Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00034

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00034

 

 

М.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 102/ШШ2017/03015 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарт холбогдох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 14А байрны 40 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч Ш.Байгалмаа гэгч хууль бусаар хуурамч гарын үсэг зурах замаар намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 565 дугаартай шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөс М.Өлзийсайханыг хассан 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Байгалмаагийн гэрлэлт цуцлах шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Мянгад овогт Мягмаржавын Өлзийсайхан, Боржигон овогт Шаравын Байгалмаа, Боржигон овогт Байгалмаагийн Ариунболд нарыг бүртгэсэн. Иймээс уг орон сууцнаас надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Байгалмаа болон Б.Ариунболд нарын гаргасан тайлбарт: Энэ байрнаас ногдох хэсгийг өгөх боломжгүй. Би хүүдээ мэдэгдэхгүй түүний гарын үсгийГ хуурамчаар зураад, М.Өлзийсайханы нэрийг оруулсан нь үнэн. Бид хамтдаа амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. Уг орон сууц миний эцгээс надад өвлөгдөж ирсэн. Шүүхэд хандаж, хүүгийнхээ гарын үсгийг хуурамчаар зурснаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх баталж шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн газарт хандаж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэрт гомдол гаргаагүй. Учир нь би хүндээр өвдсөн байсан тул учрыг нь сайн ойлгоогүй. Хэрэгт авагдсан баримтуудын дагуу нэхэмжлэгчид ногдох хувь өгөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Мянгад овогт Мягмаржавын Өлзийсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Байгалмаагийн Ариунболд, Боржигон овогт Шаравын Байгалмаа нарт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 14-А байрны 40 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 29 866 667 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн дутуу 237 083 төгрөгийг төлж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 307 283 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Өлзийсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлолийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

Хариуцагч нар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд, нэхэмжлэгчийг тус байрны хамтран өмчлөгчөөс хасуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00152 дугаартай шийдвэр гарсан байхад үүнийг анхаарч шийдвэрлээгүй.

Шүүгч шүүх хуралдаан эхлэхээс шүүгчийн ёс зүйд баймааргүй ёс зүйгүй үйлдэл гаргаж хариуцагч талтай хүндэтгэлгүй харьцаж, шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хандсан уу, өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байна гэх мэтээр дайрч давшилж байсан нь улмаар "гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч гэж үзээд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 129.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Д.Нямлхагвын дээрх байрны зах зээлийн өнөөгийн ханш 89 600 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг үндэслэн, 89 600 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж, нэг хүнд ногдох хувь буюу 29 866 667 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрсэн нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ариунболдын зөвшөөрөлгүйгээр түүний өвөг эцгээс өвлөгдөн ирсэн байранд Б.Ариунболдын гарын үсгийг хуурамчаар зурж, хамтран өмчлөгчөөр орсон бөгөөд өмнө нь маргаан бүхий байрны өмчлөгч биш байсан нэхэмжлэгч этгээдийн эрхийг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл хариуцагч нарт ч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00152 дугаартай шийдвэрийг гаргасан шүүгчид ч байгаагүй гэдэг нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууц анхнаасаа нэхэмжлэгчийнх байгаагүй, нэхэмжлэгч нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй, энэ байдлаа ч нотлох үүргээ биелүүлээгүй, нотлогдохгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Өлзийсайхан нь хариуцагч Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14А байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх маргаан бүхий орон сууцыг талуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Маргааны зүйл болсон Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14А байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Өлзийсайханыг нэмж оруулсан 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар хэрэгт Ш.Байгалмаагийн М.Өлзийсайханд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэр,

Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарын М.Өлзийсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15040 дугаартай захирамж, Б.Ариунболдын Ш.Байгалмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай захирамж тус тус авагдсан байна.

 

Дээрх шийдвэрүүд нь шийдлийн хувьд өөр агуулгатай байхад шүүх тодруулалгүй, зохигчдыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэрт гомдол гаргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар магадлалаар 565 дугаартай дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн талаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15040 дугаартай захирамжид дурдсан байх бөгөөд уг магадлал хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Зохигчид хамтын амьдралтай байх үедээ орон сууцанд өргөтгөл барьсан гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өргөтгөлийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож орон сууцны өмчлөгч нарт хуваарилагдах хөрөнгийн үнэ, хэмжээ тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар зохигч тус бүрт ногдох хөрөнгийн хэмжээг тодорхойлсон нь буруу байна.

 

Маргааны зүйл болох орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд уг орон сууцны өргөтгөлийн үнэлгээг оруулаагүй учраас орон сууцны үнэ бодитой тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Шүүх шинжээчийн дүгнэлт дутуу гарсан тохиолдолд дахин шинжээч томилох эрхтэй бөгөөд уг ажиллагааг хийлгүй эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 102/ШШ2017/03015 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Байгалмаа, Б.Ариунболд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ