Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 104

 

“Х-И” ХХК-ийн гомдолтой,

ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч            Б.Мөнхтуяа,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                     Д.Мөнхтуяа,

                                                     Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай ТУБ нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0909 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, П.Галмандах, хариуцагч Ц.Энхбаатар, Н.Болорчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Ц.Тогосмаа нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0909 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 25 дугаар зүйлийн 251.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х-И” ХХК-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай ТУБ-нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Учир нь хариуцагч болох ТУБ-Ц.Энхбаатар, Н.Болорчимэг нар нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6, 12.1.9, 12.1.21, 12.1.24 дэх заалтуудыг зөрчсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.9, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалыг тус тус зөрчсөн, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг зөрчсөн, 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил гаргасан гэж үзээд торгууль, алданги оногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1, 58.1.2, 58.1.3, 58.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн, мөн 2014, 2015 оны татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоогүй гэж үзэн нөхөн төлүүлэхээр 48,146,770.56 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх” шийтгэл оногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3-т заасныг зөрчсөн.

4. Давж заалдах шатны шүүхээс “...зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулснаар татварын улсын байцаагчаас нэмж цуглуулах баримт байхгүй, үүнтэй холбогдуулан нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин эхнээс нь явуулах нь ач холбогдолгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд зөрчлийн хэрэг нээж дахиж эхнээс нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг шаардсан, хүссэн зүйл огт гаргаагүй бөгөөд асуудлын гол учир нь хариуцагч нар үнэхээр татварын иж бүрэн шалгалтыг иймэрхүү байдлаар хайнга явуулсан, дээр дурдсанчлан нэлээдгүй хуулийг татварын улсын байцаагчид зөрчсөн асуудал байсаар атал өөрсдийнхөө бодсоноор, хууль хэрэглэхдээ хялбаршуулсан нь буруу бөгөөд шалгалт нь зөвхөн хянаж шалгах, зөрчил илрүүлж хариуцлага тооцоход чиглэх бус татвар төлөгчийн эдлэх эрх, боломжийг ч хэлж өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг тусламж үзүүлэх тухай Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д заасныг зөрчсөн болно. Хялбаршуулалгүй, зөрчлийн хэрэг нээж шалгасан тохиолдолд “Х-И” ХХК-ийг зөрчил үйлдээгүй болох нь харин эсрэгээрээ нотлогдох байсан юм.

5. “Х-И" ХХК-ийн 2013-2017 оны Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоог үйлдсэн хариуцагч ТУБ-Ц.Энхбаатар, Н.Болорчимэг нарын гаргасан тооцооны хувьд 2013, 2014, 2015, 2016 оны тооцоолол дээр маргаагүй. Харин 2017 оны тооцоолол дээр тусгагдсан “татвар ногдох орлого, баримтаар нотлогдох зардал, татвар ногдуулах орлого, ногдуулсан татвар, урьд оны илүү, дутуу төлөлт, төлбөл зохих татвар, төлсөн татвар, эцсийн тооцоогоор гарсан илүү, дутуу төлөлт” гэсэн тооцоолол бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2017 оны жилийн эцсийн тайлангаар 964,622,482.50 төгрөгийн татварын илүү төлөлттэй гэж тайлагнасныг хяналт шалгалтаар 547,088,410.80 төгрөг гэж тогтоон бууруулж, 417,534,071.70 төгрөгийн илүү төлөлттэй гэж гаргасан хэрнээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтууд болох 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.9 дэх заалтыг хэрэглэхгүйгээр, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төлбөл зохих татварыг бууруулж, 417,534,071.70 төгрөгийн татварын илүү төлөлттэй байгаа тухай тооцоо үйлдсэн хэрнээ шийтгэлийн хуудсаар 464,255,688.90 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл оногдуулж болох уу.

6. Дээр дурдсан энэ бүх нөхцөл байдал, хууль хэрэглээний асуудал байсаар байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгах байсан хуулийн зохицуулалтыг зөрчиж хялбаршуулсан журмаар энэхүү зөрчлийг шийдсэн нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй болохоос биш анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн тэмдэглэл болон нэхэмжлэлд дурдсан хууль хэрэглээн дээр дүгнэлт хийх шаардлагагүй гэснийг буруутгах үндэслэлгүй юм. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах, захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Гомдол гаргагчаас “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай ТУБ-нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан, уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийн 2013-2017 оны санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан, энэ тохиолдолд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.

11. Тухайлбал, хариуцагчаас “Үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардлыг татвар ногдох орлогоос хассан”, гомдол гаргагчаас “бидний үндсэн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа зардал учраас татвар ногдох орлогоос хасагдана” гэж, хариуцагчаас “дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын зардлыг тооцож хассан”, гомдол гаргагчаас “хасагдах зардал” гэж, хариуцагчаас “харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь худалдан авалтаас хасалт хийх үйл ажиллагаанд хамааралгүй”, гомдол гаргагчаас “харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул хасагдах ёстой” гэж, хариуцагчаас “хөрөнгө бий болохтой холбоотой худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй”, гомдол гаргагчаас “үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилготой холбоотой худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн зардал мөн” гэж, хариуцагчаас “2 давхар конторын барилгыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг татварын албанд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй”, гомдол гаргагчаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй” гэж, хариуцагчаас “аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй”, гомдол гаргагчаас “манай компани 2014 оны алдагдал, залруулгыг шалгалт хийсэн ТУБ-нар хийгээгүйгээс улсын төсөвт илүү татварыг ногдуулан төлсөн. Энэ илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль алдангаас суутган тооцоогүй” гэж тус тус маргаж байжээ.

12. Хэдийгээр ТУБ “зөрчил гаргасан нь тодорхой тогтоогдсон” гэх үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь буруу боловч энэхүү алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох, гомдол гаргагчийг “зөрчил үйлдээгүй” гэж үзэх хангалттай үндэслэл биш юм.

13. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан, хэрэв татварын хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага хүлээх, холбогдох татварыг нөхөн төлөх нь гомдол гаргагч хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг тул шүүх шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх үүрэгтэй байсан.

14. Нэгэнт анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хэргийг эцэслэж шийдэх боломжгүй, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг мэдэх боломжтой” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

15. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Х-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ