Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00723

 

А.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

А.Л-ын нэхэмжлэлтэй,

С.Н-ад холбогдох,

15.840.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н- нь 2017 оны 06 дугаар сарын 22-нд 8.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаагаар зээлж, 2 дугаар микрийн  23 дугаар байрны 130 тоот байраа барьцаалсан. Гэвч тэр зээлээ буцааж  төлөөгүй тул зээл, 6 сарын хүү 3.840.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг нийт 15.840.000 төгрөг гаргуулж барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч С.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Л-ыг танихгүй. С.Энхтуяа бид хоёр гэр бүл байсан бөгөөд 1 хүүхэдтэй байсан. Гэрлэлтээ цуцлуулахад С.Энхтуяа хүүгээ авахаар болсон, тэр 2017 оны 06 дугаар сард надтай ярьж хүүхдэд мөнгө хэрэгтэй байна, найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо гээд өдөр шөнөгүй гуйгаад байхаар хүүд хэрэгтэй байх гэж бодоод найзаас нь зээл авахаар болж өөрийн байраа барьцаалсан. Би өөрөө ажилгүй,  С.Энхтуяа 8 сарын сүүлээр өгнө, ажилдаа орохоороо болно гэж байсан. Би 2,000,000 төгрөгийг хариуцана, үлдсэнийг С.Энхтуяаг ирсний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан С.Н-аас 15.840.000 төгрөг гаргуулан А.Л-д олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 24-р байрны 60 тоотод байрлах, 000339928 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101006223 тоот дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих 437 дугаар ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 237.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Л-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаархариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Учир нь уг зээлүүлсэн гэх 8.000.000 төгрөгийг А.Л- нь С.Н-д хүлээлгэн өгөөгүй бөгөөд өөрийн найз С.Энхтуяад хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтанд С.Н-аар гарын үсэг зуруулсан боловч 8.000.000 төгрөгийг А.Л- нь С.Энхтуяад өгсөн. Иймд хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан бичгийг тухайн үед С.Энхтуяа нь хийж өгч байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282.4-д /Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно/ зааснаар 8 000 000 төгрөгийг зээлэх талаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шилжүүлэн өгөх үйл ажиллагаа хийгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийнхээ хүрээнд гэрчээр С.Энхтуяаг асуулгах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Ийнхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ гэрчийн хаяг тодорхойгүй гэж үзсэн. Гэвч гэрч С.Энхтуяагийн ажлын хаягийг хүсэлтдээ тодорхой бичсэн байгаа болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх талд “ Хариуцагч С.Н- нь шүүх хуралдаан дээр Энхтуяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах бололцоотой байхад хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэсэн нь буруу болсон. Учир нь анхан шатны шүүхэд С.Энхтуяаг гэрчээр асуулгах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан бөгөөд уг өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаа хүлээн авсан. Энэ хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгч А.Л-аас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр С.Энхтуяаг оролцуулахаас татгалзсан тайлбарыг өгсөн байгаа болно. Мөн хавтаст хэргийн 56-57 дахь талд авагдсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлох тухай" 5354 дугаартай захирамж нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан байна. Үүнээс үзвэл гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэх боломж шүүхэд байсан бөгөөд хариуцагч талыг шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх буюу гэрч асуулгах хүсэлт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй юм. Хэргийн 4 дэх талд авагдсан хариуцагчид мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримт нь бодит байдалтай нийцэхгүй мөнгө зээлүүлж ломбард ажиллуулдаг А.Л-ын зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүчин төгөлдөр мэт харагдуулах зорилготой мөнгө хүлээлгэж өгсөн мэт дүр үзүүлсэн баримт юм. Энэ баримтыг үгүйсгэх нөхцөл байдлыг зээлсэн гэх 8.000.000 төгрөгийг А.Л-аас 8 000 000 төгрөгийг авсан С.Энхтуяа нь мэдэх тул түүнийг гэрчээр зайлшгүй шаардлагатай.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1266 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Л-ын “...зээл 8.000.000 төгрөг, хүү 3.840.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг  нийт 15.840.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч С.Н- эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх “...гэрээ хүчин төгөлдөр, мөнгө хүлээн авсан баримтад зурсан гарын үсэг хариуцагчийн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” үзэж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2017 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр С.Н- нь Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах 24 байр, 60 тоотын 2 өрөө орон сууцыг  барьцаалан  А.Л-аас 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сарын 8 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ /хэргийн 5-6, 8 дугаар тал/.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...А.Л-ыг танихгүй, ...С.Энхтуяаг гуйгаад байхаар гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан,  мөнгө аваагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид бодитойгоор хүлээлгэн өгсөн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

Хариуцагч мөнгийг хүлээн аваагүй гэж маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хэрхэн яаж хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн 16 дугаар талд авагдсан баримтад  “...С.Энхтуяа би 2017 оны 6 дугаар сарын 22-нд С.Н-ын 2-24-60 тоот байрыг А.Л-д барьцаалан 8.000.000 төгрөг авсан нь үнэн болно. Уг мөнгийг 6 сарын хугацаатай авсан. 7, 8 сард хүүг төлж, 9 сарын сүүлээр 5 жилийн 4 сая төгрөг орж ирэх учир уг мөнгөнөөс хасалт хийлгэнэ, мөн 10 сард цалингийн нэмэлт зээл авч хасалт хийлгэнэ, ...уг мөнгийг төлж барагдуулна” гэсэн байх ба  шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.

Дээрх баримтаас үзвэл хариуцагч мөнгийг хүлээн авсан нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд  нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр С.Энхтуяаг гэрчээр асуух хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 5354 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчжээ. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл хүсэлтэд дурдсан гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байж болохоор байгааг шүүх анхаараагүй байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг хангалттай гүйцэтгээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 238.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ