Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2020/00018

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02ы өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 15.840.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******, ******* хоёрын хооронд байгуулагдсан 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* надаас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* нь 8.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2-23-130 тоот байрыг барьцаалан авсан. Үүнээс хойш нэг ч холбоо барьсангүй, нэг ч төгрөгөө өгсөнгүй ээ. Одоо *******аас 6 сарын хүү 3.840.000 төгрөг алданги 4.000.000 төгрөг, нийт 15.840.000 төгрөгийг барьцаанд байгаа энэхүү орон сууцнаас гаргуулж ******* надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би иргэн *******ыг танихгүй. Ер нь ломбардад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хуулийн үндэс байдаг гэдгийг мэдэхгүй. Харин С.Энхтуяа бид хоёр гэр бүл байсан. Дундаа нэг хүүхэдтэй байсан. Хуулиар бид хоёр гэр бүлээ цуцлуулаад хүүгээ С.Энхтуяа авахаар болж би 17 000 000 төгрөг төлж байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сард С.Энхтуяа надтай ярьж хүүд мөнгө хэрэгтэй боллоо гэсэн. Би өөрөө ажилгүй амжихгүй гэсэн боловч над руу өдөр, шөнөгүй яриад гэрт ирээд байсан. Би байраа барьцаалж ажилгүй иргэдэд Хөдөлмөрийн хэлтсээс бичил бизнес эрхлэгчээр 5 000 000 төгрөгийн зээл аваад 2 000 000 төгрөг үлдсэн байсан. Хугацаа болоогүй 5 сард төлөх байсан. Гэтэл С.Энхтуяа би найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо банкны зээл төлөөд найзаасаа зээл ав гэж өдөр шөнөгүй гуйгаад байхлаар аргагүй хүүд хэрэгтэй байх гэж бодоод би банкны зээлээ төлүүлээд найз дээр нь ирж зээл авахаар ирсэн. *******ыг би танихгүй. С.Энхтуяа энэ хоёр ярьж тохирсон. Харин би өөр байраа барьцаанд тавьсан. Би өөрөө ажилгүй хүн зөвхөн банкнаас чөлөөлүүлсэн 2 000 000 төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаарч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байгаа. Харин С.Энхтуяа 8 сарын сүүлээр өгнө ажилдаа орохоороо болно гэж байгаа. *******, С.Энхтуяа хоёрын тохиргоог би мэдэхгүй. Хамгийн гол асуудал үл хөдлөх байрны гэрчилгээ охин бид хоёрын нэр дээр байдаг болохоор гэрээ над дээр хийгдсэн болохоор ирсэн. ******* надаас нэхэмжилж байгааг би ойлгож байна. ******* С.Энхтуяаг мэдэж байгаа яагаад надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Ер нь С.Энхтуяаг ирэхээр асуудлыг шийдвэрлэх болж байна. Би 2 000 000 төгрөгийг өөрөө барагдуулна. Үлдсэнийг С.Энхтуяаг ирсний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би иргэн *******ыг огт танихгүй бөгөөд харин иргэн С.Энхтуяа бид хоёр өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан ба гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч эхлээд удаж байна. С.Энхтуяа нь 2017 оны 06 дугаар сард надтай холбогдож мөнгө хэрэгтэй байна Би найзтайгаа ярьж мөнгө зээлж авах гэсэн юм чи байраа барьцаалж өгөөч гэж гуйсан... би тухайн үед зөвшөөрөөгүй гэтэл байнга гуйж гувших болсон. Улмаар намайг чи зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой юм байна гэж ******* дээр С.Энхтуяа дагуулж очиж гарын үсэг зуруулсан, тэгээд бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн мэт баримт үйлдэж гарын үсэг бас зуруулж хуурсан. Бодит байдал дээр уг зээлж авсан гэх 8 000 000 төгрөгийг С.Энхтуяад ******* нь хүлээлгэн өгсөн бөгөөд С.Энхтуяа уг мөнгийг хүлээн авч өөрөө цааш хэрэглэсэн юм. Энэ талаарх баримт нь хэргийн 16 дахь талд авагдсан байгаа юм. Мөн нэхэмжлэл гаргаж буй ******* гэдэг хүний талаар нэхэмжлэл гаргаснаас хойш таньж мэддэг хүмүүсээс асууж тодруулахад ломбард ажилуулж мөнгө зээлдүүлж амьдардаг гэж хүмүүс ярьсан. *******ын талаар миний мэдэх зүйл үүнээс өөр байхгүй юм. Тус 2017 оны 06 дугаар сард С.Энхтуяатай уулзах үед С.Энхтуяа нь *******ыг ломбард ажиллуулдаг манай найз гэж надад хэлж байсан болно. Тухайн үед миний бие С.Энхтуяагийн хэлснээр *******ын ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна гэж бодсон. Гэтэл ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй юм. Энэ нь хэргийн 58-62 дэхь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дэх талд авагдсан ...Би иргэд хоорондын гэрээгээр мөнгө зээлдэг ... гэх тайлбараас харагддаг. Ер нь ******* гэдэг хүн олон хүнд зээл олгож түүний Иргэд хоорондын гэрээ гэж нэрлэн зээлдүүлсэн хүүний мөнгөөр орлогожиж байгааг би хууль зөрчиж байгаа гэж үзэж байна. Тодруулбал энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь *******ыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулж хүү, алдангийн дарамтанд оруулж зээлийн үйл ажиллагааны орлогоор амьжиргаа залгуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд түүний надтай 2017 оны 06 лугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж бодож байна. Иймд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 8 000 000 төгрөгийг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь Нанжидын гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* нь намайг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулсан, хүү, алдангийн дарамтанд оруулж, зээлийн орлогоор амжиргаа залгуулж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Иймээс 8 000 000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ. Иргэн хүн иргэн болон хуулийн этгээдтэй хүсэлт зоригоо нэгтгэж зээлийн харилцаа үүсгэж болохгүй гэсэн хуулийн хориглосон зохицуулалт байхгүй. Нэгэнт хуулиар хориглоогүй, ямар нэг хязгаарлалт иргэн хүнд тогтоогдоогүй байхад ******* нь надаас авсан мөнгөө төлөхгүйн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02ы өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын *******ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь *******ад 2017-06-22-нд 8 сая төгрөгийг сарын 8% хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлэхдээ түүний 2-23-130 тоот байрыг барьцаалан, зээлийн болон барьцааны гэрээг тус тус хуулинд заасны дагуу хийж, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг хүлээлгэн өгч, мөнгө хүлээн авсан, өгсөн баримтанд талууд гарын үсгээ зурцгаасан байдаг. Энэ нь талууд өөрсдийн хүсэл зориг, түүгээр хийгдэж буй үйлдэл бодит байсныг баталгаажуулж байгаа баримт юм. Ингээд гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч дээрхи гэрээнүүд болон баримтыг үндэслэн шаардлага гаргасан. Хариуцагч Нанжид гэгч нь уг мөнгийг аваагүй, гэрээнд зурсан гарын үсэг биш энэ мөнгийг С.Энхтуяа бид 2 гэр бүл байсан дундаа 1 хүүтэй, С.Энхтуяа надруу яриж хүүд мөнгө хэрэгтэй боллоо гээд яриад гэрт ирсэн хүүд хэрэгтэй гэж бодоод зээл авахаар ирсэн банкнаас чөлөөлүүлсэн 2 сая төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаар ч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байна гэдэг тайлбар өгч байсан. Энэ мөнгийг аваагүй С.Энхтуяа авсан гэдэг тайлбараа хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан хэнд, ямар учраас хэдний өдөр хэн бичээд байгаа нь тодорхой бус баримтыг үндэслэл болгодог. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан баримт болон С.Энхтуяагийн шүүхэд өгсөн тайлбар гэсэн баримтаар Лхам 8 сая төгрөгийг Нанжидад өгсөн нь тогтоогдохгүй байна гэж. дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 8 сая төгрөгийг С.Нанжидад хүлээлгэн өгч, С.Нанжид уг мөнгийг хүлээн авч зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж ҮХЭХҮБГ-т бүртгүүлж, үүний дараа мөнгөө өгч, авч байгаа байдлуудыг шүүх бүх талаас нь харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж чадсангүй. Хэргийн 16-р хуудсанд байгаа баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй тул нотлох баримт гэж үзэх үндслэлгүй байгаа. Тухайн баримтанд хэзээ, хэн бичсэн нь баталгаагүй иргэний үнэмлэхний нотиратаар батлуулсан хуулбарын доод хоосон зайд бичигдсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргахад ач холбогдол бүхий мэдээлэл болж чадахгүй юм. Гэрч С. Энхтуяаг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт хариуцагч талаас тависан бөгөөд шүүхээс түүнийг шүүхийн даалгавраар асуух болсон ба энэ захирамж гараад хэдийд нь тавих асуултыг нэхэмжлэгчээс авч явуулсан нь нэхэмжлэгч талд мэдэгдээгүй. Энэ үйл ажиллагаа талуудыин мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө 8 сая төгрөг өгсөн баримтаа гаргаж өгсөн байхад уг баримтыг огт үнэлээгүй дээд шатны шүүхийн тогтоолд дурьдагдсан байдлаар урьдчилан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө авсан баримтанд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаад сүүлд шаардлагыг зөвшөөрөөгүй гэдэг байр сууринаас миний гарын үсэг биш гэж маргах болсон. Бэлэн мөнгө авснаа баталгаажуулж гарын үсэг зурсан баримтыг шүүх хэрхэн үнэлснээ, эсвэл яаж үгүйсгэснээ огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч 8 сая төгрөгөө авхад С.Энхтуяа гэгч хүүхдийнхээ ээжтэйгээ яаж төлөх, түүнээсээ нэхэх нь түүний л асуудал. Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэнгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3. 840. 000 төгрөг, алданги 4 .000. 000 төгрөг нийт 15. 840.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын *******ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 8.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-24-60 тоот 2 өрөө байрыг барьцаалжээ.

Хариуцагч ******* 8.000.000 төгрөгийг өөрөө аваагүй эхнэр байсан С.Энхтуяа авсан гэж маргаж байгаа боловч ******* нь зээлийн болон барьцааны гэрэээд гарын үсэг зурсан, дээрх мөнгийг хүлээн авсан болох нь /х/х-ийн 4 дүгээр хуудас / тогтоогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-т зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн байх тул дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байхад хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******аас үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3. 840. 000 төгрөг нийт 11.840.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар алданги болох 4.000.000 төгрөгийг хэрэгэсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.150 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02ы өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын *******ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1.-д зааснаар хариуцагч *******аас үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3.840.000 төгрөг нийт 11.840.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 24 дүгээр байрны 60 тоот 000339928 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2101006223 дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих 437 дугаар ангид даалгасугай... гэж

Шийдвэрийн 3 дугаар заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 204.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.150 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР