Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00744

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00744

 

 

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00491 дугаар шийдвэртэй, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 79 956 104.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нар нь Голомт банк ХХК-тай ЗГ2505004746 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, анх удаа орон сууц худалдан авах зориулалтаар 94 000 000 төгрөгийг бэлэн бусаар, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Гандолгор, А.Шижиртуяа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоотын 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204055188 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗБ-250500-4746 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан.

Гэтэл зээлдэгч нар гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүг 542 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үндсэн зээлийн үүрэг 70 532 946.20 төгрөг, хүү 9 197 138.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226 018.94 төгрөг, нийт 79 956 104.04 төгрөг төлөөгүй тул гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас 79 956 104.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгуулах, ЗБ-250500-4746 дугаартай ипотекийн гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот 77 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн тэлээлэгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд 2013 онд гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэлгүй. Шүүх гэрээ цуцлахад 10 хуваасны нэгээс дээш хугацаагаар гэрээний үүргийг зөрчсөн. Энэ нь ялимгүй зөрчил байхад гэрээнээс татгалзаж байгааг зөвшөөрөхгүй.

Зээлдэгч нар эргэн төлөлт хийх хугацаа хэтрүүлж байсан нь үнэн боловч төлбөрөө үргэлжлүүлэн төлж байгааг нэхэмжлэгч дурдсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчтэй уулзсан зэргээс үзвэл зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн үг биш. Төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хайж бүх талаар судалж үзсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тодорхой хугацаанд үүргээ зөрчсөн боловч цаашид төлбөрөө төлөх хүсэл сонирхолтой байгаа тул үүнийг харгалзан үзэх хэрэгтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас нийт 79 956 104.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч А.Шижиртуяа, А.Гандолгор нарын өмчлөлийн 000279068 тоот гэрчилгээтэй Ү-2204055188 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 64 дүгээр байрны 73 тоот хаягт байршилтай, 77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн 627 930.52 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нараас 627 930.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаж чадаагүй гэж дүгнэжээ.

Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хангалттай үндэслэл бүхий хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлээ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх зүйч мэргэжлээр 2018 онд төгссөн, өмнө нь шүүх хуралдаанд оролцсон туршлагагүй гэж учраа тайлбарласан бөгөөд туршлагатай өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бол нотлох баримт бүрдүүлэх боломжтой байсан.

Шүүх уг хүсэлт тайлбарыг хүлээн авалгүй, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй нь маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нар өөрсдийн өмчлөлийн орон сууцтай холбоотой асуудалд илүү нухацтай хандаагүй нь үнэн боловч тэдгээрийн хуулийн хүрээнд эдлэх эрхийг шүүх ноцтой зөрчсөн. Үүнээс гадна, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байдлыг нь харгалзан үзээгүй.

Талууд орон сууцны зээлийн гэрээг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байгуулсан. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаа ёсоор төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардсан. Гэтэл шүүх зээлдэгч нарын эргэн төлөлтийн хуваарийг шинжлэн судалж, дүгнээгүй. Уг эргэн төлөлтийн хуваарьт зээлийн график зөрчигдсөнөөс хойш буюу нэхэмжлэгч мэдэгдэл, анхааруулга хүргүүлсний дараах хугацаанд зээлдэгч нар 4 558 352 төгрөгийг төлсөн ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулсан хойш үүргээ биелүүлээгүй бол гэж заасанчлан зээлдэгч нар зээлдүүлэгчийн шаардсанаар үүргээ гүйцэтгэж байсан болох нь харагдаж байна. Энэ нь гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, цаашид үүргээ гүйцэтгэнэ гэж үзэх бүрэн боломжтой.

Хариуцагч нарын зүгээс гэрээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үүргээ ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж байгаа нь хариуцагч нарт хохиролтой байна. Зүй нь, үүргээ ихээхэн хэмжээгээр зөрчсөн тохиолдолд гэрээнд заасан ёсоор үүргээ гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзаж болно. Үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Үүнийг шалгахдаа талуудын ашиг сонирхлыг харьцуулан үзэж, хариуцагчийн буруутай үйлдлийн хэмжээг тодруулах ёстой байсан. Үндсэндээ гэрээний нийт хугацаа 120 сар бөгөөд үүрэг зөрчсөн хугацаа 18 сар байгаа нь гэрээний нийт хугацаатай харьцуулахад богино хугацаа юм.

Гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд хариуцагч нар гэрээний төлбөрийг бүрэн төлөх боломжтой талаар нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдсан. Хариуцагч А.Гандолгор нь нэхэмжлэгч компанид очиж, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх талаар удаа дараа илэрхийлж байсан. Цаашид гэрээний хугацаанд өр төлбөрийг барагдуулж харилцан зөвшилцөж асуудлаа шийдвэрлэх боломжтой бөгөөд гэрээг цуцлах нь хариуцагч нарт хохиролтой. Анхан шатны шүүх өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрхийг бүрэн хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч А.Гандолгор, А.Шижиртуяа, Л.Мөнхдалай нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 79 956 104.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байхад нэхэмжлэгч гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй, зээлийн төлбөрийг төлж байгаа, цаашид гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэх боломжтой гэж маргаж, шүүх хариуцагч талаас өмгөөлөгч авах, улмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж үндэслэлээ, хууль зүйн мэдлэг, туршлага дутмаг байгаа талаар тайлбарласныг, шүүх хүсэлтийг хангах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, хангахаас татгалзсан нь /хх57,60-61/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчийн өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэж үзнэ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцах үндэслэлээр өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байгаа нь өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргах эрхийг хангахгүй байх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхээс гадна, шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг иргэний хэрэг үүсгэсний дараа болон хэргийг шийдвэрлэхээс өмнө сануулах ёстой. Шүүх дээрх ажиллагааг хэрхэн явуулсан нь тодорхой бус байна.

 

Маргааны үйл баримт, талуудын тайлбар, нотлох баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь зээлийг буцаан татах, гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага байх бөгөөд эдгээрийн дотроос хариуцагч талын зөвшөөрч болох буюу зээлийн гэрээний харилцаагаа өөрчлөх, аль нэгийгээ хохиролгүй болгох, үүнтэй холбоотойгоор эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай бол эвлэрүүлэн зуучлагч томилох, эвлэрүүлэн зуучлагч шаардлагагүй гэж үзвэл талууд өөрсдөө эвлэрэн хэлэлцэх боломж нөхцлийг нь шүүхийн зүгээс хангасан эсэх, энэ талаарх ажиллагаа хийсэн гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх байдлаар шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангаагүй буюу шүүхээс заавал хийх ажиллагааг хийгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх зөвхөн талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00491 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.ТУЯА