Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/шш2017/01175

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01175

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, .... тоотод оршин суух М.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум .............. тоотод оршин суух Ё.Б-д холбогдох

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М.Д- би иргэн Ё.Б-д 2016 оны 07 сарын эхээр “Ниссан санни 15” маркийн 7219 ОРО дугаартай авто машинаа 1 500 000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар мөн бага зэргийн засварыг Ё.Б хийхээр тохиролцож өгсөн болно. Сарын дараа хэрүүл уруул болж байж 500 000 төгрөг авсан. 1,0 сая төгрөгийн үлдэгдэлийг 2016 оны 08 сарын 15-нд өгөхөөр гарын үсэг зуралцан бичсэн болно. Тэр бичгээ олдоггүй. Гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгөө аваагүй явж байна. Нэр дээр шилжүүлээд өгвөл зээл аваад өгье гэхээр нь нэр дээр нь шилжүүлсэн боловч бас өгөөгүй. Буцаагаад машинаа авъя гэхээр би 2 000 000 төгрөгний засвар хийсэн, 2 500 000 төгрөг өгөөд машина ав гэх юм маш хэцүү. Би машинаа сайн мэднэ, их мөнгө орлоо гэхэд 700 000 төгрөгөөс илүү мөнгөний засвар хийхгүй. Би Б-д хэлж зарсан, ийм мөнгөний засвар хийнээ гэж. Одоо 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо миний машиныг унаад л таксинд явж байна. Иймд иргэн Ё.Б-гаас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ё.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Д-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.07.11-ний өглөө 7219 ОРО дугаартай “Ниссан санни” машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдагүй байхад нь авснаас хойш 500 000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2,0 сая гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллагууд нь болох “Танил” техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг нь гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэр ч авна энэ ч авна гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа” гэжээ.

Хариуцагч Ё.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ёндонжамц овогтой Ё.Б миний бие М.Д-ын иргэний нэхэмжлэлийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны шүүх хурал товлосон хуралд оролцох боломжгүй тул хүсэлтийг минь хүлээн авна уу. Уг хурлыг 2017 оны 12 сарын 12-нд хийх хүсэлтэй байна” гэжээ.

Зохигчдын тайбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Д- нь Ё.Б-д холбогдуулан худалдан худалдан авах гэрээний үүрэг болох 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Хариуцагч Ё.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр мэдэгдсэн бөгөөд, Ё.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө ирж хэргийн материалтай танилцсан боловч шүүх хуралд орох боломжгүй, шүүх хуралдааныг 2017.12.12-нд хийх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг үлдээжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, 100.4-д “энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заажээ.

            Ё.Б- нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан хэдий ч ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаагаа заагаагүй тул ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч М.Д-ын “...Ё.Б-д 2016 оны 07 сард “Ниссан санни 15” маркийн 7219 ОРО дугаартай авто машиныг 1 500 000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг сарын дараа авахаар, мөн бага зэргийн засварыг Ё.Б- хийхээр тохиролцож өгсөн. Сарын дараа хэрүүл уруул болж байж 500 000 төгрөг авсан...” гэсэн тайлбарыг хариуцагч Ё.Б- үгүйсгээгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “.... 2016.07.11-ний өглөө 7219 ОРО дугаартай “Ниссан санни” машиныг Маргад дээд сургуулийн хашаанаас эвдрэл гэмтэлтэй асдагүй байхад нь авснаас хойш 500 000 төгрөг өгсөн. Цаашид надад мөнгө төлөх шаардлага байхгүй. Уг машинд засвар үйлчилгээ 2,0 сая гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн. Засвар сэлбэг авсан байгууллагууд нь болох “Танил” техникийн захад миний бие нь сэлбэгийн мөнгийг нь гүйцэд өгч дуусаагүй. Хувиараа тохирч гэрээ байгуулан төлөгдөж байгаад дуусч байгаа. Иймд огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө групптэй гэрт байдаг. Төлбөрийн чадваргүй, буцаж аваа гэж хэлэхэд тэр ч авна энэ ч авна гээд хүний нэр бариад худлаа хэлж байсан. Уг машиныг Эрдэнэтийн таксинд явдаг жолооч болгон мэднэ. Одоогоор мөн эвдрэлтэй байгаа” гэжээ.       

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу Ё.Б-гаас хэлэлцэн тохирсон үнээ төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 243.2-д “худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч “...7219 ОРО дугаартай “Ниссан санни” машиныг гэмтэлтэй асдаггүй байхад нь авсан...” гэсэн байгаагаас үзэхэд анхнаасаа үзэж хараад, тохироод эвдрэл гэмтлийг нь мэдээд авсан болох нь нотлогдож байна.

Маргааны зүйл бүхий автомашин нь хуучин машин гэдгийг хариуцагч өөрөө мэдэж байсан бөгөөд, “машинд засвар үйлчилгээ 2,0 сая гаруй төгрөгний сэлбэг засвар хийсэн, би өөрөө групптэй гэрт байдаг, төлбөрийн чадваргүй” гэж нэхэмжлэлээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээо үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Б-гаас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА