Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 187

 

 

Г.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Золбоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох

 

Урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 5 680 838 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, Б.Туул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Золбоо нь тухайн үеийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон. Гэтэл ажил олгогч түүнд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн ба энэ үед Г.Золбоо 4 сартай жирэмсэн байсан. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яамныхаа Төрийн нарийн бичгийн даргад жирэмсэн байгаа тул хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх боломжгүй гэдгээ мэдэгдэн өргөдөл гаргасан. Гэвч Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэнбаяр мэдэгдлийн хуульд заасан нэг сарын хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 дугаар тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан Г.Золбоог ажлаас нь чөлөөлсөн боловч уг тушаалаа Г.Золбоод огт гардуулж өгөөгүй. Харин 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын үүpэг гүйцэтгэгч н.Түмэнбаяр ийм тушаал гаргаснаа ажлаас чөлөөлөгдсөн нийт хүмүүст амаар мэдэгдсэн байна. Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус яамны дэд сайд Г.Тэмүүлэн, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нарт өгсөн өргөдөлдөө ажлаас үндэслэл муутай халагдснаа бичиж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Мөн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргадаа ажилдаа буцаж оруулахыг хүсч өргөдөл гаргасан. Улмаар гомдол гаргах нэг сарын хугацаандаа багтаан 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "таны өргөдөлд дурдсан асуудлыг тус Зөвлөл шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргахад шүүгч М.Батзоригийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 8306 дугаар захирамжаар харьяаллын биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Харин тус Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/Ш32016/01623 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан тул дахин нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.Золбоог жирэмсэн байхад нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшх ажилгүй байсан хугацааны олговор 5 680 838 төгрөгийг гаргуулан, олгуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж даатгалын дэвтрүүдэд нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгох тухайд нэхэмжлэгч Г.Золбоо нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2014 оны 6 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тус яаманд ажиллан шалгалт хийсэн бөгөөд Гадаад хамтын ажиллагааны хэлтэст төрийн албаны шалгалт өгөөгүй боловч томилогдсон Г.Золбоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан "Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах" үндэслэлийг зөрчиж томилсон байх тул зөрчлийг арилгах үүргийг өгсөн. Мөн уг үйл явдалтай давхцан бүтэц орон тоог цомхотгон цөөрүүлэх тухай Засгийн газрын "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоол гарсан. Ажил олгогчийн зүгээс 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нийт ажилчдад өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Түмэнбаярын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал гарч Г.Золбоог ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг тэр өдөртөө танилцуулсан болно. Иргэн Г.Золбоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Гэтэл Г.Золбоо нь ажлаас чөлөөлөгдөж буйгаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн, тушаалыг гардуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тушаалд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхайн яаманд шинээр томилогдсон дэд сайд Г.Тэмүүлэн болон Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нарт "Намайг 4 сартай жирэмсэн байхад ажлаас халсан" гэх утга бүхий өргөдөл гаргаснаар дахин 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр жирэмсний амралттай байсан Г.Мөнгөнзулын оронд өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 6 сарын хугацаатай эгүүлэн ажилд авсан бөгөөд Г.Золбоогийн тушаалыг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар тусгасан боловч ажилтан хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч гарын үсэг зурна гэдэг байдлаар хойшлуулсаар ирсэн. Гэхдээ Г.Золбоо нь 2015 оны 4 cap хүртэл Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Иргэн Г.Золбоо нь нэхэмжлэлдээ хуучин ажиллаж байсан Гадаад хамтын ажиллагааны хэлтэсдээ эгүүлэн тогтоолгох талаар дурдсан байх боловч Г.Золбоо нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа тул өмнөх ажилд эгүүлэн томилох боломжгүй. Өмнө нь ажлаас чөлөөлөгдсөн хугацаа, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Иргэн Г.Золбоо нь Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн байна. Иргэн Г.Золбоо нь Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоон дээр жирэмсний амралттай байгаа бөгөөд өнөөг хүртэл ажил олгогчийн зүгээс Г.Золбоог ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болно. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулахыг хүссэн байна.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч Г.Золбоо нь Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй учраас томилон ажиллуулах боломж бүрдэхгүй байснаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар "Г.Золбоог Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоон дээр жирэмсний амралттай байсан Г.Мөнгөнзулын оронд хөдөлмөрийн гэрээгээр 6 сарын хугацаагаар 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулах тушаалыг гаргасан байдаг бөгөөд одоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бүрэн бичилт хийгдэж цалинг бүрэн олгосон болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Золбоог Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 304 536 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Золбоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 376 302 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Золбоогийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 99 822 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Золбоо нь Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж томилогдон ажилласан нь ажилтны ажлын байранд тавигдсан ерөнхий шаардлагыг хангахгүй хүнийг төрийн албан хаагчаар томилсон, мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэсэн заалтуудыг зөрчсөн байх бөгөөд Г.Золбоог төрийн захиргааны албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй, мөн Г.Золбоо нь Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болоогүй зэргийг харгалзалгүйгээр Г.Золбоог томилсон нь хууль зөрчсөн бөгөөд Г.Золбоог Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ажилд авсан нь анхнаасаа хуулийн дагуу хийгдээгүй байтал шүүх Г.Золбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан болох нь харагдаж байна.

Г.Золбоод 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг тухайн өдрөө Г.Золбоод танилцуулсан байдаг. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Г.Золбоог 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний ажилд нөхөн томилсон, одоогоор Г.Золбоо нь жирэмсний амралттай байгаа бөгөөд түүнийг Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нэг ч тушаал Уул уурхайн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас гараагүй ба Г.Золбоогийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр тасралтгүй бичилт хийгдэж байгаа юм. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалин 5 304 536 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг бүрэн шинжилж үзээгүй болох нь харагдаж байна. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай байсан хүнд ажилгүй байсан хугацааны тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Мөн шүүгч үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасны дагуу Г.Золбоо нь ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэв" гэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарласан байх ба Г.Золбоогийн нэхэмжлэл гаргасан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Золбоо нь хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 5 680 838 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Г.Золбоог 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхад нь түүнд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Засгийн газраас яамдын орон тоо бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах” мэдэгдлийг өгч, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Тэрээр 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарт 4 сартай жирэмсэн байхад ажлаас халсан гэсэн агуулга бүхий өргөдөл гаргаснаар түүнийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр жирэмсний амралттай байгаа хүний оронд 6 сар ажиллуулах болсон бөгөөд уг ажил албан тушаалд Г.Золбоо нь ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сараас жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авчээ.

 

Нэхэмжлэгч Г.Золбоо нь хүүхэд асрах чөлөөг дуусгаж ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд хариуцагч Уул уурхайн яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүнд “өмнө ажиллаж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байх боловч нэхэмжлэгч Г.Золбоогийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан эсэх үйл баримттай холбоотой талуудын тайлбар болон бусад нотлох баримт тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч Г.Золбоог хариуцагч байгууллага Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл төлсөн нөхцөл байдлын талаар тодруулж дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой.

 

Нэхэмжлэгч Г.Золбоогийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнө ажиллаж байсан хариуцагч байгууллагад Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эсхүл жирэмсний амралт авах хүртэл ажиллаж байсан мэргэжилтний ажил албан тушаалд томилогдох шаардлага гаргасан аль нь болох нь тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байсан гэж үзэх боломжгүй болно.

 

Хэрэв Г.Золбоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгч Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн атлаа Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоонд /жирэмсэний урт хугацааны амралттай байгаа Г.Мөнгөнзулын ажлын байранд/ 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан уг хугацаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх эсхүл нэхэмжлэгч дээрх ажлаас өөрчлөхийг сайн дураараа зөвшөөрч өөр ажил албан тушаалд шилжиж ажилласан гэх нөхцөл байдлыг тодруулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байхад шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ