Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2019/00491

 

 

 

 

 

 

    2019 оны 02 сарын 25 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00491

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г

Хариуцагч: А.Ш

Хариуцагч: Л.М нарт тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 79 956 104,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Г.С нар оролцов. 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн А.Г, А.Ш, Л.М нар нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 94 000 000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГдугаартай Ипотекийн гэрээгээр 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч А.Г, А.Ш, Л.М нар нь ЗГ дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 542 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Б өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

         1. А.Гр, А.Ш, Л.М нараас 79 956 104.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г олгуулж өгнө үү.

         2. ЗБ дугаартай Ипотекийн гэрээгээр 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГтоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

  Хариуцагч нар 2013 онд б-тай гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Ерөнхийдөө гэрээ цуцлахтай холбоотой ялимгүй зөрчил тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд гэрээнд заасан хугацааны 10 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хугацаа гэж ойлгож байна. Тийм учраас шүүхэд гэрээ цуцлахад ямартай ч 10 хуваасны нэгээс дээш хугацаагаар гэрээний үүргийг зөрчөөгүй байхыг ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Иймд ялимгүй зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Зээлдэгч нэг хэсэг хугацаа хэтрүүлж байсан нь үнэн боловч үүний дараа дахин төлбөрөө төлж байгаа талаар нэхэмжлэгч тал дурдсан. Тийм учраас төлбөрөө цаашид төлнө гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарын дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой ирж уулзсан байна. Мэдээж тухайн этгээдүүд нь төлөхгүй гэсэн байдал огт биш юм. Ямар нэгэн арга хайж бүх талаар судалж үзсэн байж таараа. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тухайн хугацаанд үүргээ зөрчсөн байна. Гэхдээ хариуцагч нар цаашид төлбөрөө төлөх хүсэл сонирхол байгаа. Иймд энэ хүсэл сонирхолыг нь харгалзан үзэх хэрэгтэй болов уу. Жил хагасын хугацаа гэдэг бол 10 жилийн хугацааны хувьд богино хугацаа юм. Тийм учраас ялимгүй зөрчилд орно гэж үзэж байна гэв.

            Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Г, А.Ш, Л.М нарт холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнээс ялимгүй зөрчил гаргаснаас гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг.

           Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзэв.

          1. Зохигч талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ- тоот Орон сууцны зээлийн гэрээ болон ЗБ-тоот Ипотекийн гэрээ тус тус байгуулагдаж, 94 000 000 төгрөгийг анх удаа орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан ЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээ болон ЗБ тоот Ипотекийн гэрээнүүдийн хуулбар /х.х-ийн 9-15 дахь тал/-аар тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч банк нь зээлийн төлбөрийг гэрээн заасан хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний дагуу төлбөр гаргуулахаар хариуцагч нараас шаардсан.

Дээр дурдсан баримтаар зээлдэгч буюу хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 2.5 дахь хэсэгт “Зээлдэгч хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэснээр үүргээ биелүүлээгүй гэж үзэж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд хавсралт 1-т зааснаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар талууд тохиролцжээ. Гэрээний нэг тал буюу хариуцагч нар 2017 оны 7 дугаар сараас эхлэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгч тал нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн байна.

           Хариуцагч нарт нэхэмжлэгч банк нь 2017 оны 3 дугаар сарын 18, мөн оны 8 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 28, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд “Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах хуудас”-аар болон “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулан, шаардаж байсан болох нь хэрэгт авагджээ.\хх-ийн 16-18 дугаар хуудас\

            Нэхэмжлэгч нь зээлдэгч нараас гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:- зээлийн үлдэгдэл 70 532 946.20 төгрөг, зээлийн хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг тус тус гаргуулна гэжээ.

Талууд гэрээгээр зээлийг хүүтэй олгохоор, мөн зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

            Гэрээнд заасан үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан зохицуулалтууд болон гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэгт хамаарах 79 956 104.04 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

           2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Ипотекийн ЗБ тоот гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Зохигч талуудын хооронд ЗБ дугаар бүхий Ипотекийн гэрээ байгуулагдаж, А.Г, А.Ш нарын өмчлөлийн  тоот гэрчилгээтэй Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан, түүнчлэн барьцаалсан хөрөнгө нь зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын өмчлөлийн хөрөнгө болох нь ипотекийн гэрээний хуулбар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 13-15, 18 дахь тал/-аар тогтоогдож байна.

Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрээний хавсралт хэсгээр нотлогдож байна.

Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Ипотекийн гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгч нь зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн болно.       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Г, А.Ш, Л.М нараас нийт 79 956 104.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч А.Г, А.Ш, Л.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч А.Шижиртуяа, А.Г нарын өмчлөлийн ..... тоот гэрчилгээтэй Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө .... дүгээр байрны ..... тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Г ХХК-ийн /557 730.52+70.200/ 627 930.52 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч А.Г, А.Ш, Л.М нараас 627 930.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ