барьж зээл авсан байдаг. Зээл авсан хүмүүсийг бүгдийг нь Л.Энхбат хэнээс, хэдэн төгрөгийг, ямар хэмжээгээр, ямар гэрээгээр, хаанаас авсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгуулж, гэрчийн мэдүүлгүүд авахуулсан байдаг. Энэ нотлох баримт бол өөрийнхөө хохирлыг нотлож байгаа эх сурвалж гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хяналтын шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр энэ хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа прокуророос яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээ болох 23.662.514 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтаар тогтоогдсон хохирол байна гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүх 23.662.514 төгрөгийн хохирлоос 14.000.000 төгрөгийн хохирлыг хасч тооцсон. Энэ хассан үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Энэ нь анхан шатны шүүхийн алдаа болсон байна. Харин 23.662.514 төгрөгийн хохирол мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэсэн нь тогтоолд тодорхой тусгагдсан байдаг. Тийм учраас өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдах гомдолдоо дурдаад байгаа хохирлын хэмжээг шүүгдэгчид ашигтай байдлаар багасгаж шийдвэрлэх ямар ч боломж байгаагүй. Мөн Л.Энхбат Дөлгөөнөөс зээлсэн зээлийн гэрээг үндэслэж Дөлгөөнийг гэрчээр байцаасан. Тэгэхэд Л.Энхбат надаас 5.000.000 төгрөг зээлсэн. Б.Мөнхбаяр гэж хүнтэй хамтарч ажиллана гэж мөнгө зээлсэн. Тэгээд нөгөө хүн нь худлаа хэлсэн юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Хохирогчийг мөнгө зээлсэн гэдгийг бүх гэрч нар мэдүүлдэг. Ямар нэгэн байдлаар Л.Энхбатад мөнгө зээлэхдээ хүнтэй хамтарч ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгож мэдээд мөнгө зээлүүлсэн асуудал байгаа. Б.Мөнхбаяр зарим тохиолдолд хамт явсан ч асуудал байдаг. Адъяаг мөрдөн байцаалтын шатанд байцаагаагүй нь үнэн. Гэхдээ хохирогч өөрөө 2.500.000 төгрөг зээлсэн гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заадаг. Адъяагаас зээлсэн 2.500.000 төгрөгийн тухай хохирогч бүх мэдүүлэгтээ дурддаг. Тэгээд Адъяаг дуудаж байцаалт авах гэхээр би цагдаагийн байгууллага дээр очвол үхнэ, бие муу байна гээд ирдэггүй. Энэ 2.500.000 төгрөгийн хохирлыг хохирогч өөрөө хэлж, анхны гомдлоос эхлээд дурдаж явсан. Үүнийг хасах үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Л.Энхбатаас “Уул уурхай чиглэлээр хамтарч ажиллана” гэж хуурч мэхлэх аргаар нийт 23.662.514 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Энхбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Мөнхбаяр нь надад “Уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллая” гэдэг санал тавьсны дагуу би түүнд бусдаас мөнгө зээлж авч өгч байсан. Миний тооцоогоор 39.000.000 төгрөгийг өгсөн. Түүний хүү, алданги нь нийт 85.000.000 төгрөг болж байгаа. Мөнгө өгөхдөө бэлнээр болон дансаар шилжүүлж өгч байсан. Одоо баримттай өгсөн нь 23.000.000 төгрөг болж байгаа тул үүгээр нь буюу 23.662.514 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” /1хх-21-22, 2хх-104/,

гэрч Ч.Отгонцэцэгийн “...2013 оны 1 дүгээр сараас Л.Энхбат руу хүмүүс залгаад зээлсэн мөнгөө өг гээд нэхээд байхаар нь ямар учиртай болохыг асуухад “Мөнхбаяртай хамтран Хятад хүмүүстэй нийлж уурхай ажиллуулах гээд хүмүүсээс мөнгө зээлсэн юмаа” гэж хэлсэн...” /1хх-33/,

гэрч Ц.Гурвындаваат-Отгонбаатарын “...Л.Энхбат 2.000.000 төгрөгийг зээлэхдээ Б.Мөнхбаяр гэх хүнтэй хамт ирсэн. Энэ хүнтэй хамтарч уул уурхайн ажил хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан...” /1хх-34/,

гэрч Ц.Алтанзулын “...Л.Энхбат ах Б.Мөнхбаяр ахтай хамтран уул уурхайн ажил хийнэ гээд 2013 оны 7 дугаар сард надаас 1.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөнгөө авахдаа Л.Энхбат ах ганцаараа ирсэн ба бид хоорондоо мөнгө өгсөн тухайгаа гараар бичиж тэмдэглэсэн...” /1хх-38/,

гэрч М.Болдын “...Л.Энхбат ах 2012 оны 12 дугаар сард надаас бэлнээр 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Бид хоёр нотариатаар орж байсан бичиг байгаа. Тэр уул уурхайн чиглэлээр Хятадтай нийлж гэрээ хийж байгаа гэж ярьж байсан. Надаас мөнгө авдаг өдрөө Мөнхбаяр гэдэг хүнтэй хамт ирээд, мөнгөө шууд түүнд өгч байсан. Л.Энхбат ах надад 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо 1.000.000 төгрөг авах дутуу байгаа...” /1хх-39/,

гэрч Ж.Баттөгсийн “...Л.Энхбат ах уул уурхайн чиглэлээр нэг хүнтэй хамтран ажил хийх гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гээд 2013 оны 3 дугаар сарын сүүлээр надаас 1.300.000 төгрөгийг зээлсэн. Би мөнгөө өгөхдөө бэлнээр өгсөн ба хамтран ажиллах гэж байгаа гэх махлах биетэй харааны нүдний шил зүүсэн ах хамт ирж авч байсан...” /1хх-40/,

гэрч Б.Энхбаатарын “...2012 оны 11, 12 дугаар сарын үед Л.Энхбат надаас “Уул уурхайтай холбоотой ажил хийнэ, мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэхээр нь би Голомт банкнаас цалингийн зээлд 1.500.000 төгрөгийг авч бэлнээр өгсөн. Тухайн үед Л.Энхбат дүү Жаргалсайхантайгаа хамт явж байсан. Би цалингийн зээлийн гэрээгээ Л.Энхбатад “Чи өөрөө төлөөрэй” гээд өгсөн. Би түүнд итгэдэг болохоор гэрээ, хэлэлцээр хийгээгүй...” /1хх-140/,

гэрч Г.Батболдын “...2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сард дахин 1.000.000 төгрөгийг, 2013 оны 7 дугаар сард мөн 1.000.000 төгрөгийг нийтдээ 3.000.000 төгрөгийг надаас зээлж авсан. Уул уурхайн чиглэлээр ажил хийх гэж байгаа гэж хэлж байсан...” /1хх-177/,

гэрч О.Олзбилгүүний “...2012 онд Л.Энхбат ах надад “Төмрийн ордны лиценз байн уу авъя” гэж хэлэхээр нь би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлалтай төмрийн ордны лицензний хуулбар материалыг өгсөн чинь “Би энэ материалыг баз хүргэн Мөнхбаярт үзүүлээд эргээд холбогдъё” гэж хэлээд алга болсон. Одоо энэ төмрийн ордны лиценз байхгүй зарагдсан байгаа...” /1хх-178/,

ялтан Б.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л.Энхбаттай уул уурхайн чиглэлээр хамтарч бизнес хийхээр болж төмрийн хүдрийн лиценз олж Хөх хотын Бугатын Хятад хүмүүстэй ажиллахаар болсон. Анхнаасаа түүнийг залилж мэхлэх санаа байгаагүй. Бидний төлөвлөсөн зүйл санаснаар болоогүй. Би Л.Энхбатын яриад байгаа шиг тийм их хэмжээний мөнгө аваагүй. Миний тооцоогоор 9.000.000 төгрөгийг авснаас 8.500.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Одоо 500.000 төгрөгийг өгөх ёстой гэж бодож байна. Хэн хэндээ хэтэрхий итгэж явснаас ийм байдалд хүрлээ...” /2хх-103/ гэсэн мэдүүлгүүд,

эдгээр мэдүүлгүүд үндэслэлтэй болохыг нотолсон Голомт банкны гүйлгээний хуудас болон картын хуулга  /1хх-6, 17-18, 74-77/, зээлийн гэрээнүүд /1хх-78-83, 185-189/, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Монгол банкны ханшийн лавлагаа /1хх-90, 122-123, 184/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримтууд /1хх-108-110/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон байна гэж үзлээ.

Мөн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь зөв байна.

 Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хэлэлцээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Энэ тохиолдолд ял оногдуулах тухай асуудал огт яригдахгүй юм. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ  “...ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшдэггүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо” гэж хийх ёсгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.  

Иймд ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан “...нотлох баримт хангалттай биш, эргэлзээтэй байхад ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байтал эсрэгээр нь шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...10 дугаар зүйлийн 10.6...” гэсний дараа “...10.9...” гэсэн нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧИД                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                               Д.ОЮУНЧУЛУУН