Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00419

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2018/00419

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** тоотод оршин Н.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг ** тоотод байрлах А  ХХК нарт хариуцагдах

Үнэлгээ болон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч ШШГА-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , хариуцагч А  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багийн ** тоот хашаа байшинд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2015 онд Хаан банкнаас 10 000 000 төгрөгний хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж үнэлгээний газраар А  ХХК-г томилж, үнэлгээгээр манай хашаа байшинг маш багаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. А  ХХК нь 20 303 600 төгрөгөөр тогтоосон байх ба би хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд А  ХХК-ний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг дахин гаргуулж өгнө үү, уг үнэлгээг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулсан гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шуүгчийн захирамжаар Л.О , Н.А нараас 9 018 245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159 402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь Салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хаан банкнаас төлбөрийн үлдэгдэл 8 835 650 төгрөгийг албадан гаргуулахаар тус албатай зардал урамшуулалын гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Л.Г  нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот битүүмжлэх актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянзамын ** тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол өөр очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдал, 2-10 насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч уүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр А  ХХК-нийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 20 303 600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул Н.А , Л.О  нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А  ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 017/53/01 тоот тогтоолын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын гол ** тоотод байрлах иргэн Н.А , Л.О , А.Б нарын өмчлөлийн 54м2 амины орон сууц, 800м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн ТХҮ-217-24 дугаартай үнэлгээний тайлангаар 20 303.6 мянган төгрөгөөр үнэлсэн. Байрны хэмжилт болон зураг авалтыг тус компанийн Орхон салбарын ажилтан Н.А  шийдвэр гүйцэтгэгч болон эзэмшигчийг байлцуулан газар дээр нь очиж гүйцэтгэсэн. Барилгын үнэлгээг хийхдээ зардлын болон зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг ашиглан үнэлсэн.

1. Зардлын хандлагаар үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн өсөлтийн, тээврийн зай, байгалын хүчин зүйлийн тохируулга итгэлцүүрийг хэрэглэн өсгөж барилгын ашиглалт, чанар байдал, засвар сайжруулалт, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг харгалзан зохих коэффицентоор зохицуулалт хийж барилгын нөхөн сэргээх өртөг тооцож үүнээс ашиглагдсан хугацааны биет элэгдлийг хасаж өнөөгийн үнэлгээг тогтоосон. Нийт нөхөн сэргээгдэх өртөг 17 341.1 мянган төгрөг үүнээс 9 жил ашигласан хугацааны биет элэгдэл 4 335.3 мянган төгрөгийг хасч өнөөгийн үнэ цэнийг 13 005.8 мянган төгрөгөөр тооцсон.

2. Зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэхдээ Орхон аймаг Баян- Өндөр сум Рашаант багт байршилтай 2014 онд ашиглалтад орсон мансардтай, нам даралтаар халдаг, балкаар барьж тоосгоор өнгөлсөн 80 м2 талбайтай 2016 онд 27 000 000 төгрөгөөр худалдан борлуулагдсан орон сууцны барилгыг жишиг болгон авсан. Энэхүү жишиг болгон авсан барилгаас үнэлгээ хийж байгаа барилга нь ердийн халаалтай, мансардгүй нэг давхар дүнзээр барьсан. Ашиглалтад орсон 2008 он зэрэг ялгаатай байдлуудад итгэлцүүр хэрэглэн хасаж 14 801.4 мянган төгрөгөөр үнэлж 2 аргаар үнэлсэн үнэлгээг ач холбогдлын түвшингээр адил гэж үзэж тус бүрийн үнийн дүнгийн тавь тавин хувиар тооцож 13 903.6 мянган төгрөгөөр үнэлсэн. Газрын үнэлгээг хийхдээ: Засгийн газрын 1997 оны 152-р тогтоолын 2-р хавсралтаар баталсан хот, тосгон, бусад суурийн газрын зэрэглэл тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээг Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234-р тушаалаар баталсан газрын дуудлага худалдааны анхны үнэ тогтоох итгэлцүүр ашиглан тооцож 6 400.0 мянган төгрөгөөр үнэлсэн. Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг орон сууц 13 903.6 мянган төгрөг, газар 6 400 000 төгрөг, бүгд 20 303.6 мянган төгрөгөөр үнэлсэн болно. Иймд манай үнэлгээ үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь хөрөнгийн үнэлгээний А  ХХК-д холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан.

Хариуцагчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/00726 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Н.А , Л.О  нар эвлэрсэн тул Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь тус шүүхийн шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр олгосон 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2016/04838 дугаартай захирамж, 758 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-д заасан журмын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн барьцааны зүйл болох амины орон сууц, газрыг битүүмжилж, хураан авсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16140947 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 16-53-04 дугаар акт, тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан тухай 17-53-01 дугаар акт, тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Л.А , Л.О , А.Б  нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол ** тоот хаягт байрлах 800 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-2101006043 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 54 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй амины орон сууцны үнийн саналыг авахад төлбөр төлөгч нар 25 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр авагч Хаанбанк ХХК нь 20 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлж талууд тохиролцоогүй тул хариуцагч Орхон аймаг дахь ШШГА нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 017/53/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж, А  ХХК-г шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 20 303 600 төгрөгөөр үнэлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үнэлгээ танилцуулсан тухай мэдэгдэх хуудас, үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол ** тоот гэсэн гэрчилгээтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө битүүмжилж, хураасан актанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баянзам ** тоот хаягтай гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч улсын бүртгэлийн дугаарууд ижил байгааг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Орхон аймгийн ШШГА нь А  ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-217-24 дугаартайүнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 17-53-01 дугаартай мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн ...жич: 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...үнэлгээг танилцуулсан болно гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт ...А ийн гарын үсгийн загваруудтай тохирно гэснээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... А  ХХК-ний үнэлгээ хэт багаар тогтоогдсон, манайтай ижил төстэй хөрөнгө 28 саяд зарагдсан гэж байх боловч энэ талаар холбогдох нотлох баримтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн аль тогтоолыг хүчингүй болгох талаар нэмэлт тайлбар ирүүлээгүй энэ талаар мэтгэлцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ...үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.

Хариуцагч Орхон аймаг дахь ШШГА нь дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явуулсан байх ба хөрөнгийн үнэлгээний А  ХХК нь үнэлгээг тогтоохдоо Олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлого зардлын хандлагууд болон тэдгээрт тохирох аргуудыг ашиглан Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу тогтоосон байна.

Иймд хариуцагч Орхон аймаг дахь ШШГАлба, А  ХХК-д холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М  эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүх хуралдааны тов авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, А  ХХК холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчН.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/02368 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилантөлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ