Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01373

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01373

 

 

 

Ж.Т -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01031 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Т ын хариуцагч Н.С, Ж.П нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 43 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч Н.С, Ж.Пүрэвдорж, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Т нь Н.С, Ж.П нартай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 34 000 000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг мөнгийг Проадд ББСБ ХХК-аас зээлж авч өгсөн. Барьцааны зүйлгүй байсан тул бид эрсдлээ бодож 10 200 000 төгрөг нэмж, 44 200 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Бодитоор 34 000 000 төгрөг өгсөн. Хариуцагч нар 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 15 940 000 төгрөг төлсөн. Н.С, Ж.П нар 2014 оны 10 дугаар сараас эхлэн хүүгээ төлөхөө больж, зогсонги байдалд орсон. Проадд ББСБ ХХК нь 2015 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Гэрэлтуяагаас 48 000 000 төгрөг нэхэмжилснээс 35 000 000 төгрөгт эвлэрч, үүргийн гүйцэтгэлийг Ц.Гэрэлтуяагийн орон сууцаар хангахаар болсон. Одоо хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Н.С, Ж.П нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Проадд ББСБ ХХК-д төлөх 35 000 000 төгрөгөөс 8 200 000 төгрөгийг төлж, одоо 27 000 000 төгрөг үлдсэн.

Иймд зээлийн 34 000 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 15 940 000 төгрөгийг хасаж үлдэх 18 060 000 төгрөг, алданги 9 030 000 төгрөг, нийт 27 090 000 төгрөгийг Н.С, Ж.П нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Т аас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 33 800 000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлэхээр болж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг мөнгийг ХААН банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5015237449 тоот дансаар авсан. Зээлсэн мөнгөө дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Ж.Т ын дансанд 15 940 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нөхөр Ц.Пүрэвдоржийн данснаас Ц.Гэрэлтуяагийн дансанд 11 354 000 төгрөг, мөн Проадд ББСБ ХХК-ийн дансанд 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд Ц.Гэрэлтуяагийн нэрээр 5 600 000 төгрөг шилжүүлсэн, Ц.Гэрэлтуяа 1 300 000 төгрөгийг 2 удаа авснаа өөрөө хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул 8 200 000 төгрөг төлсөн, Голомт банк дахь Проадд ББСБ ХХК-ийн дансанд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 1 750 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ зуслангийн газрыг бусдад зарсан ба 13 500 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орой Ц.Гэрэлтуяад аваачиж өгсөн. 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 02-ны хооронд 2 240 000 төгрөг, Н.С миний өөрийн хөтөлдөг хар дэвтэрт Ц.Гэрэлтуяад 2013-2014 онд 2 100 000 төгрөг өгсөн гэж тэмдэглэгдсэн байна. 22-49 УНД улсын дугаартай автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 2 500 000 төгрөг авч зээлийн төлбөрт төлсөн. Мөн өөрийн ээмэг, зүүлт, бөгжийг ломбардад тавьж 910 000 төгрөгийг бэлэн өгсөн. Ингээд нийт 58 404 000 төгрөг болж байна. Энэ тооцоонд хүргэн Р.Хангалын Ц.Гэрэлтуяагийн ээжээс зээлсэн 5 000 000 төгрөг орсон ба үүнийг хасвал 53 404 000 төгрөг төлж барагдуулсан. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Н.С нь Ж.Т аас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 33 800 000 төгрөгийг зээлсэн. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, эхнэр Н.Стай хамт байсан.

Б.Отгонжаргалд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зуслангийн газраа 13 500 000 төгрөгөөр зарж, тэр өдрөө Ц.Гэрэлтуяа руу утсаар холбогдоход нисэхэд ээжийндээ байна гэхлээр нь орой 21 цаг өнгөрч байхад 13 500 000 төгрөг бэлэн аваачиж өгсөн. Уг газрыг Ц.Гэрэлтуяад үзүүлээд манайх зээлээ төлж чадахгүй учир өрөндөө ав гэхэд нөхөртэйгээ яриад хариу хэлнэ гээд хэлээгүй. Бид нар эд зүйлээ ломбардад тавьж, зээлийн төлбөрөө төлж байсан. Ж.Т ын дансаар 15 940 000 төгрөг, Ц.Гэрэлтуяагийн ХААН банк ХХК дахь дансанд 2 240 000 төгрөг, Голомт банк ХХК дахь дансанд 1 750 000 төгрөг тус тус шилжүүлж, зээлээ төлж байсан.

Мөн эхнэр Н.Сын хар дэвтэрт тэмдэглэснээр 2 100 000 төгрөг, 22-49 УНД улсын дугаартай авто машинаа ломбардад барьцаалж, 2 500 000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлтээ барьцаалж 910 000 төгрөг тус тус өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ц.Гэрэлтуяагийн өмнөөс 8 200 000 төгрөг төлсөн. Ц.Гэрэлтуяагийн дансанд 11 184 000 төгрөг төлсөн, 3 000 000 төгрөгийг Проадд ББСБ ХХК-ийн 5007676327 тоот данс руу Н.Саас зээлийн төлөлт гэж шилжүүлсэн. Энэ данс нь Проадд ББСБ ХХК-ийн захирал Ч.Бямбацэрэнгийн данс байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.С, Ж.П нараас 27 090 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 100 /дөрвөн зуун ерөн мянга нэг зуун/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг буруу дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэлтэй болж чадаагүй байна. Шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний үүрэгт 33 800 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, Н.Сайнбар, Ж.П нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зөв дүгнэсэн хэдий ч зээлийн төлбөр буюу үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн эсэхийг сайтар дүгнэж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн.

Н.Сайнбар, Ж.П нараас шилжүүлсэн зээлийн төлбөр гэх мөнгийг би Проадд ББСБ ХХК-д шилжүүлдэг байсан. Ж.Т ажлын онцлогоос шалтгаалан өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул эхнэр Ц.Гэрэлтуяад итгэмжлэл олгож шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүхээс хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлтуяад 11 184 000 төгрөг төлсөн, Проад ББСБ ХХК-ийн дансаар 3 000 000 төгрөг, 700 000 төгрөг тус тус төлсөн, Голомт банк дахь Проад ББСБ ХХК-ийн дансаар 1 250 000 төгрөг төгрөг нийт 32 074 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие дээр төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй этгээд бөгөөд зөвхөн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгө, алдангийн хамт шаардахад анхан шатны шүүхээс хооронд нь хольж хутгасан байна. Ц.Гэрэлтуяа бид нэг гэр бүлийн гишүүд боловч төлбөр тооцооны асуудал тусдаа байдаг.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн гэх 8 200 000 төгрөг нь Ц.Гэрэлтуяагийн дансаар шилжүүлсэн гэх 11 184 000 төгрөгийн тооцоонд орсон болохыг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй байна. Н.С, Ж.П нараас зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан зээлийн төлбөрийн мөнгийг 2019 оныг хүртэл төлсөөр ирсэн байхад Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг анхаарч үзээгүй байна. Хариуцагч нараас хэрэгт гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн орлогын баримтыг хууль бусаар гаргуулан авч нотариатчаар гэрчлүүлсэн хэрэгт өгсөн байна. Тэдгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэдэнд болон өмгөөлөгчид нь баримтын хуулбарыг гаргаж өгөх боломжгүй болно. Иймээс анхан шатны шүүхээс хууль бус нотлох баримтыг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Н.С, Ж.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алданги тооцон 9 200 000 төгрөг, нийт 43 200 000 төгрөг шаардан нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 27 090 000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нар үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ж.Т нь Н.Сын эзэмшлийн данс руу 33 800 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон байна. Гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тул Ж.Т , Н.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэгэнт зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учир зээлдэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Хариуцагч тал үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж маргасан байна.

Хэрэгт зээлийн гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, мөнгөн шилжүүлэг хийсэн тухай банкны депозит дансны хуулгууд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлсөн баримт, мөнгөн гүйлгээний журнал зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тооцоо нийлсэн баримт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /1-хх 5, 7-13, 24-39, 49-55, 77, 107-108, 141-158, 174, 189-190, 219-220/ Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд хариуцагч талыг зээлийн үүрэгт 32 074 000 төгрөг төлснөөр талуудын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлтуяа нь хариуцагч талаас шилжүүлсэн 11 184 000 төгрөгт гүйцэтгэлийн ажиллагаанд шилжүүлсэн 8 200 000 төгрөг орж байгаа гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул түүний шүүх хууль бус нотлох баримтыг үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй байна. Мөн шүүх Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01031 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 293 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД