Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00394

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00394

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1269 дүгээр магадлалтай,

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 79,956,104.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Солонго, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79,956,104.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас 79,956,104.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нарын өмчлөлийн Ү-2204055188 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн урьдчилан төлсөн 627,930.52 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 627,930.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1269 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Голомт банк ХХК болон *******, *******, ******* нь 2013.12.04-ний өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 94,000,000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж, Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот, 77 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 70,532,946 төгрөг, зээлийн хүү 9,197,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018 төгрөг, нийт 79,956,104.04 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжилж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасанчлан зээлийн гэрээгээр хүүг тохиролцон тогтоож нэхэмжлэх боломжтой. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасны дагуу гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох тухай тодорхой зааж өгөхөөр хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй зээлийн хүү 9,197,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018 төгрөг нь хэрхэн тооцогдож байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс гэрээний графикт заасан хуваарийг зөрчсөн гэх боловч 542 хоногийн хугацаанд нийт 8,093,303 төгрөг төлж байсан болох нь зээлийн эргэн төлөлтийн графикаас харагдаж байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүүг тус 542 хоногийн хугацаанд бүхэлд нь зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул дээрх хугацаанд төлсөн 8,093,303 төгрөгийн төлөлт нь үндсэн төлбөрт эсхүл зээлийн хүүгийн алинд суутгагдаж төлснийг тодорхойлох шаардлагатай. Учир нь энэхүү нөхцөл байдлаас үүдэн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээ нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ багасах боломжтой байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 79,956,104 төгрөгөөс тодорхой бус байдлаар тооцолсон хүү 9,197,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөл оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

6. Голомт банк ХХК нь хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 70,532,946.20 төгрөг, зээлийн хүү 9,197,138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018.94 төгрөг, нийт 79,956,104.04 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, /13373/ Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулах шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч *******, *******, ******* нар ...гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, *******, ******* нараас 79,956,104.04 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Зохигч 2013.12.04-ний өдөр ЗГ-2505004746 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 94,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч *******, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. Мөн ЗБ-250500-4746 тоот Ипотекийн гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаарт *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, /13373/ Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг  барьцаалжээ. (хх-9-15)

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нар үндсэн зээлд 23,467,053 төгрөг, зээлийн хүүд 22,182,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,601 төгрөг нийт 45,675,283.59 төгрөгийг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүү 9,197,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018 төгрөг нь хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хариуцагчийн зүгээс гэрээний графикт заасан хуваарийг зөрчсөн гэх боловч 542 хоногийн хугацаанд нийт 8,093,303 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүүг тус 542 хоногийн хугацаанд бүхэлд нь зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул дээрх хугацаанд төлсөн 8,093,303 төгрөгийн төлөлт нь үндсэн төлбөрт эсхүл зээлийн хүүгийн алинд суутгагдаж төлснийг тодорхойлох шаардлагатай. ...тодорхой бус байдлаар тооцоолсон хүү 9,197,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,018 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

10. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, хэрэгт авагдсан зээлийн тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нарын 45,675,283.59 төгрөг төлснийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон үйл баримт тогтоогдож байна. (хх-23-24) Мөн зохигч Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.6-д зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх тул энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

11. Түүнчлэн, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. 

 

12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1269 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 165,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН