Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00204

 

2022           02            24                                          001/ХТ2022/00204

 

 

 

Ж.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08ы өдрийн 182/ШШ2020/01031 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1373 дугаар магадлалтай,

 

Ж.Тын нэхэмжлэлтэй

Н.С, Ж.Пнарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ггийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагч Н.С, Ж.Пүрэвдорж, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01031 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.С, Ж.Пнараас 27.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490.100 /дөрвөн зуун ерөн мянга нэг зуун/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1373 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01031 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 293 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ж.Т нь Н.Стай 2013.10.02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 34,000,000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг мөнгийг “П ББСБ” ХХК-аас зээлж авч өгсөн бөгөөд барьцааны зүйлгүй байсан тул бид эрсдлээ тооцож 10,200,000 төгрөг нэмж, 44,200,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан. Бодитоор Н.С, Ж.Пнарт 34,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч нар 2014.04.01-нийг хүртэл 15,940,000 төгрөгийг Ж.Тад төлсөн. Мөн “П ББСБ” ХХК-аас зээлсэн төлбөрийн хүүнд 2014.03.26- 2015.07.02-ныг хүртэл нийт 2,240,000 төгрөгийг Гэрэлтуяагийн 5022731847 тоот дансанд шилжүүлсэн. Үүнийг Ц.Г цаг тухайд нь “П ББСБ” ХХК-ийн дансруу хийж байсан. Мөн “П ББСБ” ХХК-ийн дансанд 1,750,000 төгрөгийг Н.С, Ж.Пнар шилжүүлсэн. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Ингээд 2014.11.01-нийг хүртэл “П ББСБ” ХХК-д 22,979,910 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй учир “П ББСБ” 2015.12 сард шүүхэд нэхэмжлэл гарган Ц Гэрэлтуяагаас 48,000,000 төгрөг нэхэмжилснээс 35,000,000 төгрөгт эвлэрч, хэрэв хугацаандаа төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг Ц.Ггийн орон сууцаар хангахаар болсон. Одоо хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Ингэж эвлэрснээр хариуцагч нар зээлийн гэрээний мөнгөө хугацаандаа төлөөгүйн улмаас Ц.Г “П ББСБ” ХХК-аас авж өгсөн зээлийн мөнгөө төлөөгүй гээд 35,000,000 төгрөг төлөх шаардлагатай болсон. Тус мөнгийг Н.С, Ж.Пнар төлнө гэдгээ мэдэж байсан бөгөөд төлж ч байсан. Үүнээс үүдэн хариуцагч нар 2016.8.31-2017.6.27-ны хооронд 1,300,000 төгрөг, 2018.5.31-нд 1,300,000 төгрөгийг Ц.Ггийн өмнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн, харин 2018.01.02-2019.1.28-ныг хүртэл нийт 11,184,000 Ц.Ггийн Хаан банкны 5022731847 тоот дансруу хийсэн. Ц.Г нь тус мөнгөнөөс н.Хангалд Ц.Ггийн ээж Дүүвэйгээс зээлсэн мөнгө болон бусад харилцаатай холбоотой 2,424,000 төгрөгийг бусад тооцоотой хасуулж тооцон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийт 5,600,000 төгрөг шилжүүлсэн. Ингэснээр Н.С, Ж.Пнар нийт 8,200,000 төгрөг Шүүхийн гүйцэтгэх газарт төлсөн байна. Харин хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 2014.03.26-2015.07.02-ны хугацаанд төлж байсан мөнгийг Шүүхийн шийдвэрээр эвлэрэн төлөхөөр болсон 35,000,000 төгрөгөнд төлсөн мэт харагдуулж давхар давхар төлөлт хийн мөнгө шилжүүлсэн мэт харагдуулан шүүхийг төөрөгдүүлсэн байна. Шүүх хариуцагчдын худал мэдүүлэгт үндэслэн нотлох баримтыг үнэлсэн нь буруу шийдвэр гарах үндэслэл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Н.С, Ж.Пүрэвдоржийн шилжүүлсэн 11,184,000 төгрөгнөөс   Ц.Г    шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар төлсөн ба йхад өөрсдөө төлсөн мэтээр харагдуулсан байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийлвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах гэж заасан байдаг. Гэвч хариуцагч нар Ц.Ггийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018.01.03-2019.01.28-ны өдөр хүртэлх төлсөн мөнгөний баримтыг өөрөө төлсөн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд өөрснөө шилжүүлсэн мэтээр шүүхэд гаргаж өгсөн, худал тайлбар хийсэн байна.. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очин өөрийгөө Гэрэлтуяа гэж хэлээд баримтуудыг хуулбарлан авч шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулж, өөрсөддөө ашигтайгаар худал тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг боловч шүүх тухайн баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Үүний улмаас шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Мөн хариуцагчийн гаргаж ирсэн зарим тооцоонууд тооцооллын алдаатай, буруу тооцоолсон бөгөөд 2019.10.07-нд Ц.Ггийн дансанд дүү Хангалаас нь 450$ /1,230,000 төгрөг/ шилжиж орж ирсэн гэсэн боловч тийм мөнгө орж ирээгүй гэдэг нь Ц.Г-ийн 2014.01.01-2019.12.31-ний хоорондох дансны хуулгаар нотлогдож байна.

3. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны тухайд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Н.С байгаа, харин “П ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Ц.Г. Гэрэлтуяа нь “П ББСБ” ХХК-иас авсан зээлээ Н.Ст өгсөн. Ингэхдээ нөхөр Ж.Таар дамжуулан зээлүүлсэн. Н.Сын авсан зээлийн төлбөрийг “П ББСБ” ХХК-д төлөх журмаар явагдаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Ж.Т, Б.Саруул нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.28 оны 1849 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Н.С, Ж.Пнар нь тус шүүх хуралд гэрчээр орон, “П ББСБ”-аас Ц.Ггийн байрыг тавин зээл авсан, хугацаа хэтрүүлсний улмаас байр шүүхийн шийдвэрээр хураагдах гэж байгааг мэдэж байгаа гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, улмаар зээлийг төлөхөө илэрхийлсэн байдаг. /хх179-182 тал/ Мөн өнгөрсөн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагад мөнгийг нь төлнө, хохиролгүй болгоно гэж хариуцагч нараас тодорхой үйлдэл гаргаж илэрхийлсээр байсан. Иймээс талууд харилцан тохиролцсоны дагуу зээлдүүлсэн мөнгөө буцаан төлүүлж байсан нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 2014.10 сар хүртэл Н.С, Ж.Пнар нь “П ББСБ”-д хүүгээ төлж байсан, улмаар 2015.12 сард “П ББСБ” нь Гэрэлтуяаг шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нараас 2019.02.12-ныг хүртэл төлөлт хийж байсан үйл баримт нотлох баримтаар тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж зааснаар шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

4. Дээрх нөхцөл байдлуудаас гадна Анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх “...2013.10.02-ны өдрийн 2153 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлйин 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ...” гэж үзсэн мөртлөө тус шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281,2...-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул...” гэж үзсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй байдлыг бий болгосон байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа “...Н.С, Ж.Пнар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “П ББСБ” ХХК-д төлөх 35,000,000 төгрөгнөөс 27,000,000 төгрөг үлдсэн...” мөн ...”Эдгээр хүмүүс 34,000,000 төгрөг авсан нь үнэн. Зээлсэн 34,000,000 төгрөгнөөс 15,940,000 төгрөг төлсөн учир энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 18,060,000 төгрөг, алданги 9,030,000 төгрөг, нийт 27,090,000 төгрөгийг Н.С, Ж.Пнараас шаардаж байна...” гэсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг зөв тодорхойлж гаргах ёстой байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2 өөрөөр тайлбарласан, тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нарийн тодруулан гаргахгүй бол тус маргааны үнэн зөвийг тодруулах боломжгүй болоод байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг нарийн тодорхойлон хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нар нь төлөгдөөгүй мөнгийг төлсөн мэтээр харагдуулах зорилготойгоор нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан, тооцооллыг буруу хийсэн зэргийг дээр дурьдсан үндэслэлүүдээр нотолж байна. Мөн хэрэгт ач холбогдолтой чухал нотлох баримт хавтаст хэрэгт дутуу авагдсан байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Н.С, Ж.Пнарт холбогдуулан үндсэн зээл 34,000,000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги 9,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 27,090,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 53,404,000 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны зүйлийг тодруулж чадаагүйгээс хяналтын шатны шүүх хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Талуудын хооронд 2013.10.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Ж.Т нь Н.Сын эзэмшлийн данс руу 33,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Гэвч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ “...орон сууцаа барьцаалж, П ББСБ-аас 35,000,000 төгрөгийг зээл авч хариуцагч нарт зээлдүүлсэн, хариуцагч нар үүнийг мэдэж байсан бөгөөд зээлийн төлөлтийг тус ББСБ-д хийж байсан, Ц.Ггаас 35,000,000 төгрөг гаргуулж П ББСБ-д олгох шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх явцад хариуцагч нар 8,200,000 төгрөг төлсөн, мөнгөө төлөхгүй байгаагаас бид орон байраар хохирч байна...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл нь зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой эсвэл хариуцагч нар үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс ББСБ-аас авсан зээлийг төлөх хугацаа хэтэрч хохирол учирсан гэх агуулгатай эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Хуульд зааснаар гэрээний талууд бие биенийхээ өмнө үүргээ биелүүлэх ёстой боловч нэхэмжлэгч нар нь дээрх үндэслэлийг гаргаж байгаа тул шүүх зайлшгүй дүгнэлт хийх ёстой байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан атлаа ББСБ-д төлбөр хийж байсан үндэслэлийг тодруулах, ер нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарахаас өмнө ба хойно ББСБ-д гэрээний дагуу хэдэн төгрөгийн төлөлт хийсэн, хариуцагч нарын буцаан төлсөн төлбөрийн хэмжээг харьцуулан талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт тодорхой болж, хууль хэрэглэх нөхцөл бүрдэх бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

8. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01031 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1373 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.07-ны өдөр төлсөн 293,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                  ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД