Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/01429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.З-гийн  нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: У яаманд холбогдох 

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч   Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнгөнзул, Т.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

             

Нэхэмжлэгч Г.З- шүүхэд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гансүх шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажил олгогч 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч 2017 оны 01 сарын 27-ны өдөр 12 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан Г.З-г 4 сартай жирэмсэн байхад нь ажлаас чөлөөлсөн боловч уг тушаалаа  гардуулж өгөөгүй. Г.З- нь 2015 оны 03 сарын 05-нд тус яамны дэд сайд Тэмүүлэн, Төрийн нарийн бичгийн дарга Артаг нарт өгсөн өргөдөлдөө ажлаас үндэслэл муутай халагдсанаа бичиж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан. 2015 оны 03 сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргадаа ажилдаа буцаан оруулахыг хүсч өргөдөл гаргаж, гомдол гаргах нэг сарын хугацаандаа багтаан 2016 оны 04 сарын 02-нд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба 2015 оны 04 сарын 09-ний өдөр “таны өргөдөлд дурдсан асуудлыг тус зөвлөл шийдвэрлэх боломжгүй“ гэсэн хариу өгсөн байна.  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 8306 дугаар захирамжаар харьяаллын биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Г.З-г жирэмсэн байхад нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх тул У яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож 2015 оны 11  сарын 25-наас хойшхи ажилгүй байсан хугацааны олговорт 11,824,360 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч У яам болон төлөөлөгч Г.Мөнгөнзул, Т.Мөнхбаяр нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.З- нь 2014 оны 4  сарын 10-ны өдрийн У яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2014 оны 6 сард Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг Гадаад хамтын ажиллагааны хэлтэст төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон Г.З-г Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” үндэслэлийг зөрчиж томилсон байх тул зөрчлийг арилгах үүргийг өгсөн. Мөн уг үйл явдалтай давхцан бүтэц орон тоог цомхотгон цөөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоол гарсан. Ажил олгогчийн зүгээс 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нийт ажилчдад өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн У яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Түмэнбаярын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал гарч Г.З-г ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг тэр өдөртөө танилцуулсан. Г.З- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Г.З- нь 2015 оны 3 сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд тус яам нийгмийн даатгалын шитгэлийг төлж байгаа харин У яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.З- нь У яаманд холбогдуулан урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоолгож, 2015 оны 11 сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 11,824,360  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 01 сарын 06-ны өдөр гардуулан өгч, 2015 оны 01 сарын 27-ны өдөр  ажлаас чөлөөлсөн. 2015 оны 03 сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Г.З-г Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний ажилд томилсонд гомдол гаргаагүй ба Г.З- нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул  хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Ажилтан Г.З- нь 2014 оны 4 сарын 10-ны өдрийн У яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад  У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01  сарын 27-ны өдрийн 12 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Г.З-г ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Г.З-д өгч гарын үсэг зуруулсан /хх-ийн 41 талд/ байх ба 2015 оны 01 сарын 08-ны өдөр өргөдөл гаргаж /хх-ийн 12 талд/ байжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01  сарын 27-ны өдрийн 12 тоот тушаалаар  ажлаас халагдсан болохоо 2016 оны 03 сарын 25-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл Г.З- 2016 оны 03 сарын 05-ны өдөр У яамны Төрийн нарийн бичгийн даргад өргөдөл гаргаж,  У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн 37 тоот тушаалаар “Гансүхийн З-г У яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоонд 2015 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажилуулахаар шийдвэрлэсэн /хх-ийн 33 талд/ байна.

 

У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01  сарын 27-ны өдрийн 12 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Г.З-г ажлаас нь чөлөөлсөн тушаалд эсвэл У яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн 37 тоот тушаалаар У яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргах эрх энэ үед үүссэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зохицуулжээ.

 

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл У яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргахгүйгээр дээрх ажил үүргийг гүйцэтгэж байгаад хүүхэд асрах чөлөө авсан болох нь Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тэмдэглэлгээ /хх-ийн 34-35 талд/  зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажилтан 2015 оны 4 сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд, 2015 оны 05  сарын 06-ны өдөр гомдлоо Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж байсан  болох  нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.З-г Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сарын дундаж цалин 514.103 төгрөг :21.5 хоног, өдөрт 23.368 төгрөгөөр/ тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх  хугацааны  олговорт 11,824,360 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон         

                                                                                

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан У яаманд холбогдох Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,824,360 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.НАРАНГЭРЭЛ