Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00422

 

Г.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 12-ний өдрийн 187 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Золбоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох,

Урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 5 680 838 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, Т.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Золбоо нь тухайн үеийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон. Гэтэл ажил олгогч түүнд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн ба энэ үед Г.Золбоо 4 сартай жирэмсэн байсан. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яамныхаа Төрийн нарийн бичгийн даргад жирэмсэн байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх боломжгүй гэдгээ мэдэгдэн өргөдөл гаргасан. Гэвч Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэнбаяр мэдэгдлийн хуульд заасан нэг сарын хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 дугаар тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан Г.Золбоог ажлаас нь чөлөөлсөн боловч уг тушаалаа Г.Золбоод огт гардуулж өгөөгүй.Харин 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын үүpэг гүйцэтгэгч н.Түмэнбаяр ийм тушаал гаргаснаа ажлаас чөлөөлөгдсөн нийт хүмүүст амаар мэдэгдсэн байна. Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус яамны дэд сайд Г.Тэмүүлэн, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нарт өгсөн өргөдөлдөө ажлаас үндэслэл муутай халагдсанаа бичиж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Мөн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргадаа ажилдаа буцаж оруулахыг хүсч өргөдөл гаргасан. Улмаар гомдол гаргах нэг сарын хугацаандаа багтаан 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “таны өргөдөлд дурдсан асуудлыг тус Зөвлөл шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргахад шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 8306 дугаар захирамжаар харьяаллын биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Харин тус Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/Ш32016/01623 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан тул дахин нэхэмжлэл гаргасан.Иргэн Г.Золбоог жирэмсэн байхад нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны олговор 5 680 838 төгрөгийг гаргуулан, олгуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж даатгалын дэвтрүүдэд нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Г.Золбоо нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2014 оны 6 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тус яаманд ажиллан шалгалт хийсэн бөгөөд Гадаад хамтын ажиллагааны хэлтэст төрийн албаны шалгалт өгөөгүй боловч томилогдсон Г.Золбоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” үндэслэлийг зөрчиж томилсон байх тул зөрчлийг арилгах үүргийг өгсөн.Мөн уг үйл явдалтай давхцан бүтэц орон тоог цомхотгон цөөрүүлэх тухай Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоол гарсан. Ажил олгогчийн зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нийт ажилчдад өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Түмэнбаярын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал гарч Г.Золбоог ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг тэр өдөртөө танилцуулсан болно.Иргэн Г.Золбоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Гэтэл Г.Золбоо нь ажлаас чөлөөлөгдөж буйгаа 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн, тушаалыг гардуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тушаалд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхайн яаманд шинээр томилогдсон дэд сайд Г.Тэмүүлэн болон Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нарт “Намайг 4 сартай жирэмсэн байхад ажлаас халсан” гэх утга бүхий өргөдөл гаргаснаар дахин 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр жирэмсний амралттай байсан Г.Мөнгөнзулын оронд өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 6 сарын хугацаатай эгүүлэн ажилд авсан бөгөөд Г.Золбоогийн тушаалыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар тусгасан боловч ажилтан хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч гарын үсэг зурна гэдэг байдлаар хойшлуулсаар ирсэн. Гэхдээ Г.Золбоо нь 2015 оны 4 cap хүртэл Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Иргэн Г.Золбоо нь нэхэмжлэлдээ хуучин ажиллаж байсан Гадаад хамтын ажиллагааны хэлтэсдээ эгүүлэн тогтоолгох талаар дурдсан байх боловч Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа тул өмнөх ажилд эгүүлэн томилох боломжгүй. Өмнө нь ажлаас чөлөөлөгдсөн хугацаа, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.Иргэн Г.Золбоо нь Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн байна. Иргэн Г.Золбоо нь Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоон дээр жирэмсний амралттай байгаа бөгөөд өнөөг хүртэл ажил олгогчийн зүгээс Г.Золбоог ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болно. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулахыг хүссэн байна. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч Г.Золбоо нь Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй учраас томилон ажиллуулах боломж бүрдэхгүй байснаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Г.Золбоог Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоон дээр жирэмсний амралттай байсан Г.Мөнгөнзулын оронд хөдөлмөрийн гэрээгээр 6 сарын хугацаагаар 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулах тушаалыг гаргасан байдаг бөгөөд одоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бүрэн бичилт хийгдэж цалинг бүрэн олгосон болно гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Золбоог Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 304 536 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Золбоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 376 302 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Золбоогийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 99 822 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 12-ний өдрийн 187 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх тухай заалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар зөв дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас буруу чөлөөлсөн гэсэн үндэслэлээр гомдлын шаардлага гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас маш тодорхой харагдаж байгаа.Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа хяналтын хэсэгт энэ талаар эхэлж зөв зааснаа дараа нь үүнийгээ үгүйсгэсэн байна. Мөн гомдол гаргах хугацаатай холбоотой буруу дүгнэлт хийжээ. Г.Золбоо нь Уул уурхай, хунд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөнөө 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдэнгүүтээ зөрчигдсөн эрхээ хамгаалах үүднээс тус яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт өргөдөл гаргаж байснаас гадна Төрийн албаны зөвлөлд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хуульд заасан хугацаа хэтрүүлэхгүйгээр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл ч түүнд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 570 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариуг авангуут 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн болон тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ч иргэний хэргийн шүүх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаар зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно. Давж заалдах шатны шүүх Г.Золбоог зохих албан тушаалтан, байгууллагуудад гомдол гаргаж эхлэнгүүт хариуцагч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлэх үүднээс жирэмсэн хүний оронд ажилд авч аргалахыг оролдсон. Г.Золбоо нь жирэмсэн хүний оронд ажиллаж байсан хугацаандаа тийнхүү шүүхэд гомдол гаргаж байсан талаар мөн зөв дүгнээгүй байна.Г.Золбоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилдаа буцан орох хүсэлт гаргасан болон хариуцагч уг ажилд буцаан ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхэд ямар ч саад болохгүй билээ.Эдгээр болоод бусад нөхцөл байдлыг үндэслэн 187 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Г.Золбоо нь Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Золбоог ажил олгогч Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажлаас 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар чөлөөлсөн боловч тэрээр жирэмсэн болохоо мэдэгдсэний дагуу 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллуулжээ. Нэхэмжлэгч уг албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 4  дүгээр сараас жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зарим үйл баримтыг дурдалгүй орхисноос ямар ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй, ийнхүү шаардах болсон үндэслэл нь тодорхой бус байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл дээрх байдлаар тодорхой бус байгаа нөхцөлд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын хэмжээг тус тус тодорхойлох боломжгүй юм.

Хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй бөгөөд маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл зэрэг асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 12-ний өдрийн 187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН