Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 248

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 1809034830962 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн Б овогт Б.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Б.Б-г 2 жил хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тооцож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 26,884,900 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Д-д, 120,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ч-д тус тус олгож” шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “...хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн орчимд н.М, түүний эхнэр н.Б нарын хамт 100 айлд байрлах Бүрд төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг “Сондор” гэх гэрэл, гэрэлтүүлгийн дэлгүүрээр үйлчлүүлж 560,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Тус дэлгүүрт зарагдаж буй гэрлийн утас, унтраалга зэрэг дагалдах хэрэгсэл, нүдэн гэрэл, хананы гэрэлнүүд нь тавцан, хана, таазаар өрөөстэй, ил зарагдаж байсан. Би худалдан авалт хийхдээ дэлгүүрт байсан ихэнх барааг үзэж, гар хүрч авсан. Улмаар би н.М, н.Б нарын гэрт материалаа буулгаад н.С, н.М нарын хамт ажиллаж байгаад шөнийн 3 цагт унтаж амарсан. Н.М-н гэрийн засварыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийсэн. “Сондор” дэлгүүр болон Буян билүүт барьцаалан зээлдүүлэх газар нь нэг зааланд үйл ажиллагаа явуулдаг юм. Тус ломбарданд 2018 оны 07 дугаар сарын 25-26-ныг шилжих шөнө хулгай орсон байдаг. Харин би тэр ломбарданд хулгай орохын өмнөх өдөр нь “Сондор” дэлгүүрээр үйлчлүүлсэн. Гэтэл намайг уг хулгайн гэмт хэргийг хийсэн гэж ялласан. Мөн тэр газар намайг хулгай хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Тухайн заалны 170 см өндөртэй агааржуулагчны хажуу талаас илэрсэн гэх 1 алганы хээг үндэслэн намайг хийгээгүй хэргийг минь хийсэн гэж ялласанд гомдолтой байна. Өмнө давж заалдах шатны шүүхээс намайг гэмт хэрэгт буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй гэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Тус агааржуулах төхөөрөмж нь тэнцвэргүй бөгөөд миний зүүн гарын алганы хээ дээш татах буюу доош тулж буухад үлдэх боломжгүй. Камерын бичлэгүүд хавтаст хэрэгт огт байдаггүй. Хэрэв тэр бичлэг байсан бол хэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдох байсан. Миний гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг огт хэлэлцээгүй. Агааржуулагч төхөөрөмжнөөс надаас гадна 3 хүний алганы хээ илэрсэн байхад намайг гэж үзсэн. Тэр агааржуулагч төхөөрөмж нь хулгайн гэмт хэрэг орсон ломбарданд бус түүний хажуу талд нь үйл ажиллагаа явуулдаг “Сондор” дэлгүүрийн зааланд байрладаг. Дэлгүүрт бус ломбарданд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байхад надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хулгайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэг эзэнгүй байсан бөгөөд хэргийн газраас 2 сар гаруйн дараа шинжээчийн дүгнэлтээр Б.Б-н зүүн гарын алганы хээ илэрсэн. Мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаа хийгдэхэд агааржуулалтын хоолой, камер нилээд өндөрт байрладаг учир цонхны цаад талаас орох боломжтой байсан. Нилээд өндөрт түүний гарын алганы хээ илэрсэн бөгөөд зөвхөн абжур авахад үйлчлүүлэгч хүрэх боломжгүй талаар мэдүүлэг хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр н.О гэх хүний хурууны хээ илэрсэн хэдий ч тухайн дэлгүүрийн гэрлийн мэргэжилтэн учир түүний гарын хээ илрэх боломжтой. Харин Б.Б дэлгүүрт орж үйлчлүүлсэн хэдий ч агааржуулагчинд хүрэх хүрэх боломж бага юм. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хууль буруу хэрэглээгүй байна. Мөн Б.Б эрэн сурвалжлах ажиллагааг хийгдэж байсныг тодорхой мэдэж байсан буюу нуугдсан байсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” төвд байрлах “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшиж эвдэн 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1,200,000 төгрөг хулгайлж, нийт 26,884,900 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,  

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Ч-н “НТС" маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж залилан авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг хийж, зөвтгөсөн байна.

 

Б.Б-н хяналтын шатны шүүхэд гаргасан “хулгайн гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлын агуулга нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой давхцаж байх бөгөөд уг гомдлын үндэслэлийг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хангалттай няцаан үгүйсгэжээ.

 

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг гарахаас өмнөх өдөр тус дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ихэнх барааг үзэж, гар хүрч авахад агааржуулагч төхөөрөмжийн хажуу талд алганы хээ үлдсэн байж болзошгүй гэх гомдол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, итгэл үнэмшил төрүүлэхээргүй байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газраас илэрсэн гар, хөлийн мөр нь тухайн этгээдийг гэмт хэрэгт хамааралтай болохыг гэрчлэх чухал нотлох баримт бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэргийн газраас илэрсэн шүүгдэгчийн гарын мөр нь “Сондор” дэлгүүрийн худалдан борлуулж байсан эд зүйл, бараа материал дээрээс бус “Бүрд” худалдааны төвийн заалны эд зүйл буюу 176 см өндөртэй агааржуулагч төхөөрөмжийн зүүн дээд талын булан хэсгээс илэрсэн байгаа нь уг гэмт хэрэгт Б.Б шууд хамааралтай болохыг нотлохоос гадна худалдан авалт хийх үед зарагдаж буй бараа, материал дээр гарын мөр үлдсэн байж болзошгүй гэх Б.Б-н гомдол дахин няцаагдаж байна.   

 

Шүүгдэгч Б.Б дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь криминалистикийн шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоогдсон байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    

                                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР