Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02248

 

 

 

 

 

 

2017 10 25

2248

 

 

С.Цогбадрахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэртэй С.Цогбадрахын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нарт холбогдох

 

Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 449 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Цогбадрахын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Ундрахбаяр нь өөрийгөө Эр Би Эй интернэшнл ХХК-ийн захирал гэж танилцуулж, байр захиалж болно гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80.77 м.кв талбай бүхий 2 өрөө сууцуудыг захиалж, Зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500 000 төгрөг төлж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. 2010 оны 07 дугаар сарын 21-нд 1 000 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 31-нд 4 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 17-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 29-нд 5 500 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 30-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-нд 500 000 төгрөг, нийт 34 999 200 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг би машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Ундрахбаяр намайг дуудаж 1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо гээд 2012 оны 01 дүгээр сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 06 дугаар сарын 17-нд намайг ажилтай байхад манай гэрийн хаалгыг эвдлээд эхнэр, хүүхдүүдийг маань загнаж байгаад гаргасан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, санаа зоволтгүй гэдэг байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргахад Ундрахбаяр нь Эр Би Эй интернэшнл ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан ба уг компанийг үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Баасандашийн Баяртүвшин гэж хүн байна. Би Б.Ундрахбаярт бүх мөнгөө өгдөг байсан, мөнгө тушаасан баримтад компанийн тамга тэмдэг дарсан байдаг. Иймд Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас байрны урьдчилгаанд төлсөн 34 999 200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14 450 000 төгрөг, нийт 49 449 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би өнөөдрийн шүүх хуралдаанд "Эр Би Эй интернешнл" ХХК-ийг төлөөлж оролцоогүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ "Эр Би Эй интернешнл" ХХК-д мөнгө тушаасан гэж байна. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар "Эр Би Эй интернешнл" ХХК нь хуулийн этгээд учраас өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг буюу бусадтай байгуулсан аливаа гэрээний хариуцлагыг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцах ёстой. Түүнээс биш иргэн Б.Ундрахбаяр, иргэн Б.Баяртүвшин гэдэг хүмүүс хууль зүйн хувьд энэ төлбөрийг хариуцахгүй. "Эр Би Эй Интернешнл" ХХК 2013 онд татан буугдсан. Татан буугдсан компанид нэхэмжлэл гаргах хугацаа гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 2-6 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Гэвч энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад "Эр Би Эй Интернешнл" ХХК-иас биш иргэнээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар үзвэл С.Цогбадрах нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Цогбадрах нь Эр Би Эй интернэшнл ХХК-ийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж чадахгүй боллоо хэмээн мэдэгдэж, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргаж 2 ширхэг байрыг буцаан өгсөн. Гэрээний дагуу шилжүүлсэн 34 999 200 төгрөгөөс Эр Би Эй интернэшнл ХХК нь засвар, гэрээ цуцалсны төлбөр, алдангид 11 678 205 төгрөгийг суутгасан. Тус компанийн тооцооны нягтлан Б.Отгонжаргал, борлуулалтын менежер Т.Уранчимэг нар 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.Цогбадрахтай тооцоо нийлж, үлдэгдэл 23 320 995 төгрөгийг хүлээж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нараас 49 449 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Цогбадрахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима давж заалдах гомдолдоо: Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Шүүх С.Цогбадрах нь "Эр Би Эй" интернэшнл ХХК-тай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 34 999 200 төгрөг төлсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч уг төлбөрийг хариуцах хүн нь Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нар биш гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

"Эр Би Эй" интернэшнл ХХК нь Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан нэг үүсгэн байгуулагчтай компани гэж үзэх үндэслэлтэй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар "Эр Би Эй" интернэшнл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Баяртүвшин байдаг. Иймээс энэ хүн татан буугдсан компанитай холбоотой өр, авлага болон бусад асуудлаар шууд холбогдох этгээд гэж ойлгож байна. Б.Ундрахбаярын хувьд С.Цогбадрахтай шууд харилцаж байрны мөнгийг бэлнээр болон баримтаар авч байсан. Энэ төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүх болон цагдаагийн байгууллагад 3 жил 6 cap гаруй хугацаагаар явж байна. Энэ хугацаанд Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нартай нэг ч удаа уулзаагүй. Одоо эцэст нь уг төлбөрийг төлөх эзэнгүй болж эд материал болон сэтгэл зүйн хувьд хохирч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Цогбадрах нь хариуцагч Б.Баяртүвшин, Б.Ундрахбаяр нарт холбогдуулан зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 449 200 төгрөг гаргуулхаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Эр Би Эй интернэшнл ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 62 400 000 төгрөгөөр, 80.72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 129 152 000 төгрөгөөр захиалан бариулахаар 2-02/169, 2-02/175 тоот зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2-02/169 тоот гэрээний төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 2-02/175 тоот гэрээний төлбөрийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахааар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд орон сууцны урьдчилгаанд нийт 34 999 200 төгрөг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Эр Би Эй интернэшнл ХХК нь нэхэмжлэгчийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус тус орон сууцнаас гаргасан үйл баримт тогтоогдож байна.

 

Эр Би Эй интернэшнл ХХК-тай байгуулсан зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч тал орон сууцны урьдчилгаанд төлсөн 34 999 200 төгрөгийг уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Б.Баяртүвшин, У.Ундрахбаяр нараас гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийн 24 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Эр Би Эй интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Б.Баяртүвшин болох нь тогтоогдсон.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан бөгөөд хариуцагч Б.Баяртүвшингийн Эр Би Эй интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулахад оруулсан эд хөрөнгө нь түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар тодруулах шаардлагатай байна.

 

Дээрх хуулийн заалт талуудын хооронд үүссэн харилцаанд хамаарах эсэхэд хэрэгт авагдсан Эр Би Эй интернэшнл ХХК-ийн татан буугдсан баримт, санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хэмжээний харьцааг тодорхойлох боломжтой баримтууд ач холбогдолтой байж болох боловч уг баримтууд нь гүйцэд уншигдахгүй, гаргацгүй, хараар хуулбарласан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 196 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ