Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01239

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 15,840,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэл,

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Надаас 2017.06.22-ны өдөр ******* нь 8,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2-23-130 тоот байрыг барьцаалан авсан. Үүнээс хойш нэг ч холбоо барьсангүй, нэг ч төгрөгөө өгсөнгүй. Одоо *******аас 6 сарын хүү 3,840,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 15,840,000 төгрөгийг барьцаанд байгаа энэхүү орон сууцнаас гаргуулж ******* надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би иргэн *******ыг танихгүй. Ер нь ломбардад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хуулийн үндэс байдаг гэдгийг мэдэхгүй. Харин С.Энхтуяа бид хоёр гэр бүл байсан. Дундаа нэг хүүхэдтэй байсан. Хуулиар бид хоёр гэр бүлээ цуцлуулаад хүүгээ С.Энхтуяа авахаар болж би 17,000,000 төгрөг төлж байсан. Гэтэл 2017 оны 6 сард С.Энхтуяа надтай ярьж хүүд мөнгө хэрэгтэй боллоо гэсэн. Би өөрөө ажилгүй амжихгүй гэсэн боловч над руу өдөр, шөнөгүй яриад гэрт ирээд байсан. Би байраа барьцаалж ажилгүй иргэдэд Хөдөлмөрийн хэлтсээс бичил бизнес эрхлэгчээр 5,000,000 төгрөгийн зээл аваад 2,000,000 төгрөг үлдсэн байсан. Хугацаа болоогүй 5 сард төлөх байсан. Гэтэл С.Энхтуяа би найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо банкны зээл төлөөд найзаасаа зээл ав гэж өдөр шөнөгүй гуйгаад байхаар аргагүй хүүд хэрэгтэй байх гэж бодоод би банкны зээлээ төлүүлээд найз дээр нь ирж зээл авахаар ирсэн. *******ыг би танихгүй. С.Энхтуяа энэ хоёр ярьж тохирсон. Харин би өөр байраа барьцаанд тавьсан. Би өөрөө ажилгүй хүн зөвхөн банкнаас чөлөөлүүлсэн 2,000,000 төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаарч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байгаа. Харин С.Энхтуяа 8 сарын сүүлээр өгнө ажилдаа орохоороо болно гэж байгаа. *******, С.Энхтуяа хоёрын тохиргоог би мэдэхгүй. Хамгийн гол асуудал үл хөдлөх байрны гэрчилгээ охин бид хоёрын нэр дээр байдаг болохоор гэрээ над дээр хийгдсэн болохоор ирсэн. ******* надаас нэхэмжилж байгааг би ойлгож байна. *******, С.Энхтуяаг мэдэж байгаа яагаад надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Ер нь С.Энхтуяаг ирэхээр асуудлыг шийдвэрлэх болж байна. Би 2,000,000 төгрөгийг өөрөө барагдуулна. Үлдсэнийг С.Энхтуяаг ирсний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Би иргэн *******ыг огт танихгүй бөгөөд харин иргэн С.Энхтуяа бид хоёр өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан ба гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч эхлээд удаж байна. С.Энхтуяа нь 2017 оны 6 сард надтай холбогдож мөнгө хэрэгтэй байна. Би найзтайгаа ярьж мөнгө зээлж авах гэсэн юм, чи байраа барьцаалж өгөөч гэж гуйсан... би тухайн үед зөвшөөрөөгүй. Гэтэл байнга гуйж гувших болсон. Улмаар намайг чи зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой юм байна гэж ******* дээр С.Энхтуяа дагуулж очиж гарын үсэг зуруулсан, тэгээд бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн мэт баримт үйлдэж гарын үсэг бас зуруулж хуурсан. Бодит байдал дээр уг зээлж авсан гэх 8,000,000 төгрөгийг С.Энхтуяад ******* нь хүлээлгэн өгсөн бөгөөд С.Энхтуяа уг мөнгийг хүлээн авч өөрөө цааш хэрэглэсэн. Энэ талаарх баримт нь хэргийн 16 дахь талд авагдсан байгаа юм. Мөн нэхэмжлэл гаргаж буй ******* гэдэг хүний талаар нэхэмжлэл гаргаснаас хойш таньж мэддэг хүмүүсээс асууж тодруулахад ломбард ажилуулж мөнгө зээлдүүлж амьдардаг гэж хүмүүс ярьсан. *******ын талаар миний мэдэх зүйл үүнээс өөр байхгүй юм. Тус 2017 оны 6 сард С.Энхтуяатай уулзах үед С.Энхтуяа нь *******ыг ломбард ажиллуулдаг манай найз гэж надад хэлж байсан. Тухайн үед миний бие С.Энхтуяагийн хэлснээр *******ын ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна гэж бодсон. Гэтэл ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй юм. Энэ нь хэргийн 58-62 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дэх талд авагдсан ...Би иргэд хоорондын гэрээгээр мөнгө зээлдэг ... гэх тайлбараас харагддаг. Ер нь ******* гэдэг хүн олон хүнд зээл олгож түүний Иргэд хоорондын гэрээ гэж нэрлэн зээлдүүлсэн хүүний мөнгөөр орлогожиж байгааг би хууль зөрчиж байгаа гэж үзэж байна. Тодруулбал, энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь *******ыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулж хүү, алдангийн дарамтанд оруулж зээлийн үйл ажиллагааны орлогоор амьжиргаа залгуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Надтай байгуулсан 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж бодож байна. Иймд 2017.06.22-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Миний бие *******ын гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* нь намайг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулсан, хүү, алдангийн дарамтанд оруулж, зээлийн орлогоор амжиргаа залгуулж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Иймээс 8,000,000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ. Иргэн хүн иргэн болон хуулийн этгээдтэй хүсэлт зоригоо нэгтгэж зээлийн харилцаа үүсгэж болохгүй гэсэн хуулийн хориглосон зохицуулалт байхгүй. Нэгэнт хуулиар хориглоогүй, ямар нэг хязгаарлалт иргэн хүнд тогтоогдоогүй байхад ******* нь надаас авсан мөнгөө төлөхгүйн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын *******ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1.-д зааснаар хариуцагч *******аас үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 3,840,000 төгрөг нийт 11,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 24 дүгээр байрны 60 тоот 000339928 дугааргэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2101006223 дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих 437 дугаар ангид даалгасугай гэж, шийдвэрийн 3 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 204,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: *******ын *******ад холбогдуулан 2018.06.29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нь шүүхээс гардан авч танилцаад шүүхэд гаргасан хариу тайлбар нь хэргийн 14-15 дахь талд байгаа ба хариуцагч нь хариу тайлбартаа *******аас 8,000,000 төгрөгийг хүлээж аваагүй талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Хариуцагч *******ын шүүхэд гаргаж буй хариу тайлбар нь нотолгооны хэрэгсэл мөн бөгөөд зээлийн гэрээний зүйл болох 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас хүлээн аваагүй хэргийн 4 дэх талд авагдсан мөнгө хулээлгэж өгсөн гэх баримт нь бодит байдлыг нотлох ач холбогдолтой баримт биш бөгөөд мөнгө өгсөн мэт дүр эсгэсэн баримт гэж маргадаг. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг батлах, хэргийн 4 дэх талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтыг үгүйсгэх ач холбогдолтой нотлох баримтууд болох хэргийн 16 дахь талд авагдсан С.Энхтуяагийн өөрийн гараар бичсэн 8,000,000 төгрөгийг *******аас авсан талаарх бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.11-ний өдрийн С.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /Асуулт: *******аас 8,000,000 төгрөгийг зээлж авсан эсэх, С.Энхтуяа *******д мөнгө төлсөн эсэх гэхэд Гэрч: 8,000,000 төгрөгийг бэлнээр би авч, хүүдээ 6,000,000 төгрөг өгч зардалд нь зарцуулсан/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгддэг. Гэтэл хэргийн 4 дэх талд авагдсан мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг үгүйсгэсэн нотлох баримтууд бүрдсэн байгааг нэхэмжлэгч тал мэдэж байсан ба үүнтэй холбоотой өөр нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлт эсхүл нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Энэхүү хэрэгт нотлох баримтыг үнэлэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар анхан шатны шүүх ач холбогдолтой нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг тогтоосон хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн 4 дэх талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн гэх зээлдэгчийн дүр үзүүлж бичсэн бодит байдлыг нотлох бус, худал зүйлийг үнэн болгох гэсэн баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэл муутай болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан нотлох баримтыг үнэлэх ажиллагааг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс аваагүй мөнгийг авсан гэж дүгнэж хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. С.Энхтуяагийн өөрийн танил *******аас авсан мөнгийг миний бие төлөх үндэслэл байхгүй ба би С.Энхтуяагаар өөрийн барьцаанд байсан байрыг чөлөөлүүлсэн 2,000,000 төгрөгийг С.Энхтуяад төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин өөрөө аваагүй мөнгийг төлөх ямарч боломжгүй бөгөөд С.Энхтуяа нь 8,000,000 төгрөгийг аваад хэнд ч төлөхгүйгээр үлдэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ийнхүү Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 18 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 3,840,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 15,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулан 2017.06.22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч *******аас үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 3,840,000 төгрөг нийт 11,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгийг хүлээж аваагүй мөнгийг С.Энхтуяа авсан, зээл авах барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь байраа барьцаалсан гэж маргасан байна.

2017.06.22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг 23-170 тоот 27 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь *******ад 8,000,000 төгрөгийг бодитойгоор хүлээлгэн өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг, ... иргэн хооронд зээлийн гэрээ байгуулахад хуульд тусгайлан заасан этгээдээс зөвшөөрөл авсан байхыг шаардахааргүй байна гэж сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан, нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн үндсэн зээлийг хүүгийн хамт гаргуулсан, харин алданги болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэж чадсангүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Хэргийн баримтаас үзэхэд 2017.06.22-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн хэмжээ, хугацаа, хүү, алданги төлөхөөр тохиролцсон, барьцааны гэрээг байгуулсан, гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан, 8,000,000 төгрөгийг С.Энхтуяа, ******* нар хүүгийнхээ хэрэгцээнд зориулахаар нэхэмжлэгчээс авсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч ******* нь ... *******ыг ломбард ажиллуулдаг, манай найз гэж надад хэлж байсан, гэтэл зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулж хүү, алдангийн дарамтанд оруулж зээлийн үйл ажиллагааны орлогоор амьжиргаа залгуулж байгаа нь хуульд нийцэхгүй, ... 8,000,000 төгрөгийг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбар гаргасан ба *******ын нэхэмжлэлтэй иргэдээс зээлийн хүү, алданги шаардсан маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг шүүхэд баримтаар ирүүлсэн байна. /II-xx-4-38/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг тогтоосон байх бөгөөд 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх-дээ төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан тусгай зөвшөөрөл авахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулдаг тухай баримт, эсхүл зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн эрхтэй тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нь 2017.06.22-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчаас зээлийн үүрэг шаардах эрхгүй буюу үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. Түүнчлэн маргааны зүйлд хамаарах Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг 23-170 тоот 27 м.кв 2 өрөө байрыг барьцаалсан барьцааны гэрээний үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар барьцааг чөлөөлнө.

Дээрх үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,840,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017.06.22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг 23-170 тоот 27 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг тус аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч *******аас 142,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 204,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН