Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01654

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01654

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахиур төмөр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Дэлгэрмөрөнд холбогдох,

 

Ажилтын хүлээх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын төлбөр болох нийт 2 975 750 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагч Н.Дэлгэрмөрөн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Н.Дэлгэрмөрөн Цахиур төмөр ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132 тоот захирлын тушаалаар эмч төлөөлөгчийн албан тушаалд, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 276 тоот тушаалаар орон тооны ажилтнаар ажиллуулсан. Н.Дэлгэрмөрөнтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн, мөн ажлын байрны тодорхойлолтыг байгуулсан. Гэтэл банкнаас зээл авахдаа байгууллагаас авсан боловч буцааж өгөөгүй. Байгууллагад гэрээний нэг хувь үлдээгүй. Иймд гэрээний зүйл заалтыг үндэслэн шаардлага гаргах боломжийг хязгаарласан.

Ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын зүүн бүсд байрлах харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн харилцдаг ба Импортын хэлтэст харьяалагддаг байсан. Тус хэлтсийн нэгжийн борлуулалтын албаны нийт ажилчдын шуурхай хуралдааны шийдвэрээр хариуцсан бүсийн эмийн сангуудад эмийн бүтээгдэхүүний байршуулалтыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны дотор хийж борлуулалтын тооцоог 2014 оны 12 дугаар сарын 28-нд дуусгахаар үүрэг өгсөн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард ажлаа орхин явсан. Одоогоор 9 эмийн сангийн мөнгийг буцааж өгөөгүй.

Тус компанийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж өөрийн хариуцсан 9 нэр бүхий эмийн сангаас тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан. Зарим эмийн сангийн захиалсан эмийг хариуцаж авсан хэдий ч холбогдох эмийн санд хүлээлгэн өгөлгүй ажлын байраа орхин явсан учир компанид 2 705 750 төгрөгийн хохирол учирсан. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1636 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ажлаас чөлөөтэй байх хугацаандаа буюу 2015 оны 09 дүгээр сард Мөнх харгана үндэс нэртэй эмийн санд борлуулсан үлдэгдэл барааны мөнгө 270 000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул ажлаа орхиж явсны дараа байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байх тул нийт 2 975 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дэлгэрмөрөнгийн тайлбарт: Би тус байгууллагад 2013 онд анх эмч төлөөлөгчийн ажилд түр орсон. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, дотоод журам танилцуулж байгаагүй, би цалингийн зээл аваагүй. Гэтэл зээл авахын тулд хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь авч явсан гэж гүтгэж байна. Мөн Цахиур төмөр ХХК-ийн лого нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 276 дугаар ажилд орсон тушаал, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өмгөөллийн И Эл Би партнерс ХХН-д олгосон итгэмжлэл лого хоёр өөр зөрүүтэй, тамга нь өөр өөр байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт эмийн сангийн эрхлэгч нараас тодорхойлолт авсан боловч тэд нар хоёр өөр байдлаар тодорхойлсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй. 2014 оны 10 дугаар сараас давхар ажил хийлгэсэн, эмийн захиалга авдаг байсан. 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны баримт дээр н.Ундармаа гэх хүний гарын үсэг байдаг. Энэ хүн жирэмсний амралтаа авсан. Нэхэмжлэл нь хэдэн оны хэдэн сараас гарсан тооцоо болох нь тодорхой бус байгаа. Ажлаас гарах өргөдлөө өгсөн байхад чөлөөлөх тушаал гаргаж өгөөгүй. Урьд нь шүүхээр нэхэмжилж байхдаа байршуулалтын төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4 600 000 төгрөг кассын оролгод хийснээс 3 104 700 төгрөгийг суутгаж аваад, 1 495 300 төгрөгийг машины зээлийн үлдэгдэлд суутгаж авсан гэж тайлбарлаж байсан. Одоо өөр байдлаар тайлбарлаад төлбөр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр халагдах өргөдлөө өгсөн одоог хүртэл халсан тухай тушаал гаргаагүй байгаа. Өвчтэй байх хугацаанд эмнэлэг дээр ирж аппарат нэхэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Дэлгэрмөрөнд холбогдох, байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 2 975 750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 562 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 10 814 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Хариуцагч Н.Дэлгэрмөрөн нь 2013 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн ''Цахиур Төмөр" ХХК-д эмч төлөөлөгчийн албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон тооны ажилтнаар томилогдсон. Тухайн үед Н.Дэлгэрмөрөнтэй "Хөдөлмөрийн гэрээ", "Ажлын байрны тодорхойлолт"-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан боловч хариуцагч банкнаас зээл авахад шаардлагатай байна гэх шалтгаанаар "Цахиур Төмөр" ХХК-аас дээрх баримт бичгүүдийг эх хувиар нь аваад буцаан өгөөгүй тул тэдгээрийг шүүхэд гарган өгч чадаагүй. Шүүх хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн. Түүнчлэн гэрч Даариймаа нь Н.Дэлгэрмөрөнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Н.Дэлгэрмөрөн нь уг гэрээг авч явсан талаар мэдүүлснийг шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн агуулахаас борлуулалтын зарлагын баримт үйлдэн эм авдаг байснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасны дагуу эм авдаг байсан нь нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тохиолдлууд нь мөн хуулийн 135.3, 135.4 дэх хэсэгт зааснаас тусдаа зохицуулалт бөгөөд уг заалтууд нь Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тодорхой нэр бүхий албан тушаалтнуудад эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжийг хуульчилсан бол 135.1 дэх хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр талууд харилцан тохиролцсон эсэхээс үл хамааран эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдэийг зохицуулж өгсөн. Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3.9-д зааснаас үзэхэд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан тохиолдлууд нь 135.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран хэрэгжихээр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтуудыг гарган өгсний дотор хариуцагч Н.Дэлгэрмөрөнгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн гар бичмэл хэрийн 85 дугаар талд авагдсан. Тус нотлох баримтад дурдагдсан төлбөрийн үлдэгдэл болон эмийн сангуудын нэр нь хавтаст хэргийн 6-15 дугаар талд авагдсан Борлуулалтын зарлагын баримт болон 5-р талд авагдсан байршуулалтын тооцоонд дурдсан төлбөрийн үлдэгдэлтэй таарч байсан болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй. Мөн 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах rap бичвэрийг Н.Дэлгэрмөрөн өөрөө үйлдсэн, төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад уг бичвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхийг хүссэн ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь буруу. Н.Дэлгэрмөрөн анхнаасаа эмийн бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулахаар хүлээсэн үүргийнхээ хүрээнд үүргээ биелүүлж дуусгавар болгох хугацааг тодорхойлсон байтал талуудыг хөдөлмөрийн харилцаанд орох үедээ гэрээ байгуулаагүй атлаа хожим үүрэг ногдуулж, бичвэр бичүүлж авсан хэмээн буруу дүгнэсэн.

Шүүх Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 1636 тоот тогтоолыг харгалзан үзэлгүйгээр "тодорхойгүй" гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Уг баримтаар Дэлгэрмөрөн компанид 270 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Дурдагдсан баримтуудын зүүн дээд буланд аль эмч төлөөлөгчид хүлээлгэн өгсөн болохыг бичиж баталгаажуулдаг бөгөөд уг баримтууд дээр Н.Дэлгэрмөрөн уг эмийн бүтээгдэхүүнийг авсан талаар тэмдэглэсэн байдаг. Мөн Н.Дэлгэрмөрөн нь уг эмийн бүтээгдэхүүнийг авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байхад хүлээн авсан гэж үзэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтыг буруу тайлбарласан шийдвэр болсон байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчаас 2 975 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгов.

 

Нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК 2 705 750 төгрөг гаруулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Дэлгэрмөрөн эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Н.Дэлгэрмөрөн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч компанид эмч, төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийг ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шинээр орж ирсэн эм, эмийн бүтээгдхүүнийг эмийн сангуудад байршуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын Импортын нэгжийн, борлуулалтын албаны ажилчдын шуурхай хуралдаанаар эмч, төлөөлөгч нарыг дүүрэгт хуваарилан бараа бүтээгдхүүн тараах, буцаан авч авлагыг хариуцуулахаар шийдвэрлэсэн байх ба хариуцагчид Баянзүрх дүүрэгт байрших эмийн сангуудын захиалга, борлуулалтыг хариуцуулсан байна. /хх 42/

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ өөрийн харьяалах эмийн сангуудад өгөхөөр авсан эм, эмийн бүтээгдхүүний буцаалт болон төлбөр тооцоог бүрэн гүйцэт хийгээгүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж тайлбарлажээ.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар хариуцагчийг эд хөрөнгийг дараа тайлагнах нөхцөлтэйгээр хүлээн авсан албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй, ажилтан хүлээн авсан хөрөнгөө буцааж өгөөгүй бол ажил олгогч шаардах эрхтэй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Нэхэмжлэгч нь компаниас хүлээн авсан эм, эмийн бүтээгдхүүнийг захиалга өгсөн зарим эмийн сангуудад хүлээлгэн өгөөгүй, зарим эмийн сангаас хүлээн авсан орлогыг компанид хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан бөгөөд хэргийн 45-51, 88 дугаар талд авагдсан эмийн сангийн эрхлэгч нарын тодорхойлолт, хариуцагчийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх баримтыг маргаан бүхий үйл баримтыг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Бумбат-Тун ХХК, Жаргалмөнх эмийн сан, Календула ХХК, Татц эмийн сан, Аюур 2 эмийн сангийн эрхлэгч нарын төлбөрийн тооцоог хариуцагч Н.Дэлгэмөрөнд бэлнээр өгсөн гэх тодорхойлолтуудыг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааруулан дүгнэх боломжгүй, үүнтэй холбоотой санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй, маргаж байгаа үйл баримтын тодорхой нөхцөл байдлын талаар мэдэж байгаа хэн нэгэн хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэг өгснөөр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.

 

Түүнчлэн хариуцагч Н.Дэлгэрмөрөнгийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бичсэн ...6 сард дуусах байршуулалтаас бусад авлагыг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан барагдуулна гэсэн дан ганц тодорхойлолт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлохгүй, хариуцагчийн гэм буруутай эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

 

Шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 562 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ