Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01708

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дүгээр шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалтай,

Н.А-ийн нэхэмжлэлтэй

Орхон аймгийн ШШГА-, А Б ХХК-д тус тус холбогдох, 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багийн 8-52 тоот хашаа байшинд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2015 онд Хаан банкнаас 10.000.000 төгрөгний хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. ШШГА- ажиллагаа явуулж үнэлгээний газраар А Б ХХК-г томилж, үнэлгээгээр манай хашаа байшинг маш багаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. А Б ХХК нь 20.303.600 төгрөгөөр тогтоосон. Иймд А Б ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь ШШГА-ны шүүхэд гаргасан тайлбарт: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.А- нараас 9.018.245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159.402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь Салбарт олгохоор шийдвэрлэсэн. Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол, Баянзамын 8-14 тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол өөр очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдал, 2-10 насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр А Б ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 20.303.600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А Б ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: ...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 тоот тогтоолын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын гол 8-р гудамжны 52 тоотод байрлах иргэн Н.А-, Л.Оюунтунгалаг, А.Болд-Эрдэнэ нарын өмчлөлийн 54м2 амины орон сууц, 800м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн ТХҮ-217-24 дугаартай үнэлгээний тайлангаар 20.303.600 мянган төгрөгөөр үнэлсэн. Байрны хэмжилт болон зураг авалтыг тус компанийн Орхон салбарын ажилтан Н.Арман шийдвэр гүйцэтгэгч болон эзэмшигчийг байлцуулан газар дээр нь очиж гүйцэтгэсэн. Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг орон сууц 13.903.600 төгрөг, газар 6.400.000 төгрөг, бүгд 20.303.600 төгрөгөөр үнэлсэн болно. Манай үнэлгээ үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь ШШГА-, А Б ХХК холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/02368 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэргийн 68 дугаар талд Орхон аймгийн ШШГА-ны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 дугаартай “Шинжээч томилох тухай" тогтоол байгаа ба уг тогтоолоор шинжээчээр А Б ХХК-ийг томилсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээ хийхэд хараат бус байх, шудрага байх зарчмыг баримтлахаар заасан. Гэтэл ШШГА- нь шинжээчээр А Б ХХК-ийг шууд заан томилсон бөгөөд тус компани нь хараат бус, шудрагаар үнэлгээг явуулна гэж үзсэн нь ойлгомжгүй юм. Тодруулбал А Б ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа яагаад А Б ХХК-ийг шинжээчээр томилсон талаар тайлбарлаагүй байна. Анх үнийн санал гаргах үед төлбөр төлөгч нар нь хөрөнгийг 27.000.000 төгрөгөөр үнэлүүлэх, төлбөр авагч нь 20.000.000 төгрөгөөр үнэлүүлэх үнийн санал гаргасан бөгөөд А Б ХХК нь хэт нэг талыг барьж төлбөр авагчийн үнийн саналд нийцүүлэн 20 303 600 төгрөгөөр үнэлсэн. А Б ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулсан. Хэргийн 44 дэх талд А Б ХХК-иас Б.Наранжаргалд хугацаа заалгүйгээр олгосон итгэмжлэл, хэргийн 150 дахь талд 2018 оны хэдэн сард үйлдсэн нь тодорхойгүй баллаж зассан Н.Арманд мөн хугацаа заалгүйгээр итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна хэмээн заасан байна. Б.Наранжаргалын хувьд А Б ХХК-иас олгосон итгэмжлэл нь хугацаа заагаагүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон бөгөөд хугацаа заагаагүй тул 1 жилийн хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Энэхүү хүчин төгөлдөр итгэмжлэлээс А Б ХХК нь татгалзаагүй бөгөөд хэрэгт татгалзсан талаар баримтаа 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ирүүлээгүй. Гэтэл Б.Наранжаргалд хурлын тов мэдэгдээгүй хэргийн материал танилцуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Н.Арманд олгосон итгэмжлэл нь хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэрэгт оролцох талаар дурьдаагүй нь буруу төдийгүй олгосон итгэмжлэлийн оныг тавьсан боловч сарыг хэдэн сар гэж бичсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлд олгосон он, сар, өдрийг заах журмыг зөрчиж олгосон итгэмжлэл тул мөн хуулийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл юм. Итгэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлоод зогсохгүй шилжүүлэн өгч байдаг тул хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт тодорхой шаардлагыг хууль тогтоогчоос журамлан зохицуулсан. Н.Арманд олгосон итгэмжлэлийн засч, хар өнгийн бэхээр дарсан хэсгийг шүүх болон хэргийн оролцогчоос 1 сар эсхүл 2 сар гэж тааж, таамаглах боломжгүй юм. Учир нь итгэмжлэлийг олгож байгаа он, сар, өдрөө төлөөлүүлэгч өөрөө тодорхойлох бөгөөд он, сар, өдрийг тодорхой зааснаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байх хугацааг тодорхойлоход шийдвэрлэх үүрэгтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.А- нь Орхон аймгийн ШШГА-, А Б ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/00726 дугаар захирамжаар Н.А-, Л.Оюунтунгалаг нар 9.018.244,97 төгрөгийг Хаан банк ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 8-52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101013885 дугаарт бүртгэгдсэн 54 м2 талбайтай амины орон сууц болон улсын бүртгэлийн Г-2101006043 дугаарт бүртгэгдсэн 800 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг Орхон аймгийн ШШГА- албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, орон сууцны үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 дугаар тогтоолоор А Б ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох А Б XXK нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зардлын болон зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлсэн нь үнэлгээний тайланд тусгагдсан. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо харьцуулбал зохих нөхцлийг бүрэн харгалзаагүй, бодит байдалд нийцээгүй, шударга бус үнэлгээ гарсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул А Б XXK-ийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.

Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж, танилцуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч А Б ХХК-ийн захирал Ч.Жамъянгаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Наранжаргалд /хх-44/, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н.Арманд /хх-150/ компанийг төлөөлөх итгэмжлэлийг тус тус олгосон, эдгээр итгэмжлэл хуульд нийцээгүй гэх үндэслэлгүй, төлөөлөгч хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ.

Хариуцагчид хэргийн баримт танилцуулсан болон шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагчийн зүгээс энэ талаар гомдол гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн олгосон итгэмжлэл болон шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байдлын талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00419 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ