Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2034

 

 

Г.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У, Х.Ү я-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 11 824 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажил олгогч 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан Г.З-г 4 сартай жирэмсэн байхад нь ажлаас нь чөлөөлсөн боловч уг тушаалаа гардуулж өгөөгүй. Г.З нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус яамны дэд сайд Тэмүүлэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.А нарт өгсөн өргөдөлдөө ажлаас үндэслэл муутай халагдснаа бичиж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргадаа ажилдаа буцаан оруулахыг хүсч өргөдөл гаргаж, гомдол гаргах нэг сарын хугацаандаа багтаан 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр таны өргөдөлд дурдсан асуудлыг тус зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 8306 дугаар захирамжаар харьяаллын биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Г.З-г жирэмсэн байхад нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшх ажилгүй байсан хугацааны олговорт 11 824 360 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.З нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2014 оны 6 сард Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг Гадаад хамтын ажиллагааны хэлтэст төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон Г.З-г Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах үндэслэлийг зөрчиж томилсон байх тул зөрчлийг арилгах үүргийг өгсөн. Мөн уг үйл явдалтай давхцан бүтэц орон тоог цомхотгон цөөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоол гарсан. Ажил олгогчийн зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нийт ажилчдад өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Т-ын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал гарч Г.З-г ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг тэр өдөртөө танилцуулсан. Г.З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Г.З нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд тус яам нийгмийн даатгалын шитгэлийг төлж байгаа харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 824 360 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Тухайлбал, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүх зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Чөлөөлөгдсөн тушаалыг ажил олгогч гардуулах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажлаас халсан тушаалыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гардаж аваагүй байсан ба ажил олгогч тушаал гардуулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг ажилтан хүлээх учиргүй. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс тушаалыг гаргаж өгснөөр анх удаа тушаалыг харсан. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг гардаж авсан мэтээр тайлбарлаж тус өдрөөс хойш 1 сарын хугацааг тоолж хуулийг буруу хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг огт хэтрүүлээгүй. Хөдөлмөрлөх эрхээ зөрчигдснийг мэдсэн үеэс буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс гомдол гаргах нэг сарын хугацаагаа тооцон 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд болон улмаар шүүхэд гомдлоо гаргасан нь олон нотлох баримтаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч нь мэдэгдэлд заасан нэг сарын хугацаанаас өмнө Г.З-г ажлаас халсан байгаа төдийгүй тийнхүү халсан тушаалаа тухайн үед нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулаагүй. Энэ байдалд анхан шатны шүүх хуульд заасны дагуу дүгнэлт хийлгүй нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэж зохицуулсан гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагч энэ заалтыг бүдүүлгээр зөрчсөн байхад нэхэмжлэлийг хангах үндэслэл болгоогүй нь ойлгомжгүй байна. Мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгөөд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр халсан нь ажлаас халагдах мэдэгдлийг хугацаандаа өгөөгүй төдийгүй тушаалын үндэслэл болсон орон тоо цөөрч, цомхотгосон гэсэн хариуцагчийн тайлбар худал бөгөөд орон тоо цөөрөөгүй ба тушаалаар хамт халагдагсад эргэн ажилдаа орсон байсныг шүүх үнэлээгүй. Г.З нь хариуцагчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалд гомдол гаргасан нь нэхэмжлэлээс тодорхой байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэ тушаалд гомдол гаргаагүй, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалд гомдол гаргах байсан мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Хариуцагч нь уг 37 дугаар тушаалыг нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаас хойш гаргасан нь нэхэмжлэгчийг цаашид гомдол гаргуулахгүй байх, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах, өөрийн хууль бус үйлдлээ хаацайлах гэсэн зохисгүй арга болох нь тодорхой байна. Иймд шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийж Г.З-н зөрчигдсөн эрхийг хамгаалсангүй. Эдгээр үндэслэл болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг залруулан дүгнэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 11 824 360 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нэхэмжлэгч Г.З нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан мэргэжилтнээр ажиллаж байгаад уг яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогчийн энэхүү тушаалд ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх заалтын үндэслэлийг заажээ.                                                                     /хх-46 дугаар тал/

 

Ажил олгогч нь ажилтан Г.З-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр жирэмсэн тухайгаа мэдэгдэж 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын үүрэг гүйцэтгэгч Ч.Т-т, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхайн яамны дэд сайд Г.Т, Төрийн нарийн бичгийн дарга Д.А нарт удаа дараа өргөдөл гаргаж байжээ.                                                                                                           /хх-9, 12 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.З-г Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоонд жирэмсэний урт хугацааны амралттай байгаа Г.М-ын ажлын байранд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай ажилд авсан, Г.З 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс жирэмсний амралт авсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар /хх-7, 33/ тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Г.З ажлаас үндэслэлгүй халагдсан талаар 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөл 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 570 тоот албан бичгээр өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул тэрээр 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хянагдаж “Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалын Г.З-д холбогдох хэсэг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

/хх-23-24 дүгээр тал/

 

Үүний дараа нэхэмжлэгч Г.З шүүхэд хэдийд хандсан нь тодорхой бус боловч хариуцагч Уул урхайн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33929 дугаар шүүгчийн захирамж гарсан, мөн тус дүүргийн шүүхэд дахин хандаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/00904 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн дахин гаргсан нэхэмжлэлийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2016/01623 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан тухай баримтууд хэргийн 13-20 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Г.З нь нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33929 дугаар шүүгчийн захирамж гарснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан, мөн түүний нэхэмжлэлийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2016/01623 дугаар шүүгчийн захирамжаар буцааснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрх зөрчигдсөнөө мэдсэн үеэс гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                             ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ