Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00125

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00125

 

 

 

Ж.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Г ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.М- д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Д.Долгорсүрэнгийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г нь 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ц.Нарантуяа, түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед татвар төлөх хэмжээгээ багасгах гэж гэрээний үнийг 75 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Г нь 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хууль ёсны өмчлөгч болж, гэрчилгээ авсан. Энэ үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй болох нь баримтаар харагддаг. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч З.Мөнхбат 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Түүний эхнэр Ц.Нарантуяа нь М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран гэх гурван хүүхдийнхээ хамт 1999-2005 оны 5 дугаар сар хүртэл Сингапур Улсад амьдарч байх хооронд З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа, хүргэн Г.М- нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Ц.Нарантуяа нь хүүхдүүдийн хамт З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 391 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэснээр үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Нарантуяа, түүний хүүхдүүд М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарын өмчлөлд бүртгэгдсэн. Би 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Гэтэл нэг жилийн дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн талаар өв залгамжлалын маргаан үүсч, З.Мөнхбатын эх Д.Долгорсүрэн нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасныг шүүх Д.Долгорсүрэн З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч болох эсэх, хуульд зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгийг ямар хэмжээгээр өвлөх эсэхийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Ингээд хэрэг нь дахин анхан шатны шүүхээр хянагдаж тус шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран болон талийгаачийн эх Д.Долгорсүрэн нарыг З.Мөнхбатын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, харин Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарыг З.Мөнхбатын өмчлөлд байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг З.Мөнхбат нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсонтой холбогдуулан "Хаадууд" ХХК-ийн захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, шинээр захирал Г.М- ыг томилж, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаал бүхий баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин 2010 онд Г.М- нь Ж.Г , Ц.Нарантуяа нарыг хариуцагчаар татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар би эрхээ зөрчигдөж байгааг мэдсэн.

Г.М- ын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, Ц.Нарантуяа, Ж.Г ад холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 374 дүгээр шийдвэрийг гаргаж дээр дурдсан "Хаадууд" ХХК-ийн 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон Ж.Г ын өмчлөх эрхийг хүчингүй болгож, Г.М- ыг өмчлөгчөөр тогтоосон. Уг шийдвэрийг Ж.Г эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс 40 дугаар магадлал, Улсын Дээд шүүхээс 485 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

Ийнхүү бидний хоорондын маргааныг иргэний хэргийн шүүх эцсийн шийдвэрээрээ Хаадууд ХХК-ийн захирал З.Мөнхбат нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон Г.М- ыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж дууссан тул З.Мөнхбат гэгч нь үнэхээр өөрийн хүсэл зоригоор, өөрийн гараар бичиж гаргасан эсэхийг шалгуулахаар холбогдох цагдаагийн байгууллагад хандаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэж үзэхэд, уг тушаалд зурагдсан гарын үсэг нь З.Мөнхбатын гарын үсэг биш, харин түүний дүү З.Мөнхтуяагийн гарын үсэг болох нь тогтоогдсоноос гадна, уг нотлох баримтанд дарагдсан "Хаадууд" ХХК-ийн тамга нь хуурамч тамга болох нь тогтоогдсон. Энэ маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэн Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор Хаадууд ХХК-ийн захирал З.Мөнхбат нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг хүчингүй болгосон.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Г.М- ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 40 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 485 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг гаргасныг Улсын Дээд шүүхээс хангаж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 дугаар тогтоол гаргасан.

Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.Мөнхнаран, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь хариуцагчаар З.Мөнхтуяа, Г.М- нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан.

Мөн Г.М- нь хариуцагчаар Ж.Г , Ц.Нарантуяа нарыг татаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байсан ба уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарыг мөн оролцуулсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт шүүхэд өгснийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан.

Ийнхүү З.Мөнхтуяа, Г.М- нарын хууль бус үйлдлийн улмаас Ж.Г шударгаар худалдан авч өмчлөгч нь болсон ацетелины үйлдвэр үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах, үйл ажиллагаагаа явуулан ашиг олох, авсан зээлээ олсон ашгаасаа хуваан төлөх боломжгүй болж, эд хөрөнгө, өмчлөх эрхээ Г.М- д алдаж хохирсон. Хэдий тийм боловч Ж.Г өнөөдрийг хүртэл маргаан бүхий объектыг эзэмшиж, ашиглаж байгаа. Ж.Г нь Ц.Нарантуяа түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахад эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрхийн доголдол байгаагүй ба эрхийн бүртгэлд дээрх худалдагч талын хүмүүс л бүртгэлтэй байсан бөгөөд талийгаач З.Мөнхбатын эх Д.Долгорсүрэнгийн нэр тухайн үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэдний хооронд өв залгамжлалын маргаан үүсээгүй байсан, эд хөрөнгийг шударгаар олж авсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг материалыг Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсээс авсан, гэрч М.Тэмүүжин, М.Шинэ-Од нараас мэдүүлэг авсан. Энэ хоёрын мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байгаа. Харин ээж М.Нарантуяа нь нас барсан учир гэрчээр асуугдах боломжгүй байсан.

Иймд дээр дурдсан үйл баримт болон хуулийн заалтуудаар Ж.Г ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрладаг ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан Г.М- ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь намайг ацетелины үйлдвэрийн үйлдвэрийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ үйл баримтаас өмнө ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр Г.М- байсан, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарсны дараа ч намайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй.

2011 онд Ж.Г нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг 2012 оны 02 дугаар шийдвэр, 2013 оны 111 дугаар магадлал, 2013 оны 107 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ц.Нарантуяа нь Ж.Г ад уг үйлдвэрийг 150 000 000 төгрөгөөр худалдсан гэх боловч энэ талаарх баримтыг өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүүхдүүд тухайн үедээ юмны учрыг сайн мэдэхгүй байсан хүүхдүүд байж хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр зарсан, өмчлөгч нь Ж.Г гэж хэлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М- сөрөг нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 дугаар захирамжаар хөрөнгийн өмчлөгчөөр намайг гэж хүлээн зөвшөөрсөн учир Г.М- би өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, хэрэгцээ байхгүй болсон. Ийм учраас Ж.Г ын хууль бус эзэмшлээс ацетелины үйлдвэрийн 1141 м.кв талбай бүхий барилга байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмжийн хамтаар чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь Г.Мөнхайрамдалд холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагч болон өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Мөн Г.М- нь Ц.Нарантуяа, Ж.Г нарт холбогдуулан гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн байдаг юм. Иймд Г.М- ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Долгорсүрэн, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүдээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Г ад 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр зарсныг зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагчаар Д.Долгорсүрэн, Ц.Нарантуяа, М.Тэмүүжин, М.Шинэ-Од, М.Мөнхнаран нарыг тогтоосон байхад Д.Долгорсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэрээг үндэслээд хууль ёсоор өмчлөх эрх үүссэн гэж шаардаж болохгүй. Иймд Ж.Г болон Ц.Нарантуяа, түүний хүүхдүүдийн хооронд хийсэн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Г бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Долгорсүрэнгээс гарган өгсөн нотлох баримт болох 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолыг үзэхэд тэрээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран, худалдан авагч тал болох Ж.Г нарын хооронд 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" хийгдсэн байсныг 2008 онд мэдсэн байна. Д.Долгорсүрэнгийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар тухайн үед буюу 2008 оны 5 дугаар сард 11 дүгээр тогтоол гарч хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэх болсон цагаас эхлэн үүссэн байна. Үүнээс хойш Д.Долгорсүрэн нь 10 жил 8 cap өнгөрсний дараа Ц.Нарантуяа нар болон Ж.Г нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь дээр дурдсан хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

Гуравдагч этгээд Д.Долгорсүрэн болон Ц.Нарантуяа түүний хүүхдүүд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч нар гэдэгтэй хэн ч маргаагүй болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач З.Мөнхбат нь 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байна. З.Мөнхбат нь "Ацетелиний станц" улсын үйлдвэрийн цогцолборыг 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт явагдсан дуудлага худалдаагаас төрийн өмчийн хорооны 1997 оны 748 тоот тогтоолоор 221 500 000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан байсан. Маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь иргэн З.Мөнхбатын худалдаж авсан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгө байсан.

Худалдагч тал болох Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь 2006 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр З.Мөнхбатын хууль ёсны өвлөгчөөр, мөн өвлөгдөх эд хөрөнгө болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байсан. Худалдагч нар нь дээрх шийдвэрийг гарснаас хойш 1 жил 2 сарын дараа буюу 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авсан өвлөгдсөн эд хөрөнгийнхөө өмчлөгч болж, иргэн Ж.Г ад худалдсанаар шударга өмчлөгч болсон. Гэтэл гуравдагч этгээд Д.Долгорсүрэн нь шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн 391 дүгээр шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолоор хянан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 болон дурдсан үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Д.Долгорсүрэн нь талийгаач З.Мөнхбатыг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй байх тул тэрээр өвлөхөөс татгалзсанд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Д.Долгосүрэнгийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.Г ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6 дахь хэсэгт зааснаар Г.М- ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Г ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Г ад холбогдох хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Г.М- ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г ад холбогдох 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 7 7.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 60.1, 56 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.4, 63.1.6-д тус тус Ж.Г аас 532 950 төгрөг, хариуцагч Г.М- аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.М- аас 462 750 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Долгорсүрэнгээс 532 950 төрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч Г.М- аас 532 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г ад олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.М- давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Ж.Г ын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах процесст хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Энэ гэрээнд худалдагч талаас зөвхөн Ц.Нарантуяа гарын үсэг зурсан байдаг. Учир нь хүүхдүүд болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүд байсан. Тухайн үед болсон явдлыг 150 000 000 төгрөг өгсөн, худалдаж авсан гэх боловч, нэхэмжлэгч нь үүнийг нотлох баримтаар нотлох ёстой. Гэрчийн мэдүүлгээр үндэслэлгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч банкнаас авсан зээлнээс 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласнаар хэргийг таамаглалаар нотлох баримтгүй шийдвэрлэсэн. Энэхүү маргаан нь 2006 оноос эхэлсэн бөгөөд маргаантай, шийдвэрлэгдэж дуусаагүй байхад энэхүү худалдах, худалдан авах асуудал болдог. Энэ худалдах гэрээ нь 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болсон гэтэл 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийдвэр гарахаас өмнө ацетлины үйлдвэр нь Г.М- миний өмч байсан бөгөөд үйл ажиллагаатай, данс тооцоотой, банкны барьцаанд байсан. Хүнээс мөнгө зээлж зээлээ төлж байсан. Одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй.

Ийнхүү 2006 оноос маргаж байгаад 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 374 дүгээр шийдвэр, 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 40 дүгээр магадлалаар Г.М- намайг тус үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоосон. Мөн Улсын Дээд шүүхийн 485 дугаар тогтоолоор мөн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ бүхнийг шинээр нөхцөл байдал үүслээ гэж дахин хянан шийдвэрлээд 464 дүгээр тогтоол гарсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү 464 дүгээр тогтоолын дараа 383 тоот захирамжаар нэхэмжлэгч тал М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар маргахаа зогсоож ацетлины үйлдвэрийн өмчлөгчөөр Г.М- намайг гэж хүлээн зөвшөөрсөн байдгийг дутуу үнэлж авч үзсэнгүй шийдвэрлэсэн.

Ийнхүү энэ олон жил шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдэж, гарсан шийдвэрийн дагуу өмчлөгч нь миний өмчлөлөөс гарч, чөлөөлж өгнө үү гэхээс өөр ямар асуудал тавих вэ гэдгийг шүүх анхаарч үзээгүй шийдвэрлэсэн. Таамаг төдий, ямар ч нотолгоо баримтгүй яриагаар тулгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх анхааран, нягтлан үзэж, үнэн зөв дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, процессийн алдаа гэж үзэж байгаа тул анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: Н.Төмөрцэцэг өмгөөлөгчийг авч байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвчний улмаас татгалзаж гарсан, өөр итгэлтэй өмгөөлөгч олдохгүй байна.

Шүүх хуралдаанд Г.М- ыг оруулсан боловч шүүх хуралдааныг хийсэн байна. Мөн өв залгамжлагчийн нэг болох намайг оролцуулахгүй байгуулсан гэрээний дагуу Ж.Г нь өмчлөгч гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Иймд энэ шийдвэр нь хуулийн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Г.М- д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түүний хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Долгорсүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан байна. /3хх54-55/ Тэрээр Ц.Төмөрцэцэгт 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, Л.Цуурайд мөн оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулж байгаад тэдгээрээс татгалзсан болох нь итгэмжлэл, гуравдагч этгээдийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /3хх 160, 174, 216, 229/ Энэ хугацаанд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу гуравдагч этгээд, түүний төлөөлөгчид хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгөх, мөн шүүгчийн бие даасан, хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, түүний үр дагаврын талаар танилцуулж баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажиллагаа явуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд нь хариуцагч Г.М- д өөрийгөө төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгожээ. /4хх-34/ Шүүгч дээрх хуульд заасан үүргээ мөн хэрэгжүүлээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цагаасаа өмгөөлөгч авах, төлөөлөгч томилох эрхээ хангалттай хугацаанд хэрэгжүүлсэн, шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэх үндэслэлээр түүний өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. /4хх-38-40/ Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Долгорсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД