Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01269

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01269

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн хариуцагч А.Г , А.Ш , Л.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 79 956 104.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О , С.Ш , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г , А.Ш , ЛЛ.М нар нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ2505004746 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 94 000 000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ2505004746 дугаартай ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот, 77 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч А.Г , А.Ш , ЛЛ.М нар нь ЗГ2505004746 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 542 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 73 тоот, 77 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар гэрчилгээ бүхий хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар 2013 онд банктай зээлийн гэрээ байгуулан 94 000 000 төгрөгийн зээл авсан.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Зээлдэгч нэг хэсэг хугацаа хэтрүүлж байсан нь үнэн боловч үүний дараа дахин төлбөрөө төлж байсан, 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр 3 093 303 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн байдаг. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тухайн хугацаанд үүргээ зөрчсөн байна. Гэхдээ хариуцагч нар цаашид төлбөрөө төлөх хүсэл сонирхол байгаа. Тийм учраас ялимгүй зөрчилд орно гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Г , А.Ш , ЛЛ.М нараас 79 956 104.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Г , А.Ш , ЛЛ.М нарын өмчлөлийн Ү-2204055188 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний урьдчилан төлсөн 627 930.52 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г , А.Ш , ЛЛ.М нараас 627 930.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн гэрээний үүргээ ялимгүй зөрчснийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Эргэн төлөлтийн хуваарьт зээлийн график зөрчигдсөнөөс хойш буюу нэхэмжлэгч мэдэгдэл, анхааруулга хүргүүлсний дараах хугацаанд 8 093 303 төгрөгийг төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгч банк шаардсанаар үүргээ гүйцэтгэж байсан болох нь харагдаж байх бөгөөд хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн гэрээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасны дагуу үүргээ ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж байгаа нь хариуцагчийн зүгээс ихээхэн хохиролтой байна. Үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй. Үүргээ ялимгүй, эсхүл үлэмж хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа талуудын ашиг сонирхлыг нийтэд нь дэнслэн үзэх шаардлагатай. Гэрээний нийт хугацаа 120 сар байх бөгөөд үүргээ зөрчсөн хугацаа нь 18 сар байна. Энэ гэрээний нийт хугацаатай харьцуулахад богино хугацаа юм.

Мөн хариуцагч нарын зүгээс гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусах бөгөөд энэ хүртэл хугацаанд төлж барагдуулах бүрэн боломжтой. Энэ талаар нэхэмжлэгч ч гэсэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурьддаг. Гэрээний үүргээ зөрчсөн гэх хугацаанд нийт 8 093 303 төгрөг төлсөн байгаа нь хариуцагчийн зүгээс цаашид гэрээний үүргээ гүйцэтгэх хүсэл зориг байсан болохыг илтгэж байна.

Иймд цаашид гэрээний хугацаандаа өр төлбөрөө төлж барагдуулж харилцан зөвшилцөж асуудлаа шийдвэрлэх боломжтой байх бөгөөд ялимгүй зөрчлийн улмаас гэрээг цуцлах нь хариуцагчид илт хохиролтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч А.Г , А.Ш , ЛЛ.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 956 104.04 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь 94 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч А.Г , А.Ш , ЛЛ.М нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, зээлдүүлэгчээс зээлдэгч нарт 94 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-9-12, 20-24/ Мөн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, хэн аль нь нэг талаасаа үүрэг шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Дээрх үйл баримт болон хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, үүргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс биелүүлээгүй талаар зохигчид маргаагүй, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн учир гэрээ цуцлах үндэслэлгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг тодорхойлжээ.

Талууд гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хавсралтаар зээл эргэн төлөх хуваарийг баталсан байдаг. Үүнээс үзвэл хариуцагч А.Г , А.Ш нар сар бүрийн 05-ны өдөр зээл, зээлийн хүүд 1 140 676 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг хуваарийн дагуу буюу 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч талын үүрэг шаардаж, гэрээ цуцалсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлсэн бол 57 763 971 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх байжээ. Хариуцагч нар гэрээгээр тохирсон хуваариа зөрчсөний улмаас тэдгээрийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 70 532 946 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104 төгрөг байна. Иймээс хариуцагч нарын дээрх зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчилд тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч А.Г , А.Ш нарт үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан шаардах хуудас, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байх тул /хх-16-17, 127-128/ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүргийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 79 956 104 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч А.Г , А.Ш нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 64 байр, 73 тоот, 77 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх13-15/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын А.Г , А.Ш нарын өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчид маргаангүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 627 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ч.ЦЭНД