Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/00716

 

 

 

 

 

 

 

                2020          03          25  

                                 181/ШШ2020/00716

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар хот 15160 хаягт байрлах, Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 94 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Алтангэрэлийн Гандолгор /РД:ГГ7522106/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар байрны 54 тоот хаягт оршин суух, Гочоо тайж овогт Алтангэрэлийн Шижиртуяа /РД:ГГ81061804/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар байрны 54 тоот хаягт оршин суух, Шивээт овогт Лхагвасүрэнгийн Мөнхдалай /РД:ЙГ88102255/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 79 956 104,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов. 

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

 

Иргэн А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нар нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ2505004746 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 94 000 000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ2505004746 дугаартай Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоотын 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нар нь ЗГ2505004746 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 542 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

 

         Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 73 тоот 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар гэрчилгээ бүхий хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

  Хариуцагч нар 2013 онд банктай зээлийн гэрээ  байгуулан 94,000,000 төгрөгийн зээл авсан.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Зээлдэгч нэг хэсэг хугацаа хэтрүүлж байсан нь үнэн боловч үүний дараа дахин төлбөрөө төлж байсан, 2017 оны 04 сарын 27-ний өдөр 3,093,303 төгрөг, 2018 оны 06 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг төлсөн байдаг. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тухайн хугацаанд үүргээ зөрчсөн байна. Гэхдээ хариуцагч нар цаашид төлбөрөө төлөх хүсэл сонирхол байгаа. Тийм учраас ялимгүй зөрчилд орно гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нарт холбогдуулан, үндсэн зээлийн төлбөр 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнээс ялимгүй зөрчил гаргаснаас гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Зохигч талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-2505004746 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон ЗБ-250500-4746 тоот Ипотекийн гэрээ байгуулагдаж, 94 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан  Орон сууцны зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

        

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний дагуу төлбөр гаргуулахаар хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас шаардсан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт “Зээлдэгч хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж үзэж тохиролцсон бөгөөд хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзэв.

 

           Хариуцагч нарт нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 18, мөн оны 8 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 28, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд “Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах хуудас”-аар болон “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулан, шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд талууд маргаагүй.

 

Талууд гэрээгээр зээлийг хүүтэй олгохоор, мөн зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Гэрээнд заасан үүргийн дагуу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн гэрээний үүргийн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв байна.

 

         Зохигч талуудын хооронд ЗБ-250500-4746 дугаар бүхий Ипотекийн гэрээ байгуулагдаж, А.Гандолгор, А.Шижиртуяа нарын өмчлөлийн Ү-2204055188 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, \13373\ Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан, түүнчлэн барьцаалсан хөрөнгө нь зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын өмчлөлийн хөрөнгө болох нь ипотекийн гэрээний хуулбар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3-т заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрээний хавсралтаар нотлогдов.

 

Дээрхи гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

 Иймд хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 79 956 104.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд А.Гандолгор, А.Шижиртуяа нарын өмчлөлийн Ү-2204055188 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдэв.

Хариуцагч нар нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, цаашид зээлээ төлөх хүсэлтэй гэх боловч тус шүүхэд нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас 79 956 104.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нарын өмчлөлийн Ү-2204055188 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний урьдчилан төлсөн 627 930.52 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас 627 930.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ