Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00803

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00803

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдэл 838 547 911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

гэрээний алдангид 471 654 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу учирсан хохиролд 48 965 807 төгрөг, түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 312 887 400 төгрөг, нийт 833 507 207 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Р.Тулга,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Батзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Цогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг 3амын-Үүд суманд улс хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг хариуцагч Б ХХК-тай байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу манай компани захиалагч Б ХХК-ийн 600 000 000 төгрөг буюу 33,5 хувийн, компани өөрийн болон зээлийн 1 189 700 000 төгрөг буюу 66,7 хувийн санхүүжилтээр 2013 оны 8-10 дугаар сарын хооронд 1 789 733 352 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болно.

Захиалагч Б ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2012, 2013 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан байгаа боловч нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн манай компанид авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгч, манай компанид өгөх ёстой 1,2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар өөр төсөлд зарцуулан туслан гүйцэтгэгч манай компанийг хохироосон.

Мөн уг ажлыг Зам тээврийн болон Аж үйлдвэрийн яам нь концессын гэрээгээр өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж Б ХХК нь 2016 оны 5 дугаар сард Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэж өгөхдөө 2 835 000 000 төгрөгийн гүйцэтгэлээр тооцон хүлээлгэж өгсөн байдаг. Манай компани гүйцэтгэлээ Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан болно. Б ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд 2013 оны 9 дүгээр сарын 2 247 424 410 төгрөгийн гүйцэтгэл болон 2016 оны 5 дугаар сард Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэж өгөхдөө гаргасан 2 835 000 000 төгрөгийн гүйцэтгэлээ ч мөн дээрх дүрмийн дагуу гаргаж санхүүжилтийн тооцоогоо хийсэн байдаг.

Б ХХК нь манай компаниар гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 1 789 733 352 төгрөгөөс 2013 онд 600 000 000 төгрөг, 2014 оноос хойш 155 000 000 төгрөг, Ландкрузер 200 маркийн авто машиныг 195,94 сая төгрөгийн санхүүжилтэнд тооцож, нийт 951 185 441 төгрөгийн санхүүжилт өгсөн.

Хариуцагч нь 2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ хийхдээ 2009 оны 263 дугаар тушаалыг баримтлан гэрээ хийсэн ба үүний дагуу тооцож хөлс төлөх ёстой гэж биднийг хохироож байна. Гэрээний 4.1-д зааснаар 1,2 тэрбум төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ба мөн 6.2, 7.2.2-т зааснаар 14 хоногийн дотор гүйцэтгүүлсэн ажлынхаа төлбөрийг төлөөгүй.

Бэсгэ ХХК-ийн дүгнэлтээр 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу 1,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Барилгын төсөвчдийн холбооны шинжээчид нь хүчингүй болсон норм дүрмийг үндэслэж дүгнэлтийг гаргасан ба Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дахь хавсралтыг үндэслэл болгосон гэсэн байна. Энэ тушаал нь 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар хүчингүй болсон байна.

Иймд хариуцагч Б ХХК-иас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын үлдэгдэл болох 838 547 911 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бридж констракшн" ХХК тендерийн ажилдаа эд хөрөнгөө барьцаалсан, Хаан банк ХХК-д зээлийн төлбөр төлж байгаа гэх гүйцэтгэлийн баталгаа зэрэг нь Т ХХК-д хамааралгүй, гэрээ байгуулах явцад гүйцэтгэлийн баталгааны асуудал гэрээнд тусгагдаагүй, нэхэмжилж байгаа алданги, бусад төлбөр нь үндэслэлгүй байна.

Ерөнхий гүйцэтгэгч Б ХХК захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээнээс үүсэх үүргээ өөрөөсөө зайлуулж, туслан гүйцэтгэгчид уг үүргийг шилжүүлэх сонирхолтой байгаа нь гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн байдлаас харагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгч захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ажлыг гүйцэтгэх тендертээ техникийн тодорхойлолт, үзүүлэлтэд тусгасан эд зүйлсээ болох сапутыг туслан гүйцэтгэгч компанид түрээслэн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй юм.

Гэрээнд заасан ажлыг хугацаанд нь дуусгаагүй нь манай компанийн зүгээс огт шалтгаалаагүй. Гэрээнд гүйцэтгэгчийн өөрийн хөрөнгөөр хийсэн ажлын санхүүжилтийг 14 хоногийн дотор өгнө гээд заасан байгаа. Гэтэл 4,5 жил болоход өгөөгүй. Тиймээс гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Б ХХК, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээтэй холбогдсон маргаан биш. Тиймээс барьцааны хүү, алдангийн асуудал манай компанид ямар ч хамааралгүй юм.

Барилгын тулаас төмөр нэгийг ч хүлээж авч, хэрэглээгүй. Б ХХК манайхаас өмнө өөр туслан гүйцэтгэгч сонгоод тэр нь 2012 онд ямар ч ажил хийгээгүй учраас 2013 онд манай компанийг сонгосон. Тэр компаниар ажил гүйцэтгүүлэхдээ тодорхой хэмжээний тулаас төмрүүдийг талбай дээр авч ирсэн байсан. Тэр төмрүүд нь манай гүйцэтгэх ажлын шаардлагыг хангахгүй байсан. Манай ажилд 4,5-аас 6 метрийн урттай тулаас төмрүүд шаардлагатай учраас бид хэрэглээгүй. Гэтэл өмнө авчирч тавьсан байсан тулаас төмрүүд нь 2,4-өөс 2,8 метрийн урттай байсан учраас бид нэг ч ширхэгийг хэрэглээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6 116 534 487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын зарим хэсгийг буюу барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр Б ХХК нь Т ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Т ХХК нь гэрээний дагуу зорчигч тээврийн автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилгын барилга угсралтын ажлыг хийх үүргийг хүлээсэн. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт үнийг 4 716 540 000 төгрөг байхаар тохиролцсон ба гэрээний 5.2-т зааснаар ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчиж тогтоосон хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй.

Дээрх гэрээний дагуу Т ХХК нь 4 давхар автовокзал болон 3 давхар агуулахын барилга угсралтын ажил, дотоод заслын ажлыг бүрэн дуусгах ёстой байсан боловч ердөө барилга тус бүрийн нэг давхрын карказын ажлын зарим хэсгийг хийсэн. Т ХХК-ийн хийсэн дутуу ажлуудын нарийвчилсан тоо хэмжээг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн.

Б ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний төсөв болох 6,1 тэрбум төгрөгийн ажлын төсвийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч талуудын байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл, манай компанийн яамтай байгуулсан болон Т ХХК-тай байгуулсан гэрээ нь нэг ижил төсвөөр бодогдож байгаа болно. Гэрээний хавсралт болсон дээрх төсөвт Т ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн зааж тэдгээрт шаардлагатай шууд болон шууд бус зардлыг бодох аргачлалыг мөн тохиролцсон.

Б ХХК-ийн зүгээс Т ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг төсөвт заасан үнэлгээний дагуу тооцоход нийт 961 730 031 төгрөгийн зардал гарсан байх ба автовокзалын барилга 620 800 536 төгрөг, агуулахын барилга 340 929 494 төгрөгөөр зардал нь хуваагдаж байна. Б ХХК-ийн зүгээс гэрээ болон төсвийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болох 961 730 031 төгрөгийн зардлыг Т ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Харин Т ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үнэлгээг өндөрсгөх, гэрээгээр тохирсноос өөр материалын үнэ нэхэмжлэх зэргээр автовокзалын барилгыг 586 094 661 төгрөгөөр, агуулахын барилгыг 273 816 854 төгрөгөөр тус тус өсгөж биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээний 5.2-т заасан хугацаанд Т ХХК барилгын ажлыг хийж дуусгаагүй. Түүнчлэн гэрээний 8.2.12, 9.1.1-д заасан ажлын гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам захиалагчид бэлтгэн хүргүүлэх өгөх үүргээ зөрчиж ажлын явцын талаар бидэнд огт мэдээлж байгаагүй, нэг ч удаа ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй, түүгээр зогсохгүй хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөөгүй.

Т ХХК гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх ёстой байсан боловч манай компанийн зүгээс гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөрийг ажил дуусахаас өмнө шилжүүлж тус компанид үүргээ гүйцэтгэх боломжийг бүрэн олгосон. Гэвч Т ХХК нь дээрх байдлаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас ерөнхий захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас манай компанитай байгуулсан барилга угсралтын гэрээг цуцалсан ба манай компанийн нэр хүнд болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байна.

Иймд гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь графикт ажлын хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх-өөр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу хугацаа хэтэрсний алдангийг тооцоолж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 538 815 173 төгрөг болж байна. Гэрээний 4.4-т алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул Т ХХК нь Б ХХК-д нийт 471 654 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн Т ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Б ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банкинд барьцаалж, сар бүр банкинд төлбөр төлж хохирсон. Тодруулбал, манай компани нь ерөнхий захиалагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахдаа Хаан банкинд дээрх хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан. Т ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас одоог хүртэл гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөөгүй ба үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 48 965 807 төгрөгийг Хаан банкинд төлсөн. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх хүртэл даашид ч дээрх төлбөрүүд сар бүр төлөгдөж хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна.

Т ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор тулаас төмөр байгаагүй учир манай компанийн өмчлөлийн тулаас төмрийг хоногийн 25 төгрөгөөр түрээсээр ашиглах тухай саналыг Бридж Консракшн ХХК-д ирүүлсэн. Бид гэрээний 5.2-т заасан гэрээт ажлыг бүрэн дуусгах хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4332 ширхэг барилгын тулаас төмрийг гэрээний хугацаанд ашиглуулахаар Т ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээний хугацаа дууссанаас хойш манай өмчлөлийн 4332 тулаас төмрийг нэхэмжлэгч хүлээлгэж өгөөгүй, төлбөрийг төлөөгүй. Манай компани гэрээний хугацаанд 4332 ширхэг тулаас төмрийг нэг хоногийн 40 төгрөгөөр түрээслүүлэхэд 312 887 400 төгрөгийн ашиг олох боломжтой байсан.

Иймд Т ХХК-иас гэрээний алдангид 471 654 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу Б ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48 965 807 төгрөг, барилгын тулаас төмрийг түрээслүүлж олох байсан орлого болох нийт 312 887 400 төгрөг, нийт 833 507 207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны захиалгатай, улс хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 838 547 911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-ийн нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний алдангид 471 654 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу Б ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48 965 807 төгрөг, барилгын сапутыг түрээслүүлж олох байсан орлого 312 887 400 төгрөг, нийт 833 507 207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 350 690 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 483 437 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Талууд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, дүрэм, журмын дагуу буюу Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай "Барилгын норм ба дүрэм батлах тухай" тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргаж тооцоод "Бридж констракшн" ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлсний үлдэгдэл 838 547 911 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх зохигчдын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан нормын дагуу барилгын ажлын санхүүжилтийг тооцон гэрээний үнийг тохирсон нь гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Аливаа хуулийн этгээдүүд нь ажил хэргээ явуулахдаа, гэрээ хэлцэл байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудад нийцүүлэх үүрэгтэй атал шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэм журмыг бус зохигчдын хооронд тохиролцсон тохиролцоог илүүд үзэж шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хэргийн баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2/1529 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, гэрч П.Дэлгэрнаран, Б.Мөнхгарьд нарын мэдүүлэг, Хууль зүйн, дотоод хэргийн яамны лавлагааны хуудас зэргийг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо "...алдангийн хэмжээг гэрээний 4.4-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар шууд тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтын зохицуулалтад нийцэхгүй байхын зэрэгцээ Т ХХК-н буруутай ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний 4.4-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаас хэтрээгүй.

Түүнчлэн Т ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүйгээс Б ХХК нь банкинд cap бүр зээлийн шимтгэл төлж хохирсон. Хэрвээ Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бол Б ХХК нь банкинд зээлийн шимтгэл төлж хохирохгүй байсан тул Б ХХКучирсан хохирол мөн. Тиймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Т ХХК нь Бридж Контракшн ХХК-аас 4332 ширхэг тулаас төмрийг барилгын ажилд авч ашиглаж байснаа үгүйсгэж чаддаггүй. Түүнчлэн барилга угсралтын ажилтай холбоотойгоор газар дээр нь очиж үнэлгээ хийсэн Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр барилгын тулаас төмөр нь барилгад ашиглагдаж байгаа болох нь нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 838 547 911 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний алдангид 471 654 000 төгрөг, учирсан хохирол буюу, гүйцэтгэлийн баталгааны төлбөр 48 965 807 төгрөг, барилгын тулаас төмрийг түрээслүүлж олох байсан орлого 312 887400 төгрөг, нийт 833 507 207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газар нь хариуцагч Б ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж, гэрээний нийт дүн нь 6 116 536 489 төгрөгийг санхүүжүүлэхээр, барилга угсралтын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалт оруулахаар тохиролцсон байна. /1хх 86-87 дахь тал/

 

Б ХХК нь дээрх ажлыг туслан гүйцэтгүүлэхээр Т ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний зүйл нь зорчигч тээврийн автовокзалын барилга угсралт, гаалийн баталгаат агуулахын барилга угсралт, гадна тохижилт, гадна лифт, урсдаг шатны ажил болон ажил хийх явцад буулгасан бусад зүйлсийг нөхөн сэргээх ажил байх бөгөөд Т ХХК нь уг ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, гэрээний үнэ 4 716 540 000 төгрөг, гэрээний дүнд техник хяналтын зардал, нормчлолын сан, магадлашгүй ажлын зардлын дүн болон НӨАТ орсон, гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр хийхээр тус тус харилцан тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх 28-32 дахь тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Замын-Үүдийн олон улсын автовокзалын барилга, агуулахын ажлын гүйцэтгэлийн чанар, тоо хэмжээ болон Т ХХК-аас Б ХХК-д 2013 оноос 2017 он хүртэлх хугацаанд санхүүжилтэд 951 185 441 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин ажлын гүйцэтгэлийн хөлсийг тооцохдоо баримтлах журмыг нэхэмжлэгч тал Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмээр, хариуцагч тал Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан нормын дагуу барилгын ажлын санхүүжилтийг тооцно гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт гүйцэтгэгчийн үнийн санал, төсөв, ажил гүйцэтгэх календарьчилсан график төлөвлөгөө, төлбөрийн нөхцөлүүд буюу санхүүжилтын хуваарь нь гэрээний салшгүй хэсэг байна гэж тусгасан. Хариуцагч нь гүйцэтгэгчийн санал, төсөв мөнгө нь гэрээний салшгүй хэсэг гэж тайлбарласан боловч талууд энэ талаар тодорхойлсон гэрээний хавсралт, баримт бичиг үйлдээгүйгээс гадна энэ тохиролцооны гүйцэтгэгч гэдэг нь хариуцагч тал гэж ойлгогдохооргүй байна. /1хх 28-32 дахь тал/ Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг болно гэсэн хариуцагч Б ХХК-ийн тайлбар үндэслэлгүй.

 

Гэрээний 4.1 дэх хэсэгт Гэрээт ажлын нийт үнэ 4 716 540 000 төгрөг байна. Гэрээний үнэд техникийн хяналтын зардал, нормчлолын сан, магадлашгүй ажлын зардлын дүн болон НӨАТатвар орсон болно. Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтыг гүйцэтгэлээр хийнэ. Ажил дуусаж комисст хүлээлгэн өгсний дараа 10 хувьтай тэнцэх санхүүжилтыг өгнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь өөрийн хийсэн ажлын гүйцэтгэлийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмээр тооцож 1 789 733 352 төгрөгөөр тодорхойлсон.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шинжээчээр Бэсгэ ХХК, Барилгын төсөвчдийн холбоог томилж, Бэсгэ ХХК-ийн дүгнэлт 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гарч, гүйцэтгэсэн ажлын зардлыг 1 832 844 440 төгрөгөөр /2хх 183-217 дахь тал/, Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарч, гүйцэтгэсэн ажлын зардлыг 926 666 911 төгрөгөөр /3хх 36-59 дэх тал/ тус тус тодорхойлжээ.

 

Шинжээч Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт нь хэрэгт авагдаагүй гэрээний хавсралт гэх баримтыг дурдаж, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай тушаал, Барилгын төсөв зохиох БНбД(IV) 81-2-98 зааврын дагуу тооцсон. Харин шинжээч Бэсгэ ХХК-ийн дүгнэлт нь ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж үзлэг хийж, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын ажлын тоо хэмжээ бодох заавар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсөвт зохиох дүрэм БНбД /81-95-12/-ийг баримталж, дүгнэлтийг дэлгэрэнгүй, тодорхой тайлбарласан байна.

 

Гэрээний талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн, Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар маргаагүй. /1хх 38-39 дэх тал/

 

Хариуцагч Б ХХК нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд 2 809 439 236 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч тооцоо нийлсэн /3хх 226-228 дахь тал/.

 

Б ХХК нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд ажлыг хүлээлгэн өгөхдөө гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний жагсаалтыг гаргажээ. /3хх 181 дэх тал/

 

Б ХХК болон Т ХХК-ийн хоорондын ажил хүлээлцсэн акт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Б ХХК-ийн хооронд ажил хүлээлцсэн актуудад дурдсан ажлуудын тоо, хэмжээг харьцуулан дүгнэвэл хариуцагч Б ХХК-ийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгсөн ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь дийлэнх хэсгийг эзэлж буй тул нэхэмжлэгчийн тайлбар болох ажлын гүйцэтгэлийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаар тушаалаар батлагдсан дүрмийг баримталсан гэх тайлбар илүү үндэслэлтэй байна. /1хх 38-39, 3хх 181, 226-228 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай Барилгын норм ба дүрэм батлах тухай тушаалаар батлагдсан дүрэм, журмыг баримтлан 1 789 733 352 төгрөгөөр тодорхойлж, үүнээс санхүүжилтээр шилжүүлсэн 951 185 441 төгрөгийг хасч үлдэх 838 547 911 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Гэрээний 4.3-т Гүйцэтгэгч нь графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө, 4.4-т Гүйцэтгэгчийн графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид төлөх төлбөрийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасныг үндэслэн Т ХХК-иас алдангид 4 716 540 000 төгрөгийн 10 хувь болох 471 654 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Захиалагч тал ажлын хөлсийг гүйцэтгэлийн төсвөөр, гүйцэтгэлийн үе шатаар төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй. Захиалагч тал Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй юм.

 

Мөн Т ХХК нь гэрээний үүргээ зөрчсний улмаас Б ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банкинд барьцаалж, сар бүр банкинд төлбөр төлснийг хохиролд тооцон 48 965 807 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх зээлийн авсан үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь Б ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкнаас 305 826 825 төгрөгийн зээл авч ажил гүйцэтгэх гэрээнд зарцуулсан гэж хариуцагч тайлбарласан. Зээлийн гэрээ, гүйцэтгэлийн баталгаа нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс хугацааны хувьд өмнө нь байгуулагдсан тул дээрх гэрээтэй холбоогүй юм. /1хх 62, 3хх 154/

 

Б ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Т ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 4332 ширхэг тулаас төмрийг ашиглуулахаар хүлээлгэн өгснөө нотлоогүй, тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Шүүх хуралдааны шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь шүүгчээс татгалзах нэхэмжлэгчийн хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд дээрхи агуулгаар буюу шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно заасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 838 547 911 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж,

3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Б ХХК-аас 4 350 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 350 690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 325 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА