Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00588

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00588

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт Ц.Х /РД:ЖЯ64/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, НЗДБУХ захирагч С.А-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөгийн хамт гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х , иргэдийн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч 3,132,434 төгрөг хариуцагч талаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс, ажилд томилогдсон өдөр хүртлэх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, шүүхийн гүйцэтгэх ажиллагааны зардалыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогоолын 5 дугаар хавсралтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 893.425 төгрөг болсон байна. Анхан шатны шүүхээс 2018 оны нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснээр тооцоолж, нэг өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг 34,445 /гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгөөр тооцсон байна. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал 2 сар 5 хоногийн мөнгө 2.372.702, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 10,721,100 төгрөг, шүүхийн гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 100.000 төгрөг нийт 13,193,802 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. А.Ууганбаяр нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаа оролцоогүй бөгөөд ажилд эгүүлэн томилогдсон тухай мэдэгдээгүй, ажил хүлээлцэх хуулийн хугацааг хэтрүүлж өөрсдөө хуулиа санаатай зөрчиж, санаатай саад учруулсан гэж хардаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно. гэж 59.2-т Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно. гэж зааснаас үзэхэд хугацаандаа гомдлоо гаргасан.

Намайг 2019 оны 11 дүгээр сарын 25-наас эгүүүлэн томилсон захирамж гарсан боловч, Нийслэлийн боловсролын газрын даргын ажил хүлээлцэх комиссын тушаал нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нд гарсныг 2019 оны 12 дугаар сарын 05- ны өдөр ажилд томилсон захирамж, ажил хүлээлцэх комиссын шийдвэрийн он, сар, өдрийг Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэнгээс утасаар асууж мэдсэн. Надад боловсролын газраас нэг ч удаа хэл өгөөгүй. Улмаар 12 дугаар сарын 02-ны өглөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу ярихад та ажил дээрээ, ажил хүлээлцэх хүртэл ажпын байрандаа тогтмол очиж бай гэж зөвлөсөн. Өдөр 11 цагт ажилдаа очиход 2019 оны 11 дүгээр сарын 30-нд түр орлон гүйцэтгэгч Ч.Наранцацралт нь цөсний чулуутай байснаа мэдэхгүй цөсөө угааж гэнэт эмнэлэгт хэвтэж 12 дугаар сарын 24-ний өдөр ажил хүлээлцсэн гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Х гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х  нь хариуцагч Нийслэлийн засаг даргад холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13,193,802 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 100,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.Х г 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил албан тушаалд нь эргүүлж томилсон ажил олгогчийн шийдвэр гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Х г 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/02109 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэж тус тус хэвээр үлдээсэн байна. Хавтаст хэргийн 6-17 дугаар талд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд тус тус нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагджээ. Ц.Х г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг даргын Б/176 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилжээ. /хх-ийн 18 дугаар тал/. Нэхэмжлэгч, түүнийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилсон гэх боловч ажил хүлээлцэхгүй байсны улмаас 12 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа бодитой орсон, улмаар тус өдрөөс эхлэн цалин хөлс бодогдсон тул цалин хөлстэй тэнцэх олговроо мөн өдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч дээрх үйл баримтыг буюу хариуцагчийн буруутай шалтгааны улмаас ажил үүргийг 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлцсэн, цалин хөлсийг мөн өдрийг хүртэлх хугацаагаар олгоогүй талаарх үйл баримтуудыг нотлоогүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан гэх хугацааг нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрт заасан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 13 сар 1 хоногийн хугацаагаар тодорхойлох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/02109 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 756,958 төгрөгөөр тооцсон талаар дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зохицуулсан байдаг.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 13 сар 1 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /756,958*13+35,207*1/ нэхэмжлэгч 9,875,661 төгрөг нэхэмжлэх үндэстэй байна. Иймд хариуцагч Нийслэлийн засаг даргаас 9,875,661 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,218,141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүрэгтэй боловч биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлсний зардал 100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэвч энэ талаар хэрэгт хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул ийнхүү шаардах эрхтэй байж болох ч энэ хэмжээний зардал гаргасан болохоо эргэлзээгүй нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцэж байна.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан хариуцагчаас 13,193,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9,875,661 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Нийслэлийн засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгож, ажилгүй байсан хугацааны олговорт холбогдох 3,218,141 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөг, нийт 3,318,141 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Удсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн засаг даргаас 172,961 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,875,661 төгрөгийг хариуцагч Нийслэлийн засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгож, үлдэх 3,318,141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Удсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн засаг даргаас 172,961 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

Ч.ДАВААСҮРЭН