Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2018/00079

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******,

*******, холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Үнэлгээ болон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч ШШГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Арман, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багийн 8-52 тоот хашаа байшинд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2015 онд Хаан банкнаас 10.000.000 төгрөгний хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. ******* ажиллагаа явуулж үнэлгээний газраар *******-г томилж, үнэлгээгээр манай хашаа байшинг маш багаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашид Билгүүн ХХК нь 20.303.600 төгрөгөөр тогтоосон байх ба би хашаа байшингаа 25.000.000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг дахин гаргуулж өгнө үү, уг үнэлгээг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулсан гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, ******* нараас 9.018.245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159.402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь Салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хаан банкнаас төлбөрийн үлдэгдэл 8.835.650 төгрөгийг албадан гаргуулахаар тус албатай зардал урамшууллын гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот битүүмжлэх актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол, Баянзамын 8-14 тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол өөр очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдал, 2-10 насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр *******-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 20.303.600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул *******, Л.Оюунтунгалаг нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 тоот тогтоолын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын гол 8-р гудамжны 52 тоотод байрлах иргэн *******, Л.Оюунтунгалаг, А.Болд-Эрдэнэ нарын өмчлөлийн 54м2 амины орон сууц, 800м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн ТХҮ-217-24 дугаартай үнэлгээний тайлангаар 20.303.600 мянган төгрөгөөр үнэлсэн. Байрны хэмжилт болон зураг авалтыг тус компанийн Орхон салбарын ажилтан Н.Арман шийдвэр гүйцэтгэгч болон эзэмшигчийг байлцуулан газар дээр нь очиж гүйцэтгэсэн. Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг орон сууц 13.903.600 төгрөг, газар 6.400.000 төгрөг, бүгд 20.303.600 төгрөгөөр үнэлсэн болно. Манай үнэлгээ үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ******* холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/02368 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэнбаяр давж заалдсан гомдолдоо:

Хавтаст хэргийн 68 хуудсанд Орхон аймгийн *******ны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол байгаа ба уг тогтоолоор шинжээчээр *******-г томилсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээ хийхэд хараат бус байх, шудрага байх зарчмыг баримтлахаар заасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчээр *******-ийг шууд заан томилсон бөгөөд *******-ийг хараат ус, шудрагаар үнэлгээг явуулна гэж үзсэн нь ойлгомжгүй юм.

Тодруулбал *******-ийг шинжээчээр томилсон тогтоол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа яагаад Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон талаар тайлбарлаагүй байна. Анх үнийн санал гаргах үед төлбөр төлөгч нар нь хөрөнгийг 27.000.000 төгрөгөөр үнэлүүлэх, төлбөр авагч Хаан банк нь 20.200.000 төгрөгөөр үнэлүүлэх үнийн санал гаргасан бөгөөд ******* нь хэт нэг талыг барьж буюу төлбөр авагчийн үнийн саналд нийцүүлэн 20.303.600 төгрөгөөр үнэлсэн.

******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулсан. Хавтаст хэргийн 44 дэхь хуудсанд *******-иас Б.Наранжаргалд хугацаа заалгүйгээр олгосон итгэмжлэл, Хавтаст хэргийн 150 дахь хуудсанд 2018 оны хэдэн сард үйлдсэн нь тодорхойгүй баллаж зассан Н.Арманд мөн хугацаа заалгүйгээр олгосон итгэмжлэл тус тус авагдсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна хэмээн заасан байна. Б.Наранжаргалын хувьд *******-иас олгосон итгэмжлэл нь хугацаа заагаагүй бөгөөд олгосон өдөр нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон бөгөөд хугацаа заагаагүй тул 1 жилийн хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Энэхүү хүчин төгөлдөр итгэмжлэлээс ******* нь татгалзаагүй бөгөөд хэрэгт татгалзсан талаар баримтаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ирүүлээгүй. Гэтэл Б.Наранжаргалд хурлын тов мэдэгдээгүй хэргийн материал танилцуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Н.Арманд олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал Н.Арманийг хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар дурьдаагүй нь буруу байгаа төдийгүй олгосон итгэмжлэлийн оныг тавьсан боловч сарыг хэдэн сар гэж бичсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлд олгосон он сар өдрийг журмыг зөрчиж олгосон итгэмжлэл тул мөн хуулийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Итгэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлоод зогсохгүй шилжүүлэн өгч байдаг тул иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт тодорхой шаардлагыг хууль тогтоогчоос журамлан зохицуулсан. Н.Арманд олгосон итгэмжлэлийг засч, хар өнгийн бэхээр дарсан хэсгийг шүүх болон хэргийн оролцогчоос 1 сар эсхүл 2 сар гэж тааж, таамаглах боломжгүй юм. Учир нь итгэмжлэлийг олгож байгаа он, сар, өдрөө төлөөлүүлэгч өөрөө тодорхойлох бөгөөд он, сар, өдрийг тодорхой зааснаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байх хугацааг тодорхойлоход шийдвэрлэх үүрэгтэй байна. Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь хөрөнгийн үнэлгээний *******-д холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ******* холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/02368 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх алба нь 4838 дугаартай шүүгчийн захирамж, 758 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргажээ.

Нэхэмжлэгч нарын өмчлөлийн барьцааны зүйл болох амины орон сууц, газрыг битүүмжилж, хураан авчээ.

Л.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг, А.Болд-Эрдэнэ нарын өмчлөлд байдаг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулахаар үнийн саналыг авахад тэд 25.000.000 төгрөгөөр зарах харин төлбөр авагч Хаан банк нь 20.000. 000 төгрөгөөр зарах үнийн саналыг тус тус ирүүлж зохигчид тохиролцож чадаагүй байна.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 017/53/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж, *******-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 20.303.600 төгрөгөөр үнэлж тайлангаа гаргажээ.

Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх ...хариуцагч Орхон аймаг дахь ШШГА нь дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явуулсан байх ба хөрөнгийн үнэлгээний ******* нь үнэлгээг тогтоохдоо Олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлого зардлын хандлагууд болон тэдгээрт тохирох аргуудыг ашиглан Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу тогтоосон байна... гэсэн дүгнэлтийг хийж, *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэнбаяр нь *******-ийг хараат бус, шударгаар үнэлгээг хийгээгүй, мөн ******* нь хэт нэг талыг барьж буюу төлбөр авагчийн үнийн саналд нийцүүлэн 20.303.600 төгрөгөөр үнэлсэн гэж давж заалдсан гомдол гаргасан боловч энэ хэрэг талаарх нотлох баримт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ...үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байтал энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

 

******* нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Наранжаргалыг томилж оролцуулсан ба 2018 оны хэдэн сард өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Арманд итгэмжлэл олгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулжээ. Энэхүү үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй болно.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР