Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2020/01031

 

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... оршин суух Ж.Т-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух Н.С,

      Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух Ж.П нарт холбогдох,

      Зээлийн гэрээний үүрэг болох 43.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч Н.С, Ж.П, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Т нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г миний бие нь нөхөр Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  оролцож байна.

      Ж.Т нь Н.С, Ж.П нартай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 34.000.000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг мөнгийг “Пд ББСБ” ХХК-иас зээлж авч өгсөн. Барьцааны зүйлгүй байсан тул бид эрсдлээ бодож 10.200.000 төгрөг нэмж, 44.200.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Бодитоор 34.000.000 төгрөг өгсөн. Хариуцагч нар 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 15.940.000 төгрөг төлсөн. Н.С, Ж.П нар 2014 оны 10 дугаар сараас эхлэн хүүгээ төлөхөө больж, зогсонги байдалд орсон. Ц.Г миний бие нь “Пд ББСБ” ХХК-иас 35.000.000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаалсан байсан. ”Пд ББСБ“ ХХК-иас зээлсэн мөнгөө Н.С, Ж.П нарт зээлдүүлсэн.

       “Пд ББСБ” ХХК нь 2015 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Г надаас 48.000.000 төгрөг нэхэмжилснээс 35.000.000 төгрөгт эвлэрч, үүргийн гүйцэтгэлийг Ц.Г миний өмчлөлийн орон сууцаар хангахаар болсон. Одоо хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Н.С, Ж.П нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Пд ББСБ” ХХК-д  төлөх 35.000.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг төлж, одоо 27.000.000 төгрөг үлдсэн.

     Эдгээр хүмүүс 34.000.000 төгрөг авсан нь үнэн. Зээлсэн 34.000.000 төгрөгөөс 15.940.000 төгрөг төлсөн учир энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 18.060.000 төгрөг, алданги 9.030.000 төгрөг, нийт 27.090.000 төгрөгийг Н.С, Ж.П нараас шаардаж байна гэв.

     Хариуцагч Н.С хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Барс худалдааны төвд лангуу түрээслэн бүх төрлийн жимс, нарийн ногоо зардаг. Зарж байгаа жимс, ногооны төрлөө олшруулах зорилгоор Ж.Т-аас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 33.800.000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлэхээр болж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг мөнгийг “Хаан банк” ХХК дахь өөрийн эзэмшлийн 50.....49 тоот дансаар авсан. Зээлсэн мөнгөө дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд:

     1. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Ж.Т-ын дансанд 15.940.000 төгрөг шилжүүлсэн.

        2. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нөхөр Ц.П-ийн данснаас Ц.Г-ийн дансанд 11.354.000 төгрөг, мөн  “Пд ББСБ” ХХК-ийн дансанд  3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

      3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд Ц.Г-гийн нэрээр 5.600.000 төгрөг шилжүүлсэн, Ц.Г 1.300.000 төгрөгийг  2 удаа авснаа өөрөө хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул 8.200.000 төгрөг төлсөн.

       4. Голомт банк дах “Пд ББСБ“ ХХК-ийн дансанд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 1.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

      5. Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ зуслангийн газрыг бусдад зарсан ба  13.500.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орой Ц.Г-д аваачиж өгсөн.

     6. 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны хооронд 2.240.000 төгрөг.

    7. Н.С миний өөрийн хөтөлдөг хар дэвтэрт Ц.Г-д 2013-2014 онд 2.100.000 төгрөг өгсөн гэж тэмдэглэгдсэн байна.

     8. 22-49 УНД улсын дугаартай автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 2.500.000 төгрөг авч зээлийн төлбөрт төлсөн.

        9.  Мөн өөрийн ээмэг, зүүлт, бөгжийг ломбардад тавьж 910.000 төгрөгийг  бэлэн өгсөн.

      Ингээд нийт 58.404.000 төгрөг болж байгаа. Энэ тооцоонд хүргэн Р.Х-ын Ц.Г-ийн ээжээс зээлсэн 5.000.000  төгрөг орсон ба үүнийг хасвал 53.404.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     Хариуцагч Ж.П шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Н.С нь Ж.Т-аас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 33.800.000 төгрөгийг зээлсэн. Би зээлийн  гэрээнд  гарын үсэг зураагүй, эхнэр  Н.С-ын хамт байсан.  Нийт  58.404.000 төгрөг төлсөн. Шүүхэд үнэн зөв ярьмаар байна. Бид хоёр Б.О-д 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зуслангийн газраа 13.500.000 төгрөгөөр зарж, тэр өдрөө Ц.Г руу утсаар холбогдоход “нисэхэд ээжийндээ байна” гэхлээр нь орой 21 цаг өнгөрч байхад 13.500.000 төгрөг бэлэн аваачиж өгсөн. Уг газрыг Ц.Г-д үзүүлээд манайх зээлээ төлж чадахгүй учир өрөндөө ав гэхэд нөхөртэйгээ яриад хариу хэлнэ гээд хэлээгүй. Бид нар эд зүйлээ ломбардад тавьж, зээлийн төлбөрөө төлж байсан.

       Ж.Т-ын дансаар 15.940.000 төгрөг, Ц.Г-ийн “Хаан банк” ХХК дахь дансанд 2.240.000 төгрөг, “Голомт банк” ХХК дахь дансанд 1.750.000 төгрөг тус тус шилжүүлж, зээлээ төлж байсан.

    Мөн эхнэр Н.С-ын хар дэвтэрт тэмдэглэснээр 2.100.000 төгрөг, 22-49 УНД улсын дугаартай авто машинаа ломбардад барьцаалж, 2.500.000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлтээ барьцаалж 910.000 төгрөг тус тус өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ц.Г-ийн өмнөөс 8.200.000 төгрөг төлсөн.

      Ц.Г-ийн дансанд 11.184.000 төгрөг төлсөн, 3.000.000 төгрөгийг “Пд ББСБ” ХХК-ийн 5007676327 тоот данс руу “Н.С-аас зээлийн төлөлт“ гэж шилжүүлсэн. Энэ данс нь “Пд ББСБ” ХХК-ийн захирал Ч.Б-ийн данс байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Н.С, Ж.П нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34.000.000 төгрөг,  алданги 9.200.000 төгрөг, нийт 43.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-13, 135-136 тал/

    Нэхэмжлэгч Ж.Т нь өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, татгалзах, эвлэрэх, өмгөөлөгч авах шүүхэд хүсэлт гаргах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхийг Ц.Г-д 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 3 тал/

     Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь “15.940.000 төгрөг төлөгдсөн“ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн үлдэгдэл 18.060.000 төгрөг, алданги 9.030.000 төгрөг, нийт 27.090.000 төгрөг гаргуулах”-аар өөрчилсөн.

         Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

      Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г ”...миний бие нь Пд ББСБ ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаалсан байсан. Нөхөр Ж.Т уг мөнгийг Н.С, Ж.П нарт зээлдүүлсэн. “Пд ББСБ” ХХК 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний бие нь “Пд ББСБ” ХХК-д 35.000.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Хариуцагч нар нь 8.200.000 төгрөгийг төлсөн ба төлөгдөөгүй 27.000.000 төгрөг байна. Зээлсэн мөнгөө төлөхгүй байгаагаас бид орон байргүй болж хохирч байна...” гэх,

      Хариуцагч Н.С, Ж.П нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, нийт 53.404.000 төгрөг төлсөн...” гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна. /х.хийн 23, 172-173 тал/

       Нэхэмжлэлийн үндэслэл болох 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2153 тоот зээлийн гэрээг Ж.Т, Н.С нар байгуулсан байх бөгөөд уг гэрээнд 44.200.000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

       Нэхэмжлэгч Ж.Т гэрээ байгуулагдсан өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н.С-ын эзэмшлийн “Хаан банк” ХХК дахь 50.....449 тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр 32.000.000 төгрөг, 800.000 төгрөг, 1.000.000 төгрөг, нийт 33.800.000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.  /х.х-ийн 5, 26 тал/

       Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

          Мөн 281 дүгээр зүйлийн 281.2-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

      Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар тодорхойлогдох учраас зээлийн гэрээнд зээлийн мөнгөний хэмжээг 44.200.000 төгрөг гэж тусгасан боловч энэ нь бодит байдалд 33.800.000 төгрөг  зээлдүүлсэн гэж үзнэ.  

         Иймд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2153 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ.

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй.

          Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор зээлсэн мөнгөө бүрэн төлөх үүргээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нь тогтоогдож байгаа боловч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд 15.940.000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан.

         Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, тооцоо нийлсэн акт зэргээс дүгнэхэд:

       Хариуцагч Н.С, Ж.П нар нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2013 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд, нэхэмжлэгч Ж.Т-д 15.940.000 төгрөг, түүний эхнэр Ц.Г-д 11.184.000 төгрөг, Хаан банк дахь Пд ББСБ” ХХК-ийн дансаар 3.000.000 төгрөг, 700.000 төгрөг, Голомт банк дахь “Пд ББСБ” ХХК-ийн дансаар 1.250.000 төгрөг тус тус төлж, нийт 32.074.000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна. /х.х-ийн 24-116, 141, 151-156, 219-220 тал/

         Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0...7 дугаар захирамжаар Ц.Г-аас 35.000.000 төгрөг гаргуулж, “Пд ББСБ“ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч Ц.Г-ийн нэрийн өмнөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 тоот дансанд 5.600.000 төгрөг, Ц.Г-д 2.600.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. /х.х-ийн 142-145,174, 183-190 тал/

        Иймд эдгээр төлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн эргэн төлөлтөд хийгдсэн гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзэв.

      Тухайн хэргийн оролцогчид нэг гэр бүлийн хүмүүс, өөр, хоорондоо харилцан хамаарал бүхий этгээдүүд байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт, зээлийн төлбөрийн тооцоонд хамааралтай юм байна.

       Хариуцагч Ж.П нь зээлийн гэрээний оролцогч биш гэх боловч хариуцагч Н.С-ын гэр бүлийн хүн /нөхөр/ байх ба тухайн зээлийн харилцаанд оролцож, зээлийн төлөлт хийж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч үзнэ.

        Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн, “Пд ББСБ” ХХК-д төлөх төлбөрийг хариуцагч нараар төлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байх ба зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг нь түүний хамаарал бүхий этгээд өөр бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй юм. 

           Хэрэгт баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01840 дүгээр шийдвэрээр хариуцагч Ц.Г, “Пд ББСБ“ ХХК нарт холбогдуулан гаргасан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ж.Т, Т.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 11-13 тал/

        Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна“, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ”. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана“ гэж тус тус заажээ.

       Зохигчид харилцан тохиролцсоны дагуу зээлдүүлсэн мөнгөө буцаан төлүүлж байсны зэрэгцээ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тасалдсан гэж үзэхгүй.

       Хариуцагч Н.С, Ж.П нарын “...зуслангийн газар зарсан 13.500.000 төгрөг, 22-49 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ээмэг, бөгж зүүлтээ барьцаалан зээлдүүлэх барьцаалж, зээлсэн 2.500.000 төгрөг, 910.000 төгрөг, Н.С-ын хар дэвтэрт тэмдэглэснээр 2.100.000 төгрөгийг тус тус зээлийн төлбөрт төлсөн...” гэх тайлбараа нотлох баримтаа нотлоогүй болно.  

      Иймд Н.С, Ж.П нараас зээлийн гэрээний үүрэгт 27.090.000 төгрөг гаргуулах тухай үндэслэл тогтоогдохгүй байх тул Ж.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.С, Ж.П нараас 27.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490.100 /дөрвөн зуун ерөн мянга нэг зуун/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ