Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01209

 

   

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1,140 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд *******гийн 2007.06.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангоогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2007.06.18-ны өдөр Ц.Нарантуяа, түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1,141 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед татвар төлөх хэмжээгээ багасгах гэж гэрээний үнийг 75,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд энэ гэрээний дагуу би 2007.06.22-ны өдөр хууль ёсны өмчлөгч болж, гэрчилгээ авсан. Энэ үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй болох нь баримтаар харагддаг. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч З.Мөнхбат 2005.01.10-ны өдөр нас барсан. Түүний эхнэр Ц.Нарантуяа нь М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран гэх гурван хүүхдийнхээ хамт 1999-2005 оны 5 дугаар сар хүртэл Сингапур Улсад амьдарч байх хооронд З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа, хүргэн ******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Ц.Нарантуяа нь хүүхдүүдийн хамт З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2006.04.24-ний өдөр 391 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэснээр үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Нарантуяа, түүний хүүхдүүд М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарын өмчлөлд бүртгэгдсэн. Би 2007.06.18-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Гэтэл нэг жилийн дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн талаар өв залгамжлалын маргаан үүсч, З.Мөнхбатын эх ******* нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006.04.24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасныг шүүх ******* З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч болох эсэх, хуульд зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгийг ямар хэмжээгээр өвлөх эсэхийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Ингээд хэрэг нь дахин анхан шатны шүүхээр хянагдаж тус шүүхийн 2009.03.04-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран болон талийгаачийн эх ******* нарыг З.Мөнхбатын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, харин Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарыг З.Мөнхбатын өмчлөлд байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг З.Мөнхбат нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Хаадууд ХХК-ийн захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, шинээр захирал *******ыг томилж, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон нь 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаал бүхий баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин 2010 онд ******* нь *******, Ц.Нарантуяа нарыг хариуцагчаар татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар би эрхээ зөрчигдөж байгааг мэдсэн. *******ын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, Ц.Нарантуяа, *******ад холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010.02.24-ний өдөр хянан хэлэлцээд 374 дүгээр шийдвэрийг гаргаж дээр дурдсан Хаадууд ХХК-ийн 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон миний өмчлөх эрхийг хүчингүй болгож, *******ыг өмчлөгчөөр тогтоосон. Уг шийдвэрийг миний бие эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс 40 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхээс 485 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Ийнхүү бидний хоорондын маргааныг иргэний хэргийн шүүх эцсийн шийдвэрээрээ Хаадууд ХХК-ийн захирал З.Мөнхбат нь 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон *******ыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж дууссан тул З.Мөнхбат гэгч нь үнэхээр өөрийн хүсэл зоригоор, өөрийн гараар бичиж гаргасан эсэхийг шалгуулахаар холбогдох цагдаагийн байгууллагад хандаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэж үзэхэд, уг тушаалд зурагдсан гарын үсэг нь З.Мөнхбатын гарын үсэг биш, харин түүний дүү З.Мөнхтуяагийн гарын үсэг болох нь тогтоогдсоноос гадна, уг нотлох баримтад дарагдсан Хаадууд ХХК-ийн тамга нь хуурамч тамга болох нь тогтоогдсон. Энэ маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэн Улсын Дээд шүүхийн 2015.10.20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор Хаадууд ХХК-ийн захирал З.Мөнхбат нь 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүхийн 2015.10.20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарсантай холбогдуулан *******ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 40 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 485 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг гаргасныг Улсын Дээд шүүхээс хангаж 2016.01.12-ны өдөр 15 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.Мөнхнаран, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь хариуцагчаар З.Мөнхтуяа, ******* нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.02.26-ны өдрийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан.

Мөн ******* нь хариуцагчаар *******, Ц.Нарантуяа нарыг татаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байсан ба уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарыг мөн оролцуулсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт шүүхэд өгснийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.03.18-ны өдрийн 464 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан. Ийнхүү З.Мөнхтуяа, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас би шударгаар худалдан авч өмчлөгч нь болсон ацетелины үйлдвэр үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах, үйл ажиллагаагаа явуулан ашиг олох, авсан зээлээ олсон ашгаасаа хуваан төлөх боломжгүй болж, эд хөрөнгө, өмчлөх эрхээ *******д алдаж хохирсон. Хэдий тийм боловч би өнөөдрийг хүртэл маргаан бүхий объектыг эзэмшиж, ашиглаж байгаа. Миний бие Ц.Нарантуяа түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахад эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрхийн доголдол байгаагүй ба эрхийн бүртгэлд дээрх худалдагч талын хүмүүс л бүртгэлтэй байсан бөгөөд талийгаач З.Мөнхбатын эх *******гийн нэр тухайн үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэдний хооронд өв залгамжлалын маргаан үүсээгүй байсан, эд хөрөнгийг шударгаар олж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалыг Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсээс авсан, гэрч М.Тэмүүжин, М.Шинэ-Од нараас мэдүүлэг авсан. Энэ хоёрын мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байгаа. Харин ээж М.Нарантуяа нь нас барсан учир гэрчээр асуугдах боломжгүй байсан.

Иймд дээр дурдсан үйл баримт болон хуулийн заалтуудаар намайг Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрладаг ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1,141 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан *******ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.02.26-ны өдрийн 383 дугаар захирамжаар З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь намайг ацетелины үйлдвэрийн үйлдвэрийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ үйл баримтаас өмнө ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр ******* байсан, Улсын Дээд шүүхийн 2015.10.20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарсны дараа ч намайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй. 2011 онд ******* нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг 2012 оны 02 дугаар шийдвэр, 2013 оны 111 дугаар магадлал, 2013 оны 107 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ц.Нарантуяа нь *******ад уг үйлдвэрийг 150,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч энэ талаарх баримтыг өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүүхдүүд тухайн үедээ юмны учрыг сайн мэдэхгүй байсан хүүхдүүд байж хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр зарсан, өмчлөгч нь ******* гэж хэлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 дугаар захирамжаар хөрөнгийн өмчлөгчөөр намайг гэж хүлээн зөвшөөрсөн учир ******* би өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, хэрэгцээ байхгүй болсон. Ийм учраас *******ын хууль бус эзэмшлээс ацетелины үйлдвэрийн 1,141 м.кв талбай бүхий барилга байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмжийн хамтаар чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь Г.Мөнхайрамдалд холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагч болон өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Мөн ******* нь Ц.Нарантуяа, ******* нарт холбогдуулан гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн байдаг юм. Иймд *******ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүдээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******ад 2007.06.18-ны өдрийн гэрээгээр худалдсныг зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагчаар *******, Ц.Нарантуяа, М.Тэмүүжин, М.Шинэ-Од, М.Мөнхнаран нарыг тогтоосон байхад миний зөвшөөрөлгүйгээр хийсэн гэрээг үндэслээд хууль ёсоор өмчлөх эрх үүссэн гэж шаардаж болохгүй. Иймд ******* болон Ц.Нарантуяа, түүний хүүхдүүдийн хооронд хийсэн 2007.06.18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд *******гээс гарган өгсөн нотлох баримт болох 2008.05.11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолыг үзэхэд тэрээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран, худалдан авагч тал болох бид нарын хооронд 2007.06.18-ны өдөр байгуулагдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсныг 2008 онд мэдсэн байна. *******гийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар тухайн үед буюу 2008.05.11 дүгээр тогтоол гарч хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэх болсон цагаас эхлэн үүссэн байна. Үүнээс хойш ******* нь 10 жил 8 cap өнгөрсний дараа Ц.Нарантуяа нар болон бид нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь дээр дурдсан хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Гуравдагч этгээд ******* болон Ц.Нарантуяа түүний хүүхдүүд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч нар гэдэгтэй хэн ч маргаагүй болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач З.Мөнхбат нь 2005.01.10-ны өдөр нас барсан байна. З.Мөнхбат нь Ацетелиний станц улсын үйлдвэрийн цогцолборыг 1997.11.25-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт явагдсан дуудлага худалдаагаас төрийн өмчийн хорооны 1997 оны 748 тоот тогтоолоор 221,500,000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан байсан. Маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь иргэн З.Мөнхбатын худалдаж авсан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгө байсан. Худалдагч тал болох Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар нь 2006.04.24-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр З.Мөнхбатын хууль ёсны өвлөгчөөр, мөн өвлөгдөх эд хөрөнгө болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байсан. Худалдагч нар нь дээрх шийдвэрийг гарснаас хойш 1 жил 2 сарын дараа буюу 2007.06.18-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авсан өвлөгдсөн эд хөрөнгийнхөө өмчлөгч болж, иргэн *******ад худалдсанаар шударга өмчлөгч болсон. Гэтэл гуравдагч этгээд ******* нь шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн 391 дүгээр шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг 2008.05.11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолоор хянан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 болон дурдсан үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд ******* нь талийгаач З.Мөнхбатыг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй байх тул тэрээр өвлөхөөс татгалзсанд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Д.Долгосүрэнгийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1,141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д зааснаар *******ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон 2011.08.24-ний өдрийн 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, *******ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч *******ад холбогдох хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Г.Мөнхнайрамдлын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч *******ад холбогдох 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 60.1, 56 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.4, 63.1.6-д тус тус *******аас 532,950 төгрөг, хариуцагч Г.Мөнхнайрамдлаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнхнайрамдлаас 462,750 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гээс 532,950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч Г.Мөнхнайрамдлаас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу гуравдагч этгээд, түүний төлөөлөгчид хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгөх, мөн шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, түүний үр дагаврын талаар танилцуулж баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажиллагаа явуулалгүй гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна гэж мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг баримтлан шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг хангалттай олгосон нотлох баримтуудыг хянаж үзэлгүйгээр алдаа гаргасан.

Тодруулбал:

1. Нэхэмжлэгч ******* нь 2017.03.17-д шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. 2017.03.30-д Иргэний хэрэг үүсгэсэн.

3. 2017.04.13-д шүүх нэхэмжлэлийг хариуцагч *******ад гардуулж, түүнд эрх үүргийг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан.

4. 2018.11.27-д ******* шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч 5161 дугаар шүүгчийн захирамж гаргасан.

5. 2018.11.28-д шүүх *******д 2018.12.10-ны 12.00 цагт шүүх хурал зарласан тов мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн ба түүний 96689019 гэсэн дугаараар холбогдон шүүх хурлаас өмнө ирж хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд охин З.Мөнхтуяа нь утсыг нь авч ээждээ хэлье, манай ээж өндөр настай хүн юм гээд хурлаас өмнө 12/03-д аваад очно гэсэн хариу өгсөн байна.12/03-д дахин холбогдоход шүүгчийн захирамжийг нэхэмжлэл болон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хамт шуудангаар хүргүүлээд авъя гэсний дагуу 2018.12.07-д шуудангаар хүргүүлэх ажлыг хийсэн байна.

6. 2018.12.10-д ******* шүүхэд бие даасан шаардлага гаргасан тул энэ өдрийн шүүх хурлыг 2018.12.20-ны 11 цагт товлосон. ******* шүүх хуралд биечлэн ирээгүй.******* нь энэхүү шаардлагадаа ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж бичсэн байна.

7. 2018.12.14-д 12/20-ны 11 цагийн шүүх хурлын товыг утсаар мэдэгдсэн байх ба ирж хэргийн материалтай танилцахыг шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

8. 2018.12.20-ны өдрийн 11 цагийн шүүх хуралдаанд хариуцагч түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдээс хэн нь ч ирээгүй бөгөөд ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлсэн байв. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байсан.

9. Дараагийн хурлыг 2019.01,08-ны өдрийн 13.30-д товлосон ба энэ тухай шүүх хуралдааны товыг 2019.01.02-ны өдөр хариуцагч болон түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарт утсаар болон шуудангаар хүргүүлсэн байна.

10. 2018,12.29-д гуравдагч этгээд ******* 2019.01.08-ны өдрийн 13.30-д шүүх хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд явуулсан ба өвчтэй гэсэн байв.

11. 2018.01.04-д гуравдагч этгээд *******гээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн.

12. Дараагийн хурлыг 2019.01.22-ны өдрийн 13.30-д товлосон.Энэ өдөр *******рүү залгахад мөн охин Мөнхтуяа нь авч ойлголоо ээжид хэлье гэсэн хариу өгсөн тэмдэглэл байна. Мөн шуудангаар Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг 1 сарын 14-ны өдөр хүргүүлсэн байна.

13. 2019.01.21-ны өдөр гуравдагч этгээд *******гээс мэдрэлийн мэс засалд орно. Эдгэх хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн.Үүндээ мөн ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зохигчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэсэн байна.

14. 2019.01.22-ны өдрийн 13.30-д товлосон шүүх хуралд хариуцагч нь шинээр өмгөөлөгч Ө.Өлзиймааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, иймд хэргийн материалтай танилцана гэж хойшлуулах хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулсан.

15. Дараагийн хурал 2019.02.12-ны 12.30-д товлогдсон. Мөн өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан гэж хойшлуулах хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулсан.Хурлын товыг зохигчдод мөн л мэдэгдсэн.

16. Дараагийн хурлыг 2019.03.05-ны 11 цагт товлосон.

17. 2019.03.03-д өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгт гуравдагч этгээдээс итгэмжлэл олгосон байв. Тэрээр дээрх хурлыг хойшлуулах хүсэлт өгсөн ба шүүх хурал давхацсан гэсэн болно.

18. Дараагийн хурлыг 2019.03.19-д 11.30-д товлосон.Энэ хурлын товыг 2019.03.05-ны өдөр зохигчдод мэдэгдсэн.

19. 2019.03.18-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцзцэг ар гэрт өвчтэй дүүгээ асрах болсон тул итгэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн.

20. 2019.03.19-д шүүхийн туслах гуравдагч этгээд рүү утсаар холбогдоход охин Мөнхтуяа нь авч ээж эмнэлэгт хэвтсэн 14 хоногтоо багтаад дахин өмгөөлөгч авна гээд таслав гэсэн байна.

21. 2019.04.01-д шүүхийн туслах гуравдагч этгээд рүү утсаар холбогдон мөн л хэргийн материалтай ирж танилцах, шинээр нотлох баримт өгвөл яаралтай өг гэж хэлсэн байна.

22. 2019.04.17-д гуравдагч этгээдээс шүүхэд хүсэлт ирүүлсэн байх ба үүндээ хагалгаанд орсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авч чадахгүй зардал мөнгө хүндрэлтэй байна, хэргийг түдгэлзүүлж өгөөч гэсэн байв. Үүнд мөн л ИХШХШТХ-ийн 29.2-т заасныг дурдсан байна.

23. 2019.04.29-д гуравдагч этгээд түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжид гомдол гаргасан.

24. 2019.05.07-д гуравдагч этгээд хүсэлт гаргаж Ц.Төмөрцэцэгийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дахин оролцуулах хүсэлт гаргасан.

25. 2019.05.08-д гомдлын хурал болсон ба Ц.Төмөрцэцэг нь гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцсон. Ингэхдээ шүүх хуралд өгсөн тайлбартаа "өмнө нь би ******* гуайн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаад шүүх хуралд оролцох гэсэн боловч Долгорсүрэн гуай өөрөө орно гээд би итгэмжлэлээсээ татгалзаж байсан юм" гэсэн байв. /Өмнө нь шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан үндэслэлээ заахдаа өвчтэй дүүгээ асарна гэсэн байснаасаа өөр тайлбар гаргасан байв/

26. 2019.05.16-ны 14 цагт дараагийн хурлыг товлосон. Энэ өдрийн хурлын товыг гуравдагч этгээдэд 5 сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байв.

27. 2019.05.14-ны өдөр Долгорсүрэнгээс Л.Цуурай өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт ирүүлсэн байна.

28. 2019.05.15-ны өдөр Л.Цуурай өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт өгсөн.

29. 2019.06.03-ны өдөр өмгөөлөгч Л.Цуурайгаас шүүхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр татгалзсан хүсэлтээ ирүүлсэн. Үндэслэлээ заахдаа Долгорсүрэнгийн охин Мөнхтуяа гэж хүн надтай яриад шүүх хурлыг хойшлуулах, шүүгчээс татгалзуулах хүсэлт гаргуулах зорилгоор өмгөөлөгч авах гэж байгаа юм гэж ярьсан. ...Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.40.1-д заасан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад дарамт шахалт үзүүлэхийг хориглох гэсэн заалтыг зөрчиж байх тул өмгөөлөхөөс татгалзаж байна гэсэн утга агуулсан байв.

З0. Дараагийн хурал 2019.06.13-ны 14 цагт товлосон. Товыг 6 сарын 3-ны өдөр Долгорсүрэнгийнй охин Мөнхтуяад, өмгөөлөгч Цуурайд мэдэгдсэн байх ба 6 сарын 6-ны өдөр Долгорсүрэнд шуудангаар хүргүүлсэн байна.

31. 2019.06.05-д гуравдагч этгээд ******* нь Л.Цуурайд итгэмжлэл олгосон байв.

32. 2019.06.12-д итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нь шүүхэд нийт шүүгчдээс татгалзах хүсэлт өгснөөр энэ өдрийн шүүх хурал мөн хойшилсон.

33. 2019.07.19-ны өдөр хэрэг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Энхтуяад хуваарилагдсан.

34. Үүнээс хойш 3 сарын дараа буюу 2019.10.01-ны 15 цагт шүүх хурал товлосон боловч хариуцагчийн зүгээс хойшлуулсан.

З5. Дараагийн хурал 2019.10.15-ны өдөр 13.30-д товлогдсон бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч *******д хадам эх буюу гуравдагч этгээдээр оролцож буй ******* итгэмжлэл олгосон байсан.

Энэ бүх хугацаанд шүүхийн зүгээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд эрхийг нь эдлэх боломжийг олгож утсаар болон шуудангаар байнга ярьж тов мэдэгдэх хуудас, шүүгчийн захирамж, нэхэмжлэл зэргийг хүргүүлэн, түүнийг ирж хэргийн материал болон эрх үүрэгтэйгээ танилцах шаардлагатай байгааг тайлбарлан таниулж байсан нь хэрэгт авагдсан байна.

Гуравдагч этгээд ******* нь шүүхэд өөрийн нэрээр 8 удаа хүсэлт гаргаж байсан ба тэрээр энэ хүсэлтүүддээ ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29-4-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож байна гэж бичсэнээс үзвэл тэрээр хуулиар өөрт нь ямар эрх олгогдсон талаар сайн мэдэж эрхээ хангалттай эдэлж байсан гэх үндэслэлтэй юм.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр 2 өмгөөлөгчийг төлөөлөгчөөрөө оролцуулсан бөгөөд Ц.Төмөрцэцэг нь 2 удаа, Л.Цуурай нь 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгч байсан ба өөрөө 2 удаа өвчтэй, өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан. Өмгөөлөгч Л.Цуурайгийн шүүхэд гаргасан хүсэлтээс үзвэл гуравдагч этгээдийн охин Мөнхтуяа нь өмгөөлөгчийг зөвхөн шүүх хурлыг хойшлуулах, шүүгчээс татгалзах хүсэлтүүдийг гаргуулахад ашиглах зорилгоор авдаг байсан нь тодорхой болсон байна. Учир нь энэхүү хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх Шүүгчийн захирамж нийт 23 удаа гарсан байдаг бөгөөд үүнээс 18 удаагийн шүүх хуралдааныг зөвхөн хариуцагч *******ын өмгөөлөгч авна, итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан, өвчтэй, авсан өмгөөлөгч нар нь шүүх хурал давхацсан гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан баримт хэрэгт байна. Харин гуравдагч этгээд ******* хэргийн оролцогчоор орж ирснээс хойш нийт 5 удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгч хойшлуулж байсан ба тэрээр нэг ч удаа шүүх дээр биечлэн ирж байсан удаагүй хэргийн оролцогч юм. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх субъект. Нэгэнт шүүхэд шаардлага гаргасан бол түүнийгээ дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй. Шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй. Гэтэл дуудаад байхад ирдэггүй.Эрхээ эдлээд үүргээ биелүүлдэггүй. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд өөрсдийн авсан өмгөөлөгч, төлөөлөгчөө зөвхөн шүүх хурлыг хойшлуулахад ашигладаг. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх сонирхолгүй, яаж ийгээд хуулийн цоорхойг ашиглаад саатуулах арга саам хэрэглэдэг.Тэдний энэ үйлдэл нь нэхэмжлэгч *******ыг эцсийн бүлэгтээ залхаах зорилготойгоор хийгдэж байгаа үйлдэл гэж бодоход хүргэж байна. Шүүхээс товлон зарласан бүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод хуульд заасны дагуу эрх, үүргийг танилцуулж өгсөн. Хамгийн сүүлийн 2019.10.15-ны өдөр хариуцагчаар оролцсон *******д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон оролцоход хүртэл шүүгч түүнд гуравдагч этгээдийн эрх үүргийг давхар танилцуулан шүүх хуралдааныг явуулсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан баталгаажсан. ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2-т шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно гэж заасан. Тэгээд ч ******* нь энэ хэрэгт хариуцагчаар оролцож байгаа этгээдийнхээ хувьд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн эрх үүрэгтэй танилцаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хэргийн оролцогч өөрт хуулиар олгогдсон эрхийг эдлэхгүй байх эрхтэй хэдий ч шүүх эдгээр эрхийг эдлэх бүхий л боломж нөхцөлөөр хангах үүргээ хэрэгжүүлсэн нь дээр дурдсан үйл баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Тэгээд ч шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд л хангах үүрэгтэй. Хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг хүсэлт гаргах хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулах нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн алдаа болдог. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан.

Анхан шатны шүүхийн шүүгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэл нь түүнд шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох бүрэн боломж байсан, энэ хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж үзсэнтэй холбоотой байсан. Учир нь *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгийн хүсэлтээр хэрэг Улаанбаатар хотруу 2019 оны 7 сард шилжиж ирсэн. Үүнээс хойш 3 сарын хугацаанд ******* нь хүргэн *******даа итгэмжлэлээ өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүрэн боломж, хангалттай хугацаа байсан. Гэвч яг шүүх хурал болох өдөр заавал нэгээс хоёр хүсэлтийг ёс юм шиг шүүх хуралдаан дээр гаргаж өгдөг. Энэ нь ч товлогдсон хурал болгоны тэмдэглэлээс тодорхой харагдана. Нэг хүсэлт нь хангагдахгүй байлаа гэхэд нөгөөхийг нь хангаж л таараа гэсэн тооцоотойгоор шүүх хуралдаан дээр хүсэлт өгч хойшлуулах шалтгаан болгодог.Тэгээд ч итгэмжлэл олгож байгаа, авч байгаа 2 хүн хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс огт биш юм. Тэд нэг гэрт, нэг хаягт хамт амьдардаг, нэг гэр бүлийн хүмүүс атал зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох саатуулах арга мэх байнга хэрэглэн сунжруулах зорилго өвөртөлж ирдэг. Тэдний энэ арга залинд шүүх автаад хурал хойшлоод л байвал, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр дахин дахин шинэ шинэ арга мэх гаргаж ирээд л үргэлжлүүлээд байхаас буцахгүй. Уг нь хуульд улсын дээд шүүхээс буцаагдсан хэрэг 30 хоногийн дотор шийдэх хуулийн заалт байдаг хэдий ч буцаагдсанаас хойш 1 жил 6 сарын дараа л арай гэж нэг юм анхан шатны шүүх хурал хийгдсэн билээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019.10.15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

******* нь *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1,140 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан, гуравдагч этгээд ******* 2007.06.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

1.   Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэлээ: ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг үндэслэлгүй хэтрүүлж, ...дахин шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхээс буцаагдсан хэрэг 30 хоног биш 1 жил 6 сарын дараа арай гэж шийдвэрлэгдсэн, ... бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон, ...хариуцагч, гуравдагч этгээд нь нэг гэрт хамт амьдардаг, нэг гэр бүлийн хүмүүс байтал зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, саатуулах арга мэх байнга хэрэглэж байна, ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй... тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд түүний эрх, үүргийг танилцуулсан баримт авагдаагүй, улмаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн... гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтуудыг үндэслэл болгожээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн бол, мөн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгоно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол уг зөрчлийг ноцтой зөрчил үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хэрхэн хязгаарласныг ноцтой зөрчил гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй гэж үзэн, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангана.

 

Тухайлбал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018.11.27-ны өдрөөс оролцсон, хэргийг шүүх 11 сарын дараа буюу 2019.10.15-ны өдөр шийдвэрлэжээ.

 

Энэ хугацаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* өөрөө шүүхэд биечлэн ирээгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай 2019.06.13-ны өдөр нэг удаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирж шүүх бүрэлдэхүүн, тус шүүхийн нийт шүүгчээс татгалзсан хүсэлт гаргаснаас өөрөөр дахин ирээгүй, шүүхээс удаа дараа шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн, байнга шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх үүрэг, хэргийн материалтай танилцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлж, утсаар холбогдож дуудаж байсан, түүнчлэн гуравдагч этгээдийн талаас бичгээр ирүүлсэн өвчтэй, нотлох баримт гаргуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, хэргийн материалтай танилцах, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдсөн, өмгөөлөгч оролцуулахаар сонгож авсан өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байснаас үзвэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж байсан ба шүүх хэргийн оролцогчид эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хязгаарласан, улмаар хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэсэн 2019.10.15-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гээс хариуцагч *******д итгэмжлэл олгосон, ******* шүүх хуралдаанд өмгөөлөгч авч эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон ******* 2017.04.13-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолтой, хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд эрх үүрэгтэйгээ танилцаж, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

 

Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх эрхтэйгээс гадна шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж оролцох үүрэгтэй.

 

Анхан шатны шүүхээс 2019.10.15-ны өдрийн хуралдааны товыг 2019.10.07-ны өдөр хүргэхэд хариуцагч ******* нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрөө оролцох талаар шүүхэд мэдэгдэж байсан болох нь хуралдааны тов мэдэгдсэн баримтад тусгагдсан байх тул тэрээр энэ хугацаанд өмгөөлөгч авч эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар гаргасан хүсэлтийг шүүгч нэн даруй шийдвэрлэнэ, ...хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2.-т тус тус зохицуулсан.

 

******* хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарсан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...маргаж буй хөрөнгийг 2007 онд худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан, энэ үеэс хойш эзэмшиж байгаа, ...хариуцагч хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1,140 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэж тайлбарласан, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү... гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, маргааны зүйл болсон Ацетилены станц улсын үйлдвэрийн цогцолборыг иргэн З.Мөнхбат 1997.11.25-ны өдөр явагдсан дуудлага худалдаанаас Төрийн өмчийн хорооны 1997 оны 748 тогтоолоор 221,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийг бүрэн төлснөөр 1997.12.08-ны өдрөөс эхлэн уг эд хөрөнгийн өмчлөгч болж, 1997.12.12-ны өдөр 08/00002 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

З.Мөнхбат нь эхнэр Ц.Нарантуяатай хамтран амьдрах хугацаанд 1990 оноос Тэмүүлэн ХЭАА, 1991 онд Хаадууд ХХК, 1992 онд Тэмүүлэн трейд инвест ХХК-ийг үүсгэн байгуулж, 1992-1993 онд Тэмүүлэн трейд спорт цогцолбор, 1997 онд Ацетилены үйлдвэрийг дуудлага худалдаагаар худалдан авч, үйл ажиллагаа явуулж байгаад 1998 онд төрийн албанд ажиллах болсон, тухайн үед хүүхдүүд нь гадаад улсад суралцаж, эхнэр Ц.Нарантуяа нь хүүхдүүдээ харж хандан, Монголд байгаагүй үндэслэлээр З.Мөнхбатын төрсөн дүү З.Мөнхтуяа, нөхөр *******ын хамт компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байжээ.

 

а/ 2005 онд З.Мөнхбат нас барсны дараа талийгаачийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдох маргаан үүсч, талийгаачийн эхнэр Ц.Нарантуяа, хүүхдүүд болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, З.Мөнхтуяа, ******* нарт холбогдуулан маргаж буй хөрөнгийг хууль бусаар өөрсдийн өмчлөлд бүртгүүлсэн тул хүчингүй болгож, хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006.04.24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг үндэслэн Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, ацетилины үйлдвэрийн барилга, 1,141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэж, 2006 онд 000202844 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

Өмчлөгч нар 2007.06.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр Ацетилины үйлдвэрийн барилгыг 75,000,000 төгрөгөөр *******ад худалдсан бөгөөд гэрээ хэрэгжиж, ******* 2007.06.22-ны өдрөөс дээрх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Талийгаач З.Мөнхбатын эх *******гийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.05.12-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолоор 2006.04.24-ний өдрийн 391 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

Дархан-Уул аймгийн дахь Сум дундын шүүхийн 2009.03.04-ний өдрийн 228 дугаартай шийдвэрээр Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран, ******* нарыг талийгаачийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Ацетилины үйлдвэрийн өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009.12.09-ний өдрийн 109 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ.

 

б/ Хаадууд ХХК-ийн 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаалаар З. Мөнхтуяаг Хаадууд ХХК-ийн захирлаар томилж, дээрх тушаалыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай ацетилины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр З.Мөнхтуяа 2001.10.28-ны өдөр анх бүртгүүлж, 2003.04.10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Б.Мөнхнайрамдалд өмчлөх эрхээ шилжүүлж, ******* өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

 

Улсын дээд шүүхийн 2015.10.20-ны өдрийн 815 дугаартай тогтоолоор Хаадууд ХХК-ийн Ерөнхий захирлын 1998.05.03-ны өдрийн 2/5 тоот тушаал хуурамч болох нь тогтоогдсон үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгосон тул Б.Мөнхнайрамдалыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг үндэслэлгүй гэж үзэн, дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар Ц.Наранцэцэгийн хүү М.Тэмүүжинг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн, өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр хүсэлт гаргажээ.

 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.12.14-ний өдрийн 27 дугаартай шүүхийн тогтоолоор М.Тэмүүжингийн хүсэлтийг хангаж, 2009 оны 228 дугаартай шийдвэр, 109 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч М.Тэмүүжин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.26-ны өдрийн 383 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

в/ Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 2007 онд ******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэний дараа хариуцагч *******аас *******, Ц.Нарантуяа нарт холбогдуулан маргаж буй хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг Дархан-уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2010.02.24-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2010.04.14-ний өдрийн 40 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгож, *******ыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 485 тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ.

 

*******д өмчлөх эрх олгох үндэслэл болсон Хаадууд ХХК-ийн Ерөнхий захирлын 1998.05.03-ны өдрийн 2/5 дугаартай тушаал хууль бус болсонтой холбогдуулан *******ыг өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Улсын дээд шүүхийн 2016.01.12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа ******* нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр 2016.03.18-ны өдрийн 464 дугаартай шүүгчийн захирамжаар татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэгэнт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө хууль бусаар *******ын өмчлөлд бүртгэгдсэн нь тогтоогдсон тул *******ыг тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй.

 

г/ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж, 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Нэхэмжлэгч *******ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад хөрөнгө худалдагч буюу өвлөгч Ц.Нарантуяа, М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнасан нарын нэр дээр бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар бүртгэл үнэн зөв.

 

Иймд хэлцлийг бүртгүүлснээр *******ад шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ.

 

Түүнчлэн *******ыг Ц.Нарантуяа, түүний хүүхдүүдтэй 2007.06.18-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл хөрөнгийг эзэмшиж байгаа үндэслэлээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

 

д/ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Үүний тулд нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан 2007 оноос хойш эзэмшиж байгаа, түүний эзэмшил хууль бус болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

 

Түүнчлэн тус хөрөнгийн анхны өмчлөгчөөр тогтоогдсон З.Мөнхтуяагийн өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон Хаадууд ХХК-ийн 1998.05.03-ны өдрийн 2/5 дугаартай Ерөнхий захирлын тушаал хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул З.Мөнхтуяагаас Бэлэглэлийн гэрээгээр үүссэн *******ын өмчлөх эрхийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, улмаар ******* нь маргаж буй хөрөнгийг өмчлөгчийн хувиар бусдаас шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч *******ын ацетелины үйлдвэрийн барилгыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

е/ ******* нь талийгаач З.Мөнхбатын төрсөн эх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д зааснаар нас барагчийн хууль ёсны өвлөгч.

 

Тэрээр бэр Ц.Нарантуяа нь хүүхдүүдийн хамт талийгаач З.Мөнхбатын хөрөнгийг бусдад худалдаж, захиран зарцуулахдаа хууль ёсны өвлөгч, өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүд, ******* нарын хооронд 2007.06.18-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

 

*******, Ц.Нарантуяа нарыг гэрээ байгуулах тухайн хугацаанд гэрээний нэг тал болох Ц.Нарантуяа, хүүхдүүдийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан бөгөөд бие даасан шаардлага гаргасан ******* хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаантай үйл баримтад холбогдох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 243 дугаар зүйлийн 243.1., 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангоогийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2020.02.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД