Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01636

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01636

 

 

 

 

 

 

 

Ц.Баянмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Одхүүд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 79 906 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранцэцэг, Г.Мөнхбуян, гуравдагч этгээд П.Сүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Онхоодой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: В.Одхүүтэй 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 380 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хугацаа дууссан. Хариуцагч нь нийт 313 500 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барьцаа хөрөнгийг суллаж авсан боловч үлдэх 66 500 000 төгрөгийг, хүүгийн хамт төлж барагдуулаагүй байна. 66 500 000 төгрөгийн үндсэн зээл болон хүү, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 13 406 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч В.Одхүүгээс нийт 79 906 400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Одхүүгийн тайлбарт: Ц.Баянмөнхөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Уг нэхэмжилсэн 79 906 400 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй болно. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ямар нэг төлбөр, зээлийн хүү, үндсэн зээлээс төлж чадаагүй. Энэ мөнгийг Г.Сүрэнгийн дүү н.Лхагвасүрэн авч хэрэглэсэн. Н.Лхагвасүрэн нэг ч төгрөг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Сүрэнгийн тайлбарт: Миний хүү С.Мөнхбаяр Алтан-Эг ББСБ ХХК-аас 4 500 000 төгрөгийн зээл авсан ба П.Сүрэн би хамтран зээлдэгчээр орж, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. П.Сүрэн би өөрийн төрөл А.Лхагвасүрэнд түр хугацаагаар 5 000 000 төгрөг зээлдүүлэх арга байна уу гэхэд В.Одхүүтэй уулзуулсан. Тэрээр таны зээлийг төлж барагдуулъя, одоо нотариатаар итгэмжлэл хийлгэнэ гэсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл хийлгэн бидний зээл болох 4 816 665 төгрөгийг Алтан-Эг ББСБ ХХК-д төлж барагдуулсан. Итгэмжлэлийн хугацаанд бид В.Одхүүд 4 816 665 төгрөгийг төлөх юм байна гэж ойлгосон. В.Одхүүд итгэмжлэл хийж өгөхдөө 4 816 665 төгрөгт итгэмжлэл өгч байгаа гэж ойлгон гарын үсэг зурсан. В.Одхүү Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг зөрчин намайг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн байна. Иймээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар барьцаанд тавьсан тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсье. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар В.Одхүүгээс 77 140 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 766 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч В.Одхүү нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 197 958 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч В.Одхүүгээс 543 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд олгож шийдвэрлэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Сүрэнгийн давж заалдах гомдолд: В.Одхүү нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр миний 4 816 665 төгрөгийн зээлийг төлж барагдуулахдаа итгэмжлэл хийлгэн авсан. Тэрээр хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчин надтай барьцааны гэрээ байгуулах байтал итгэмжлэл хийлгэн намайг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн. Би Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай В.Одхүүд хэлсэн. Би уг итгэмжлэлийг хийхдээ орон сууцыг зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл олгоогүй байхад бусдаас зээл авч, зээлийн барьцаанд миний орон сууцыг барьцаалсан, улмаар орон сууцыг худалдан борлуулж зээлээ төлж барагдуулах гэж байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ц.Баянмөнх нь хариуцагч В.Одхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 906 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 380 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 30 хоногт 2 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-77 тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай орон сууц,  Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-20 тоот хаягт байрлах 63.84 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-54 тоот хаягт байрлах 62.36 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б байрны зоорийн давхрын 8 тоот хаягт байрлах 18 м.кв,  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчдийн гудамжны 27-23 тоот хаягт байрлах 48.43 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48-17 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байх ба гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 313 500 000 төгрөгийг хүүгийн хамт төлж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-77 тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-20 тоот хаягт байрлах 63.84 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-54 тоот хаягт байрлах 62.36 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б байрны зоорийн давхрын 8 тоот хаягт байрлах 18 м.кв, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчдийн гудамжны 27-23 тоот хаягт байрлах 48.43 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48-17 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлж авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс 30 хоногт 0.40 хувиар тооцно гэж заасан нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болно.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гүйцэтгээгүй үүрэг 66 500 000 төгрөг, 8 сарын хүүд 10 640 000 төгрөг, нийт 77 140 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан П.Сүрэнгээс В.Одхүүд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба хариуцагч нь уг итгэмжлэлийг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.Сүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

 

Шүүх гэрээгээр тохирсон хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Одхүүгээс 77 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 766 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд П.Сүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ