Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 326

 

Б.Б, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Б.О, Г.Л, хохирогч А.А, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Гомбо, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1312 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  243 дугаар магадлалтай, Б.Б, Д.Б нарт холбогдох 1705005260260 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Да овогт Б-ын Б,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 21 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Б нар нь

бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Б.А-д 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1493 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Б.А-ын эх Т.О ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 53 дугаар байрны 50 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хуурамч баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.А-аад 68.000.000 төгрөгөөр худалдсан,

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоотод байрлах 60 мкв иргэн Б.О ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулан Б.Оөд 15.000.000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн гэрээ дуусаагүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Э д, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “манай ахын орон сууц байгаа юм” гэж хуурч иргэн Г.Л д 31.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, түүний өмчлөлд шилжүүлсэн,

Б.Б нь ганцаараа: 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” техникийн захад О.Н ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг 12.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2.500.000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн авсан,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат гудамж, 79/1 тоотод байрлах 2250 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 7 хоногийн хугацаатайгаар А.Ас 35.000.000 төгрөгийг зээл нэрээр шилжүүлэн авсан,

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкны баталгаа гаргуулна” гэж хуурч Д.М гээс 136.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Д.Б нь ганцаараа: 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Г ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70/а байрны 8 тоотод байрлах орон сууцыг өөрийн эзэмшлийн орон сууц, 22.000.000 төгрөг зээлж, хүүд нь орон сууцандаа 1 жилийн хугацаагаар суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, зээлийн гэрээ, орон сууц түрээслэх гэрээг нотариатаар батлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ид 7 /долоон/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б д 5 /таван/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "шүүгдэгч Б.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг, шүүгдэгч Д.Б ын цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.О ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 53 дугаар байрны 50 тоот орон сууцны өмчлөх эрх, хохирогч Б.О ийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хааис гудамж 2 байр, 1 тоот 60 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус сэргээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-аас 13.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Л-д, 27.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Амарсанаад, 134.640.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М д,

Шүүгдэгч Д.Баас 13.850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Л д, 22.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Г т тус тус олгохоор” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдолдоо “... Ялтан Д.Б нь улсын яллагчаас зүйлчилж оруулж ирсэн ялын зүйлчлэл, үйлдсэн хэрэгтэйгээ огт маргадаггүй боловч шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьсан, гэмт хэрэг үйлдэж оролцсон хүнийг эрүүгийн хариуцлага татахгүйгээр учруулсан хохирлоо төлүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулсан гомдолтой байна гэж үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тухайлбал, анхан шатны шүүх хурал дээр хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийг прокурорт буцаах санал гаргасан бөгөөд гол шалтгаан нөхцөл нь ялтан Д.Быг 4 дүгээр хавтаст хэргийн 235-239 дүгээр талд 2018 оны 12 дугаар сарын 20 өдөр яллагдагчаар өөрчлөн татсан тогтоолд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татсан байх боловч уг зүйлчлэлийг яллах дүгнэлтэд дурдаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Уг асуудлын талаар өмгөөлөгч нар тодорхой санал гаргасан боловч уг асуудлыг хэрхэн няцаасан талаар дүгнэлт анхан шатны шүүхээс хийгээгүй орхигдуулсан. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2020 оны 02 дугаар сарын 20 хурлаар хэвээр үлдээсэн.

Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Г.Г-ийг залилан мэхэлсэн үйлдлийг ганцаараа үйлдээгүй н.Н гэх хүнтэй хамтран үйлдсэн талаараа 4 дүгээр хавтаст хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн бөгөөд н.Н гэх хүнийг мөрдөгчийн зүгээс иргэний хариуцагчаар татсан боловч үйлдэл оролцоог нь шалгаж тогтоогоогүй мөн байрны гэрчилгээг Дарханы улсын бүртгэгч гэх хүн н.Н ад өгсөн гэх мэт уг хэрэгт нөлөөлж болох нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад анхан шатны шүүхээс Г.Гт учруулсан хохирлыг дан ганц Д.Б аар төлүүлэхээр заасан нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Д.Гомбо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Д.М гээс 136.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд шүүгдэгч Д.Б ыг энэхүү үйлдэлд оролцоотой гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэжээ. Үүнийгээ шүүгдэгч Б.Б нь ганцаараа ирж мөнгө авсан гэх Д.М гийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл уг үйлдэлд Д.Б нь Б.Б ийг Д.Мгээс 136.000.000 төгрөгийг авах үед Банзрагчаар итгэмжлэл хийлгэж бэлдсэн дансанд мөнгө орохыг хүлээж байгаад уг мөнгийг авч урд өмнө нь Б.Бтай нийлж хүнээс зээлсэн өрүүдийг Д.Б нь тараасан байдаг, үүнийгээ Д.Б Б.Б нар нь тохиролцож үйлдсэн талаар мэдүүлдэг юм. Үүнийг хохирогч М мэдэгдээгүй тул Б.Б ганцаараа ирж авсан талаар мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийж Д.Б ыг оролцоогүй гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Иймээс Д.М гээс 136.0000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд Д.Б нь оролцоотой гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар хэргийг дутуу шалгасан байх тул дээрх үйлдэл оролцоог шалгуулах, уг хэрэгт хохирогч Э нь хохирсон талаараа өргөдөл гаргаж хохирогчоор тогтоогдож Б.Баас 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байна. Гэтэл улсын яллагч нь энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй орхигдуулсан. Хохирогч Э нь удаа дараа 4.000.000 төгрөгөө нэхэмжилж шаардаж Б.Б ийн ар гэрийнхнийг хүртэл та хийж байгаа ажил яахаараа миний хэрэг шүүхээр ордоггүй үлддэг юм гэх зэргээр дайрч байна. Миний үйлчлүүлэгч нь уг үйлдлийг хамтад нь шийдүүлэх хүсэлтэй. Ингэхгүй бол хоёр шийтгэх тогтоолоор шийтгүүлж эрх зүйн байдал нь хүндэрч болзошгүй байна. Иймээс хохирогч Эын үйлдлийг хамтад нь оруулж, мөн Д.М гийн үйлдэлд Д.Б ыг татуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “... Хохирогчоор татагдсан Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот 60 мкв орон сууцыг яллагдагч Д.Б руу итгэмжлэлээр бэлэглэлийн гэрээ үйлдэн шилжүүлсэн байдаг. Тухайн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот 60 мкв байрны үндсэн эзэмшигч Н.М нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаагүй бөгөөд яллагдагч Д.Б руу шилжүүлсэн итгэмжлэл нь хуурамчаар үйлдсэн итгэмжлэл байсан. Тухайн итгэмжлэлийг иргэн Б.О нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын эсрэг талын Голомт банктай худалдааны төвийн 3 давхарт 307 тоотод байдаг нотариатоор 500.000 төгрөгийн үнээр хийлгүүлсэн байдаг. Тус итгэмжлэл дээр иргэн Н.Магнайбаярын гарын үсгийн оронд миний гарын үсгийг зуруулж хууль бусаар үйлдсэн байдаг. Тухайн нотариатчин нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн  2.1-т заасны дагуу албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн. Энэ тухай прокурор Дамбадаржаа, мөрдөн байцагч цагдаагийн дэслэгч Б нарт мэдэгдэж Н.М гэрчийн мэдүүлэг авах, итгэмжлэл үйлдсэн нотариатчинг шалгах, иргэн Б.О ийн нотариатчинийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга, тус итгэмжлэл дээр зурагдсан гарын үсгийг шилжүүлэх гэсэн нотлох баримтуудыг шалгуулах хүсэлт тавьсан боловч авч хэлэлцэлгүй байсаар хэргийг шүүх рүү шилжүүлсэнд гомдолтой байна.

Хохирогчоор тогтоогдсон Д.М-г анх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дансанд мөнгө байршуулж өндөр хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн зарын дагуу утсаар ярьж төрийн банкнаас 800.000.000 төгрөгийн зээл хүсэж байгаа юм, банкны баталгаа гаргуулах хэрэгтэй байна. Дансандаа 140.000.000 төгрөгийг байршуулъя гэхэд зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өргөө кино театрын эсрэг талын хаан банк дээр уулзахаар тохиролцсоны дараа яллагдагч Д.Б бид 2 нотариат орон миний 50692148** гэсэн хаан банкны данснаас 150.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхтэй Итгэмжлэл хийлгүүлсэн. Итгэмжлэл хийлгүүлсний учир нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.М тэй уулзаж тохиролцсон мөнгөн дүнг шилжүүлж авмагц Д.Б нь Хаан банкнаас өмнө үйлдсэн итгэмжлэлийг ашиглан хохирогч С.Э, Ч.Л, А.А, А гэх иргэдийн данс руу зээлж авсан 100.000.000 төгрөгийг шилжүүлэн үлдсэн 40.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч уг мөнгөнөөс хохирогч Д.М гээс зээлсэн 140.000.000 төгрөгийн 1 өдрийн хүү болох 1.400.000 төгрөгийг Соёл урлагийн их сургуулийн баруун талын “ОКО” гэх салоны үсчин Д.А-д үлдээж, Б.Б миний бие хохирогч Д.М тэй хамт очиж аваад зээлийн хурал болж байгаа хэмээн хүлээх хэрэгтэй гэж банк хаатал саатуулан, банк хаасны дараагаар зээлийн гэрээ байгуулан сална гэж төлөвлөсөн. 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний бие хохирогч Д.М тэй уулзахаар тохирсон Өргөө кино театрын хаан банк дээр уулзаж төлөвлөсний дагуу хэргийг үйлдсэн. Энэ тухай прокурор А.Баясгалан, н.Дамбадаржаа, мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б, Б нарт байцаалт мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Мөн “ОКО” салоны үсчин Д.А-ыг гэрчээр асуух, банкны камерын бичлэгийг шүүлгэх, тухайн үйлдсэн итгэмжлэлийн хугацааг шалгуулах, итгэмжлэлээр хийлгэсэн дансны гүйлгээний хуулгын нарийвчилсан хүснэгтийг гаргуулах гэсэн нотлох баримтуудыг шалгуулах хүсэлт гаргасан боловч авч хэлэлцэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Иймд Д.Б бид хоёр уг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч Д.М г 136.000.000 төгрөгөөр хохироосон байхад уг хэргийг зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж намайг ганцаараа үйлдсэн хэмээн эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б-ын тогтоосноор иргэн С.Э нь миний бие Б.Б аас 4.000.000 төгрөгийг нэхэмжилж хохирогчоор тогтоогдсон. Иргэн С.Э-с Д.Б бид хоёр 63.000.000 төгрөгийг 10 дугаар хорооллын хаан банкны салбар дээр зээлэн авч барьцаанд нь иргэн Б.Оийн Д.Б руу шилжүүлсэн Н.М-ын эзэмшлийн Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот 60 мкв үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Иргэн С.Э нь зээлсэн мөнгөний эргэн төлөх хугацаа болоогүй байхад мөнгө өг хэмээн үл таних 5 залуу явуулж, уг 5 залуу нь намайг хөдөө 70 давхар гэх газар руу авч яван булшны нүхээ ух гэж зодсон, үхмээргүй байвал зээлсэн мөнгөө ямар ч хамаагүй аргаар олж өг хэмээн дарамталсан.

“Зар мэдээ” сонины байр барьцаалж зээл чөлөөлнө гэсэн иргэн Ч.Л рүү хүч хэрэглэн Д.Б аар яриулан нөхрийнхөө ахынх нь байрыг хэд хоногийн хугацаатай барьцаанд тавих гэсэн юм. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэсэн чинь хоног хүлээж бай санхүүжилт орж ирэхээр зээл гаргая гээд хүлээх болчихлоо, та зээлж тус болооч байраа үзүүлье гэж зээл гаргуулахаар тохиролцуулан зээл чөлөөлөхөд тавигдах шаардлагууд дундах банк бус санхүүгийн байгууллагын үнэлгээ тогтоож зээл гаргана гэсэн албан тоотыг иргэн С.Э нь хуурамчаар үйлдэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны 1 тоот 60 мкв үл хөдлөхийг худалдах, барьцаалах, бэлэглэх эрхтэй итгэмжлэлийг миний нэр дээр нотариатаар батлуулан иргэн Ч.Л-нд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө үзүүлэхээр болоход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 1 тоот байрыг 19 дүгээр хороо, 2 дугаар байрны 1 тоот байр мөн гэж үзүүлэн ахынхаа байр гэдгийг батал гэхэд иргэн С.Э-тай ярилцаж миний дүү байгаа юм, наад байр чинь миний байр, би дүүдээ итгэмжлэл хийж өгсөн нь үнэн хэмээн хуурсан. Дарамтлуулсны улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг итгэмжлэлээр С.Э аас Ч.Л рүү миний бие нотариатаар батлуулж Хаан банк дээр 31.000.000 төгрөгийг миний өөрийн данс 50692148** гэх данс руу шилжүүлж авсан байдаг. Тухайн хаан банк дээр миний бие иргэн С.Эын данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дээрх хуурамчаар үйлдсэн банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, итгэмжлэл хийлгэсэн хугацаа, Ч.Л, С.Э нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэг, С.Э аас миний данс руу шилжүүлсэн 63.000.000 төгрөгийн хуулга, миний данснаас С.Э ын данс руу шилжүүлсэн 25.000.000 төгрөгийн дансны хуулга гэсэн нотлох баримтуудыг прокурор Баясгалан, шүүгч М.Мөнхбаатар нарт шалгуулах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг маань хүлээн авч шалгалгүйгээр эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1312 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо  “... Миний бие 2017 оны 06 дугаар сарын 23-нд анх гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед Б.Б тай хамтран амьдардаг байсан. Тэр үед “нутгийн бренд” гэх төсөл дээр ажиллаж байгаад хувиараа зээл гаргадаг хүнээс зээл авч төслөө хэрэгжүүлж яваад хэсэг бүлэг хүмүүст залилуулсан. Энэ үйл явдлаас хойш мөнгөний өрөнд орж эхэлсэн. Эхлээд зээл авсан хүнийхээ өрийг өгөхийн тулд өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн гэх С.Э аас зээл авсан. Ингэж явсаар нэг л мэдэхэд маш олон хүнээс мөнгө зээл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсаар хүүний алданги буюу их хэмжээний өрөнд орсон байсан. С.Э-ын мөнгийг удааснаас болж мөнгө олж өг хэмээн удаа, дараагаар дарамталж “энэ бичиг баримтаар энэ хүнээс очиж /хохирогч О.Л/ зээл авч болно” гэж хэлээд байрны итгэмжлэл буюу захиран зарцуулах эрх, зээл гаргах нь үнэн болно гэсэн шийдвэрийн хуудас өөрийн ажилладаг “С” капитал банк бус санхүүгийн байгууллага”-с авч гарч ирсэн. Тухайн үед Э ын нэр дээр хохирогч Б.О-ийн байр байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б.Б ийн депозит дансны хуулгаар С.Эын өөрийнх нь данс руу 25.000.000 төгрөг шилжүүлсэн. Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.Э аас Б.Б руу итгэмжлэл буюу захиран зарцуулах эрх шилжүүлсэн. С.Э ын итгэмжлэлээр Б.Б Л рүү шилжүүлсэн гэх баримт хавсаргагдсан. Барьцаа хэрэгтэй гэхэд С.Э гэх хүний нэр дээр дээрх гэрчилгээг Б.Б итгэмжлэл хийлгэж авсан байсан гэж Л мэдүүлсэн байдаг. Хохирогч Л бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж залилан авсан биш. Тухайн үйл явдлын ард С.Э заан чиглүүлж бичиг баримт гаргаж өгч байсан. Иймд С.Э ад хууль бусаар өгсөн 25.000.000 төгрөгийг хохирогч Л-д гаргуулж өгнө үү. Одоог хүртэл С.Э Б.Б ийн гэр бүл болон миний гэр бүлд дарамт үзүүлж, прокурор мөрдөн байцаагчид гомдол гарган үлдэгдэл 4.700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. С.Э ын хийсэн гэмт үйлдэл, үүрэг оролцоог шалгаж өгнө үү. Би Э.Н-ын үүрэг, үйлдэл оролцоог бүх шатанд бичгээр болон амаар илэрхийлсэн болно. “Түүнчлэн Д.Б нь хохирогч Г-ийн залилсан хохирлыг хариуцан төлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж харин иргэний хариуцагчаар татагдсан Э.Н-ад мөнгө зээлсэнтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим энэ хэрэгт алдагдсан гэж үзэж байна.

Хохирогч М.Г ийн үйлдэлд иргэний хариуцагчаар татагдсан Э.Н 100 хувь оролцоотой. Учир нь Э.Н энэ үйлдлийг санаачилж зохион байгуулж бүх хуурамч бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байхад Э.Н ыг ял завшуулж үлдээсэнд гомдолтой байна. Үүнд үндсэн байрны эзний дансанд байрны барьцаа болон 800.000 төгрөгийг 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр надаас шилжүүлэн авсан 10.000.000 төгрөгөөс хийсэн байдаг. Энэ хэрэгт үүрэг оролцоо, холбоо хамааралтай гэдэг нь харагдсаар байна. Гэтэл үүнийг харгалзан үзэлгүй зөвхөн намайг яллан гэм буруутайд тооцсон юм бэ, Э.Н тэр үед 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн данснаас байрны үндсэн эзний данс руу байрны түрээсийн мөнгийг шилжүүлсэн. Мөнгө авч байгаа бичлэг хаан банкны камерийн бичлэгт үлдсэн. Хуурамчаар  гарч ирсэн ордер /үнэт цаасны/ Э.Н Дархан-Уул аймгийн үл хөдлөх хөрөнгийн ажилтнаас авдаг яг над шиг хоригдож байх хугацаандаа Э.Н тай танилцаж хуурамч бичиг баримт ашиглан зээл гаргуулъя гэх мэт хуурч мэхэлж хохироосон хүмүүс 2, 3-с илүү байгаа. Хэдий намайг ганцаараа үйлдсэн үйлдэл гэж яллаж, үндсэн хохирол төлбөрийг төлүүлэхээр болсон ч Э.Н төрийн албан хаагчтай хувилдан дахин дахин ийм үйлдэл, хохирол гарч ирнэ. Энэ болгоны ард Э.Н төрийн албан хаагч хоёр ял завшин хууль зөрчин үлдэж байгаад эмзэглэж байна. Энэ үйлдэл бүхнийг шалгаж өгнө үү гэж мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн боловч шалгаж өгөөгүй. Би 2013 онд Монгол Улсын их сургуульд бизнес удирдлага чиглэлээр элсэн суралцаж 2017 онд маркетинг менежмент мэргэжлээр төгссөн.

Төгссөнөөс хойш: 2017 оны 07 дугаар сараас “Б” электроник дэлгүүрийн маркетинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сараас эхлэн “А” худалдааны төвд оператораар 2019 оны 09 дүгээр сараас “Ю” корпорацид иргэдийг хүлээн авах үйлчилгээний ажилтнаар тус тус тууштайгаар ажиллаж байсан.

Миний аав “Онцгой байдлын ерөнхий газар” насаараа жолоочоор ажиллаж 2018 онд тэтгэвэрт гарсан. Ээж маань Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч бага эмчээр одоог хүртэл ажиллаж байгаа. Үр хүүхдийнхээ алдааг маш ихээр буруутгаж байгаа ч бусдад учруулсан хохирол төлбөрөөс төлж барагдуулъя гэж ярьдаг. Миний аав болох Б.Б нь Баянхонгор аймаг 7 дугаар баг 5 дугаар гудамж 3 тоот хууль ёсны өмчлөгч бөгөөд үүний 15.000.000 төгрөгөөр зарж борлуулан хохирол төлбөрөөс төлье гэж ярилцсан. Би залуу хүн их дээд сургуульд суралцан дээд боловсрол эзэмшиж залуу боловсон хүчин болсон. Залуу хүчин болсныхоо үр дүнг сайн сайхнаар гаргалгүй эцэг эхийгээ зовоож бусдыг хүнд байдалд оруулж өөрийн залуу насаа ингэж хорьсондоо маш ихийг ухаарч хэргийн мөрдөн байцаалтын явцаас шүүх хуралдаан хүртэл гэм бурууг зөвшөөрч ухамсарласан. Би 5 настай хүүгийн хамтаар өрх толгойлон амьдардаг. Хүүгийн минь аав 2016 онд авто замын ослоор нас барсан. Хүүд минь аав нь байхгүй орон зайг ээж нь зөвлөж, зөв хүн байхад нь хамгийн их хувь нэмэр оруулах ёстой хүн гэж өөрийгөө бодож байна. Миний нийт хохирол төлбөр 244.333.300 төгрөг, үүнээс бодит мөнгөн төлбөр 35.850.000 төгрөг болж үлдсэн. Би үлдэгдэл хохирлоо ар гэрийн тусламж болон өөрийн сурч боловсорсон зүйлээрээ нийгэмдээ ажиллаж төлж чадна. Би хохирогч Б.О-өд зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 7.400.000 төгрөгийг, хохирогч Б.О-н охинд зээлдүүлсэн 5.700.000 төгрөгийг гаргуулан авч хохирогч Г.Л, М.Г нарт өгөхийг хүсэж байна. Хохирлын 35.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллан амьжиргааны доод түвшинг авч үлдэн үлдэгдлийг хохиролдоо төлөх болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг заасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөлийг илүү харгалзан үзэж үзэж хөнгөрүүлж болох үндэслэлүүдийг огт харгалзан үзээгүй. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг мөн харгалзан үзэв. Ингэж үзсэн миний хэрэг хамсаатан болох Б.Б нь олон үйлдэлтэй үүнийг оролцуулан надад хэт нэг талыг барьж намайг өндөр яллаж, миний эрх зүйн байдлыг улам дордуулж байна. Иймд миний дангаараа болон бусад хэргийн үйлдэл оролцоог салгаж хэргийг тусгаарлан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үлдсэн нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэгт холбогдоогүй, ар гэрийн байдал, хувийн байдал, үлдэгдэл хохирол төлбөрөө барагдуулъя гэсэн хүсэл зоригийг минь харгалзан үзэж надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч А.А-ийн өмгөөлөгч Ц.Гансүх хэлсэн саналдаа “... Залилах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс олон арга хэрэглэдэг. Шүүхийн шийдвэрүүд хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч нар нь удаа дараагийн үйлдлээр хуурамч бичиг баримт ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоонд үндэслэл бүхий хэрэглэж, ялгамжтай ял оногдуулсан. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээ нь зүйтэй. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Б тай бүлэглэн 3 удаа, дангаараа 3 удаа, нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 403.333.300 төгрөгний буюу их хэмжээний хохирол, шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Бтай бүлэглэн 3 удаа, дангаараа 1 удаа, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 244.333.300 төгрөгний буюу их хэмжээний хохирлыг тус тус учруулсан хэрэгт холбогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг “залилах гэмт хэргийг дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Б.Б-ид 7 /долоо/ жил хорих ял, Д.Б д 5 /тав/ жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын “... С.Э ын үйлдлийг хамтад нь оруулах, Д.М гийн үйлдэлд Д.Б ыг татуулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү”, шүүгдэгч Д.Бын “... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү”, түүний өмгөөлөгч Б.Дашдоржийн “... М.Г ийн залилсан үйлдлийг Э.Н гэх хүнтэй хамтран үйлдсэн, хохирлыг Д.Б-аар төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны баталгаа гаргуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж Д.М гээс 136.000.000 төгрөгийг залилсан үйлдлийг дангаар үйлдсэн болох нь хохирогч Д.М-гийн “... банкны баталгаа 140.000.000 төгрөг хэрэгтэй байна, нэг өдөр баталгаа болгож байршуулах гэсэн юм гээд нэг эрэгтэй хүн надаас утсаар асуухаар нь би зөвшөөрсөн, баахан баримт бичиг бүрдүүлчихсэн надад үзүүлэхээр нь би зөвшөөрөхөд өөрийгөө Банзрагч гэж танилцуулаад...”, Б Б гэсэн 50692148** гэсэн данс руу өөрийн дүү М-ын 57499350** гэсэн данснаас 20.000.000 төгрөгөөр 5 удаа, нийт 100.000.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 31.000.000 төгрөгийг манай М Налайх дүүргийн Хаан банкнаас Б-н данс руу шилжүүлсэн, 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн”, гэрч Э.Б-н “... надад иргэний үнэмлэхийг үзүүлсэн чинь Б-ын Б гэх 1993 онд төрсөн залуу байхаар нь би хайгаад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б гэх залууг Авилгатай тэмцэх газрын урд олж уулзаад мөнгө нэхсэн чинь “надад нэг сарын хугацаа өгчих, хохирлыг чинь бүрэн барагдуулна” би барьцаа болгож эхнэр Б-д А гэх хүнээс итгэмжлэлээр шилжүүлсэн орон сууцыг барьцаалья гээд ... худалдах, худалдан авах гэрээгээр манай найз охин М гийн нэр дээр шилжүүлсэн юм”, гэрч Б.Б-ын “... Өргөө кино театрын замын урд талд байх Хаан банк дээр очиж гадаа нь Б гэх залуутай уулзахад Б “би төрийн банкнаас зээл авах гэсэн юм, зээл авахад дансандаа мөнгө байршуулсан байх ёстой юм, 130.000.000 төгрөгийг нэг өдрийн хугацаатай, өдрийн нэг хувийн хүүтэй зээлээч гэж манай охинтой ярьж тохироод, орой Хаан банк руу орж Б гэх залуугийн данс руу мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд болон Д.М-ын Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Б нь Г.Г-ийг залилан мэхэлсэн /гэрээ байгуулах, хохирогчоос мөнгө авах, орон сууцыг үзүүлэх/ үйлдлийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч М.Г-ийн “... байрны ордер Д.Б-ын нэр дээр байсан, би мөнгөө Хархорины хажуу талын АТМ-ээс Б-ын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн”, гэрч Б.Х-ийн “... Б гэх хүнтэй холбоо бариад зар дээрх 3 өрөө байрыг очиж үзэхэд Б ганцаараа байсан, Б-ын өгсөн нөгөө 3 өрөө байранд ээж бид хоёр амьдарч байхад Г гэх залуу Б-тай үерхэж байгаад больсон гээд түүнийг хайж ирсэн, тэр үед Б энэ байрыг түрээслэж амьдарч байсан гэж хэлэхээр нь...шалгуулахад уг байрны гэрчилгээ хуурамч байсан”, гэрч Ц.Б-ийн “... тухайн өдөр зээлдэгч Д.Б ганцаараа явж байсан, харин зээлдүүлэгч Г өөрийн охинтойгоо явж байсан”, гэрч Р.О-н “... Д.Б-д 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөгөөр түрээслэхээр болсон юм, анх уулзаад гэрээ хийж түрээслэхдээ 800.000 төгрөгийг энэ хүн надад өгсөн, тэгээд дараа сараас нь хаашаа ч юм гэнэт алга болсон, энэ байр одоо “Т” ХХК-ийн нэр дээр байдаг” гэх мэдүүлгүүд, М.Г, Д.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, М.Г-ийн хаан банкны дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдлийг Э.Н-тай бүлэглэж үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. С.Э нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байх тул хохирогч гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “шүүгдэгчийн ... гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээлэл” тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт энэ талаар дурдаагүй бол харин давж заалдах шатны шүүх нь зөвхөн ам бүлийн гишүүний тоо тавих байдлаар хязгаарласан байх бөгөөд үүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн бичиж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1312 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР      

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН