Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00099

 

 

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Оюунгэрэлд холбогдох,

Өрлөг зэлмэ ХХК-ийг худалдаж авсны үнэ 39.273.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ч.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Уранчимэг нь иргэн Ч.Оюунгэрэлээс Өрлөг Зэлмэ ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 190.000.000 төгрөгөөр худалдан авах болж Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.Оюунгэрэлд компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан. Өрлөг Зэлмэ ХХК-ийн Уурхайчин багийн 13-р байрны хойд талд байх дэлгүүрийн зориулалттай 40.0 м.кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн. Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Ганбаатар овогтой Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА Рrius маркийн тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөнд тооцон Ч.Оюунгэрэлийн хүсэлтээр түүний хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд дансаар 29.427.300 төгрөгийг шилжүүлсэн. Ч.Оюунгэрэл нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул Ч.Оюунгэрэлээс 39.273.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50.00000 төгрөгний зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.Оюунгэрэл мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37.990.000 төгрөгийг Ч.Оюунгэрэл нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38.140.000 төгрөгний төлбөрийн шийдвэр очсон байгаа гэжээ.

Хариуцагч Ч.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн Д.Уранчимэгтэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу Өрлөг Зэлмэ ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12.700.000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг Д.Уранчимэгт шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 20 сая орчим төгрөгний үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт Д.Уранчимэгт шилжүүлсэн. Д.Уранчимэг Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 дугаар 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9.787.300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10.500.000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016 оны 08 дугаар сарын 23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна. Д.Уранчимэг нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151.572.700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү дэлгүүрийг буцаан өгөхөөр болж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15.000.000 төгрөгийг буцааж авахгүй гэж Д.Уранчимэг өөрөө хэлсэн бөгөөд приус автомашины хувьд миний бие буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Д.Уранчимэг нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орлого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг Д.Уранчимэг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан. Хэдий Д.Уранчимэг нь дэлгүүрийг буцааж өгнө гэж компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд Д.Уранчимэг энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа. Д.Уранчимэг нь нэхэмжлэлдээ миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50000000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.Оюунгэрэл мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгийг Ч.Оюунгэрэл нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл миний бие Д.Уранчимэгийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчхаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь Д.Уранчимэг биш миний бие гэдгийг харуулж байна. Д.Уранчимэг нь Хас банкинд Өрлөг Зэлмэ ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа Хас банкны барьцаанд байгаа гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн Д.Уранчимэг нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас Д.Уранчимэгт ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл Д.Уранчимэг нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй буюу Д.Уранчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.6, 205.7, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уранчимэгийн хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан 39273000 /гучин есөн сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354315 /гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 заалт буюу Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулагчийн шийдвэр шаарддаг уг шийдвэрийг нь нэхэмжлэгч өгөөгүй учир компанийн эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа талаар дурджээ. Гэвч компанийн тамга тэмдэг болоод холбогдох баримт сэлт, үл хөдлөх хөрөнгийг буцаан хариуцагч хүлээн авсан бөгөөд Д.Уранчимэгт тус компанитай холбоотой ямар ч эрх хэмжээ шийдвэр гаргах эрхгүй эрхээ шилжүүлсэн 2017.04.14-ний нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ байдлыг үнэлээгүй уг дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Мөн тухайн компанийн эрхийг шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад хандахад компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр шаардсан эсэх талаарх баримтыг хариуцагч нотлоогүй. Учир нь Улсын бүртгэлд компанийн эрх шилжүүлэх , өөрчлөлт оруулах хүсэлтийг хариуцагч гаргасан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Компанийн хувьцааг худалдах худалдан авах эрхээ буцаан өөртөө хариуцагч шилжүүлэн авсан асуудалд Иргэний хуулийн 113-р зүйл, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль Улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалтыг анхаараагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдуулан Өрлөг зэлмэ ХХК-ийг худалдаж авсны үнэ 39.273.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.6, 205.7, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уранчимэгийн хариуцагч Ч.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан 39.273.000 /гучин есөн сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг хариуцагч Ч.Оюунгэрэл нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Өрлөг зэлмэ ХХК-ийг 190.000.000 төгрөгөөр зээлээр худалдахаар амаар тохиролцсоны дагуу компаний захирлаар Д.Уранчимэг бүртгэгдэж, Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойно байрлах 40 м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м2 талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус Д.Уранчимэгт шилжүүлэн өгчээ.

Д.Уранчимэг Өрлөг зэлмэ ХХК-ийг худалдан авсаны төлбөрт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.500.000 төгрөгт тооцож 18-39 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Ч.Оюунгэрэлийн хүргэн дүү Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлжээ.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9.787.300 төгрөгийг Ч.Оюунгэрэлийн Вишнфанд ББСБ-ын зээлийн төлбөрт, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ч.Оюунгэрэлийн Хаан банкны 5094105112 дугаартай дансанд 140.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Ч.Оюунгэрэлийн Хаан банкны 5090616266 дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь Өрлөг Зэлмэ ХХК-ийг худалдан авахаар болж гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээнээс татгалзан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Ч.Оюунгэрэлтэй компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг хулдалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хийжээ.

Компанийн үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд Өрлөг Зэлмэ ХХК-ийн захирлаар Далайжаргал овогтой Уранчимэг 2016 оны 05 дугаар сарын 17 ны өдөр бүртгэгдсэн бөгөөд дахин өөрчлөлт ороогүй байх тул тухайн компанийг хариуцагч Ч.Оюунгэрэлд буцаан өгсөн тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хас банкны Эрдэнэт салбараас 50.000.000 төгрөгийг 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойно байрлах 40 м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, оффис, 80 м2 талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тавьжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Хас банк тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсанаар Хас банк зээлдэгч Д.Уранчимэг, Г.Манлайбаяр нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарчээ.

Шүүх хэргийг ...нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Д.Уранчимэг нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах эрх шилжүүлж байгаа компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ нь хууль болон гэрээнд заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна... гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Уранчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.315 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.315 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР